Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 56

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга:  Ц.Золзаяа;

улсын яллагч: С.Мөнхгэрэл;

хохирогч: Ж.Пүрэвсүрэн;

шүүгдэгч: С.Ганболд, Д.Баянжаргал, тэдний өмгөөлөгч Д.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Содномын Ганболд, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дуламжавын Баянжаргал нарт холбогдох эрүүгийн 201625022550 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:                                                            

1. Монгол Улсын иргэн, 1975 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Бүрэнхаан суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, “Суврага буян” ХХК-д буяны ажилтан ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 6 дугаар гудамжны 267 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо  Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 24-4 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй,ТГ75090218 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Тангуд овогт Содномын Ганболд,

2. Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Хуучин цэргийн хотхоны дан 6 дугаар байрны 1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ЧЕ77012861 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Шонхор овогт Дуламжавын Баянжаргал.

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч С.Ганболд нь Д.Баянжаргалтай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Онч сэтгэмж” цэцэрлэгт бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмын ноцтой зөрчиж танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн Ж.Пүрэвсүрэнд хүч хэрэглэн түүний хэвлийн тус газар өшиглөж биед умайн доргилт, хэвлийд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан,

яллагдагч Д.Баянжаргал нь С.Ганболдтой бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Онч сэтгэмж” цэцэрлэгт бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмын ноцтой зөрчин байгууллагын эд хөрөнгө гэмтээн догшин авирлан танхайрсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ганболд мэдүүлэхдээ: Өмнө мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ялаар шийтгэж өгнө үү гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Баянжаргал мэдүүлэхдээ: Нэмж мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг ярьсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ялаар шийтгэж өгнө үү гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Пүрэвсүрэн мэдүүлэхдээ: 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ажил дээрээ ажлаа хийгээд байж байхад шүүгдэгч Д.Баянжаргал орж ирээд танхайраад байхаар нь салгах гэж байхад шүүгдэгч С.Ганболд орж ирээд эхнэрээ өмөөрөөд намайг өшиглөж биед гэмтэл учруулсан. Тухайн үед манай өрөөний ширээн дээр байсан эд зүйлийг шүүгдэгч Д.Баянжаргал эвдэлсэн. Маргаан үүсээд байж байхад шүүгдэгч С.Ганболд нь миний гэдэс рүү өшиглөсөн. Тухайн үед би жирэмсэн байсан учир доошоо цус алдсан. Шүүгдэгч С.Ганболд нь “цагдаа дуудна” гэхэд зугтаасан юм. Шүүгдэгч Д.Баянжаргалыг цагдаа ирээд авч явсан. Шүүгдэгч нарт гомдолгүй. Хохирлоо барагдуулсан. Нэхэмжлэх зүйлгүй гэв.

            Мөрдөн байцаалтын шатанд камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12/, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-ийн 14/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 17/, хохирогч Ж.Пүрэвсүрэн /хх-ийн 21-22/, гэрч Ж.Сурмаа /хх-ийн 23-24/, Л.Цэнд-Аюуш /хх-ийн 25-26/, Ж.Чимэгбал /хх-ийн 27-28/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13598 дугаартай дүгнэлт /хх-ийн 35/, С.Ганболдын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 55-56, 95-97/, Д.Баянжаргалын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 59-61, 93-96/, С.Ганболдын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 61/, С.Ганболдын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62/, С.Ганболдын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 63-68/, Д.Баянжаргалын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 69/, Д.Баянжаргалын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70/, Д.Баянжаргалын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 71-74/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Ганболд нь Д.Баянжаргалтай бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутагт байрлах “Онч сэтгэмж” цэцэрлэгт бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмын ноцтой зөрчиж, танхайрсан үйлдлийг таслан зогсоох гэсэн хохирогч Ж.Пүрэвсүрэнд хүч хэрэглэн зодож догшин авирлан танхайрсан,

шүүгдэгч Д.Баянжаргал нь С.Ганболдтой бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутагт байрлах “Онч сэтгэмж” цэцэрлэгт бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмын ноцтой зөрчин, байгууллагын эд хөрөнгө гэмтээн догшин авирлан танхайрсан болох нь:

хохирогч Ж.Пүрэвсүрэнгийн мэдүүлсэн /хх-ийн 21-22/: “…Тухайн өдөр би өөрийн ажил болох Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах “Онч сэтгэмж” нэртэй цэцэрлэг дээрээ байж байтал өдрийн 13-14 цагийн үед гаднаас манай цэцэрлэгт хуучин туслах багшаар ажиллаж байсан Д.Баянжаргал нь согтуу орж ирээд манай туслах багш Ж.Чимэгбалаас “ээмгээ авъя, ломбардны бичиг авъя” гээд байсан. Би “согтуу хүнд өгч болохгүй, авсаныхаа дараа аваагүй гэвэл яах юм бэ, дараа нь эрүүл болсныхоо дараа юмаа ав” гэж хэлтэл Д.Баянжаргал нь өрөөнд орж ирээд хэрүүл, маргаан үүсгээд байсан. Би “цэцэрлэгийн байгууллага дээр хэрүүл шуугиан хийж болохгүй, тэр тусмаа согтуу хүн орж ирж болохгүй, гар” гэтэл гаднаас Д.Баянжаргалын нөхөр С.Ганболд гэх хүн бас согтуу ороод ирсэн. Тэгэхээр нь би “битгий хүүхдийн байгууллагад орж ирчихээд хэрүүл хийгээд бай, гарцгаа” гэж хэлээд хоёуланг нь түлхэхэд С.Ганболд нь намайг цохих гээд далайгаад дайраад байсан. Манай Сурмаа гэдэг санхүү хариуцсан ажилтан миний хажууд байж байгаад “битгий жирэмсэн хүн рүү дайраад бай” гэж хэлтэл “яадаг юм, наадахыг чинь гаргаад хаячихъя” гээд миний гэдэс рүү өшиглөсөн юм. Манай цэцэрлэгийн туслах багш Л.Цэнд-Аюуш дээрээс бууж ирээд тэднийг салгаж гаргасан. С.Ганболд гэх нөхөр нь намайг өшиглөчихөөд л гараад явчихсан...” гэх мэдүүлгээр,

гэрч Ж.Сурмаагийн /хх-ийн 23-24/: “… 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ажил дээрээ байж байтал, 13 цаг өнгөрч байхад манайд туслах багшаар ажиллаж байсан Д.Банжаргал нөхөртэйгөө согтуу орж ирээд багш Ж.Чимэгбалаас ээмгээ нэхээд муудалцаад байсан. Тэр үед нь би үүдэн дээр цагдаа дуудаад зогсож байтал Д.Баянжаргалын нөхөр нь намайг цамцнаас заамдаад хана руу түлхсэн. Тэгээд цаашаа гарах гэж явахдаа хэрэлдээд Ж.Пүрэвсүрэнгийн гэдэс рүү нь өшиглөсөн. ... Хэрэлдэж байхдаа С.Ганболд “наад мууг чинь алаад хаячихъя” гэж хэлээд гэдэс рүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлгээр,

гэрч Л.Цэнд-Аюушийн /хх-ийн 25-26/: “... 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ажил дээрээ байж байсан. 12 цаг өнгөрч хүүхдүүдийн унтлагын цагийн үеэр доод давхарт гэнэт хэрүүл маргаан болсон. Би доошоо буугаад хартал “Пүүжээ” багш гэдсээ тэвэрчихсэн сууж байсан. Манайд ажиллаж байсан Д.Баянжаргал багш тэнд байсан хүмүүс рүү дайраад хэл амаар доромжлоод байсан. Би тэр хүмүүсийг хөөж гаргаад цагдаа дуудсан...” гэх мэдүүлгээр,

гэрч Ж.Чимэгбалын /хх-ийн 27-28/: “... 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 14 цагийн үед хуучин туслах багшаар ажиллаж байсан Д.Баянжаргал над руу залгаад “эгчийнхээ ээмгийг ломбарднаас аваад өг” гэхээр нь би “одоо цалин буухаар аваад өгье” гэтэл “за” гээд утсаа салгасан юм. Гэтэл удалгүй Д.Баянжаргал нөхөртэйгөө цэцэрлэг дээр согтуу орж ирээд “хэн намайг муу яриад байгаа юм бэ” гээд байсан. Нөхөр нь миний хажууд зогсож байсан Ж.Пүрэвсүрэнг “энэний хүүхдийг гаргаад хаячихъя” гээд гэдсэнд нь өшиглөсөн. Бид нар “болоич ээ, хүн аллаа шүү дээ” гэтэл С.Ганболд гараад зугтаагаад явчихсан. Д.Баянжаргал улам таахалзаад, ширээн дээр байсан эд зүйлийг шидэж чулуудан танхайрсан. Тэгээд бид 103, цагдаа дуудсан юм…” гэх мэдүүлгээр,

            С.Ганболдын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 95-97/: “… 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гэртээ хамтран амьдрагч Д.Баянжаргалын хамт байж байтал багш нарын баяр гээд Д.Баянжаргалын нэг найз нь нэг шил “Хараа” нэртэй 0,5 литрийн архи авч ирж гурвуулаа хувааж уусан… Д.Баянжаргал “хуучин ажиллаж байгаад халагдсан цэцэрлэг рүүгээ орж урьд ажилласан цалингаа авна, ээмгээ авна” гээд “Онч мэргэн” цэцэрлэг рүү орсон. Д.Баянжаргал түрүүлээд цэцэрлэг рүү орсон. Намайг гадна нь байж байтал дотор хэрэлдээд орилолдоод эхэлсэн. Би дотогш салгах гээд ортол бужигналдаад бие биенийгээ барьж аваад зулгаацалдаад зогсож байсан. Би Ж.Пүрэвсүрэнг хөлөөрөө хөл рүү нь жийчихсэн. Яг хаана нь өшиглөснийг бол сайн мэдээгүй. Гэтэл Ж.Пүрэвсүрэн доошоо суух шиг болсон. Би сайн анзаараагүй…” гэх мэдүүлгээр,

            Д.Баянжаргалын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 59-61, 93-95/: “... Би хүмүүстэй хэрэлдэж байтал хажууд Пүрэвсүрэн унасан юм… Тэгээд “чи яаж байгаа юм бэ, хүн унагаачихлаа!” гэж хэлж байсан. Би тухайн үедээ түлхээд унагачихлаа л гэж харж байсан...” гэх мэдүүлгээр,

хохирогч Ж.Пүрэвсүрэнгийн биед үзлэг хийж “умайн доргилт, хэвлийд цус хуралт” бүхий мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 13598 дугаартай актын дүгнэлтээр /хх-ийн 35/ болон эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-ийн 14/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 17/, камерийн бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12/, эд зүйлд үнэлгээ тогтоосон баримт /хх-ийн 16/ зэрэг  тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

С.Ганболд, Д.Баянжаргал нар нь согтуугаар “Онч сэтгэмж” цэцэрлэг дотор бусадтай хэрүүл маргаан үүсгэж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулан, бусдыг илтэд үл хүндэтгэсэн үйлдэл хийсэн бөгөөд С.Ганболд нь  “цэцэрлэгийн байгууллага дээр хэрүүл маргаан хийж болохгүй, тэр тусмаа согтуу хүн орж ирж болохгүй, гар” хэмээн тэдний дээрх балмад үйлдлийг таслан зогсоох гэсэн хохирогч Ж.Пүрэвсүрэнг хүч хэрэглэн зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний, Д.Баянжаргал нь байгууллагын эд хөрөнгийг гэмтээсэн нь мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг тус тус бүрэн агуулсан байх тул тэднийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохиролын хувьд хохирогч Ж.Пүрэвсүрэн “шүүгдэгч нарт гомдол санал байхгүй, тэднээс нэхэмжлэх зүйлгүй” хэмээн шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов.

          Шүүхээс шүүгдэгч С.Ганболд, Д.Баянжаргал нарт ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг ял хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч С.Ганболд, Д.Баянжаргал нар нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа бөгөөд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролоо сайн дураараа нөхөн төлж, гэм хорыг арилгасан, хохирогч гомдол саналгүй гэсэн, мөн тэдний хувийн байдал зэргийг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэж уг ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээхээр тогтов.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тангуд овогт Содномын Ганболдыг бусадтай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, танхайрсан үйлдлийг зогсоох гэсэн иргэнийг эсэргүүцэж, догшин авирлан танхайрсан,

 

шүүгдэгч Д.Баянжаргалыг бусадтай бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.2, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганболдыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хасагт зааснаар шүүгдэгч Д.Баянжаргалыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганболдод оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, шүүгдэгч Д.Баянжаргалд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч С.Ганболд, Д.Баянжаргал нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ганболдод оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Д.Баянжаргалд оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, С.Ганболд, Д.Баянжаргал нарыг тус бүрийг 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хянан харгалзаж, тэдний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулан өгсөнөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах буюу улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Ганболд, Д.Баянжаргал нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.МӨНХ-ЭРДЭНЭ