Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2020/ДШМ/016

 

Б.Э, Ц.Ш нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгч Ц.Шгийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч *******

Шүүгдэгч Б.Э

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/323 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Эын гаргасан давж заалдах гомдлоор Б.Э, Ц.Ш нарт холбогдох эрүүгийн 1914006750397 дугаар хэргийг 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,  Ц.Ш, 1959 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймгийн Баянлиг суманд төрсөн,

Монгол Улсын иргэн,  Б.Э, 1976 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй

Ц.Ш, Б.Э нар нь 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын 1 дүгээр багийн нутаг Эхэн цавчран гэх газарт харилцан зодолдож, бие биеийнхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус, тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/, 

Баянхонгор аймгийн прокурорын газраас Ц.Ш, Б.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус, тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч  Б.Э, Ц.Ш нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Ц.Ш нарыг тус бүр долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /700.000/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Ц.Ш нарт оногдуулсан долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /700.000/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч Б.Эаас 1.964.150 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Шд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Ц.Ш нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.7, 1.8-д зааснаар шүүгдэгч Б.Э, Ц.Ш нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Шинэн бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар шүүгдэгч Б.Эын эзэмшлийн “...Gopiu маркийн гар утас...” шүүгдэгч Ц.Шгийн эзэмшлийн ... Gopiu маркийн гар утас...-ийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, дээрх эд зүйлсийг хэрэгцээний дагуу Б.Э, Ц.Ш нарт буцаан олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Э тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/323 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн авч Ц.Шгийн нэхэмжилсэн 1.964.150 төгрөгийг Б.Э надаас гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрөн гомдол гаргаж байна.

Учир нь уг хэргийн улмаас шүүгдэгч Б.Э хохирогч Ц.Ш бид бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох нийт 1.964.150 төгрөгийг Ц.Ш нэхэмжилж уг мөнгийг шүүгдэгч Б.Э надаас Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгийг үндэслэн гаргуулахаар шийдвэрлэсэн.

Гэвч Ц.Шгийн нэхэмжилсэн 1.964.150 төгрөгний баримтаас 300.000 төгрөгийн эмнэлэгт үзүүлсэн, эм авсан 28.900 төгрөг, нийт 328.900 төгрөгийн эмийн баримт бусад 1.635.250 төгрөгийн баримт нь шатахууны баримт байх бөгөөд Ц.Ш эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 10 дугаар сарын 21, 11 дүгээр сарын 1, 11 дүгээр сарын 6-нд нийт 3 удаа мэдүүлэг өгсөн байх бөгөөд ямар үндэслэлээр надаас шатахууны үнэ болох 1.664.150 төгрөг нэхэмжилсэн нь ойлгомжгүй юм.

Миний бие надаас гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлын мөнгөнөөс шатахууны 1.635.250 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй учир нь энэ мөнгө бодит хохирол биш бөгөөд Ц.Шгийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход гаргасан зайлшгүй гарсан зардал биш юм.

Миний хувьд нэг нутаг усны мөн адилхан эр хүн гэж бодоод Ц.Шгээс хохирол нэхэмжлээгүй бөгөөд Ц.Ш болон миний бие эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч болон яллагдагчаар оролцсон.

Ц.Шгийн гаргаж өгсөн шатахууны баримтаас харахад 2019 оны 9 дүгээр сарын 29-нд 171.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 3-нд 100.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 6-нд 100.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 6-нд 46.250 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 9-нд 50.000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 16-нд 99.200 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 16-нд 68.533 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 25-нд 60.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 02-нд 14.717 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 11-нд 23.400 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 11-нд 37.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 11-нд 37.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 12-нд 85.689 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 22-нд 60.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 25-нд 9.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 25-нд 51.200 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 27-нд 77.947 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 29-нд 40.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 29-нд 61.370 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 01-нд 80.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 01-нд 20.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 12-нд 50.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 48.700 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 13-нд 78.409 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 16-нд 43.181 төгрөгийн шатахуун, мөн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 60.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 66.800 төгрөгийн шатахууны нийт 1.639.346 төгрөгийн баримт гаргаж өгсөн байна.

Уг хэрэг 2019 оны 9 дүгээр сарын 28-нд гарсан, Ц.Ш эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 10 дугаар сарын 21, 11 дүгээр сарын 1, 11 дүгээр сарын 6-нд нийт 3 удаа мэдүүлэг өгсөн үйл баримт байдаг бөгөөд мөн 2019 оны 7 дугаар сарын 01-ний 60.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 31-ний 66.800 төгрөгийн /баримт сайн харагдахгүй бүдгэрсэн/ шатахууны баримт болон бусад баримтыг ямар үндэслэлээр надаас гаргуулан шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Шүүх Ц.Шгийн гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд хянаж үзээгүй байх тул Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/323 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй гэж үзэж байна.

Иймд Ц.Шгийн гаргаж өгсөн хохирлын баримтыг үнэн зөв үнэлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Прокурор тус шүүхэд гаргасан дүгнэлтэндээ: Шүүгдэгч Б.Э нь хохирол төлөхтэй холбоотой гомдол гаргасан байх тул хохирлыг хэргийн бодит байдалд нийцүүлэн хасаж шийдвэрлэх боломжтой гэв.

Шүүгдэгч Б.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Ш бид хоёр харилцан зодолдсон, биедээ адилхан хохирол учруулсан байна гэж анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Надад илүү их хохирол учирсан боловч би Ц.Шгээс хохирлын мөнгө нэхэмжлээгүй. Ц.Ш нь бензины зардал нэрээр их хэмээний мөнгө нэхэмжилсэнийг анхан шатны шүүх нягталж үзэлгүйгээр надаас гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байх тул нягталж зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэв.

Өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх Ц.Шгийн гаргаж өгсөн хохирлын гэх нотлох баримтуудыг нягталж үзэлгүйгээр нэхэмжилсэн хэмжээгээр нь бүрэн гаргуулж шийдвэрлэсэн. Гэтэл түүний гаргаж өгсөн бензин зарцуулсан гэх баримтууд нь нэг өдөр 3 удаа бензин авсан, ямар ч гаргацгүй баримт байгаа болон хэрэг үйлдэгдэхээс ч өмнө хэрэглэсэн 2019 оны 7 дугаар сарын 01, 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн ч баримтууд байна. Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1ээр зүйлчлэн замын зардлыг гаргуулсан нь Иргэний хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдвэрлэсэн хохирлын мөнгийг нягтлан үзэж шийдвэрлэнэ үү гэв.

Өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн хохирлын мөнгөнөөс хасаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой. Өөр саналгүй гэв.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Эын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад:

Шүүгдэгч Ц.Ш, Б.Э нар нь 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянлиг сумын 1 дүгээр багийн нутаг Эхэн цавчран гэх газарт Б.Эыг өөртэйгээ мэндэлсэнгүй гэснээс шалтгаалан харилцан зодолдож, бие биеийнхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 Дээрх үйл баримт нь 1914006750397 дугаар эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн хэлэлцсэн гэрч *******ын мэдүүлэг, “... Ц.Шгийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зулай хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, зүүн чихний зулгаралт, хэвлийн цус хуралт бүхий гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 579 дугаар дүгнэлт, “...Б.Эын биед зүүн зулайд сорви, зүүн доод зовхи, зулай, дух хүзүүнд зулгаралт бүхий гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 637 дугаар дүгнэлт, гэмт үйлдлээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ц.Ш, Б.Э нарын мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай, прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч Ц.Ш, Б.Э нарыг хоорондын таарамжгүй харилцаанаас үүдэн харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний хүрээнд ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, бие биедээ учруулсан хохирлын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Харин шүүгдэгч Ц.Шгийн анхан шатны шүүхэд гаргаж өгсөн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд хэрэглэсэн гэх бензин болон эмийн нотлох баримтуудыг анхан шатны шүүх  сайтар нягталж үзэлгүйгээр түүний нэхэмжилсэн 1.964.150 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Эаас гаргуулан шүүгдэгч Ц.Шд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Шүүгдэгч Ц.Ш нь анхан шатны шүүхэд хохиролд зарцуулсан гэж хэрэгт хавсаргасан 30 ширхэг баримтыг нягтлан үзэхэд түүний нэхэмжилсэн 1.964.150 төгрөгийн дүн зөрүүтэй, 28 ширхэг бензины баримт нь хэнд олгосон болох нь тодорхойгүй, хавтаст хэргийн 17-18 дугаар талд авагдсан зарим баримтууд дахь бичвэрүүд нь баларч харагдахгүй болсон зэргээр нотлох баримтын шаардлага хангаагүй, тэдгээрийг шүүх үнэлэн тооцох боломжгүй болсон байна.

Харин хавтаст хэргийн 14, 30 дугаар талд авагдсан 28.900 төгрөгийн, 300.000 төгрөгийн эмийн баримтуудад шүүгдэгч Ц.Шгийн нэр авагдсаныг харгалзан нотлох баримтад авч нийт 328.900 төгрөгийг шүүгдэгч Б.Эаас хэсэгчлэн гаргуулж шүүгдэгч Ц.Шд олгон, 1.636.150 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Ц.Ш нь 1.636.150 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.

Иймд Ц.Шгийн хохиролд зарцуулсан гэх 1.964.150 төгрөгийг шүүгдэгч Б.Эаас гаргуулж, шүүгдэгч Ц.Шд олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахыг хүссэн шүүгдэгч Б.Эын гомдол үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зохих заалтад өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

  зүйлийн 1.4-д заасныг удирдлага болгон  

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/323 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад

 “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч Б.Эаас 1.964.150 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Шд олгосугай” гэснийг

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Эаас 328.000 төгрөгийг гаргуулж шүүгдэгч Ц.Шд олгож, нэхэмжлэлийн шаардлагын 1.636.150 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, Ц.Ш нь өөрт учирсан хохирлын нотлох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА

ШҮҮГЧ Г.УЛАМБАЯР

Б.БОЛОР-ЭРДЭНЭ