| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 123/2026/0015/З |
| Дугаар | 221/МА2026/0219 |
| Огноо | 2026-04-02 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2026/0219
2026 04 02 221/МА2026/0219
“Н” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүн: Шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М
Нэхэмжлэгч: “Н” ХХК
Хариуцагч: Төв аймгийн Баян сумын Засаг дарга, Төв аймгийн Баян сумын Үнэлгээний хороо
Гуравдагч этгээд: “Т” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага:
“Төв аймгийн Баян сумын Засаг даргын Тамгын газраас зарласан Эрүүл мэндийн төвийн барилга барих ажил гүйцэтгэх ТӨАБАСЗДТГ/.................... тоот тендерийн ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 тоот тэмдэглэл /үнэлгээний дүгнэлт/-ийн “Т” ХХК-ийн тендерийг шаардлага хангасан тендерээр шалгаруулсан хэсгийг хүчингүй болгуулах, “Н” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг үнэлгээний хороонд даалгах, Төв аймгийн Баян сумын Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 01/262 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Н” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг Төв аймгийн Баян сумын Засаг даргын Тамгын газарт даалгуулах”
Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 27 дугаар шийдвэр
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагч Төв аймгийн Баян сумын Засаг дарга У.О, Төв аймгийн Баян сумын Үнэлгээний хорооны дарга Ц.Н нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 123/2026/0015/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Н” ХХК-иас Төв аймгийн Баян сумын Засаг дарга, Төв аймгийн Баян сумын Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Төв аймгийн Баян сумын Засаг даргын Тамгын газраас зарласан Эрүүл мэндийн төвийн барилга барих ажил гүйцэтгэх ТӨАБАСЗДТГ/.................. тоот тендерийн ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 тоот тэмдэглэл /үнэлгээний дүгнэлт/-ийн “Т” ХХК-ийн тендерийг шаардлага хангасан тендерээр шалгаруулсан хэсгийг хүчингүй болгуулах, “Н” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг үнэлгээний хороонд даалгах, Төв аймгийн Баян сумын Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 01/262 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Н” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг Төв аймгийн Баян сумын Засаг даргын Тамгын газарт даалгуулах”-аар маргасан байна.
2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 27 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1., 26.9., 27 дугаар зүйлийн 27.5., 28 дугаар зүйлийн 28.1. дэх хэсгийн 28.1.1., 28.1.3., 51 дүгээр зүйлийн 51.7., Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.18., 37 дугаар зүйлийн 37.1. дэх хэсгийн 37.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н” ХХК-ийн Төв аймгийн Баян сумын Засаг даргын Тамгын газраас зарласан Эрүүл мэндийн төвийн барилга барих ажил гүйцэтгэх ТӨАБАСЗДТГ/............... тоот тендерийн ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 тоот тэмдэглэл /үнэлгээний дүгнэлт/-ийн “Т” ХХК-ийн тендерийг шаардлага хангасан тендерээр шалгаруулсан хэсгийг хүчингүй болгуулах, “Н” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулахыг үнэлгээний хороонд даалгах, Төв аймгийн Баян сумын Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 01/262 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Н” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг Төв аймгийн Баян сумын Засаг даргын Тамгын газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. Анхан шатны шүүх “Үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 тоот хурлын тэмдэглэл/үнэлгээний дүгнэлт/-ийн “Т” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан шийдвэрийг хуульд нийцсэн” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй тухайд:
Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд анхан шатны шүүх тухайн тендерт хамгийн сайн тендерээр шалгарсан “Т” ХХК-ийн ирүүлсэн тендер шаардлага хангасан тендер ирүүлсэн эсэхийг дүгнээгүй. Тухайн тендерг оролцогч нарыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-т “Тендер шаягаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасны дагуу тендерийг үнэлэхээс өмнө тендерийг хянан үзэж тендерийн баримт бичгийн шаардлагыг хангаж байгаа тохиолдолд тендерийн шаардлагад нийцсэн тендер гэж үздэг. Гэтэл анхан шатны шүүх тендерийн шаардлага хангаагүй “Т” ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэрийг хуульд нийцсэн гэх үндэслэлээ “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7 дахь хэсэгт “Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу “Т” ХХК-ийг шалгаруулахдаа хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэсэн байна” гэж үндэслэлгүй дүгнэсэн. Анхан шатны шүүх Үнэлгээний хорооны гишүүдийн олонхын саналаар “Тендерийн шаардлагад нийцсэн” гэх шийдвэр нь үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийх ёстой байсан.
Тодруулбал, тухайн маргаан бүхий тендерт Үнэлгээний хорооны шийдвэрээр хамгийн сайн тендерээр шалгарсан “Т” ХХК нь тендер шалгаруулалтын баримт бичгийн дараах шаардлагыг хангаагүй. Үүнд:
3.1.1. Тендер шалгаруулалтын зааварчилгааны 16.1-т заасан техникийн тодорхойлолтын ажил гүйцэтгэх хүний нөөцийн дараах шаардлагыг хангаагүй.
“Т” ХХК нь ажил гүйцэтгэх хүний нөөцөд санал болгосон ажилчдаасаа Э.Б, М.Б нарыг захирлын тушаалаар тухайн төсөл арга хэмжээнд ажиллуулахаар томилоогүй. Мөн ажил гүйцэтгэх хүний нөөцийн шаардлагаас иргэний үнэмлэхний хуулбар ирүүлсэн боловч “Лавлагааг” ирүүлээгүй байдаг. Энэ талаар хавтаст хэрэгт “Т” ХХК-ийн захирлын 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Ажилд томилох тухай” №25/01 тоот тушаал авагдсан. Түүнчлэн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 13 дахь талд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “М.Б болон Э.Б нар тушаалаар томилогдсон уу гэж асуухад гуравдагч этгээд “Томилогдоогүй” гэж хариулдаг.
Маргаан бүхий Үнэлгээний хорооны 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 01 тоот хурлын тэмдэглэлээр Тендерийн баримт бичгийг боловсруулсан байх бөгөөд Өгөгдлийн хүснэгтийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 16.1. дэх хэсгийн 2-т “...Сүүлийн 6 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн НД-7.8 маягт ирүүлнэ” гэж заасан байдаг. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлийн 13 дахь талд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Т” ХХК-ийн сүүлийн 6 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлт цахимаар ирсэн үү? гэж асуухад, хариуцагч Ц.Н “Сүүлийн 6 сарын байдлаар ирүүлсэн. Би тэрийг хариулж чадна. Ирүүлсэн. Хавтаст хэрэгт байгаа гэв”, мөн асуултыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч гуравдагч этгээдээс асуухад, гуравдагч этгээдийн төлөөлөгч “6 сар төлсөн байх ёстой гэсэн байгаа гэв”. Өөрөөр хэлбэл, Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараас тендер шалгаруулалтын зааварчилгааны 16.1 дэх хэсгийн 2-т заасан шаардлагыг хангахын тулд сүүлийн 6 сарын ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр үндсэн ажилтан гэж үзэхээр байна. Гэвч хавтаст хэрэгт “Т” ХХК-ийн сүүлийн 6 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт огт байдаггүй. Харин тухайн компанийн зарим ажилчдын 2023-2024 онуудад болон 2025 оны 11 дүгээр сард тус тус ажилчдын нийгмийн даатгал төлсөн талаарх материал, нийгмийн даатгалыг өмнөх хугацаанд төлөөгүй тул цаашид тасралтгүй төлнө гэдгээ илэрхийлсэн албан бичиг ирүүлсэн байдаг. Захиалагчаас сүүлийн 6 сарын ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр НД-7, 8 маягтыг ирүүлэхийг шаардсан байхад шаардсан материалыг ирүүлэгүй нь шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэл болно. Хавтаст хэрэгт маргаан бүхий Үнэлгээний хорооны гишүүд нар нь “Т” ХХК-ийн тендерийн материалыг хянан үзэхдээ НД-8 маягт ирүүлээгүй, Зураг төсвийн үнэ тусгаагүй, Тоног төхөөрөмж автокран 2950кг 50кг дуутуу шаардлага хангаагүй /ХХ-100,ХХ-107, XX-127/ гэж хянан үзсэн байдаг.
3.1.2. Тендер шалгаруулалтын зааварчилгааны 16.1-т заасан ажил гүйцэтгэхэд ашиглагдах тоног төхөөрөмж, техник хэрэгсэлийн дараах шаардлагуудыг хангаагүй.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.26-д “цахим систем гэж программ хангамж ашиглан худалдан авах ажиллагааг зохион байгуулах, интернетэд суурилсан мэдээллийн системийг” гэж, 21 дүгээр зүйлийн 21.1.3-т “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан мэдээллийг цахим системд үүсгэсэн маягтын дагуу илгээх ” гэж, 21.3-т “Энэ хуулийн 21.1.3-т зааснаар илгээсэн баримт бичиг тендерийн бусад баримт бичигтэй зөрсөн бол цахим системийн мэдээллийг баримтална” гэж заасны дагуу тендерт оролцогч нар цахим систем буюу Tender.gov.mn тендерийн баримт бичгийг бэлтгэн ирүүлдэг. Өөрөөр хэлбэл, Үнэлгээний хороо тендерт оролцогч нарын цахим системээс илгээсэн баримт бичгийн хүрээнд хянаж, тендерийг үнэлдэг.
Тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.1-т 2.а “Оролцогч өөрийн эзэмшлийн болон түрээсийн гэрээний дагуу ашиглах машин механизм, тоног төхөөрөмжийг цахим систем дэх V бүлэгт заасан маягтаар зааварчилгааны дагуу санал болгоно. Цахим системээр санал болгоогүй тохиолдолд хянан үзэхгүй” гэжээ. Тендерт оролцогч компаниуд тендер шалгаруулалтын зааварчилгааны 16.1-т заасан шаардлагын дагуу Экскаватор, Авто кран, Ковш, Ачааны автомашин гэх 4н төрлийн машин механизм цахимаар санал ёстой байсан боловч “Т” ХХК нь “Ковш” машин механизмыг цахимаар санал болгоогүй. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт болон шүүх хуралдааны тэмдэглэлийн 13 дахь талд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “ Ковш цахимаар санал болгосон уу” гэхэд гуравдагч этгээдийн төлөөлөгч “Санал болгоогүй” гэж хариулдаг.
Мөн тендер шалгаруулалтын зааварчилгааны 16.1-т машин механизмын хоёрдугаарт “Автокран хүчин чадал 3 тонн болон түүнээс дээш” байх гэжээ. “Т” ХХК-ийн санал болгосон Автокран нь 05::: улсын дугаартай, 2950кг даацтай буюу 3 тонн болон түүнээс дээш байх хүчин чадлыг хангаагүй машин, механизмыг санал болгосон байдаг.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Оролцогч захиалагчийн тогтоосон техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангасан байна” гэж заасан. “Т” ХХК нь хүний нөөцийн ажилчдын шаардлага хангаагүй, ажилчдыг тухайн тендерт зориулж захирлын тушаалаар томилоогүй, машин механизмыг цахимаар санал болгоогүй, санал болгосон машин механизм нь шаардагдсан хүчин чадлыг хангаагүй зэрэг нь тендер шалгаруулалтын зааварчилгааны 16.1-д заасан ажил гүйцэтгэхэд ашиглагдах тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, хүний нөөцийн шаардлагуудыг хангаагүй нь тендерийн шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна.
3.1.3. Тендер шалгаруулалтын зааварчилгааны 18.1-т заасан санхүүгийн чадавхын шаардлагыг хангаагүй тухайд,
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-т “Оролцогч захиалагчийн тогтоосон санхүүгийн чадавхын ишардлагыг хангасан байна” гэж, тендер шалгаруулалтын зааварчилгааны 18.1 дэх хэсгийн 2-т “Түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээг нийт дүнг дараах шалгуур үзүүлэлтүүдийн аль нэг эсвэл нийлбэрээр тодорхойлно. Үүнд: Оролцогчийн харилцагч банкны дансны үлдэгдэл;
-Үнэт цаас, Засгийн газрын бонд болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 5.1 дэх хэсэгт заасан үнэт цааснууд; байхыг шаарджээ.
“Т” ХХК-иас тендер шалгаруулалтын зааварчилгааны 18.1-т заасан баримтыг огт ирүүлээгүй. Харин 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Төрийн банкны “Т” ХХК-иас зээл олгох боломжтой гэх тодорхойлолтыг ирүүлсэн. Нэхэмжлэгч “Ныопрестиж констракшн” ХХК-ийн зүгээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19-д заасны дагуу 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “...Банкнаас зээл олгох боломжтой тодорхойлолт байж болохгүй юу” гэх тодруулгыг авсан бөгөөд 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Тендер шалгаруулаптын өгөгдлийн хүснэгтийн дагуу үнэлнэ” гэх тодруулгын tender.gov.mn дээр хариуг өгсөн. Өөрөөр хэлбэл, тухайн тендерт оролцогч компаниуд өөрийн санхүүгийн чадавхыг харилцагч банкны дансны үлдэгдэл болон үнэт цаасаар нотлох шаардлага тавьсан. Тендерт оролцогч “Т” ХХК санхүүгийн чадавх нотлоогүй, энэ талаарх баримт огт ирүүлээгүй байхад санхүүгийн шаардлага хангасан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
3.1.4 Тендер шалгаруулалтын зааварчилгааны 16.1-т “Ажлын тоо хэмжээний дагуу бүрэн тооцсон төсөв ирүүлнэ” гэж заасан шаардлагыг хангаагүй.
“Т” ХХК нь маргаан бүхий тендерт ажлын төсөв ирүүлэхдээ тухайн ажлын зургийн үнийг оруулаагүй байдаг. Ажлын хувьд зургийн үнэ оруулаагүй төсөв гэдэг нь дутуу төсөв ирүүлсэн гэх үндэслэл болдог. Энэ нь хавтаст хэрэгт “Т” ХХК-ийн ирүүлсэн төсөв болон Үнэлгээний хорооны гишүүн Ш.Мөнхзулын тухайн компанийн тендерийг хянан үзсэн тэмдэглэл /ХХ-101/-д авагдсан байдаг.
Иймд Үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 тоот хурлын тэмдэглэл/үнэлгээний дүгнэлт/-ийн “Т” ХХК-ийн тендерийг шаардлага хангасан тендер гэж үзэж, хамгийн сайн тендерээр шалгаруулсан шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “3ахиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ” гэж, 26.4.1-т “энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д “Оролцогч захиалагчийн тогтоосон санхүүгийн чадавхын шаардлагыг хангасан байна”, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т “Оролцогч захиалагчийн тогтоосон техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангасан байна гэж, 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендер шапгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” 27 дугаар зүйлийн 27.1-д “3ахиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ” гэж тус тус заасныг зөрчиж гарсан. Учир нь “Т” ХХК нь тухайн тендерт хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчоор шалгарахын тулд тендерийн баримт бичигт заасан бүх шаардлагыг хангасан тендер ирүүлэх ёстой байсан. Гэтэл тендерийн баримт бичгийн дээр дурдсан шаардлагуудыг хангаагүй баримт бичиг ирүүлсэн оролцогчийг бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан гэж үзсэн нь хууль бус шийдвэр болжээ. Иймд тус Үнэлгээний хорооны “Т” ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан хэсгийг хүчингүй болгож өгнө үү.
