Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 131/ШШ2020/673

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч:   Э.Л нэхэмжлэлтэй,

Хариуцагч:   Ж.Ц холбогдох

Түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл 4 740 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөрхүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Э.Л нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Э.Л миний бие нь 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн 1 жилийн хугацаанд Ж.Цтой түрээсийн гэрээ байгуулж өөрийн өмчийн 0320001902 дугаартай үл хөдлөхөө түрээслүүлсэн. Түрээсийн гэрээг сарын 1200000 төгрөгөөр тохирч бичгийн хэлбэрээр гэрээ байгуулсан. Тус түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 4740000 төгрөгийг төлөөгүй тул түрээсийн гэрээний дагуу төлбөрийг барагдуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Э.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би гаргасан нэхэмжлэлдээ 4740000 төгрөг хариуцагчаас гаргуулахаас шаардаж байгаа. 2018 оны 10 дугаар сард түрээсийн гэрээ хийсэн. Тэгээд би энэ сар дээр түрээсийн мөнгө яах вэ халаалтын мөнгөө төлчих гээд 11 сараас нь мөнгөө авахаар тохирсон. Тэгээд одоо түрээсийн төлбөрөө өгөхгүй байгаа гэв.

Хариуцагч Ж.Ц шүүхэд гаргасан тайлбартаа:

...Э.Лын өргөдөлд тайлбар гаргах нь: 2018 оны 10 сард Тана засварын газар зарагдаж бид ажилгүй болсон. Гэтэл 10 сарын 18-нд татварын хэлтсийн дарга ******* өрөөнд дуудсаны дагуу очиж уулзахад энэ Л бид 2 худалдаж авсан. Та нар үргэлжлүүлэн бидэнтэй ажиллах уу гэхэд бид зөвшөөрч улмаар 6 сарын гэрээ байгуулаж ажиллаж болсон. Гэрээ татварын хэлтсийн даргын өрөөнд ******* Л 2 тоот бид 2 харилцан тохиролцож 2018 оны 10 сарын 18-аас 2019 оны 05 сарын 01-ний өдөр хүртэл сарын /1 200 00/ нэг сая хоёр зуун мянгаар түрээслэхээр тохиролцож түрээслүүлэгч талаас: Э.Л, түрээслэгч талаас: Ж.Ц бид 2 гэрээнд гарын үсэг зурж хоёр талаас ******* ******* нар байв...6 сарын гэрээний төлбөрт нийт /7 200 000/ долоон сая хоёр зуун мянган төгрөг өгөөс Э.Лд мобайл банк шилжүүлгээр болох бэлнээр /7 870 000/ долоон сая найман зуун далан мянган төгрөг өгсөн болно. Миний бие 2019 оны 07 сарын 03-ны өдөр хүнд зодуулж хүнд бэртэл авч УБ хотын 1-р эмнэлэгт Эрүү, нүүрний тасагт хүнд хагалгаанд орж ажиллаж хөдөлмөрийн чадваргүй болсон. Энэ цагаас хойш Тана засварын газар эзэнгүй болж тэндээ гэр байсан авч чадахгүй байсаар 2019 оны 10 сарын 07-нд нүүсэн. Ямар үндэслэлээр 4 740 000 төгрөг нэхэмжилснийг ойлгож мэдэхгүй байна. 2018 оны 11 сарын 07-ны өдрөөс эхлэн нэг жилийн гэрээ хийсэн гэж ор үндэслэлгүйгээр өргөдөл гаргаж гэрээ хуурамчаар гараараа бичиж шүүхэд хандсаныг би хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манайх энэ Тана авто засварыг түрээслээд 5 жил болж байгаа. Тэгээд энэ засварын газар зарагдсан байгаа. Шинэ эзэн нь дахиад цаашид түрээслэх үү гэсэн. Бид хоёр ч түрээслэнэ гэж хэлсэн. Урьд *******той хийж байсан гэрээ байгаа юу гэсэн. Тэгээд энэ гэрээний дагуу гэрээ бэлдээд ир гэсэн. Тэгээд эхний ээлжинд 6 сарын гэрээ байгуулна гэж гэрээ байгуулсан. Бид хоёр 1.200.000 төгрөг өгч түрээслэдэг байсан. Манай нөхөр 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүнд зодуулаад Улаанбаатар хотод хагалгаанд орж ирсэн. Бид хоёр гэрээ 2019 оны 10 дугаар сард авч хүлээлгэж өгсөн. 2019 оны 07 дугаар сараас хойш ажиллаагүй. Яагаад 6 сарын гэрээ байгуулчихаад 1 жилийн гэрээ гараад ирсэн байх юм гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн дэлгэцээр харуулж шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Л нь хариуагч Ж.Цт холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэл 4740000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх хуульд заасан шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан нотлох баримтууд, зохигчдийн тайлбар зэрэгт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Зохигч 2018 оны 10 дугаар сард Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багт байрлах авто засварын үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэг сарын 1200000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцож түрээсийн гэрээ байгуулсан гэх бөгөөд гэрээ байгуулсан хугацаа, сарын хөлсний хэмжээний талаар санал нэг, маргаангүй байна.

Харин зохигч гэрээний үргэлжлэх хугацааны хувьд маргаантай, үүнээс үүдэлтэйгээр нэхэмжлэгч түрээсийн хөлсний үлдэгдэл нэхэмжилж, хариуцагч гэрээний 6 сарын хугацаанд хамаарах хөлсийг бүрэн төлсөн үндэслэлээр татгалзаж байна.

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн 8 дугаар гудамж 109 тоотод байрлах, үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө нь түрээслүүлэгч, нэхэмжлэгч Э.Лын өмчлөлд бүртгэлтэй болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй гэрчилгээгээр нотлогдож байна.

Нэхэмжлэгчээс 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн огноо бүхий 1 жилийн хугацаатай, сарын 1200000 төгрөгийн төлбөрийн нөхцөлтэй, түрээслүүлэгч хэсэгт Л, түрээслэгч хэсэгт гарын үсгийн тайлалгүй, гарын үсэг зурагдсан гэрээг, хариуцагчаас 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн, 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай, сарын 1200000 төгрөгийн төлбөрийн нөхцөлтэй, талууд гарын үсгээ зурж, гарын үсгийн тайлал бичигдсэн гэрээг тус тус шүүхэд гаргажээ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж уг гэрээний харилцаанд талуудын хүлээх үүрэг, шаардах эрхийг тодорхойлсон байна.

Гэвч түрээсийн гэрээнд хуулиар хэлбэрийн шаардлагыг заасан ба Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318.4.Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан.

Зохигчдийн хооронд байгуулсан гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй болох нь хэрэгт цугларсан баримт болон зохигч талуудын хэн алины үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй гэх тайлбаруудаар нотлогдож байна.

Нэгэнт хуульд заасан гэрээ байгуулах хэлбэрийн шаардлагыг хангаагүй тул дээрхи хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Иргэний хуулийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэсэн заалтын дагуу өгсөн, авсан зүйлээ харилцан буцаалцдаг үр дагавартай.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гээд 492.1.1 дэх хэсэгт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж зааснаар нэхэмжлэгч нь шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардан авах, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим зэргийг шаардах эрхтэй.

Хариуцагч нь ...2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай гэрээ байгуулсан... гэх боловч бодит байдалд 2019 оны 10 дугаар сард түрээсийн гэрээний зүйл гэх авто засварын газрыг нэхэмжлэгчид хүлээлгэж өгсөн байна. Үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн хугацааны талаар маргаангүй байна.

Шүүх авто засварын үйлчилгээний зориулалттай газрыг нэхэмжлэгчид шилжүүлж, хүлээлгэн өгсөн хугацааг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагын 4740000 төгрөгийг үндэслэлтэй эсэхийг хянаж үзэхэд:

Нэхэмжлэгч 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан гэж үзэж, нийт төлбөр 14400000 төгрөгөөс үлдэгэдэл 5940000 төгрөгийг авахаас 1200000 төгрөгийг татгалзан хасч тооцон үлдэх 4740000 төгрөгийг нэхэмжилсэн гэж, хариуцагч 6 сарын хугацааны түрээсийн төлбөрт нийт 7870000 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөргүй гэж тус тус тайлбарлаж байна.

Хариуцагч нэхэмжлэгчид нийт 7870000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж нотлох баримтаар тооцооны дэвтрийн хуулбар, дансны хуулга гаргаж өгсөн, төлбөр төлсөн хэмжээний хувьд нэхэмжлэгч маргаангүй зэргийг үндэслэн шүүх хариуцагчийг 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 05 сар дуустал хугацааны төлбөр гэж нийт 7870000 төгрөг нэхэмжлэгчид төлсөн гэж үзэх үндэслэлтэй.

Шүүх үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлцсэн 2019 оны 10 дугаар сар хүртэл хугацааны олсон ашгийг талуудын тохиролцсон нэг сарын төлбөр буюу сарын 1200000 төгрөгөөр тооцож үзэхэд 2019 оны 6,7,8,9 сарын хугацаанд төлбөр нийт 4800000 төгрөг болох ба нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 4740000 төгрөгийг гаргуулах нь шударга ёсны зарчим, Иргэний хуулийн 492, 493 дугаар зүйлд нийцнэ гэж үзэв.

Хариуцагч 2019 оны 6,7,8,9 саруудад үйл ажиллагаа явуулаагүй гэж, нэхэмжлэгч үйл ажиллагаа явагдаж байсан гэж мэтгэлцэж байх боловч хэн аль нь үйл ажиллагаа тасралтгүй явуулж байсан эсэхийг нотлоогүй учир шүүх бодит байдалд авто засварын газрыг нэхэмжлэгч буюу өмчлөгчид буцаан хүлээлгэн өгсөн хугацаагаар, зохигчдийн хооронд хийгдсэн тохиролцооны ашиг олох, эд хөрөнгийн үр шимийг хүртэх зорилгыг харгалзан тооцов.

Иймд 318 дугаар зүйлийн 318.4, 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Лын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90790 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ж.Цоос улсын тэмдэгтийн хураамжийн 90790 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Лд  олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Ж.Цоос 4 740 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Лд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Лын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90790 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ж.Цоос улсын тэмдэгтийн хураамжийн 90790 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Лд олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т заасныг баримтлан энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА