Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 29

 

П.Б-, А.Г-, Д.Э-

Ц.Д- нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2017/0053/Э/001/2018/0320

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч Ц.Амаржаргал, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Б.Сүрмандах

Хохирогчийн төлөөлөгч               О.Сайнзаяа

Шүүгдэгч                                       Д.Э-, А.Г-, П.Б-, Ц.Д-

Шүүгдэгч нарын өмгөөлөгч         Д.Оюунчимэг

                                                      Н.Нарантуяа, Д.Тунгалаг/ онлайн /

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 380 дугаар шийтгэх тогтоолтой, Д-ын Э-, Ц-ийн Д-, А-ийн Г-, П-гийн Б- нарт холбогдох, 201601000029 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч П.Б-, Ц.Д-, шүүгдэгч А.Г-ийн өмгөөлөгч Д.Тунгалаг нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ********** регистрийн дугаартай, Х- овогт Д-ын Э-,

Монгол Улсын иргэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1.т зааснаар 1 жил хорих ял шийтгүүлсэн, ********** регистрийн дугаартай, Х- овогт П-гийн Б-,

Монгол Улсын иргэн, ********** регистрийн дугаартай, Э- овогт Ц-ийн Д-,

Монгол Улсын иргэн, ********** регистрийн дугаартай, М- овогт ийн А-ийн Г-.

- Шүүгдэгч Д.Э- нь Булган аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, А.Г-, Ц.Д-, П.Б- нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Булган аймгийн 2013 оны төсвийг тодотгох тухай” 2 дугаар хуралдааны тоггоолын 4 дүгээр хавсралтын 26 дугаарт, 15 сум, 1 тосгонд “Сумдын хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэд технологи нэвтрүүлэх” ажилд Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 800.000.000 төгрөгөөр техник, тоног төхөөрөмж худалдан авахаар шийдвэрлэсний дагуу 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн “Тендерийн Үнэлгээний хороо байгуулах тухай" А/206 дугаар захирамж гаргахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үнэлгээний хорооны даргаар Л.А-, гишүүдээр худалдан авах ажиллагааны суурь мэдлэг эзэмшсэн болохыг гэрчлэх АЗ төрлийн гэрчилгээгүй Л.Б-, М.А-, Г.Б-, Ж.Ч- нарын албан тушаалтнуудыг томилсон,

Үнэлгээний хороо нь 2 удаагийн нээлттэй тендерийг зохион байгуулж, тендер ирүүлсэн “Анаг” ХХК, “ММК” ХХК-иудаас татгалзаж ажил гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулах 2013 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 1 дугаар зөвлөмжийг хэрэгжүүлэхдээ захиалагч Байгаль орчны газрын дарга А.Г-ийн зааж зөвлөснөөр техникийн үнэ ханш өссөн эсэхийг судалж, үндэслэлтэй тооцоо судалгаа хийлгүйгээр вальютын ханш өссөн үндэслэлээр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч нарт “Хүсэлт гаргах тухай” 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/1428 дугаартай албан бичиг хүргүүлж “тоног, төхөөрөмж” гэдэг нэр томъёог “ухдаг, түрдэг трактор” болгон тогтоол гаргуулж, захиалагчийн захиалсан трактор, самосваль автомашин зэрэг 2 техникийг 1 трактор болгон өөрчлүүлэн 2013 оны 11 дүгээр сарын 8-ний өдрийн “Эрх шилжүүлэх, ажил гүйцэтгүүлэх тухай” А/463 дугаар захирамж гарган хог хаягдлыг ландфилын аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор бэлтгэн нийлүүлэх нийлүүлэгчийг сонгож гэрээ байгуулах ажлыг Байгаль орчны газрын дарга А.Г-т даалган, улмаар ажил гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахдаа урьд өмнө энэ чиглэлээр ажиллаж байсан ажпын туршлагагүй “Дачибү” ХХК-ийн нэрээр, өмнө нь Үнэлгээний хорооноос татгалзсан “Анаг” ХХК-ийн захирал П.Б-д давуу байдал олгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.Т заасны дагуу хүчин төгөлдөр бус 01 дугаартай “Булган аймгийн сумдын хог хаягдлыг ландфилын аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г байгуулж, улмаар “Дачибү” ХХК-ийн захирал Ц.Д-, “Анаг” ХХК-ийн захирал П.Б- нар нь 1 суманд ногдох 50.000.000 төгрөгөөр 2013 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, Монгол улсын зах зээлийн ханшаар гэрээ байгуулах үед 28.278.400 төгрөгөөр худалдаалагдаж байсан, захиалагчаас тавьсан техникийн тодорхойлолтод заасан техникийн шаардлага хангахгүй VOTAL WZ25-16 маркийн ухдаг, түрдэг трактор 16 ширхэгийг нийлүүлснийг хүлээн авах комисс байгуулалгүй нийлүүлэгчээс шууд сумын засаг дарга нарт хүлээлгэн өгч, улсад 347.545.600 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

