Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2022/00678

 

  

Б.Мандахбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/01175 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1281 дүгээр магадлалтай,

 

Б.Мандахбаярын нэхэмжлэлтэй

Баянхотгор ХХК-д холбогдох

 

2012.11.01-ний өдөр байгуулагдсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, Литиуммайнинг ХХК-ийн 100 хувийн хувьцаа болон ашигт малтмалын 1055А дугаар тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэбат, хариуцагчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Мандахбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэбат, хариуцагчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Б.Мандахбаяраас Баянхотгор ХХК-д холбогдуулан 2012.11.01-ний өдөр байгуулагдсан хувьцаа худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, Литиуммайнинг ХХК-ийн 100 хувийн хувьцаа болон ашигт малтмалын 1055А дугаар тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2020/01175 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 225.4.2, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Баянхотгор ХХК-д холбогдох зохигчийн хооронд 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан хувьцаа худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, Литиуммайнинг ХХК-ний 100 хувийн хувьцаа болон ашигт малтмалын 10559А дугаар тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг буцаан иргэн Б.Мандахбаярт шилжүүлэхийг Баянхотгор ХХК-д даалгах тухай нэхэмжлэгч Б.Мандахбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/00716 дугаар шийдвэрийг цуцалж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 68,566,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1281 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ний өдрийн 101/ШШ2020/01175 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэбат, хариуцагчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 17.2.1 дэх хэсэгт заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч 2012.11.01-ний өдрийн Худалдах худалдан авах гэрээ-ээс татгалзаж хуулиар заасан авсан өгсөн зүйлээ буцааж авах нэхэмжлэл гаргасан, хариуцагч талаас гэрээнээс татгалзах эрхийг талууд тодорхой тохиолдолд хэрэгжүүлэх тухай гэрээнд тохирсон эсвэл энэ талаар хуульд тусгагдсан журмыг зайлшгүй хэрэглэх ёстой. Хуульд заасан журмыг хэрэглэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх, талаар өөрийн эрх зүйн дүгнэлтийг шүүхэд тайлбарлан хүргүүлэхдээ юуны түрүүнд талуудын хооронд 2012.11.01-ний өдөр байгуулагдсан гэрээ дуусгавар болсон, ингэж дуусгавар болгохдоо уг гэрээний 11.4, 12.1 дэх хэсгийг үндэслэл болгож 2013.09.18-ны өдөр гэрээний гол нөхцөл буюу гэрээний үнийг 1.5 сая ам.доллар болгосон гэрээ, 2015.12.29-ний өдрийн дээрх хоёр гэрээг дахин баталгаажуулж талууд харилцан тохирч гарын үсэг зурсан гэрээ, 2012.11.01-ний өдрийн Б.Мандахбаярын 6,140,000 юань зээлж авсан гэрээ, болон бусад нотлох баримтуудад үндэслэн гэрээ дуусгавар болсон гэдгээ тайлбарлан нотолсон бөгөөд өөрөөр хэлбэл нийт 4 гэрээ болон гэрээг гүйцэтгэсэн тэмдэглэл зэрэг бусад нотлох баримтуудыг шүүхэд гаргаж гэрээ дуусгавар болсон гэж маргадаг.

Дээрх баримтуудыг шүүхэд хариуцагч талаас гаргаж өгөхдөө зүгээр ч нэг өгөөгүй бөгөөд бүрэн дүүрэн, бодитоор, шууд судлуулах, судалсны үндсэнд шүүгчийн дотоод итгэлээр дүгнэлт гаргуулах зорилгоор шүүхэд гаргаж өгсөн болно.

Хоёрдугаарт, нэхэмжлэгч тал буюу худалдагч тал өөрөө Иргэний хуулийн 225.4 дэх хэсэгт заасан гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөл байдал байсан талаар нотлох баримтуудыг гаргаж, мөн гэрээний 4.5, 6.4 тусгасан үүргээ биелүүлээгүй, 9.2 дахь хэсэгт заасан гэрээг хүндээр зөрчсөн, 9.2.2 дахь хэсэгт тусгасан үнэн зөв мэдээллийг санаатай нуун дарагдуулсан үйл баримт байсан болохыг нотлох баримтаар нотлон маргаж буй нь дан ганц гэрээ дуусгавар болгосон гэж маргахаас гадна худалдагч тал гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөл байдал өнөөдрийг хүртэл байгаа гэдгийг нотолсон нотлох баримтыг шүүхэд хүргүүлэн, ингэхдээ хуульд заасан гэрээнээс татгалзах журмыг зайлшгүй хэрэглэх ёстойг анхаарч өөрийн татгалзлаа хууль хэрэглээний зүгээс үнэн зөв шударга шийдүүлэх энэ талаар хууль зүйн дүгнэлт гаргуулан хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гаргуулах, зорилгоор шүүхэд хүргүүлэн мэтгэлцсэн болно.

