| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэргүйн Батчимэг |
| Хэргийн индекс | 137/2018/0047/и |
| Дугаар | 202/МА2018/00018 |
| Огноо | 2018-06-04 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 202/МА2018/00018
2018 06 04 202/МА2018/00018
АТ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахим хэлбэрээр хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 137/ШШ2018/00077 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: АТ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн .... тоотод оршин суух, 1968 онд төрсөн, 50 настай, эрэгтэй, З овогт Л.Ө /РД:ОЮ68012011/-т холбогдох,
Гэм хорын төлбөрт 641244 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагч Л.Ө-ын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранбат, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч АТ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017.08.06-ны өдөр Замын-Үүдийн гаалиас гарах зөвшөөрлөө авсан манай 00-78 УНН улсын дугаартай машинд ачигдсан барааг иргэн Л.Ө нь цагдаагийн байгууллагад үндэслэлгүй худал гомдол гаргаж 3 хоног саатуулж шалгуулсан билээ. 2017.08.08-ны өдрйн 07 цагийн үед Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Баасанжав, иргэн Л.Ө нар манай машинтай ачааг нэг бүрчлэн тоолж шалгасан. Бараа тоолох ажиллагаа тухайн өдрийн 21 цагийн орчим дуусч бид нар ачааг өөрсдөө 2 машинаар хуваан зөөж агуулахдаа авчирсан. Манай бараанаас ямар нэгэн зөрчил илрээгүй болно. Л.Өын худал гомдлоор манай байгууллагад каргоны хашаанд 2 хоног зогссон төлбөр 15000 төгрөг, 2017.08.07-ны өдрийн 5 хүний хоолны зардал 68000 төгрөг, 2017.08.08-ны өдрийн 4 хүний хоолны зардал 53500 төгрөг, БЗД-ийн товчооноос агуулах хүртэлх тээврийн зардал 300000 төгрөг нийт 641244 төгрөгний хохирол гарсан тул дээрх мөнгийг тэмдэгтийн хураамжинд төлсөн 19890 төгрөг нийт 661134 төгрөгийг худал гомдол гаргаж манай үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан этгээдээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Ө шүүхэд гаргасан тайлбартаа: Л.Ө би 00-78 УНН улсын дугаартай машинд ачигдсан барааг 2017.08.07-нд Баянзүрх дүүргийн Цагдаагаар шалгуулсан нь үнэн болно. Учир нь энэ компани 1000 гаруй хайрцаг ачаанд 6-7 сая төгрөгийн татвар төлөөд гардаг, бидний 600 хайрцаг ачаанд 6-7 сая төгрөгийн татвар гараад байхаар нь яагаад нэг зах зээлээс аваад нэг зах зээл дээр зарагдаж байгаа ижил нэр төрлийн бараанд хоёр өөр татвар гараад байгааг судлах зорилгоор шалгуулсан боловч Баянзүрх дүүргийн цагдаа худлаа тоолж барааг үнэн бодит шалгаагүй юм. Тус компанийн нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Л.Өаас гэм хорын төлбөрт 519,744 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч АТ ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 121,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,417 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн илүү төлсөн 530 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 16,242 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгож,
Хариуцагч Л.Ө нь шийдвэрийг эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдэж,
Энэхүү шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Л.Ө давж заалдсан гомдолдоо: Л.Ө миний бие нь Жавхлант говь инвестмент ХХК-ийн Замын-Үүд дэх төлөөлөгчөөр сүүлийн 5 жил ажиллаж байна. 2017 оны 08 сард АТ ХХК нь гэр ахуйн барааг Замын-Үүд боомтоор имортлон оруулж ирсэн бөгөөд 1200 гаруй хайрцаг бараанд 7-8 сая төгрөгийн татвар төлсөн, Жавхлант говь инвестмент ХХК нь мөн тухайн цаг үед 600 гаруй хайрцагтай гэр ахуйн бараанд 6-7 сая төгрөгийн гаалийн татвар төлсөн байдаг. АТ ХХК нь Жавхлант говь Инвестмент ХХК-ийн бараанаас 1 дахин их бараа импортоор оруулж ирсэн атал ойролцоо татвар төлсөнд эргэлзээ төрж Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.3 дугаар зүйлийн 1-т заасан иргэний эрхээ эдэлж, АТ ХХК-ийг татвараас зайлсхийсэн байхыг үгүйсгэхгүй гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт амаар болон бичгээр гомдол гаргаж шалгуулсан. Мөн АТ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагадаа Баянзүрх дүүргийн Тээврийн товчооноос агуулах хүртэл зардал 300000 төгрөг, 2 машины зардал 2 машинд 204744 төгрөг нэхэмжилсэн нь огт үндэслэлгүй юм. Учир нь Баянзүрх дүүргийн тээврийн товчооноос цааш хот дотор том оврын тээврийн хэрэгслийг оруулдаггүй бөгөөд үүнийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар хориглосон байдаг. АТ ХХК-ийн барааг шалгуулсан, шалгуулаагүй уг компани нь тээврийн товчооноос цааш бараагаа өөрөө тээврийн хэрэгсэлд ачиж тодорхой зардал гаргах атал шүүх үүнийг гэм хорын хохирол гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний үүргээ биелүүлсний төлөө хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Цагдаагийн байгууллагаас Л.Ө намайг ямар нэгэн худал мэдээлэл болон гомдол өгсөн гэх үндэслэлээр татаж шалгасан асуудал байхгүй атал шүүх бусдад гэм хор учруулсан гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байх тул хэргийг дахин хянаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Ө нь Замын-Үүд сумаар орж ирсэн барааны татварыг хувьдаа завшиж, захын наймаачдын барааг цуглуулж аваад дундаас нь хулгай хийдэг хүн. Ө нь эхнэр Бурмаатайгаа нийлээд Замын-Үүд сумын гаалийн байцаагчийн ажлыг болон цагдаа, тагнуулын ажлыг давхар хийж байгаа. Ер нь бол олон асуудал байдаг, баримттай нь л энэ. Тэр гэр ахуйн бараа нь Жавхлант говь инвестмэнт ХХК-тай ямар ч хамаагүй. Л.Ө нь санаатайгаар энэ компанийг дампууруулах зорилгоор ийм ажиллагаа явуулж, энэ асуудал нь шүүхээр шийдвэрлэгдээд шүүхийн шийдвэр гарчихсан байна. Анхан шатны шүүх зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Хариуцагч Л.Өын давж заалдсан гомдлыг дэмжиж оролцож байгаа. Л.Ө нь иргэн хүнийхээ хувьд Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж, АТ ХХК-ийг татвараас зайлсхийсэн байж магадгүй гэж Цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл өгсөн байдаг. Энэ мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн байгууллага шалгаад зөрчил илэрсэнгүй гэсэн албан бичгийг хүргүүлсэн байдаг. Тэрнээс биш энэ хүн худал, үндэслэлгүй мэдүүлэг өгсөн байна гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Дараагийн асуудал нь эдгээр зардлыг Л.Ө хариуцах юм уу. Уг зардлууд нь зайлшгүй гарах зардал гэж Ө тайлбартаа бичсэн нь үндэслэлтэй. Яагаад гэхээр Баянзүрх дүүргийн товчоон дээр Замын-Үүд сумаас очсон том машин ачаа бараагаа буулгаж, цааш нь зөөхөд зардал гарна, Цагдаагийн байгууллага шалгасан шалгаагүй ачаа бараагаа зөөж, зөөвөрлөх ёстой. Гэтэл энэ зардлыг Л.Өаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Хариуцагч тайлбартаа Нийслэлийн Засаг даргын захирамжаар том оврын машиныг Баянзүрх дүүргийн товчооноос цааш явахгүй байхаар захирамжилсан гэж тайлбарладаг, шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ч товчооноос цааш агуулах руугаа ачаа бараагаа зөөдөг талаар хэлдэг. Энэ нь тэр компанийн зайлшгүй зардал юм. Өын өгсөн мэдээллийн дагуу Цагдаагийн байгууллага шалгаад энэ хүн АТ ХХК-ийн талаар худал мэдээлэл санаатайгаар буюу болгоомжгүйгээр өгчээ гэдгийг тогтоогоогүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар 519744 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч АТ ХХК нь хариуцагч Л.Өт холбогдуулан цагдаагийн байгууллагад тус компанитай холбогдуулан үндэслэлгүй мэдээлэл өгч, шалгуулсны улмаас учирсан хохирол гэж 641244 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Л.Ө эс зөвшөөрч, үндэслэлгүй гомдол мэдээлэл өгөөгүй, нэхэмжлэгчээс гарсан зардал нь цагдаагийн байгууллагад шалгуулсантай холбоогүй, зайлшгүй гарах зардал байсан гэж маргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг тус тус хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хариуцагч Л.Ө эс зөвшөөрч “ ...АТ ХХК нь цагдаагийн байгууллагад шалгуулсан, шалгуулаагүй тодорхой зардал гаргаж бараагаа зөөх байсан учраас ачааг тээвэрлэсэн зардал, шатахууны зардлыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй, ...гэм хор учруулсан гэсэн нь үндэслэлгүй ба, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэний үүргээ биелүүлсний төлөө хариуцлага хүлээх ёсгүй...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Л.Ө нь 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст “... АТ ХХК нь ... бараагаа гаалийн байцаагчид гүйцэт шалгуулаагүй хилээр нэвтэрсэн...” гэсэн агуулга бүхий гомдол мэдээлэл /хх-7/ гаргасныг үндэслэн тус Цагдаагийн хэлтсээс нэхэмжлэгч АТ ХХК-ийн ачаанд шалгалт явуулж зөрчил илрээгүй болох нь тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.
Хариуцагч Л.Ө нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.3 дугаар зүйлийн 1-т заасан иргэний эрхээ эдэлж, гомдол мэдээлэл өгсөн ба үндэслэлгүйгээр гомдол мэдээлэл өгөөгүй учир хариуцлага хүлээхгүй гэж тайлбарлаж энэ талаар давж заалдсан гомдол гаргажээ.
Дээрх хуулиудад болон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1-д “Өргөдөл, гомдол гаргагч өргөдөл, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхдээ Үндсэн хууль, бусад хуулийг зөрчих, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироох, … болохгүй.” 2-т “Өргөдөл, гомдол үнэн зөв байна.” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.3 дугаар зүйлийн 4-т “Санаатайгаар худал мэдээлбэл хүлээлгэх хариуцлагын талаар гомдол гаргагчид тайлбарлан өгөх”-өөр тус тус зааснаас үзэхэд иргэн төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах буюу гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл гаргах эрхтэй хэдий ч тухайн гомдол мэдээлэл үнэн зөв байх, энэхүү эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх гэсэн агуулга зарчим тусгагджээ.
Гэтэл хариуцагч Л.Өын нэхэмжлэгч АТ ХХК-ийн талаар гаргасан гомдол, мэдээллийг Цагдаагийн байгууллага шалгаад зөрчил илрээгүй, гомдолд дурдсан үндэслэл тогтоогдоогүй хэдий ч хариуцагч нь тухайн гомдол мэдээллийг гаргах үндэслэл, шалтгаан нь юу байсан болохоо нотлоогүй тул түүнийг гомдол мэдээлэл гаргах талаар хуульд заасан эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх боломжгүй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч Л.Ө нь ийнхүү гаргасан гомдлынхоо үндэслэлийг “нэг зах зээлээс авч байгаа ижил нэр төрлийн бараанд хоёр өөр татвар ногдуулсан буюу түүний төлөөлдөг Жавхлант говь Инвестмент ХХК-ний бараанаас 1 дахин их бараа итпортоор оруулж ирсэн атал ойролцоо төрлийн татвар төлсөнд эргэлзээ төрсөн” гэж тайлбарласан байх боловч энэхүү үйл баримтыг нотлоогүй буюу хэрэгт цугларсан нотлох баримтаар АТ ХХК болон Жавхлант говь Инвестмент ХХК-ууд нь Монгол Улсын хилээр хэдийд ямар бараа бүтээгдэхүүн оруулж ирсэн, түүнд хэдий хэмжээний гаалийн татвар төлсөн, төлөөгүй гэх мэт үйл баримт тогтоогдоогүй тул хариуцагчийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, мэдээллийг үнэн зөв гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд анхан шатны шүүхийн “хариуцагч Л.Ө нь шүүхэд гаргасан тайлбараа нотлоогүй, үндэслэлгүй мэдээлэл өгсөн гэм буруутай үйлдлийнхээ хариуцлагыг хүлээх үүрэгтэй” гэсэн дүгнэлт үндэслэлтэй болсон байх ба гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэлийн талаарх холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас хоолны зардалд нэхэмжилсэн 121500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн каргоны хашааны төлбөр 15000 төгрөг, Баянзүрх дүүргийн тээврийн товчооноос барааг зөөсний төлбөр 300000 төгрөг, шатахууны зардал 204744 төгрөг, нийт 519744 төгрөгийг гэм хор учруулснаас үүссэн хохиролд тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж, эдгээрийг нэхэмжлэгчээс гарах зайлшгүй зардал болохыг хариуцагч нотлоогүй гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцжээ.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдсан гомдол үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 137/ШШ2018/00077 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Л.Өын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 16242 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.ТЭГШСУУРЬ
Х.БАЙГАЛМАА