- Шүүгдэгч А.Г- нь Булган аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглан. Д.Э-, Ц.Д-, П.Б- нартай урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж. Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Булган аймгийн 2013 оны төсвийг тодотгох тухай” 2 дугаар хуралдааны тогтоолын 4 дүгээр хавсралтын 26 дугаарт, 15 сум, 1 тосгонд “Сумдын хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэд технологи нэвтрүүлэх” ажилд Байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг нөхөн сэргээх арга хэмжээний зардлаас 800.000.000 төгрөгөөр техник, тоног төхөөрөмж худалдан авахаар шийдвэрлэсэн байхад ад өмнө нь захиалсан трактор, самосваль автомашин зэрэг 2 техникийг 1 трактор болгон өөрчлүүлэх талаар аймгийн Засаг дарга Д.Э-ад зааж зөвлөснөөр Засаг дарга Д.Э- нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч нарт “Хүсэлт гаргах тухай” 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 01/1428 дугаартай албан бичиг хүргүүлж тоног төхөөрөмж” гэдэг нэр томъёог “ухдаг түрдэг трактор’ болгон тогтоол гаргуулж. захиалагчийн захиалсан трактор, самосваль автомашин зэрэг 2 техникийг 1 трактор болгон өөрчлүүлсэн,

Аймгийн Засаг дарга Д.Э-ын 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн “Эрх шилжүүлэх, ажил гүйцэтгүүлэх тухай” А/463 дугаар захирамжаар хог хаягдлыг ландфилын аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор бэлтгэн нийлүүлэх нийлүүлэгчийг сонгож гэрээ байгуулах ажпыг даалгасны дагуу ажил гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахдаа урьд өмнө нь энэ чиглэлээр ажиллаж байсан ажпын туршлагагүй “Дачибү” ХХК-ийн нэрээр өмнө нь Үнэлгээний хорооноос татгалзсан “Анаг” ХХК-ийн захирал П.Б-д давуу байдал олгон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаалан авах тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.Т заасны дагуу хүчин төгөлдөр бус 1 дугаартай “Булган аймгийн сумдын хог хаягдлыг ландфилын аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор бэлтгэн нийлүүлэх гэрээ”-г байгуулсны улмаас “Дачибү” ХХК-ийн захирал Ц.Д-, “Анаг” ХХК-ийн захирал П.Б- нар нь 1 суманд ногдох 50.000.000 төгрөгөөр 2013 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, Монгол улсын зах зээлийн ханшаар гэрээ байгуулах үед 28.278.4000 төгрөгөөр худалдаалагдаж байсан, захиалагчаас тавьсан техникийн тодорхойлолтод заасан техникийн шаардлага хангахгүй VOTAL WZ25-16 маркийн ухдаг, түрдэг 16 трактор нийлүүлснийг техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан эсэхийг харьцуулан тодорхойлолгүйгээр нийлүүлэгчээс шууд сумдын засаг дарга нарт хүлээлгэн өгч, улсад 347.545.600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

- Шүүгдэгч П.Б- нь “Анаг" ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Д.Э-, А.Г- Ц.Д- нартай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж, зах зээлийн дунджаас дээгүүр үнээр захиалагчаас тавьсан техникийн тодорхойлолтод заасан шаардпага хангахгүй ухдаг, түрдэг 16  трактор худалдан авч улсад 347.545.600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт “Дачибү” ХХК-ийн бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлж өгөх талаар Ц.Д-ид зааж зөвлөн, захиалагчаас тавьсан техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй VOTAL WZ25-16 маркийн ухдаг түрдэг 16 трактор 16  нийлүүлж хамжигчаар оролцсон,

- Ц.Д- нь “Дачибү” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Д.Э-, А.Г-, П.Б- нартай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж зах зээлийн дунджаас дээгүүр үнээр захиалагчаас тавьсан техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй ухдаг, түрдэг трактор 16 ширхэгийг худалдан авч, улсад 347.545.600 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт П.Б-гийн зааж зөвлөснөөр учрах саадыг арилгах зорилгоор өөрийн “Дачибү” ХХК-ийн бичиг баримтыг бүрдүүлэн өгөхдөө дээрх тоног төхөөрөмжийг нийлүүлж байсан туршлагатай хэмээн хуурамч бичиг баримт үйлдэн өгч, захиалагчтай гэрээ байгуулан, захиалагчаас тавьсан техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй VOTAL WZ25-16 маркийн ухдаг түрдэг 16 трактор  нийлүүлж, хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 380 дугаар шийтгэх тогтоолоор:

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1., 1.9 дүгээр зүйлийн 2.т заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн З6.З.т заасныг журамлан  Д-ын Э-, А-ийн Г- нарыг бүлэглэн Төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан ашилаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан,  П-гийн Б-,  Ц-ийн Д- нарыг төрийн албан тушаалын эрх мэдэл буюу албан тушаалаа урвуулан ашиглаж онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт хамжигчаар оролцсон гэж  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2., 34.19 дүгээр зүйлийн 1.2.т зааснаар Түшээ овогт Д-ын Э-, М- овогт А-ийн Г-, Э- овогт Ц-ийн Д- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2.т зааснаар Х- овогт П-гийн Б-д төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4,т зааснаар П.Б-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн З.т зааснаар П.Б-д оногдуулсан төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 497.3., 510 дугаар зүйлийн 510.1.т зааснаар нийт 347.545.600 төгрөгийн 300.000.000 /гурван зуун сая/ төгрөгийг Х- овогт П-гийн Б-гээс, 47.545.600 /дөчин долоо сая таван зуун дөчин таван мянга зургаан зуу/ төгрөгийг 4.378.288 регистрийн дугаартай “Дачибү” ХХК- иас тус тус гаргуулан Булган аймгийн Засаг даргын тамгын газарт олгож,

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Э-, А.Г-, П.Б-, Ц.Д- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан "Сумдын төвийн хатуу хог хаягдлыг дарж, булахад зориулагдсан ухдаг, түрдэг тракторын материал” гэх бичиглэл бүхий хавтастай, гадна талаараа ногоон өнгийн нуруулддаг хавтастай 37 хуудас материал “Дачибу” ХХК-ий гадна талаараа цэнхэр өнгийн хавтастай, хаяг тэмдэглэлгүй 56 хуудастай хавтасласан материал, Булган аймгийн Худалдан авах ажиллагааны албанаас ирүүлсэн “Анаг” ХХК-ий тендерийн бичиг баримт гэх ногоон өнгийн хавтастай 46 хуудас материал, “ММК” ХХК-ийн тендерийн бичиг баримт 119 хуудас, "Сумдын төвийн хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд шаардлагатай машин механизм нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах БУ-БХС-17/2013" гэсэн хаягтай, бор өнгийн хатуу цаасаар хавтаслаж үдсэн 110 хуудас материал, "Сумдын төвийн хатуу хог хаягдлыг бууруулах дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд шаардлагатай машин механизм нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичиг” гэх тунгалаг өнгийн хавтастай, үдэж цэгцэлсэн 65 хуудас материалуудыг хэргийн шдгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, Ц.Д-ийн эзэмшлийн Орхон аймгийн Еаян-Өндөр сумын 6 дугаар баг, Согоотын 10 дугаар байрны 21 тоот 2 өрөө орон гууцны, А.Г-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 105-188 тоот байрны, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар баг, Салхит найрамдал 2 дугаар байрны 4 тоот орон сууцны, Ниссан сани маркийн 64-46 БУА улсын дугаартай авто машины, Д.Э-ын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5-р хороолол 14Б байрны 19 тоот орон сууцны, Исузи маркийн 26-49 УБВ улсын дугаартай автомашины, Тоёото ланд крузер 100 маркийн 92-99 БУА улсын дугаартай авто машины битүүмжилсэн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр оолмогц хүчингүй болгож, П.Б-гийн эзэмшлийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын 4 дүгээр баг Хүрэнбулагийн 4 дүгээр хороололын 8 дугаар байрны 13 тоот 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн тоггоолыг хэвээр үлдээж Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хохирол, төлбөрт тооцуулахаар шилжүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.Т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-, А.Г-, Ц.Д- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжпүүлж, шүүгдэгч П.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч П.Б- давж заалдах гомдолдоо:

Намайг хорих газар явуулчихаад гэр бүлийн бүх эд хөрөнгийг үрэн таран хийсэн. Надад ганцхан энэ хураагдсан орон сууц үлдсэн байсан. Гэтэл ханилж яваа ханиа ингэж гүтгэж, худал ярьж байгаад гомдолтой байна. Шүүх хуучин Эрүүгийн хууль мөрдөж байх үеийн хэрэг гээд хөөн хэлэлцэх хугацаагаар бусад хүмүүсийн хэргийг хэрэгсэхгүй болгоод намайг шинэ Эрүүгийн хуулийн зүйл заалтаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэж байгаа ойлгохгүй байна. Хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой гэж бодож байна. Хөөн хэлэлцэх хугацааны заалтыг хэрэглэх ёстой. Мөн ганц надаас 300 сая төгрөгийн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь шудрага биш байна гэж бодож байна Надад байгаа цорын ганц орон сууцыг хураасанд гомдолтой байна. Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж, орон сууц хураасныг залруулж өгнө үү. Өмгөөлөгч Д.Оюунчимэгийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байна гэжээ.

Шүүгдэгч Ц.Д- давж заалдах гомдолдоо:

Миний бие үйлдвэрийн газар ажилладаг жирийн нэг инженер бөгөөд амьдрал ахуйдаа тус нэмэр болгохоор өөрийн болон 2 охиныхоо нэрний эхний үеэс бүрдсэн ДАЧИБҮ нэртэй ХХК-ийг байгуулан бага хэмжээний гадаад дотоод худалдаа эрхэлж байсан. 2002 оны Эрүүгийн хуулийн 35,6-д “зааж зөвлөх, учрах саадыг арилгахаар урьдчилан амласан этгээдийг хамжигч гэнэ” гэжээ. Надад хэн нэгэнд зааж зөвлөсөн, учрах саадыг арилгахаар урьдчилан амласан ямар нэгэн амлалт байхгүй. Монгол улсын Компаний тухай хуульд “Үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэж заасанчлан үйл ажиллагаандаа нэмэр болох зорилгоор /нэг тендерт орвол цаашид туршлага нэмэгдэнэ г.м/ П.Б-гийн саналыг зөвшөөрч харьцуулалтын аргаар шалгаруулах худалдан авах үйл ажилгаанд оролцсон.

Ийм болохоор надад шалгаруулалт зэрэг бусад үйл явц бол ямар ч хамааралгүй бөгөөд энэ утгаараа санхүүжилт 2013.11.20, 2014.03.25-ны өдрүүдэд манай компаний дансаар ороод бараг 30 минутын дараа П.Б-гийн эхнэрийн данс болон П.Б-д шууд шилжсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн тогтоогддог. Б- ч маргадаггүй. Иймд намайг энэ хэргийн хамжигч биш, бичиг баримт бүрдүүлж өгсөн байдалд дүгнэлт хийж үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.

Анхан шатны шүүх ... эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахаар заасныг дурдаад шүүгдэгч П.Б- нь төсвөөс шилжүүлсэн 800,0 сая төгрөгийг захиран зарцуулсан гэж дүгнэсэн атлаа Дачибү ХХК-н дансаар шилжиж орсон гэсэн үндэслэлээр 47.545.600 төгрөгийг манай компаниас гаргуулан шийдвэрлэхээр заасан нь манай гэр бүлийн амьдралд хүндээр тусч хүүхдүүдийн минь эрх ашгийг хөндөж байна. Үүний улмаас 4 жил хуулийн байгууллагаар шалгуулж сэтгэл санаа, эдийн засгаараа хохироод зогсохгүй гэр бүлээрээ ихээхэн өр төлбөрт унаж байгаад гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хэн хэрхэн зарцуулсан бодит байдлыг харгалзан хохирол төлөхөөс чөлөөлж өгнө үү гэж гомдол гаргаж байна. Шүүх хуралд өмгөөлөгч Н.Нарантуяа, М.Даваасүрэн нарын хамт оролцоно... гэжээ.

Шүүгдэгч А.Г-ийн өмгөөлөгч Д.Тунгалаг давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Г- нь ажил гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулахдаа урьд өмнө энэ чиглэлээр ажиллаж байсан ямар ч ажпын туршлагагүй санхүүгийн хувьд чадавхгүй, байгуулагдсанаас хойш ихэнх хугацаанд татварын “X” тайлан гаргаж өгч байсан “Дачибу” ХХК-ийн сонгосон гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Анхан шатны шүүхийн шүүгдэгч Д.Э-, А.Г- нарын дээрх үйлдэл нь албан тушаалын эрх мэдлийг албаны буюу нийтийн эрх ашгийн эсрэг ашиглаж, ”Анаг" ХХК-ийн захирал П.Б-д эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор хийгджээ гэж үзэх бүрэн үндэслэлтэй гэх дүгнэлт нь ч үндэслэлгүй байна.

Шүүгдэгч А.Г- нь “Дачибу” ХХК-тай шууд гэрээ байгуулахдаа уг компаний захирал Ц.Д- болон “Анаг” ХХК-н захирал П.Б- нарыг өөр хоорондоо үгсэн тохиролцон энэхүү ажиллагаанд оролцож байгааг мэдээгүй, мэдэх боломж нөхцөлгүй байхаас гадна Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулинд заасанчлан тендерт оролцож байгаа компаний нь төлбөрийн чадавхтай эсэх, монгол улсын хуулийн дагуу татвар төлсөн эсэх, сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцсон туршлагатай эсэх, гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн чадавхтай эсэх тодорхойлолт, албан бичгүүдийг нягтлан үзэж, тус аймгаас дээрх хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр бэлтгэгдсэн мэрэгжилтэн, аймгийн засаг даргын Тамгын газрын хуулийн газрын дарга нартай зөвлөлдөж гэрээг байгуулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогддог.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Э-, А.Г- нарыг албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх ашиг сонирхолд онц их хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч П.Б-, Ц.Д- нар урьдчилан үгсэн тохиролцон бүлэглэж дээрх хэрэгт хамжигчаар оролцсон гэж гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Төрийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг, өөрөөр хэлбэл өөрийн үйлдэл эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн байдаг.

Тэгвэл шүүгдэгч А.Г-ийн үйлдэлд дээрх шинж байхгүй байна. Өөрөөр хэлбэл тэрээр энэхүү худалдан авах ажиллагаанд хэн нэгэнтэй хуйвалдан өөрийн эрх ашгийн буюу өөр бусад хэн нэгний эрх ашгийн төлөө санаатайгаар хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх зэргээр хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй болохоо мөрдөн шалгах ажиллагааны явцаас шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хүртэл мэдүүлж байсан бөгөөд энэ нь бусад бичгийн баримтуудаар тогтоогддог.

Тэрээр харин “Дайчибү” ХХК-наас нийлүүлсэн 16 тракторыг бэлтгэн нийлүүлэх гэрээнд заасан шаардлагыг хангасан эсэхийг нягтлалгүй шууд сумдын Засаг дарга нарт хүлээлгэн өгснөө хулээн зөвшөөрдөг бөгөөд үүний улмаас улсад хохирол учирсан бол хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа удаа дараа илэрхийлж ирсэн.

Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2019.10.18-ны өдрийн 380 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2.т зааснаар бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч А.Г-ийг гэм буруутайд тооцсон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дугаар зүйлд заасан хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч П.Б- тайлбартаа:

Би гэмт хэрэг үйлдээгүй., бидэнд үгсэн тохирсон зүйл огт байхгүй., хэргийг хэрэсэхгүй болгож  өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.Д- тайлбартаа:

Гэмт хэрэг үйлдээгүй, давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А.Г-ийн өмгөөлөгч Д.Тунгалаг тайлбартаа:

Миний үйлчлүүлэгч албан тушаал болон албаны эрх мэдлээ урвуулан ашигласан болох нь огт тогтоогддоггүй. Иймд А.Г-ийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А.Г- тайлбартаа:

Би өдий хүртэл улсад үнэнчээр хөдөлмөрлөж ирсэн ., бид үгсэн хуйвалдсан урьдчилан тохирсон зүйл огт байхгүй. Тухайн үед ажлаа л хийсэн., үнэн зөвийг олж намайг цагаатгаж өгнө үү гэв.

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Э- тайлбартаа:

Би үүрэгт ажлаа хийсэн ., ИХ Төлөөлөгчдийн тогтоолын дагуу ажилласан., үгсэн тохирсон хуйвалдсан  зүйл байхгүй., хэргийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч П.Б-гийн өмгөөлөгч Д.Оюунчимэг тайлбартаа:

Шүүгдэгч П.Б-гийн үйлдлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Хэрвээ шүүх үгсэн тохиролцсон гэдэг нь тогтоогдоогүй байна гэж үзэх юм бол хэргийг прокурорт буцаах боломжтой. Улсын Дээд шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хий гэсэн үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. Улсын Дээд шүүх гэм буруутай байна гэдэг дүгнэлт хийгээгүй. Миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.Д-ийн өмгөөлөгч Н.Нарантуяа тайлбартаа:

Бусад өмгөөлөгч нарын саналыг дэмжиж оролцож байна. Энэ гэмт хэрэг нь нотлогдож тогтоогдоогүй учир миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сүрмандах дүгнэлтдээ:

Шүүгдэгч нарын гаргасан гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн зарим заалт хуулинд нийцээгүй гэж харж байна. Хохирол төлбөрийг гэм буруутай этгээдүүдээс хувь тэнцүүлж гаргуулах шаардлагатай. Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгосон анхан шатны шийтгэх тогтоол үндэслэлгүй. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 380 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх хэргийг шүүгдэгч П.Б-, Ц.Д-, шүүгдэгч А.Г-ийн өмгөөлөгч Д.Тунгалаг нарын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа болон шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Э-, А.Г- нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3.т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан.,   шүүгдэгч П.Б-, Ц.Д- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6., 36 дугаар зүйлийн 36.3.т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2.т заасан гэмт хэрэгт  тус тус  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2., 34.19 дүгээр зүйлийн 1.2.т зааснаар Д.Э-, А.Г-, Ц.Д- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2.т зааснаар П.Б-д Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил хорих ял оногдуулж , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3.т зааснаар П.Б-д авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна.

Хэргийн нөхцөл байдал болон хэрэгт авагдаж шүүхийн шийтгэх тогтоолын үнэдслэл болсон  нотлох баримтаас үзвэл:

Булган аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны  12 дугаар сарын 27-ны өдрийн  “Аймгийн  2013 оны төсвийг тодотгох” тухай 2 дугаар хуралдааны тогтоолын 4 дүгээр хавсралтын 26 дугаарт ...15 сум, 1 тосгонд Сумдын төвийн хатуу хог, хаягдлыг бууруулах дэвшилтэд технологи нэвтрүүлэх... зорилгоор байгаль орчныг хамгаалах,  байгалийн баялагийг нөхөн сэргээх  арга хэмжээний зардлаас 800,0 сая төгрөгийн техник, хэрэгсэл, тоног төхөөрөмж худалдан авахаар шийдвэрлэж, үүний үндсэнд Аймгийн засаг дарга эрх хэмжээний дагуу “Тендерийн үнэлгээний хороо байгуулах” тухай А/206 дугаар захирамж гаргаж, Л.Б-, М.А-, Г.Б-, Ж.Ч- нарыг тендерийн хорооны гишүүдээр томилжээ.

Энэ хороо нь дээрх зорилгоор 2 удаа нээлттэй тендер зарлаж зохион байгуулсан бөгөөд оролцсон компаниуд шаардлага хангаагүй учраас татгалзсан шийдвэр гаргасан  тул 2013-08-07-ны өдөр “Ажил гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулах“ тухай үнэлгээний хорооны зөвлөмж гарч, Засаг дарга ИТХуралд хүсэлт гаргаж шийдвэрлүүлсний дараа  “Эрх шилжүүлэх ажил гүйцэтгүүлэх” тухай захирамж  гарган  Аймгийн хуулийн хэлтсээс зөвлөгөө авсны дагуу Байгаль орчны газрын дарга А.Г- гэрээг “Дачибу” “Анаг” ХХК-тай байгуулж, нийт 16 трактор нийлүүлсэн  үйл баримт нь тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн  өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дугаар зүйлийн 19.1.д заасан ....захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендерийн  шалгаруулалтанд холбогдох бусад журам, аргачлалын дагуу буюу Сангийн сайдын 2012 оны  81 дугаар тушаалаар батлагдсан журмыг баримтлан боловсруулсан.,  мөн хуулийн  дагуу 2 удаа нээлттэй зарлаж шаардлага хангаагүй тул хуулийн 34.1.1.д заасны дагуу  бараа нийлүүлэх гүйцэтгэгчтэй  шууд гэрээ байгуулах эрх олгохыг захиалагч буюу Булган сумын засаг даргад зөвөлсөн.,  Булган аймгийн сум бүрт трактор машин гэсэн  нийт 32 техник худалдан авахад төсөвлөгдсөн мөнгө, тухайн үеийн валютын ханшны өсөлт зэргийг Засаг даргын зөвлөлөөр хэлэлцсэн.,  энэ хүсэлтийг Иргэдийн хурлын төлөөлөгч  ИХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж тоног төхөөрөмжийн нэрийг хэрэгцээ шаардлагын дагуу өөрчилж ”ухдаг., түрдэг.,”  гэж өөрчлөн хог хаягдлыг ландфилийн аргаар дарж булахад зориулагдсан ухдаг, түрдэг трактор бэлтгэн нийлүүлэх ажлыг аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргад даалгаснаар  шууд гэрээ байгуулх санал ирүүлсэн ”Анаг” ХХК болон  “Дачибу” ХХК ийг сонгож ирүүлсэн техникийг Сумдын засаг дарга нарт хүлээлгэж өгчээ.

- Эдгээрээс үзвэл дээрх үйл явцын аль шатанд, ямар үйл ажиллагаанд, хэдийд   шүүгдэгч Д.Э-, А.Г- нар төрийн албаны эрх мэдлээ  буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдоогүй, шүүгдэгч П.Б-, Ц.Д- нар төрийн ямар албан тушаал эрхэлж байхдаа албаны эрх мэдлээ урвуулж Д.Э-, А.Г- нарыг гэмт хэрэг үйлдэхэд нь ямар хэлбэрээр зааж зөвөлсөн, тэднийг гэмт хэрэг үйлдэхэд учрах ямар саад бэрхшээлийг арилгаж тэдэнд гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн болох нь нотлогдож тогтоогдоогүй.,

-  Засаг дарга Аймгийн Иргэдийн хурлаас хог ялгах чиглэлээр тоног төхөөрөмж  бэлтгэх талаар баталсан төсвийн дагуу, хуульд заасан журмыг үндэслэн тендер зарласан, үнэлгээний хороо байгуулсан., тэдэнд эрхийг нь өгсөн бөгөөд харин өөрийн санаачлагаар эсхүл өөрөө бие дааж шийдвэр гаргажээ гэж үзээх үндэслэл тогтоогдоогүй,

 - Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга А.Г- нь сумдын удирдлагуудын гаргасан хатуу хог, хаягдлыг дарж, булж цэвэрлэх, шаардлагатай гэсэн саналыг Аймгийн Засаг даргын зөвлөлд танилцуулсан, Иргэдийн хурлын тэргүүлэгчид  дэмжиж хуралдаанаар оруулсан., энэ талаарх зарыг Аймгийн сонинд нийтэлсэн бөгөөд    “Дачибу” Анаг” ХХК-ийн материалыг Засаг даргад танилцуулж, хуулийн хэлтэс болон  худалдан авах ажиллагааны  эрх бүхий ажилтантай  зөвлөлдсөн үйл баримтыг  хуулийн ямар үндэслэлээр шүүгдэгч нар урьдаас төлөвлөж, үгсэн тохирч, ямар нэг саадыг арилгаж албн тушаалаа ашигласан гэж үзсэн нь тодорхойгүй.,  баримтгүй,

-Шинжээчийн дүгнэлтээр улсад 347.545.600 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар “Дачибу” ХХК-тай хийсэн гэрээнд байгаа  техникийн тодорхойлолт, үзүүлэлтүүд нь Хятад улсаас оруулж ирээд нийлүүлсэн техникийн үзүүлэлттэй зөрүүтэй байхад шинжээч алийг үндэслэл болгосон нь ойлгомжгүй,  түүнчлэн шинжээчийн үнэлгээний тайланд  интернетэд  тавигдсан  үнэлгээ, гурвалжингийн худалдаа эрхэлдэг хүмүүсээс асуусан гэсэн атлаа яг худалдаж авсан тракторыг үнэлсэн эсэх нь тодорхойгүй.,

- Учруулсан хохирол 347.545.600 гэдэг нь нийт үнийн дүн эсхүл бусад зардал эд зүйлийг оруулж ирсэн тээвэрлэлтийн зардал гэх мэтийг оруулж тооцсон эсэх нь ойлгомжгүй бөгөөд үйл баримтаас үзвэл тракторыг Хятад улсын Эрээнээс  Замын-үүд, Эрдэнэт, Булган хүртэл жолоодож ирсэн бөгөөд жолооч нарын хөлс, бензин, тос, хоол хүнсний тооцог хасаж тооцсон эсэх нь тодорхойгүй байна.

Үүнээс гадна үйл баримтуудын гэмт хэрэг болж буй нөхцөл, байдал, шалтгаант  холбоо, харилцан хамаарлыг тогтоож чадаагүй, тухайлбал тендер шалгаруулсан болон зохион байгуулсан явц хууль зөрчсөн эсэх, худалдан авах ажиллагааны журмыг яаж зөрчсөн болох, энэ ажиллагаа нь Засгийн газрын тогтоолыг зөрчсөн эсэх, эсхүл зөвшөөрөлгүй байсан эсэх, Хуульд зааснаар Аймгийн Иргэдийн хурал ямар эрх мэдэлтэй Засаг дарга ямар эрх мэдэлтэй  болох  тендер төсөв зарцуулах асуудалд хэн нь ямар эрх мэдэлтэй оролцдог бөгөөд энэ журмыг зөрчсөн эсэхэд дүгнэлт хийгээгүйгээс хэргийн нөхцөл байдалд  үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэхээргүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр  прокурорт буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч П.Б-, Ц.Д-, шүүгдэгч А.Г-ийн өмгөөлөгч Д.Тунгалаг нарын  гаргасан  давж заалдах гомдолд дүгнэлт хийх боломжгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1., 39.6 дугаар зүйл., 39.9 дүгээр зүйлийн 1.3.,  39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 380 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  Д-ын Э-, Ц-ийн Д-, А-ийн Г-, П-гийн Б- нарт холбогдох, 201601000029 дугаартай, 9 хавтастай эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорт буцаасугай.

2. Хэрэг прокурорт очтол П.Б-, Д.Э-, А.Г-, Ц.Д- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Шүүгдэгч П.Б-, Ц.Д-, шүүгдэгч А.Г-ийн өмгөөлөгч Д.Тунгалаг нарын гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт хийгээгүй болохыг дурьдсугай.

            4.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч нар түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ТУЯА

                                                                  ШҮҮГЧ                                    Ц.АМАРЖАРГАЛ

                                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.МАНЛАЙБААТАР