3.2. Төв аймгийн Баян сумын Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 01/262 тоот мэдэгдэл хууль бус тухайд;
Энэхүү гомдлын нэгдүгээр хэсэгт дурдсанаар “Т” ХХК тендер шалгарсан Үнэлгээний хорооны шийдвэр хууль бус учраас уг шийдвэрийг үндэслэн гарсан “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдэл нь мөн хууль бус байна.
Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана” гэж, 28.1.1-т “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох” гэжээ. Тухайн маргаан бүхий тендерийн захиалагч нь Төв аймгийн Баян сумын Засаг дарга бус Төв аймгийн Баян сумын Засаг даргын Тамгын газар юм. Гэтэл маргаан бүхий тендерийн захиалагч биш этгээд гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг “Т” ХХК-д хүргүүлжээ. Төв аймгийн Баян сумын Засаг даргын “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэр нь өөрт олгогдоогүй эрх хэмжээний асуудлаар шийдвэр гаргасан тул хууль бус байна. Нөгөө талаар, өнөөдрийг хүртэл маргаан бүхий тендерийн захиалагч этгээд болох Төв аймгийн Баян сумын Засаг даргын Тамгын газраас тухайн тендерт оролцогч нарт “Гэрээ байгуулах эрх олгох тухай” аливаа шийдвэр гараагүй болно.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ” гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-т “тендерийн хүчинтэй байх хугацаа тендер нээснээс хойш ажлын 30-аас доошгүй өдөр байхаар” гэж тус тус заасны дагуу 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэрээ багуулах эрх олгох мэдэгдэлийг “Т” ХХК-д явуулсан байх бөгөөд 2025 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дотор гэрээг баталгаажуулан захиалагчид хүргүүлэх үүргээ “Т” ХХК биелүүлээгүй байна.
Уг маргаан бүхий тендерийн Үнэлгээний хороо болон гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл зэрэг захиргааны актыг түдгэлзүүлсэн эрх бүхий байгууллагын аливаа захирамж, шийдвэр гараагүй байхад Төв аймгийн Баян сумын Засаг даргын Тамгын газар болон “Т” ХХК нар хуульд заасан хугацаанд гэрээг байгуулаагүй байна. Талууд хуульд заасан хугацаанд гэрээ байгуулаагүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар илт хууль бус гэрээ болох үр дагавартай юм. Иймд анхан шатны шүүх гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хэвээр үлдээсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
3.3. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй тухайд,
Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж шүүхэд маргахдаа тендер шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр нь тус тус хүчингүй болсон тохиолдолд тэдгээрийн эрх зүйн үр дагаварт “Н” ХХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулах, “Н” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг тус тус даалгах агуулгаар харилцан холбоо хамаарал бүхий шаардлагууд гаргасан.
Ингэхдээ нэхэмжлэгч нь тухайн тендерт шалгарсан оролцогч тендерийн шаардлага хангаагүй талаар, манай компани тендерт шалгарах ёстой гэж маргадаг.
Харин манай компанийн тендерээс татгалзсан аливаа шийдвэр байгаа эсэх талаар хариуцагч талаас тодруулсан боловч ийм шийдвэр байхгүй гэх хариуг өгсөн. Маргаан бүхий тендерийн Үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03 тоот хурлын тэмдэглэл/үнэлгээний дүгнэлг/-ийн Шийдвэрлэсэн нь хэсэгт “Т” ХХК тендерээр шаардлага хангасан тендер гэж үзэж байгаа талаар л дурдсан боловч бусад тендерийг шаардлага хангаагүй гэж үзсэн аливаа шийдвэр гараагүй байдаг.
Тодруулбал, манай компанийн тендерээс татгалзсан гэх захиргааны актын мэдэгдлийг бидэнд тендерийн захиалагч бус этгээд Төв аймгийн Баян сумын засаг дарга 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01/260 “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр Төсөвт хүн/цаг өөрчилсөн үндэслэлээр шалгараагүй талаар мэдэгддэг.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс апь тохирохыг гаргана” гэж, 28.1.3-т “шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах” гэж заажээ. Гэтэл тухайн тендерийн захиалагч Төв аймгийн Баян сумын Засаг даргын Тамгын газраас манай тендерээс татгалзсан шийдвэр гарах ёстой байтал өнөөдрийг хүртэл аливаа шийдвэр гараагүй байна.
Бид шийдвэр гаргах эрхгүй этгээд шийдвэр гаргаж, мэдэгдэл хүргүүлээд байгаа талаар шүүх хуралдаанд тайлбарладаг боловч манай компанийн тендерээс “ТШЗ 16.1 А. Ажлын тоо хэмжээний дагуу бүрэн тооцсон төсөв ирүүлнэ” гэх шаардлагыг хүн/цаг өөрчилсөн гэх үндэслэлээр хангаагүй гэдэг тайлбар өгсөн учраас энэ талаар нэхэмжлэгчийн зүгээс тайлбар өгсөн.
Захиалагчаас баталсан тендер шалгаруулалтын зааварчилгааны 16.1-т “Ажлын тоо хэмжээний дагуу бүрэн тооцсон төсөв ирүүлнэ” гэж шаардсанаас бус хүн/цаг гаргасан төсвийн дагуу гэх шаардлагыг тавиагүй. “Н” ХХК нь тухайн ажлыг хэдэн цаг, хэдэн хүн хийх боломжтой талаарх өөрсдийн төсвийг ирүүлсэн. Учир нь тухайн шаардлагад ажлын тоо хэмжээнд өөрчлөлт оруулахгүй, тухайн ажлын тогтоосон тоо хэмжээний дагуу төсөв ирүүлнэ гэж шаардсан байдаг. Гэвч тендерийн шаардлагад шаардаагүй зүйлийг шаардаж тендерээс татгалзаж байгаа гэх тайлбар нь үндэслэлгүй юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-т “Оролцогч тендер шапгаруулалтын баримт бичигт заагаагүй баримт бичгийг ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй” гэж заасны дагуу хүн/цаг өөрчлөхгүй төсөв ирүүлэх талаар аливаа баримт бичгийн шаардлага байхгүй тул тендерээс татгалзах үндэслэл болохгүй юм.
Иймд Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэсэн заалтыг үндэслэн хэргийг бүхэлд хянав.
2. Захиалагч Төв аймгийн Баян сумын Засаг даргын Тамгын газраас зарласан Эрүүл мэндийн төвийн барилга барих, ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ТӨАБАСЗДТГ/.................... дугаартай, 3,250,605,890 төгрөгийн төсөвт өртөгтэй тендер зарласны дагуу нэхэмжлэгч “Н” ХХК, гуравдагч этгээд “Т” ХХК нар тендерийн материал ирүүлжээ.
3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ:”, 26.4.2-т “санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх;”, 26.4.4-т “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх”, 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж тус тус заасан.
4. Тендерт оролцогч “Н” ХХК-ийн хувьд ТШЗ 16.1-ийн Бусад шаардлага. а) Ажлын тоо хэмжээний дагуу бүрэн тооцсон төсөв ирүүлээгүй буюу тус компанийг төсвийн хүн цагийг бууруулсан төсөв ирүүлсэн гэж дүгнэн Баян сумын Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01/260 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтад шалгараагүй талаар мэдэгджээ.
5. Хэрэг авагдсан оролцогчийн тендерийг хянан үзэх тэмдэглэлийн маягтад “Н” ХХК нь ТШЗ 16.1-ийн Бусад шаардлага. а) Ажлын тоо хэмжээний дагуу бүрэн тооцсон төсөв ирүүлэх гэж заасныг,
-”Т” ХХК нь ТШЗ 16.1-ийн 2. Сүүлийн 6 сарын хугацаанд төлсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн НД7,8 маягт ирүүлнэ. Шаардсан ИТА-н 60 хувиас доошгүй тухайн байгууллагын үндсэн ажилтан байх бөгөөд тухайн байгууллагад 6-с дээш сар ажилласан байна”, ТШЗ 16.1-ийн 3. Авто кран 3 ба түүнээс дээш тонн хүчин чадалтай байх болон зураг төсвийн үнэ төсөвт тусгаагүй талаар тэмдэглэсэн байгаагаас дүгнэн үзэхэд нэхэмжлэгч болоод гуравдагч этгээдийн хэн аль нь шаардлага хангасан тендер ирүүлээгүй болох нь тогтоогдож байна.
6. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Манай компани төсөвт өртгөөс тендерт санал болгож байгаа үнэ буулгаж орсон тул төсвийн хүн цагт өөрчлөлт оруулсан болно. Стандарт нормоор 5 хүн 1 цаг хийх ажлыг практик дээр 3 хүн 8 цаг хийх боломжтой гэж үзсэн болно. Харин хийгдэх ажлын тоо хэмжээнд өөрчлөлт оруулаагүй” гэж тайлбарладаг бөгөөд нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерийн материалуудаас үзэхэд нэхэмжлэгч нь нэхэмжлэгч “Н” ХХК нь Газрын ажил, 01-190-07 хаяавч, шал, довжоон доор тромбовкоор нягтруулах ажлын хүн, нэгж цаг 1.16 байсныг .54 гэж, Суурийн ажил, 06-010-04 Шугаман суурийн бетон бэлтгэл хийх М150 ажлын хүн, нэгж цаг 1.1/1.49 байсныг .76/1.49 гэж, Хучилт рамын ажил, 06-110-11 Төмөр бетон хучилт цутгах М-350 ажлын хүн, нэгж цаг 16.04/1.81 байсныг 10.44/1.81 гэж, 06-100-05, 6 м өндөрт 500 мм зузаан төмөр бетон дам нуруу цутгах М-350 ажлын хүн/нэгж цаг 27.72/1.32 байсныг 27.08/1.32 гэж тус тус өөрчилсөн,
-гуравдагч этгээд “Т” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материалаас үзэхэд “Т” ХХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 25/26 дугаар албан бичгээр “...2022 оноос 2025 оны 4 сар хүртэл тасралтгүй ажилласан бөгөөд манай байгууллага нь түр хийж гүйцэтгэж байгаа барилга угсралтын ажилгүй байсан тул зарим инженер техникийн ажилчдын нийгмийн даатгалыг түр төлөөгүй завсарласан бөгөөд одоо 2025 оны 11 сараас эхлэн танай Эрүүл мэндийн төвийн барилга угсралтын ажлыг бүрэн дуустал манай байгууллага инженер техникийн ажилчдын нийгмийн даатгалыг тогтмол төлж, тогтвор суурьшилтай ажиллуулах болно” гэж тайлбарласан, 05... улсын дугаартай HINO маркийн ердийн тэвштэй автомашин 2950 кг даацтай гэсэн тодорхойлолт зэргээс үзэхэд “Н” ХХК, “Т” ХХК-иуд шаардлага хангаагүй тендер ирүүлсэн байхад Үнэлгээний хороо “Т” ХХК-ийг хамгийн сайн тендер ирүүлсэн гэж олонхийн саналаар шалгаруулж, Төв аймгийн Баян сумын Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01/263 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасантай нийцээгүй байна.
7. Тодруулбал, “Т” ХХК-ийн ирүүлсэн тендерийн материал ТШЗ 16.1-д заасан зарим шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдсон төдийгүй Үнэлгээний хорооны ирүүлсэн тендерийг хянасан үнэлгээний маягтад “Т” ХХК-ийг шаардлага хангаагүй гэж дүгнэсэн атлаа маргаан бүхий 03 дугаар тэмдэглэлийн шийдвэрлэсэн хэсэгт “Т” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй.
8. Мөн Үнэлгээний хороо шийдвэр гаргахдаа төсвийн хүн, цагт өөрчлөлт оруулж төсөвт өөрчлөлт оруулж болохгүй талаар зөвхөн мэргэжилтнээс асууснаас өөрөөр тооцоо, судалгаа хийсэн, дүгнэлт гаргасан аливаа шийдвэр хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, Үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаар тэмдэглэлд “...Төсвийг судлуулахаар БЗОСК-д хүсэлт тавьж инженер Г.Х-оор хянуулахаар Үнэлгээний хорооны гишүүд санал нэгтэйгээр дэмжив” гэж тэмдэглэгдсэн боловч төсвийн хүн, цагт өөрчлөлт оруулж төсөвт үнийн дүнг буулгаж болохгүй талаар дүгнэлт хийсэн нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч “Н” ХХК-ийг төсөв хүн, цаг өөрчилсөн тул шаардлага хангаагүй гэж үзэж байгаагаа тайлбарлаж, нотолж чадаагүй байна.
9. Мөн Сангийн яамны 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Гомдол буцаах тухай” 02/11316 дугаар албан бичгээр “...санхүүжилтийн эх үүсвэргүй болсон тендер шалгаруулалттай холбоотой гомдлыг хуулийн 59.5-д заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзаж буцаана” гэж заасан тул танай гомдлыг хүлээн авах боломжгүй” гэж “Н” ХХК-д мэдэгдсэн боловч хариуцагч Баян сумын Тамгын газрын даргын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл гэрээ байгуулахгүй бол тухайн сонгон шалгаруулалтад холбогдох төсөв татагдана” гэж тайлбарласан төдийгүй Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж зааснаар хариуцагчаас гаргасан шийдвэрээ дахин хянаж, шаардлагатай бол шинэ акт гаргах замаар хэргийн бодит нөхцөлд тохирох шийдвэр гаргах шаардлагатай байх бөгөөд энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул Үнэлгээний хорооноос дахин шинэ акт гаргах хүртэл Эрүүл мэндийн төвийн барилга барих ажил гүйцэтгэх ТӨАБАСЗДТГ/.................... тоот тендерийн ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 тоот тэмдэглэл /үнэлгээний дүгнэлт/-ийн “Төв төгөл” ХХК-ийн тендерийг шаардлага хангасан тендерээр шалгаруулсан хэсэг болон Төв аймгийн Баян сумын Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 01/262 тоот мэдэгдлийг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэгч “Н” ХХК болон гуравдагч этгээд “Т” ХХК-ийн тендерт ирүүлсэн материалыг дахин хянан үзэх, үнэлэх ажиллагааг явуулж, зохих шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэх өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 27 дугаар шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.2, 26.4.4, 26.9, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтуудыг тус тус баримтлан Төв аймгийн Баян сумын Засаг даргын Тамгын газраас зарласан Эрүүл мэндийн төвийн барилга барих ажил гүйцэтгэх ТӨАБАСЗДТГ/........................... тоот тендерийн ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 тоот тэмдэглэл /үнэлгээний дүгнэлт/-ийн “Т” ХХК-ийн тендерийг шаардлага хангасан тендерээр шалгаруулсан хэсэг болон Төв аймгийн Баян сумын Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 01/262 тоот мэдэгдлийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.” гэж, мөн тогтоох хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Эрүүл мэндийн төвийн барилга барих ажил гүйцэтгэх ТӨАБАСЗДТГ/..................... тоот тендерийн ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хорооны 2025 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 тоот тэмдэглэл /үнэлгээний дүгнэлт/-ийн “Т” ХХК-ийн тендерийг шаардлага хангасан тендерээр шалгаруулсан хэсэг болон Төв аймгийн Баян сумын Засаг даргын 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 01/262 тоот мэдэгдлийг хүчингүй болохыг мэдэгдсүгэй.” гэсэн 2 дахь заалт нэмж, 2 дахь заалтын дугаарыг 3 гэж өөрчилж, “3” гэснийг хасч, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