Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 351

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Б.Ж нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Э,

Хариуцагч: П.Д нарт холбогдох

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 3-р баг Нарлаг хорооллын 5-2 тоотод байрлах 000106486 дугаар газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0308000104 дугаарт бүртгэгдсэн 1014 мкв газраас 476 мкв газрын өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сосоргэрэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа, хариуцагч Н.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мааньхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ж нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багт шинэ гудамж гаргаж иргэдэд газар олгох үед одоогийн хаягаар 3 дугаар баг Нарлаг 5-2б тоотод байрлах 1014 м2 газрыг 2 айлын газар гэж найз П.Дын хамт тал талаар нь хашаагаа хатгаж 2000 онд авсан юм. Тухайн үед манай сум дээр газрын даамал гэж хүн байгаагүй сум дээр орон тоо байхгүй гэдэг байсан. Хүмүүс дуртай газраа, дуртай хэмжээгээр хашаа хатгадаг байсан.

2005 онд газрын даамалтай болж кадастрийн зураг гаргадаг болсноор сумын засаг дарга 2005 оны 03 сарын 22 ны өдөр 17 дугаар захирамж гаргаж 53 өрхөд газар өмчлүүлэхэд уг газар дээр П.Дын нэр дээр захирамж гарсан.Тухайн үед П.Д мөнгө санхүүгийн хувьд боломжгүй гээд би газартаа өөрийн зардлаар хашаа хатгаж, оо, муу усны нүх, амбаар зэргийг барьж амьдарч байгаад 2010 онд 28 мкв тайлбай 1 давхар үйлчилгээний байр барьсан. 2010 онд газар дээрээ кадастрийн зураг гаргуулах гэтэл 2 хүний өмч болохоор маргаантай, байшингийн суурь газраа өөр дээрээ аваад үлдсэн газраа дараа нь шийдүүл гэсэн. Тухайн үед банкнаас зээл авах гэж байсан тул барьсан байшингийн суурь 31 м2 газраа өөрийн нэр дээр бүртгүүлж гэрчилгээ авсан.

Гэтэл 2019 оны 12 сарын 10 ны өдөр Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нар ирж Н.Э нь бусдад өртэй Налайх дүүргийн шүүхээс өрөнд бижүүмжил гэж шийдвэр ирлээ гэж мэдэгдээд битүүмжилээд явлаа.

П.Дтай юу болоод байгаа талаар уулзахад надад хэлэлгүй, миний зөвшөөрөлгүй зээ дүү Н.Эд уг 1014 м2 газрыг 8 кг ноолуураар зарж улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан байна. Газрын даамлаас асуухад та өөрөө байхгүй байсан учир Доржбаатарын хүсэлтээр 2011 оны 03 сарын 28 ний өдөр Н.Эийн нэр дээр гэрчилгээ гарсан гэж хэлсэн.

П.Д, Н.Э, газрын даамал Д.Төмөрсүх 3 хамаатан, садан төрлийн хүмүүс тул нэгэндээ ашигтай байдлаар тус болж миний 20 жил амьдарсан газар, хашаанд минь халдаж намайг хохироож байна. П.Д бид хоёрын нэр дээр кадастрийн зураг болон өөр бусад баримт бичиг гаргаагүй шууд Н.Эын нэр дээр гэрчилгээ олгож өмчлүүлсэн нь хууль зөрчиж, мөн миний өмчлөх эрхэд халдсан тул Улсын бүртгэлийн хэлтэсээс олгосон 2011 оны 03 сарын 28 ний өдрийн Н.Эийн нэр дээрх 000106486 дугаар газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0308000104 дугаарт бүртгэсэн, 1014 м2 газрын тал болох 476 м2 газрын жинхэнэ өмчлөгч нь Батмөнхийн Жамба мөн болохыг тогтоож өгнө үү. Би өөрийн өмчлөх хэсэг 476м газраа 4000 000 төгрөгөөр үнэлэж байгаа тул Улсын тэмдэгтийн хураамжийг уг дүнгээр бодож тушаасан болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сосоргэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Би 2005 онд Баянхонгор аймгаас Баян-Өндөр сумын дунд сургуульд шилжиж очоод 6 дугаар ангидаа суралцсан байдаг. 2005 онд манай аав Б.Ж сумдаа газар аваад хашаа барих гэж байхад нь П.Д ах ирээд манайх хашаа барихад боломж муу байх тул хамтраад хашаа барих саналт гаргахад манай аав зөвшөөрч хамтарч хашаагаа барьж байсан юм. П.Д ах, эхнэр Пагматайгаа хамт ирээд хашааны зүүн талыг тоосгоор барихаар болоод манайх хашааны баруун болон хойд талын хашааг барьсан мөн манайх үйлчилгээний зориулалттай байшин барьж 2010 онд тухайн үйлчилгээний зориулалттай газрын гэрчилгээг авсан байдаг, тухайн хашааны талыг нь манайх эзэмшдэг болохоор тухайн газрын гэрчилгээг авахад хамтын эзэмшлийн газар учраас П.Д ахтай уулзаж байж авахаар болсон юм. Н.Э ахад хашааг зарсан талаар мэдээгүй байсан, гэнэт шүүхээс хүмүүс ирээд газрыг бүхэлд нь битүүмжилсэн юм. Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын газрын даамал Төмөрөө гэх хүн нь Н.Э ах тухайн хашааныг гэрчилгээг гаргаад өгчих гээд гуйгаад байхаар нь гаргаж өгсөн талаар хэлж байсан. Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 5-2 тоот газрын жинхэнэ өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй байгаа гэв.

 Хариуцагч Н.Э шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Н.Эрдэнэажав нь 2010 онд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын харъяат иргэн П.Даас Булган 3-р баг Нарлаг 5-ын 26-р тоот 1045 м2 талбайтай газрыг худалдан авч 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Улсын бүртгэлийн гэрчилгээг миний нэр дээр гаргаж миний эзэмшлийг баталгаажуулж өгсөн юм. Б.Ж гэдэг хүнд одоогийн байгаа байшингийн дорхи газрыг гуйгаад байхаар нь өгсөн юм. Иргэн Жамба нь миний эзэмшлийн газар дээр жижиг байшин гуанз гаргах гэж барьсан бөгөөд байшин барьсан бөгөөд байшин барьсныхаа дараа энэ байшингийн дорхи газрыг ахдаа өгчөөч гэж гуйгаад байхаар нь би байшингийн доорхи газрыг өгсөн юм. Би 2013 онд Улаанбаатар хот руу шилжсэн 2013 оноос одоог хүртэл Жамба манай эзэмшлийн газар амьдарч байна. Би эзэмшлийн газраа хүнд зарсан тул хашааг булаацалдаад байна. Миний газрыг чөлөөлж өгөхгүй байгаа тул миний эзэмшлийн газрыг чөлөөлж өгнө үү. Би Жамба гэдэг хүний газрыг булаацалдаагүй өөрийн эзэмшлийн газрыг чөлөөлж өгөхийг хүсэж байна. Би очих замын зардал миний ажлын алдагдал 300000 төгрөгийг Б.Жас гаргуулж өгнө үү. Намайг төлөөлөн миний ээж П.Мааньхүү итгэмжлэлээр оролцох юм гэжээ.

Хариуцагч Н.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мааньхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

П.Д нь миний төрсөн дүү байгаа юм, П.Д нь хашаа барихад Б.Ж нь тусалж дэмжээд хашаа барьж байсан талаар хараагүй. П.Д нь банкнаас мөнгө зээлчихээд төлөх болчихоод мөнгөний хэрэг гараад байна гэж манайд ирэхээр нь бид нар Н.Э мөнгөний боломжтой байх, түүнээс мөнгө зээл гэж хэлж байсан юм. Тухайн үед Н.Э нь П.Дын банкны өрийг дарж тухайн хашааг худалдаж аваад гэрчилгээг нь гаргуулж авсан байдаг. Б.Ж нь тухайн хашаанд буусан айл байгаа юм, Н.Э нь Б.Ж ахын гэрийг нүүлгэмээр байна гэхээр нь би хамаатан садны айл юм чинь байлгаж бай гэж хэлсэн юм. Одоо хашаанд Б.Жамбын хүргэн гэх айл нь байдаг юм, Б.Ж нь өөр хашаа руу нүүсэн байсан. Сүүлд нь газрын маргаан үүсээд байгаа юм гэв.

Хариуцагч П.Д шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Пагважав овоготой Доржаатар Б.Жамбын хэрэгт холбогдуулаад дараах тайлбарыг гаргаж байна. Би Н.Эрдэнэ-Оичр гэдэг газрын байцаагчаар газар шилжүүлээд авсан юм. Ингээд би гэр бүл хүүхдүүдтэйгээ хамсан тоосго цохиж байгаад хашаа байшин барьсан юм. Б.Ж гэдэг хүн надад хашааны буланд жижиг амбаар баръя гэсэн юм тэгэхээр нь таньдаг хүний хувьд тэг тэг гэж хэлсэн юм. Ингээд би төслийн зээлтэй байсан учир Н.Э гэдэг хүнээс 500 000 төгрөг аваад хашаагаа өгсөн юм гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн дэлгэцээр харуулж шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Б.Ж нь хариуцагчаар Н.Э, П.Д нарыг татаж, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 3-р баг Нарлаг 5-2б тоотод байрлах 000106486 дугаар газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-0308000104 дугаарт бүртгэгдсэн 1014 мкв хэмжээ бүхий газрын тал 476 хэмжээ бүхий газрын өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нар эс зөвшөөрчээ.

Нэхэмжлэгч нь маргаж буй газрын хаягт хамаарах нийт 1045 мкв хэмжээтэй газраас өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн дор орших 31 мкв газрын хэмжээг хасч, үлдэх 1014 мкв хэмжээтэй газрын 476 мкв хэмжээ бүхий газрын өмчлөгч нь мөн гэж маргажээ.

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 3-р баг Нарлаг 5-2б тоотод байрлах, 476 мкв хэмжээтэй газрын өмчлөх эрхийг баталгаажуулж, эрхээ хэрэгжүүлэх боломж нөхцөлийг хариуцагч П.Д, Н.Э нар нь зөрчиж байгаа үндэслэлийг гаргаж, хариуцагч П.Д тухайн хаягт байрлах, 1014 мкв хэмжээ бүхий газрыг дүү Н.Эд 500000 төгрөгөөр худалдахаар амаар тохиролцож түүнд шилжүүлсэн, харин Н.Э тухайн газрын өмчлөх эрхийн гэрчилгээг 1014 мкв газрын хэмжээгээр өөрийн нэр дээр гаргуулан авсан үйл баримт тогтоогдож байна.

Б.Ж, П.Д нар нь Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 3-р баг Нарлаг 5-2б тоот хаягт байрлалтай 1014 мкв газрыг хуваан /тус тусын хэмжээгээр буюу тал хэмжээгээр/ өмчлөхөөр тохиролцон, сумын холбогдох албан тушаалтанд 2005 онд өргөдөл хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэн, тухайн газартаа өөрсдийн хариуцсан хэмжээгээр хашаа хатгаж, уг газарт нэхэмжлэгч Б.Ж 2014 оныг хүртэл амьдарч ирсэн, одоо уг газарт үйлчилгээний газар ажиллуулдаг болох нь тэдгээрийн тайлбар, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар газар өмчлүүлэх тухай захирамж, хавсралт, 2009 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 83 дугаар газар өмчлүүлэх тухай захирамж, хавсралтуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн дээрхи шийдвэрийн дагуу газар өмчлөх эрхээ Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэрүндэслэн иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид  заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагаас олгоно гэж зааснаар баталгаажуулах эрх нь зөрчигдсөн байна.

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын засаг даргын 2009 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 83 дугаар газар өмчлүүлэх тухай захирамжийн хавсралтад заасан нэрсийн 19 дэх мөрөнд Батмөнхийн Жамбад Нарлаг 5-2 хаягт байрлалтай, 1045 мкв хэмжээтэй, 836000 төгрөгийн үнэлгээтэй, 040600002-00110 нэгж талбарын дугаартай газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэж, урьд Доржбаатарт өмчлүүлэхээр шийдвэрлэсэн 2005 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 17 тоот захирамжийг хүчингүй болгожээ.

Мөн сумын засаг дарга 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/29 дугаар захирамж залруулах тухай захирамж гаргаж нэхэмжлэгчид урьд олгож шийдвэрлэсэн 1045 мкв газрын хэмжээг 31 мкв/1045-31=1014/ мкв гэж өөрчлөлт оруулж залруулсан байх боловч, ямар үндэслэлээр урьд шийдвэрлэгдсэн өмчлөх эрхийг 1014 мкв хэмжээгээр хязгаарласан нь ойлгомжгүй, өмчлөх эрхийг олгосон 2009 оны шийдвэрийг хүчингүй болгоогүй гэж үзэхээр байна.

Хариуцагч Н.Эд Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 138 дугаар газар өмчлүүлэх тухай захирамжаар Нарлаг 5-2б /б гэх тодотгосон хаягаар/ маргаан бүхий 1014 мкв газрыг давхардуулан өмчлүүлэхээр шийдвэрлэж, хариуцагч Н.Эд өмчлөх эрхийн гэрчилгээг 2011 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон байна.

Хариуцагч П.Д нь өөрийн өмчлөлийн 1014 мкв хэмжээтэй газрыг дүү Н.Эд худалдсан гэх боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх баталгаажаагүй буюу Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 22.1-д заасны дагуу бүртгэснээр тухайн иргэний газар өмчлөх эрх үүснэ гэсэн заалт хэрэгжээгүй байхад хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд хариуцагч Н.Э дээрхи хэлцлийн дагуу шилжүүлсэн 500 000 төгрөгийн хохирлоо холбогдох этгээдээс шаардах эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй./нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй учир шүүх шийдвэрлээгүй үлдээв/

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.1 дэх хэсэгт Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана гэж зааснаар засаг даргын захирамж гарсан байх тул иргэнд газар өмчлүүлэх шийдвэрийг мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд 21 дүгээр зүйлд заасан журмын дагуу шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Б.Жамбыг Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь төрийн байгууллага, албан тушаалтан хууль бусаар саад учруулсан гэж үзвэл тухайн байгууллага, албан тушаалтны дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргана, 39.3.Иргэн энэ хуулийн 39.2-т заасан хугацаанд хариу аваагүй бол гомдлоо шүүхэд гаргана гэж тус тус заасны дагуу шүүхэд гаргасан гэж үзэв.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 3-р багийн засаг даргын ...Баян-Өндөр сумын 2-р багийн иргэн Батмөнх овогтой Жамба нь тус багийн Нарлаг 5-2а тоотод амьдардаг нь үнэн...гэсэн тодорхойлолтоос үзвэл, маргаан бүхий газрын хаягийг Б.Жд Нарлаг 5-2а, П.Дт 5-2б гэж тодотгосон мэт боловч газар өмчлүүлэх шийдвэртээ Нарлаг 5-2б гэх хаягаар газрыг 1014 мкв хэмжээгээр бүхэлд нь П.Д, Н.Э нарын амаар тохиролцсон хэлцэлд үндэслэн шууд Н.Эд бүхэлд нь өмчлүүлсэн нь зохигчийн хуульд заасан өмчлөх эрхээ бүртгүүлж баталгаажуулах, өмчлөх эрх үүсэх эрхийг зөрчсөн байна.

Харин хариуцагч П.Дын өөрөө тоосгоор хашаа барьсан, маргаж буй газрын тал хэсэгт нэхэмжлэгч маргахгүй байх тул хариуцагч П.Дын өмчлөх эрхийн талаар дүгнэлт хийх шаардлагагүй байна.

Иймд шүүх хуульд заасан дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хагаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 78950 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч П.Д, Н.Э нараас улсын тэмдэгтийн хураамж 78950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 8750 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 70200 төгрөгийг тушаасан байх боловч нэхэмжлэл гаргахаас цаг хугацааны хувьд өмнө тушаасан улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг нэхэмжлэгчийн төлөөлөгч төрийн сангаас буцаан аваагүй гэж тайлбарлаж байх тул бүрэн төлсөн гэж үзэв.

Харин 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлсөн баримтыг шүүх үнэлээгүй, хэрэгт хамааралгүй баримт болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч маргаж буй газрын үнэлгээ буюу 4000000/дөрвөн сая/ төгрөгөөс тооцож улсын тэмдэгтийн хураамж төлсөн нь хуульд нийцсэн байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар баг Нарлаг 5-2б тоотод байрлах газар өмчлөх гэрчилгээний дугаар 000106486, улсын бүртгэлийн гэрчилгээний Г-0308000104 дугаартай 1014 мкв хэмжээ бүхий газрын 476 мкв хэмжээтэй газрын өмчлөгч нь нэхэмжлэгч Батмөнхийн Жамба мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 78950 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч П.Д, Н.Э нараас улсын тэмдэгтийн хураамж 78950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай