Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2017/0419

 

2017 оны 05 сарын 31 өдөр           Дугаар 128/ШШ2017/0419         Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Адьяасүрэн, шүүгч Д.Халиуна, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н, иргэдийн төлөөлөгч Г.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулан “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох “"Б" ХХК-ийн МV-000150 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 2009 онд батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хасагдсан талбайг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, мөн Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан 289 дүгээр тогтоолын дагуу усны сан бүхий газраас эргийн онцгой хамгаалалтын бүсийг 50 метрээр, энгийн хамгаалалтын бүсийг 200 метрээр тогтоосны дагуу өмнөх 2011 оны 174 дүгээр тогтоолоор хасагдсан бүсэд хамаарахгүй тохиолдолд буцаан олгох шийдвэр гаргуулахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: “Б ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтэс..

ТОДОРХОЙЛОХ нь:

Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: ““Б ХХК нь анх М ХХК-ийн эзэмшиж байсан Д******* аймгийн ******* сумын “Х*******гийн” алтны шороон ордны 91 гектар талбай бүхий, ашигт малтмалын МV-000******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2009 оны 227 дугаар шийдвэрийн дагуу шилжүүлэн авснаас хойш эзэмшиж үйл ажиллагаагаа явуулж байна. 2009 онд батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай Монгол Улсын хууль болон Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 194 дүгээр тогтоолуудаар голын хамгаалалтын бүсийг тогтоож, *******А дугаартай гэрчилгээгээр олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлийн 91,44 гектар талбайг 28,4 гектар болгон, 63,04 гектар талбай хориглосон бүсэд давхцаж хасагдсан.

Манай байгууллагын ашиглалтын тусгай зөвшөөрлийн тус хуулийн үйлчлэлд хамрагдаж ашиглалтын талбайгаасаа хасуулсан нөхцөл байдалд хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлж, Засгийн газрын 2009 онд батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулж, түүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 120 дугаар тогтоолоор баталсан "Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам"-ын 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу өргөдлөө гаргах эсэх талаар бидэнд өргөдлийн загварыг Ашигт малтмалын газраас ирүүлж, манай байгууллага ч өргөдлийг гарган үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлтийг хүргүүлэн тус журмын 2 дугаар зүйлийн 2.8-д заасны дагуу нөхцөлийг хангуулах зэргээр “Б ХХК нь Засгийн газрын 174 тогтоолд заасан үндэслэлээр буцаан өгсөн ашиглалтын талбайдаа үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлттэй байгаагаа илэрхийлсээр ирсэн. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д “Ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах”, тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох” зэрэг эрх Ашигт малтмалын газарт олгогдсон тул “Б ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг хасах үндэслэл болсон Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоол хүчингүй болсон байх тул Засгийн газрын 2015 оны 120, 289 дүгээр тогтоолын дагуу талбайн хэмжээгээ нэмэгдүүлэх хүсэлтээ гаргасан.

 Энэхүү хүсэлтийн хариу Ашигт малтмалын газрын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн албан бичгийг 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр авсан. Тус албан бичигт “Танай 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 01/08 дугаар албан бичигт Засгийн газрын 174 дүгээр тогтоолд хамрагдаж, хэсэгчлэн цуцалсан талбайг буцаан авах тухай хүсэлт ирүүлснийг судлан үзлээ. Танай байгууллага Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 3.4.2-т заасан хугацаанд нөхөн олговор авах хүсэлтээ гаргаагүй байна. Иймд Д******* аймгийн ******* сумын нутагт орших “Х*******гийн” алтны шороон ордын MV-000******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийн усны сан бүхий газрын хилийн заагтай давхцалтай хэсгийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалт, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам”-ын 5.2 дахь заалтыг үндэслэн Кадастрын даргын 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 582 дугаартай шийдвэрээр тусгай зөвшөөрлийн талбайд солбицолд өөрчлөлт оруулсан байна” гэсэн хариуг өгсөн. Өөрөөр хэлбэл бидний хүсэлтийн агуулгыг зөв тодорхойлж “Танай 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 01/08 дугаартай албан бичигт Засгийн газрын 174 дүгээр тогтоолд хамрагдаж, хэсэгчлэн цуцалсан талбайг буцаан авах тухай хүсэлт...” гэсэн атлаа дээрх асуудлаар шийдвэр гаргаагүй. Холбогдох хүмүүстэй уулзаж тодруулахад бидэнд өөрчлөлт оруулах эрх байхгүй, шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн тайлбарыг өгдөг.

 “Б ХХК нь нөхөн төлбөр гаргуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэсэгчлэн цуцалсан талбайг буцаан авахаар хандсан. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлд Төрийн захиргааны байгууллагын чиг үүргийг зааж өгсөн бөгөөд тус хуулийн 11.1.19-д “түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох”-оор заажээ.

Иймд эрх хэмжээ олгогдоогүй гэх тайлбар нь илт үндэслэлгүй юм. Ашигт малтмалын газар нь “Б ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын талбайгаас хэсэгчлэн төрд буцаан авсан шийдвэрээ Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 гэж үздэг бөгөөд ... Ашигт малтмалын тухай хуулийн үзэл баримтлал, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 14 дүгээр зүйлийн 14.8-д зааснаас үзэхэд тухайн талбай нөөцөөс болон тусгай хэрэгцээнээс чөлөөлөгдсөн тохиолдолд өмнө эзэмшиж байсан этгээдэд үргэлжлүүлэн эзэмшүүлэх давуу эрхтэй байхаар хуульчилсан. Иймд дээрх тохиолдолд ч мөн адил хасагдсан талбайгаас шинээр тогтоосон солбицолд хамаарахгүй хэсгийг үргэлжлүүлэн эзэмших давуу эрх “Б ХХК-д байна гэж үзэж байна.

Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмалын тухай хуулиар олгогдсон бүрэн эрх, хууль болон Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах чиг үүргийн хүрээнд “Б ХХК-ийн эзэмшилд байсан Засгийн газрын 2011 оны 174 тогтоолоор хасагдсан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн *******А дугаартай талбайгаас Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор тогтоосон хилийн заагт хамаарахгүй үлдэж буй талбайг буцаан олгох шийдвэрийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргаар гаргуулахаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.4 дэх заалтыг удирдлага болгон хариуцагчид даалгуулж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Засгийн газар хилийн заагийг тогтоохоор заасны дагуу Засгийн газрын 174 дүгээр тогтоол 2011 онд гарсан. Харин Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр өөрчлөлт орж, тус өөрчлөлтийн дагуу Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 189 дүгээр тогтоол гарч, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу хилийн заагийн солбицолд өөрчлөлт орсон. Үүний дагуу ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд өмнө нь ашиглаж байсан талбайг нөхөн сэргээж, ашиглалт явуулах зорилгоор захиргааны байгууллагуудад хандаж, асуудлыг шүүхээр шийдвэрлэж байгаа талаар "Б*******" ХХК мэдээлэл авсны үндсэн дээр 2016 оны 05 дугаар сард Ашигт малтмалын газарт хандаж нөхөн сэргээлт явуулах болон ашиглалтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгож өгнө үү гэж хүсэлт гаргасан. Ашигт малтмалын газраас “Засгийн газрын 289 дүгээр тогтоолоор өөрчлөлт орж хилийн заагт хамаарахгүй болсон зүйл байна. Гэхдээ тус тогтоолоор буцааж олгох асуудлыг шийдвэрлээгүй” гэсэн хариу өгсөн.

Хуулиар Ашигт малтмалын газар нь Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага учраас Засгийн газрын 289 дүгээр тогтоол болон Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэгжүүлэх байгууллага юм. Гэтэл хэрэгжүүлэх үүргээсээ зайлсхийсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т “Ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах” гэж заасны дагуу Ашигт малтмалын газар нь Засгийн газрын 289 дүгээр тогтоолоор хилийн солбицолд өөрчлөлт орсон байгууллагуудад энгийн хамгаалалтын бүсэд орсон талбайд нөхөн сэргээлт явуулах, ашиглалт явуулах үйл ажиллагааг зохион байгуулах ёстой. "Б" ХХК-ийн 91 гектар талбайгаас 60 гектар талбай хасагдсан бөгөөд 29 гектар талбай дээр үйл ажиллагаа явуулж байна. 60 гектар талбайгаас 44 гектар талбай нь энгийн хамгаалалтын бүсэд орсон.

Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөцийг бүрэн ашиглах үүрэг хүлээх бөгөөд зөвхөн ашиг олох зорилгоор түүнийг сорчлон ашиглахыг хориглоно” гэж заасан. Х*******гийн ордны уурхай нь ЗХУ-ын үед ашиглагдаж байсан уурхай бөгөөд 2009 онд шороон орд байхад нь "Б" ХХК ашиглах эрхийг шилжүүлж авсан. Тухайн үед энгийн хамгаалалтын бүсэд байгаа талбай нь маш их эвдэгдсэн, нөөцийг нь сорчилж ашигласан байсан. Засгийн газрын 289 дүгээр тогтоолоор шороон ордыг шилжүүлж авсан талбай нь өмнөх эвдэгдсэн талбайд нөхөн сэргээлт хийхийн дээр үлдсэн нөөцөөр тогтоогдсон ашигт малтмалыг ашиглах үүрэг хуулиар хүлээж байгаа бөгөөд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн энгийн хамгаалалтын бүсэд орших эвдэгдсэн талбайд үйл ажиллагаа явуулж байсан аж ахуй нэгж олборлолт явуулан, тухайн санхүүжилтийг нөхөн сэргээлт хийлгэхээр зохицуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2009 онд батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд тухайн эвдэгдсэн талбайг нөхөн сэргээх асуудал зохицуулалтгүй орхисон учраас дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, өмнө нь үйл ажиллагаа явуулж байсан аж ахуй нэгжийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж тус асуудлыг нарийвчилж зохицуулж өгсөн юм.

Бидний зүгээс хуулийн дагуу Ашигт малтмалын газарт өргөдлийг хугацаандаа гаргасан боловч нийтэд нь шийдвэрлэнэ гэж явсаар өнөөдрийг хүрсэн. Ашигт малтмалын тухай хууль болон Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасан тусгай чиг үүрэгт нь бүрэн хамаарч байгаа асуудал юм.

Иймд манай компанийн хөндөгдсөн хууль ёсны эрх ашгийг сэргээж, нөгөөтэйгүүр нөхөн сэргээлт хийх боломжоор хангаж, Ашигт малтмалын газраас журмын хуулийн хэрэгжилтийг хангуулж, эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж, даалгаж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм.” гэв.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.О нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... “Б ХХК-ийн МV-000******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хасагдсан талбайг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль мөн Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолын дагуу усны сан бүхий газрын эргээс онцгой бүсийг 50 метрээр, энгийн хамгаалалттай бүсийг 200 метрээр тогтоосны дагуу өмнөх 2011 оны 174 дүгээр тогтоолоор хасагдсан талбайг буцаан олгох шийдвэр гаргуулахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. АМГТХЭГ-ын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2009 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 227 дугаар шийдвэрээр “М*******” ХХК-ийн эзэмшлийн Д******* аймгийн ******* сумын нутагт орших “Х*******гийн гол” нэртэй 91 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МV-000******* тоот тусгай зөвшөөрлийг "Б*******" ХХК-д шилжүүлснийг бүртгэж, 2009 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 7-1496 тоотоор шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлсэн байна. 2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно.” гэж заасны дагуу Монгол улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хилийн заагийг хэсэгчлэн тогтоож батлан гаргасан бөгөөд уг тогтоолд дурдагдсан 7211 солбицлыг Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн санд бүртгэсэн. Дээрх солбицлуудыг бүртгэсний дараа шүүж үзэхэд МV-000******* тоот дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь хуулиар хориглосон талбайтай давхцалтай байсан. Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журмын дагуу нэхэмжлэгч компанид 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн албан бичгээр нөхөн олговор авах хүсэлтээ 2012 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Мөн өдөр тутмын сонин болох Зууны мэдээ сонины 2011 оны 10 дугаар сарын 10/11-ний өдрийн 239/240 дугааруудад, Үндэсний шуудан, Үнэн сонинуудад тус тус нийтэлсэн ба Ашигт малтмалын газрын www.mram.gov.mn цахим хуудсанд байрлуулж мэдээлсэн болно. Гэтэл “Б ХХК нь нөхөн олговрын журмын 3 дугаар зүйлийн 3.4.2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөн олговор авах тухай хүсэлт гаргаагүй” гэсэн заалтын дагуу 2012 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө МV-000******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл дээрээ нөхөн олговор авах тухай хүсэлтээ гаргаагүй байна. “Б ХХК-ийн эзэмшлийн MV-000******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь хуулиар хориглосон хязгаарласан талбайтай давхцалтай байсан мөн нөхөн олговор авах талаар хууль, журамд заасан хугацаанд албан хүсэлтээ ирүүлээгүй, Ашигт малтмалын газарт ирүүлсэн Сангийн яамны 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 3-2/1458 тоот албан бичигт хүсэлтээ хугацаандаа гаргаагүй аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор олгох үндэслэлгүй болохыг дурдсан байна. Харин АМГ-ын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 579 дүгээр шийдвэрээр тус компанийн МV-000******* дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор батлагдсан ашигт малтмал ашиглахыг хориглосон талбайтай хэсэгчлэн давхцалтай хэсгийг цуцалж, үлдэх талбайн солбицолд өөрчлөлт оруулсан болохыг 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 6-5331 тоотоор Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлсэн байна.

 Иймд дээрх шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-000******* тоот тусгай зөвшөөрлийн талбайн солбицолд өөрчлөлт оруулж дээрх урт нэртэй хуулийн хилийн заагтай давхцалгүй болгосон байна. Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан “Гол мөрний урсац бүрэлдэх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг 2015 онд шинэчлэн найруулсны дагуу 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Засгийн газрын 2011 оны 174, 2012 оны 1947 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж, Гол мөрний урсац бүрэлдэх, эхийн хилийн заагийн солбицолд өөрчлөлт оруулсан байна. Дээрх тогтоолоор Гол мөрний урсац бүрэлдэх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг 2015 онд шинэчлэн найруулсан боловч Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор давхцалтай гэж хассан тусгай зөвшөөрлийн талбайг буцаан олгох асуудлыг шийдээгүй бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолын хавсралтаар урт нэртэй хуулийн хилийн заагийн солбицлыг шинэчлэн тогтоосноор өмнө нь уг тусгай зөвшөөрлийн хэсэгчлэн давхцалтай байсан талбайн зарим хэсэг нь уг хилийн заагт хамаарахгүй болсон байна. Ашигт малтмалын тухай хууль, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрыг хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалыг хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Засгийн газрын энэ тогтоолоор дээрх шалтгаанаар нэгэнт солбицолд өөрчлөлт орсон талбайг буцаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох зохицуулалт байхгүй байна.

Иймд тус компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль гарах болсон шалтгаан нь тусгай зөвшөөрлийн давхцалтай талбайнуудаас төлбөр төлөөд явж байсан аж ахуй нэгжүүд цөөнгүй байдаг ба тэдгээр аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах уу эсхүл цуцалсан ч гэсэн нөхөн сэргээлт хийгээд явж байсан талбайг яаж шийдвэрлэх талаар ярьж байгаад Улсын Их Хурлын гишүүн Д.А ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаад тус дагаж мөрдөх журмын тухай хууль гарсан бөгөөд, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулахаар зохицуулсан. Түүнээс тусгай зөвшөөрөл эзэмшигч буцааж өгсөн талбай дээр гэрээ байгуулна гэсэн зохицуулалт хуульд байхгүй. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал олборлоод, дараа жилээс нь нөхөн сэргээлт хийх үүрэгтэй юм. Түүнээс талбайгаа буцааж өгчихөөд, хэдэн жил болсны дараа нөхөн сэргээлт хийж болохгүй. Энэ үүрэг нь талбайг буцааж өгснөөр байхгүй болдог үүрэг биш юм. Засгийн газрын 289 дүгээр тогтоолоор солбицолд өөрчлөлт оруулаад, бүртгэлээ хийгээд, хуулийн дагуу ажиллаж байгаа. Түүнээс тусгай хэрэгцээнээс гарсан талбайнуудыг буцааж өгөхийг заагаагүй бөгөөд ингэх эрх Засгийн газарт байхгүй.

Аж ахуй нэгжээс буцааж өгч байгаа талбайг төрийн захиргааны байгууллага хүлээн аваад шийдвэр гаргахыг талбай буцаан өгөх гэж ойлгоно. Ашигт малтмалын тухай хуулийн 54, 55 дугаар зүйлд энэ тухай зааж өгсөн байдаг. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийг талбайгаа буцааж өгөх тухай зохицуулалтыг тайлбарлаад байгаа болохоос буцаагаад өгсөн талбайг төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл олгож, буцааж өгөх ойлголт биш юм. Тиймээс 2 өөр ойлголтыг өөрөөр тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын нөөцийг бүрэн ашиглах үүрэг хүлээх бөгөөд зөвхөн ашиг олох зорилгоор түүнийг сорчлон ашиглахыг хориглоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч талын тусгай зөвшөөрлийн талбайн гадна байгаа талбай нь нэхэмжлэгч талд хамааралгүй бөгөөд сорчлох тухай ойлголт байхгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалтад нөхөн төлбөрийг бүрэн олгосны дараа тусгай зөвшөөрлийг цуцлах үүрэг нь төрийн захиргааны байгууллагад байгаа болохоос нөхөн төлбөрийг нь олгохгүйгээр цуцлах эрх төрийн захиргааны байгууллагад байхгүй. Засгийн газар 2011 оноос хойш буюу хилийн заагийг тогтоосноос хойш нөхөн төлбөр олгоогүй байсан учраас тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын тусгай зөвшөөрлийн давхцалтай хэсэг нь хүчин төгөлдөр байсан. Тийм учраас энэ асуудлыг зохицуулахын тулд Засгийн газраас Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд заасны дагуу хилийн заагийг тогтоогоод, нөхөн төлбөр олгох журмыг баталсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд “Газар, газрын хэвлий төрийн өмч мөн.”, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлд “Төр өмчлөгчийнхөө хувьд газрын хэвлийн баялгийг хуулийн этгээдэд итгэмжлэл олгон олборлуулах, эрэх, хайх үйл ажиллагаа явуулах эрхийг олгох эрхтэй” гэж зохицуулсан. Үүний дагуу Засгийн газрын 289 дүгээр тогтоолоор Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн дагуу хилийн заагийг тогтоосон. Одоо ямар ч давхцалгүй тэр талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн  20.1-д “Энэ хуулийн 53.1.1, 56.1.3-56.1.5-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон, цуцлагдсан бол төрийн захиргааны байгууллага доор дурдсан журмын дагуу сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрлийг шинээр олгоно” гэж заасны дагуу сонгон шалгаруулалтын талбай болно. Ямар ч эзэнгүй талбай биш, төрийн өмч тул хуулийн дагуу шийднэ.

2012 онд батлагдсан Усны тухай хуульд 50 метр гэж байдаг бөгөөд тэр нь онцгой хамгаалалтын бүс бөгөөд тэнд аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглосон. 200 метр нь энгийн хамгаалалтын бүс бөгөөд тус бүсэд ямар үйл ажиллагаа явуулах тухай заасан байдаг. Түүнээс хуулийг дагаж гарсан Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны журмаар хуулийг дагаж мөрддөггүй юм. Мөн 200 метрт ч тэр тусгай зөвшөөрөл олгохгүй гэдэг бодлогыг төр баримталж байгаа.

Төр тусгай зөвшөөрлийг цуцалж чадахгүй, нөхөн төлбөрийг өгч чадахгүй  байсан учраас дагаж мөрдөх журмын тухай хуулийг гаргасан юм. Тэгэхээр ямар ч үндэслэлгүйгээр нөхөн төлбөрөө 0 төгрөгөөр тооцуулж цуцлуулчихаад, түүнийгээ хүлээн зөвшөөрсөн тусгай зөвшөөрөл эзэмшигчид давуу эрх байхгүй бөгөөд дээр нь цуцлагдсан талбай нь Ашигт малтмалын тухай хуулиар сонгон шалгаруулалтын талбай учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          “Б ХХК Д******* аймгийн ******* сумын “Х*******гийн” алтны шороон ордны 91 гектар талбай бүхий ашигт малтмалын MV-000******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 2009 онд батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хасагдсан талбайг 2015 оны 02 дугаар сарын 18-ний өдөр батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, мөн Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолын дагуу усны сан бүхий газрын эргээс онцгой бүсийг 50 метрээр, энгийн хамгаалалтын бүсийг 200 метрээр тогтоосны дагуу өмнөх 2011 оны 174 дүгээр тогтоолоор хасагдсан талбайг буцаан олгох шийдвэр гаргуулахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрийн хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          “М” ХХК-ийн эзэмшлийн Д******* аймгийн *******  сумын нутагт орших Х*******гийн гол нэртэй 91 гектар талбайд ашигт малтмал ашиглалтын MV-000******* дугаар тусгай зөвшөөрлийг М ХХК-иас шилжүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрийн газрын даргын 2009 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 227 дугаар шийдвэрээр “Б ХХК-д шилжүүлэн олгосны дагуу тус компани дээрх тусгай зөвшөөрлийг эзэмших эрхтэй болсон байна.

          Монгол Улсын Их хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар Монгол улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон ба энэ хуулийн 4.3-д зааснаар энэхүү газрын хилийн заагыг Засгийн газар тогтоохоор хуульчилжээ.

          Үүний дагуу Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай” 174 дүгээр тогтоолоор алтны шороон ордын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэсэгт “Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хэсэгчлэн тогтоосон хилийн зааг”-ийг тодорхойлсон ба “Б ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-000******* дугаар тусгай зөвшөөрлөөр олгогдсон 91 гектар талбайн 62.46 гектар нь уг тогтоолоор батлагдсан ашигт малтмал ашиглахыг хориглосон газарт хамаарсан, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

          Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор тогтоосон солбицолд хамрагдсан нийт 233 тусгай зөвшөөрөл бүхий талбайг чөлөөлөх буюу тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар Ашигт малтмалын газраас Зууны мэдээ сонины 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн №240 дугаарт зарлан нийтэд  мэдээлсэн  ба  “Б”  ХХК-д  2012  оны  04 дүгээр сарын  12-ны  өдрийн 6-2228 тоот албан бичгээр “тусгай зөвшөөрөлийн солбицолд өөрчлөлт оруулах болсон” тухай мэдэгдлийг хүргүүлжээ.

          “Б ХХК Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Засгийн газрын 174 дүгээр тогтоолоор тогтоосон солбицол бүхий талбайтай хэсэгчлэн давхцсан 62.46 гектар талбайг нөхөн олговортойгоор эгүүлэн өгөх хүсэлтээ илэрхийлснээр Ашигт малтмалын газрын (хуучин нэрээр) Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 582 дугаар шийдвэрээр “Б ХХК-ийн MV-000******* дугаар тусгай зөвшөөрөл бүхий 91 гектар талбайгаас гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцсан /62.46 гектар/ хэсгийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Монгол улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолын хавсралт "Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөн олговор олгох журам"-ын 5.3 дахь хэсэг, Ашигт малтмалын газрын даргын 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 495 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Нөхөн олговор тооцох дотоод заавар"-ын 6.3 дахь заалт, Сангийн яамны 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3-2/1457 тоот нөхөн олговор олгосон тухай албан бичиг, Ашигт малтмалын газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ХХ-14 дугаартай тэмдэглэл зэргийг тус тус үндэслэн цуцалж солбицолд өөрчлөлт оруулснаар тус компани 28.4 гектар талбайд ашигт малтмал ашиглах болсон байна.

          Нэхэмжлэгч Кадастрийн хэлтсийн даргын 582 дугаар шийдвэрт маргаагүй бөгөөд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуульд өөрчлөлт орж нөхцөл байдал өөрчлөгдсөн учир хэсэгчилсэн давхцалтай  62.46 гектар талбайгаас энгийн хамгаалалтын бүсэд хамаарсан 44 гектар талбайг буцаан ашиглах эрхтэй гэж маргажээ.

          Гэвч “Б ХХК тусгай зөвшөөрлөөр ашиглаж байсан талбайн давхцалтай хэсэг дээр нөхөн төлбөр авах хүсэлтээ “0”-(тэг) төгрөг байхаар тооцуулж гаргасныг хариуцагч захиргааны байгууллага нөхөн олговор олгосонтой адилтган үзэж маргаан бүхий талбайн давхцалтай хэсгийн зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэснээр нэхэмжлэгч холбогдох хууль, тогтоол, журмын хүрээнд тухайн талбайг буцаан олгохыг шаардах эрхгүй этгээд байна.

          Өөрөөр хэлбэл хариуцагч 582 дугаар шийдвэрийг гаргахдаа “Б ХХК-ийн тухайн талбайг нөхөн сэргээх зардал нь талбайн давхцалтай хэсэг дээр нөхөн төлбөр авах зардлаас илүү гарч байсан учир нөхөн төлбөрийг “0”-(тэг) төгрөг байхаар тооцуулсан, түүнчлэн Монгол улсын Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам”-ын 5.3-д “...энэ журмын 5.2-т заасан баримтыг үндэслэн.....тусгай зөвшөөрлийг цуцлана.” гэснийг үндэслэжээ.

          Нэгэнт нөхөн төлбөр авахаар тооцуулсан хүсэлтийг үндэслэж Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар MV-000******* тоот тусгай зөвшөөрлийн талбай нь Засгийн газрын 174 дүгээр тогтоолоор батлагдсан хориглосон талбайтай хэсэгчилсэн давхцалтай гэж цуцалсан байхад энэ хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар хүсэлт гаргасан талбайг буцаан авах давуу эрхтэй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж дүгнэв.

          Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Энэ хуулийн ..56.1.3-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл нь ...цуцлагдсан бол төрийн захиргааны байгууллага...сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрлийг шинээр олгоно.” гэж хуульчилснаас үзэхэд нэхэмжлэгч “Б ХХК 582 дугаар шийдвэрээр цуцлагдсан 62.46 гектар хэсэгчилсэн талбайн эзэмшигч биш байна.

           Нөгөө талаар нэхэмжлэгч “Б ХХК хэсэгчилсэн давхцалтай гэж цуцлагдсан 62.46 гектар талбайд тусгай зөвшөөрлийн төлбөр төлж байгаагүй байна.

          Түүнчлэн  Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй.”, 10 дугаар зүйлийн 10.1.3-д “ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;”, 11 дүгээр зүйлийн 11.1.13-11.1.23 –д заасан чиг үүргийг хэрэгжүүлэх бүрэн эрхийн хүрээнд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрийн хэлтсийн  “Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж тайлбар хууль зөрчөөгүй байна.

          Харин маргаан бүхий талбайд хууль, журмын хүрээнд сонгон шалгаруулалт зарласан тохиолдолд нэхэмжлэгч компани оролцох эрх нээлттэй байна.

          Ийнхүү дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар цуцлагдсан талбайг буцаан олгох шийдвэр гаргахыг хаариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч “Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 10 дугаар зүйлийн 10.1.3, 11 дүгээр зүйлийн 11.1.13-11.1.23, 56 дугаар зүйлийн 56.1.3, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасныг баримтлан “Д******* аймгийн ******* сумын “Х*******гийн” алтны шороон ордны 91 гектар талбай бүхий ашигт малтмалын MV-000******* дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас 2009 онд батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хасагдсан талбайг 2015 оны 02 дугаар сарын 18-ний өдөр батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, мөн Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолын дагуу усны сан бүхий газрын эргээс онцгой бүсийг 50 метрээр, энгийн хамгаалалтын бүсийг 200 метрээр тогтоосны дагуу өмнөх 2011 оны 174 дүгээр тогтоолоор хасагдсан талбайг буцаан олгох шийдвэр гаргуулахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрийн хэлтэст даалгах” “Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              А.НАСАНДЭЛГЭР

                                    ШҮҮГЧИД                                         Б.АДЪЯАСҮРЭН

                                                                                                 Д.ХАЛИУНА