Дээрх баримтуудыг шүүхэд хариуцагч талаас гаргаж өгөхдөө зүгээр ч нэг өгөөгүй бөгөөд бүрэн дүүрэн, бодитоор, шууд судлуулах судалсны үндсэнд шүүгчийн дотоод итгэлээр дүгнэлт гаргуулах зорилгоор шүүхэд гаргаж өгсөн болно.

Давж заалдах шатны шүүх магадлалдаа: Хариуцагч талаас Хувьцаа Худалдах-Худалдан авах гэрээг дуусгавар болгосон гэж маргахдаа нотлох баримтаар нэмэлт гэрээг иш татжээ /хх221-225/ гээд Анхан шатны шүүх уг эрүүгийн хэргээс хуулбарлан ирүүлсэн шинжээчийн дүгнэлт гэх баримтыг иргэний хэрэгт гаргасан шинжээчийн дүгнэлтийн хэмжээнд авч үзсэн нь буруу юм. Эрүүгийн болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанууд нь өөр процедуртай бөгөөд дээрх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасан шинжээчийн дүгнэлт буюу нотолгооны хэрэгслийн түвшинд авч үзэх боломжгүй юм. Анхан шатны шүүх шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон Улсын дээд шүүхийн тогтоолыг нотлох баримтын үнэлгээтэй холбон авч үзэж, дахин нотлох шаардлагагүй үйл баримт мэтээр тайлбарласан нь буруу юм... шүүхээс хэрэг маргааны талаар шүүхийн эцэслэн дүгнэж шийдвэр гаргасан мэтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.4 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гээд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйл 20.1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ. Өмнөх шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтүүдээр нэмэлт гэрээнд зурсан гарын үсэг Б.Мандахбаярын гарын үсэг биш гэсэн дүгнэлт гарсан байж болох ч сүүлд хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн эрүүгийн хэрэгт гарсан гэх шинжээчийн дүгнэлтэнд нэмэлт гэрээнд зурсан гарын үсэг Б.Мандахбаярын гарын үсэг мөн гэж гарсан нь өмнөх дүгнэлтийг шууд үгүйсгэхгүй бөгөөд харин шинжээчийн дүгнэлт үнэн зөв болох нь эргэлзээтэй байдлыг үүсгэж байгаа юм.

Иймд шүүх Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан дахин шинжилгээ хийж магадлах үүргээ хэрэгжүүлээгүй нь буруу болжээ, Тухайн баримт дээрх гарын үсгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоох ёстой байтал энэ ажиллагааг дутуу хийсэн гэж дүгнэжээ.

4.1. Давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлт Монгол Улсын дээд шүүхийн 2008.10.10-ны өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шинжээчийн дүгнэлт гэх зөвлөмжийн 2.5 дахь хэсэгт Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шинжээчийн анхны дүгнэлт, дахин дүгнэлт хоёр хоорондоо зөрүүтэй байвал шүүх өөр шинжээчээр нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулан шинжээч нарын зөрүүтэй дүгнэлтийн аль нь зөв болохыг нэг мөр болгох нь зүйтэй. гэснийг удирдлага болгосон байж болох юм, эсвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйл 47.5 дахь хэсгийг үндэслэл болгосон байж болох хэдий ч уг хуулийн заалт 2008.12.03-ны өдрийн хуулиар хүчингүй болсон байна. Өөрөөр хэлбэл хуулийн 47.2 дахь хэсэгт шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтлана гэж хуульчилжээ.

4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1.3-д зааснаар хэргийн оролцогч нь шинжээч томилуулахаар хүсэлт гарах эрхтэй боловч давж заалдах шатны шүүхийн үндэслэл нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл 2 өөр дүгнэлт гарсан гэх үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйл 47.1-д заасан шинжээч томилох үндэслэл нийцэхгүй, давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ талаар тодруулаагүй байна.

4.3. Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйл 20.1-д шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал дахин шинжилгээ хийхээр заасан байна. Өөрөө хэлбэл Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн болон Хууль сахиулах их сургууль Шинжлэн магадлахуйн Институтийн гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийн аль хэсэг нь үнэн зөв болох нь эргэлзээтэй талаар дүгнээгүй, дурдаагүй байгаа нь магадлал өөрөө хууль ёсны болж чадаагүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

4.4. Давж заалдах шатны шүүх тухайн баримт дахь гарын үсгийг заавал шинжээчийн дүгнэлтээр тогтоох ёстой гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйл 47.1, 47.2 дахь хэсгийг буруу тайлбарлан шинжээчийн дүгнэлтийг бусад нотлох баримттай харьцуулан үзэхгүйгээр шийдвэрлэх ёстой мэт тайлбарласан байгаа нь Шинжээчийн дүгнэлт нь нотологооны давуу байдалтай онцгой хэрэгсэл биш тул шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.2-т заасны дагуу тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэнтэй нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл заавал дахин шинжээч томилж байж хэргийг шийдвэрлэх ёстой гэж дүгнээд байгаа нь шүүхийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагдаж байна гэж үзэж байна.

4.5. Өөрөөр хэлбэл хариуцагч талаас татгалзлаа нотлох зорилгоор өөр хоорондоо харилцан хамаарал бүхий нийт 4 гэрээ шүүхэд гаргаж өгсөн бөгөөд эдгээр 4 гэрээнээс зөвхөн нэг гэрээн дэх гарын үсэг маргаантай байгаа хэдий ч бусад 3 гэрээ болон бусад хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан үзэж шийдвэрийн үндэслэл болгох бүрэн боломжтой байхад яагаад заавал шинжээч томилуулах ёстой гэж дүгнээд байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байна гэж үзэж байна.

4.6. Нэхэмжлэлийг хангах эсвэл аливаа асуудлын талаар эрх зүйн дүгнэлт өгөх нь зөвхөн шүүхийн бүрэн эрхийн асуудал тул энэ талаар анхан шатны шүүхийн шүүгч өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ заавал шинжээчийн дүгнэлт гаргаж байж шийдвэрээ гаргах гэхээсээ илүүтэйгээр хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг харьцуулан үзэж өөрийн шийдвэрээ гаргасан байдаг бөгөөд харин нэхэмжлэгч талын шинжээч томилуулах тухай гаргасан хүсэлтийг хангах үндэслэлгүй болохыг Гомдол шийдвэрлэх тухай 101/ШТ2019/00530, 101/ШТ2019/00021 дугаар тогтоолуудаар шийдвэрлэсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.1, 168.1.7 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэгсэн гэж үзэж байна.

4.7. Нэхэмжлэгч нэмэлт гэрээ байгуулагдах үед Монголд байгаагүй, гэрээнд гарын үсэг зураагүй тайлбарлан маргаж байгаа тохиолдолд шүүх энэ нөхцөл байдал үүссэн эсэх, гарын үсэг зурсан эсэх үйл баримтыг нарийвчлан тогтоох шаардлагатай. гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй бөгөөд тухайн нэмэлт гэрээ байгуулсан гэх цаг хугацаанд буюу 2013.09.18-ны өдөр БНХАУ-ын иргэн Тан И Хан болон иргэн Б.Мандахбаяр нар хэн аль нь Монгол Улсад байсан болохыг нотолсон нотлох баримтыг шүүхэд өгсөн бөгөөд хэргийн 4-р хавтасны 83 дугаар талд БНХАУ-ын иргэн Тан И Хан-ы Монгол Улсын хилээр орж гарсан талаар паспорт дээр дарагдсан хилийн штамп байгаа бөгөөд уг штамп дээр дарагдсан тэмдэглэлээр 2013.9.17-ны өдөр Монгол Улсын хилийн Буянт-Ухаа боомтоор нэвтэрснийг 60 дугаартай шалгагч өөрийн тэмдгээ дарж баталгаажуулсан байна. Харин 2013.09.21-ний өдөр Монгол Улсаас Буянт-Ухаа боомтоор гарсныг 116 дугаартай шалгагч өөрийн тэмдгээ дарж баталгаажуулсан байна. Мөн 3-р хавтасны 39-р талд авагдсан нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Монголын ноториатчдын танхимын ноториат тус өдөр Тан И Хан Монгол Улсад байж өөрийн биеэр тойргийн ноториатч Н.Хишигсүрэнгээр /140 дугаартай/ 9 хуудас Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг батлуулсан гэх баримтаар БНХАУ-ын иргэн Тан И Хан Монгол Улсад байсныг нотолсон нотлох баримт хэрэгт авагдсан байгаа бөгөөд эдгээр нотлох баримтуудыг бусад нотлох баримтуудтай харьцуулан судалж дүгнэлт хийх бүрэн боломжтой байсаар байтал нэмэлт гэрээнд гарын үсэг зурсан эсэх үйл баримтыг нарийвчлан тогтоох зайлшгүй шаардлагатай гэж үзээд байгаа нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан дахин шинжилгээ хийж магадлах үүргээ хэрэгжүүлээгүй нь буруу байна гэсэн нь уг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл байгаа бөгөөд, өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6 дахь хэсэгт шүүх өөрийн санаачлагаар дахин шинжилгээ хийлгэх магадлах үүрэгтэй гэж тайлбарласан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47-р зүйлийн 47.5 дахь заалт хүчингүй болсон бөгөөд мөн хуулийн 111.3 дахь хэсэгт заасан дахин шинжилгээ хийлгэх журмыг хуульчилсан байх бөгөөд дээрх заалтад магадлалд дурдаад байгаа шүүхэд үүрэг болгосон агуулга байхгүй бөгөөд харин дахин шинжилгээ хийлгэж болно гэж байгаа нь заавал дахин шинжилгээ хийх үүрэг болгосон агуулга харагдахгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгч өөрөө хэнээс ч хараат бус бие даан шийдвэрээ гаргах шүүгчийн Үндсэн хуулиар олгогдсон эрхэнд халдсан үйлдэл гэж үзэхээр байна.

Хэрэгт нэг эсвэл хоёр, гурав хэдэн ч шинжээчийн дүгнэлт байж болох бөгөөд тэдгээрийг өөр хоорондоо өөр өөр агуулга бүхий байгаа тохиолдолд дахин шинжилгээ хийлгэн нэг мөр болгох боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6 дахь заалт ч ингэж зохицуулсан заалт биш бөгөөд харин ямар тохиолдолд дахин шинжилгээг хийх асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлээр зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл давж заалдах шатны шүүх дүгнэлтдээ хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх нөхцөл байдал харагдаж байна гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан гомдлыг бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй.

 

6. Нэхэмжлэгч Б.Мандахбаяр хариуцагч Баянхотгор ХХК-д холбогдуулан зохигчийн хооронд байгуулагдсан 2012.11.01-ний өдрийн Хувьцаа худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, Литиуммайнинг ХХК-ийн 100 хувийн хувьцаа болон ашигт малтмалын 10559А дугаар тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээ дуусгавар болсон гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

 

Давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэлээ: ...шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 27 дугаар зүйлийн 27.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй, ...Улсын дээд шүүхийн тогтоолыг нотлох баримтын үнэлгээтэй холбон дахин нотлох шаардлагагүй үйл баримт гэж үзсэн нь буруу, ...хуулийн 38.6-д заасан нотлох баримт бүрдүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй... гэж тодорхойлсон.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн..., нотлох баримтыг үнэлэх хуульд заасан журмыг зөрчсөн тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү... гэжээ. /тодорхойлох хэсгийг 4-т тусгагдсан/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т хэргийн оролцогч гэрчээс мэдүүлэх авхуулах, шинжээч томилуулах ...хүсэлт гаргах эрхтэй, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа баримтын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, 38.6-д хэргийг хянан шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч тэдгээрийн төлөөлөгч өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, шинжилгээ хийлгэх тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж, 168 дугаар зүйлийн 168.1.7-д энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно гэж тус тус зохицуулжээ.

 

Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулах үндэслэл болсон нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэхгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу биш.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай, маргаантай үйл баримтыг тогтоолгуулахаар шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг хангахаас татгалзсан нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй, өөрөөр хэлбэл нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэх тул шүүхийн дээрх зөрчил нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.

 

Улмаар давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан анхан шатны шүүхийн хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн талаарх дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7, 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг засуулахгүйгээр хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийн эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 1281 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэбат, хариуцагчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг нарын гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэбатаас 2020.07.06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 68,566,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Б.МӨНХТУЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД