Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2026/0194

 

Б.Х-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Цэцэгмаа

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/154 дүгээр “Б.Х-ийг ахлах референтээр томилсон” тушаалыг хүчингүй болгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд томилохыг даалгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 41 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Х, өмгөөлөгч М.П

Хариуцагч Б.Э, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Б.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Цогтсайхан

Хэргийн индекс: 128/2025/0337/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.Х-ээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргад холбогдуулан “Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/154 дүгээр “Б.Х-ийг ахлах референтээр томилсон” тушаалыг хүчингүй болгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд томилохыг даалгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 41 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.5, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.3, 62 дугаар зүйлийн 62.1, 62 дугаар зүйлийн 62.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг баримтлан Б.Х-ийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/154 дүгээр тушаалын нэхэмжлэгч Б.Х-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангаж шийдвэр гаргах үүргийг хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргад хүлээлгэж, нэхэмжлэлийн шаардлагаас “Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд томилохыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

“...Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан шалгаруулж авах” нэмэгдэл баталгаагаар төрийн жинхэнэ албан хаагч хангагдахаар хуульчилсан билээ.

Энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д “Энэ хуулийн 23.2-т заасан ажилласан жилийг тогтоосон тусгай шаардлагын 50 хувийг хангасан төрийн албан хаагчийг үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, ёс зүй, мэдлэг, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварыг харгалзан хугацаанаас өмнө шатлан дэвшүүлж болно” гэж заасан зохицуулалт бүхэлдээ хэрэглэгдэхгүй. Ажилласан жилийн энэхүү шаардлагыг хангасан төрийн жинхэнэ албан хаагч Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан нөхцөл хангагдсан тохиолдолд шууд томилогдох ёстой гэж үзэж байна.

            Төрийн албаны тухай хуулийн 26.3-т заасан чадахуйн бусад шаардлагыг мөн хуулийн 62.1.3 дахь заалтад хэрэглэгдэх нөхцөлийг нь тусгайлан заасан тохиолдолд “албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдсан” энэхүү маргаан хамаарахгүй гэж үзэж байна.

            Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 41 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд томилохыг даалгаж өгнө үү” гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

“...4.1. 2024 оны эхний хагас жилд шүүх эрх мэдлийн салбарын бодлогын баримт бичиг болон хууль эрх зүйн орчны хүрээнд томоохон нэмэлт, өөрчлөлтүүд орсонтой холбоотойгоор Монгол Улсын Шүүхийн тухай хуульд шүүхийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, шүүхийн цахимжуулалт, шүүхийн захиргааны үйл ажиллагаанд зарчмын томоохон өөрчлөлтүүд орж шүүхийн захиргааны төв байгууллагын хуульд заасан үүрэг нэмэгдсэн.

Үүний дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, шүүхийн Тамгын газрын бүтэц, орон тоо, зохион байгуулалтад өөрчлөлт оруулж, ажил үүргийн хуваарийг нарийвчлах шаардлага үүссэн.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-д “Ерөнхий зөвлөл батлагдсан төсвийн хүрээнд ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог тогтоох” гэсэн бүрэн эрхийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 207 дугаар тогтоолоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны бүтэц, зохион байгуулалтыг өөрчилсөн.

Ингэхдээ Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны бүтэц, зохион байгуулалтыг шинэчилсэн хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны нэгжийн удирдлагууд бүгд оролцож, тэдгээрийн саналын дагуу бүтэц, зохион байгуулалтыг шинэчилсэн болно.

Энэ өдрийн хуралдаанд нэхэмжлэгч Б.Х өөрийн биеэр оролцож, албыг газар болгохыг дэмжсэн.

4.2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны шинэчлэгдсэн бүтцээр газар болсон 3 нэгж, 1 албаны даргын буюу нийт 4 албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагчийг хэрхэн томилох талаар Төрийн албаны зөвлөлөөс зөвлөмж авахаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 03/1852 дугаар албан бичгийг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн бөгөөд тус зөвлөлөөс хариу 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 01/2481 дүгээр албан бичгээр ирж, зөвлөмж авсан.

Зөвлөмжид “Төрийн захиргааны албан тушаалын тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалын тусгай шаардлага, чиг үүрэг нь ялгаатай байхаар хууль, тогтоолд заагдсан байх тул Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах” журмыг баримтлан ажиллахыг үүгээр зөвлөж байна” гэж тусгасан байсан.

Үүний дагуу Шүүгчийн хараат бус, шүүхийн аюулгүй байдлыг хангах газрын ахлах референт болон Шүүгчийн барилга ашиглалтын албаны ахлах мэргэжилтэн нар нь дээрх зөвлөмжийн дагуу 2024 оны 03 дугаар сарын 12-13-ны өдөр ангилал хооронд шалгалт өгч хуулийн дагуу газрын даргаар, албаны даргаар тус тус томилогдоод байна.

4.3. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтад “тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх...” шаардлага тавигдсан.

Нэхэмжлэгч Б.Х нь Эрхэлсэн түшмэлийн албан тушаалд томилогдоод нийт 2 жил 6 сар ажилласан буюу хуульд заасан шаардлага хангахааргүй байна.

Хэрэв нэхэмжлэгч Б.Х-ийг газрын даргын албан тушаалд томилбол хууль зөрчсөн томилгоо болох байсан. Энэ хуулийн шаардлага хангаагүй томилгоо хийвэл “Тэргүүн түшмэл”-ийн зэрэг дэв олгох болон бусад төрийн захиргааны байгууллагад шилжин ажиллах боломжгүй юм.

4.4. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д ““албан тушаалын тодорхойлолт” гэж тухайн албан тушаалын чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх албан хаагчид тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг баталгаажуулсан баримт бичгийг” гэж хуульчилсан.

Албан тушаалын тодорхойлолт нь чиг үүрэг хэсгээс гадна тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлагыг бүрдэнэ.

Ангилал, зэрэглэл нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 207 дугаар тогтоолоор Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар болон өөрчлөн зохион байгуулагдаж, тус газрын даргын албан тушаал “Эрхэлсэн” түшмэлийн ангиллаас төрийн албаны “Тэргүүн” түшмэлийн ангилалд хамаарахаар болсон.

Тэргүүн түшмэлийн албан тушаал нь төрийн захиргааны албаны тушаалын 1 дүгээрт эрэмбэлэгддэг бөгөөд яамны Төрийн нарийн бичгийн дарга, түүнтэй адилтгах бусад албан тушаал хамаарч байна.

Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “Энэ хуулийн 62.1.2, 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” гэж заасны дагуу нэгэнт албаны даргын албан тушаалын орон тоо байхгүй, газрын даргын албан тушаалын шаардлагыг Б.Х хангахгүй болсон түүнийг “Эрхэлсэн түшмэл”-ын ангилал дотор нь буюу тус газрын “Ахлах референт-Эрхэлсэн түшмэл”-ийн албан тушаалын ангилал дотор нь томилсон.

Мөн түүнийг тус газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон бөгөөд Ахлах референтийн албан тушаалын цалин дээр нэмж тус газрын даргын албан тушаалын цалингийн зөрүүг нэмэгдүүлэн авч байгаа болно.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт зааснаар төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд заавал тусгай шалгалт авахаар хуульчилсан байдаг.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолын дагуу ажлын албаны даргын газрын даргын шаардлага хангаагүй ч түүнийг Эрхэлсэн түшмэлийн ангилал дотор нь Ахлах референтийн албан тушаалд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр үргэлжлүүлэн ажиллах төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангаж томилсон.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “нэхэмжлэгч Б.Х нь Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитынх газрын даргын албан тушаалын тусгай шаардлагыг хангахгүй тул түүнийг газрын даргын албан тушаалд томилохыг даалгахгүй” гэж үндэслэлтэй зөв дүгнэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:      

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нэхэмжлэгч Б.Х-ийн хувьд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2022 оны Б/105 дугаар тушаалаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны даргын албан тушаалд, Эрхэлсэн түшмэл, АА-4 ангилал, зэрэглэлтэйгээр томилогдон ажиллаж байсан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны Б/154 дүгээр тушаалаар Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1, 84.1.2, 84.1.3, 84.4, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 18 дугаар тогтоол, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 207, 208 дугаар тогтоол, Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны А/85 дугаар тушаал, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 01/2481 дугаартай албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоосонтой холбогдуулан нэр бүхий 4 албан хаагчийг албан тушаалд томилсны дотор нэхэмжлэгч Б.Х багтсан байх ба түүнийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах референт Эрхэлсэн түшмэл, АА-5 ангилал, зэрэглэл бүхий албан тушаалд томилжээ.

2.2. Улмаар нэхэмжлэгчээс “Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/154 дүгээр “Б.Х-ийг ахлах референтээр томилсон” тушаалыг хүчингүй болгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд томилохыг даалгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 207 дугаар тогтоолоор Ажлын албаны бүтэц, орон тоог баталж, Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Ажлын албаны төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаалын жагсаалтыг батлах тухай” А/85 дугаар тушаалаар миний даргаар ажиллаж байсан Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албан нь газар болсон ба урьд гүйцэтгэж байсан чиг үүрэг, ажлын байрны тодорхойлолт хэвээр байгаа, гэтэл ... намайг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах референт (эрхэлсэн түшмэл, АА-5)-ийн албан тушаалд ажиллаж байгаа гэж үзэн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгүүлэхээр томилсон нь төрийн жинхэнэ албан хаагч миний Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчиж, эрх зүйн байдлыг дордуулсан...” гэж тайлбарлан маргадаг бол,

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ “... Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 207 дугаар тогтоолоор Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын алба нь Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар болон өөрчлөн байгуулагдаж, тус газрын даргын албан тушаал “Эрхэлсэн” түшмэлийн ангиллаас төрийн албаны “Тэргүүн” түшмэлийн ангилалд хамаарахаар болсон, ... Төрийн албаны зөвлөлийн зөвлөмжид “... Төрийн захиргааны албан тушаалын тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалын тусгай шаардлага, чиг үүрэг нь ялгаатай байхаар хууль, тогтоолд заагдсан байх тул Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвгүүлэх, сонгон шалгаруулах” журмыг баримтлан ажиллахыг үүгээр зөвлөмж байна” гэж тусгасан, мөн Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэгт зааснаар төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд /хэлтсийн дарга-эрхэлсэн түшмэл, газрын дарга-тэргүүн түшмэл/ шилжих тохиолдолд заавал тусгай авахаар хуульчилсан, ... Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтад “тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 6-аас доошгүй жил ажилласан байх...” шаардлага тавигдсан, ... нэхэмжлэгч Б.Х нь төрийн албанд 20 жил 3 сар ажилласан байх бөгөөд үүнээс Эрхэлсэн түшмэлийн албан тушаалд томилогдоод нийт 2 жил 6 сар ажилласан, хэрэв нэхэмжлэгч Б.Х-ийг газрын даргын албан тушаалд томилбол хууль зөрчсөн томилгоо болно...” гэж тус тус тайлбарлан маргасан байна.

2.3. Анхан шатны шүүхээс “...Шүүх байгуулах тухай хууль /шинэчилсэн найруулга/-иар ... шүүхийн захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх үндсэн чиг үүрэгт нөлөөлөхүйц бүтцийн өөрчлөлт хийгдэхээр зарчмын өөрчлөлт хуульд ороогүй байх ба референтийн орон тоог 2-оор нэмснээс өөрөөр Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын алба газар болсноор чиг үүргийн болоод бүтцийн, нэршлийн ч өөрчлөлт ороогүй байна. Түүнчлэн 2024 оны 6 дугаар сарын 24-нд зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан тушаалын тодорхойлолтын чиг үүрэг, ажлын байрны шинжилгээ хийсэн, үүгээр бусад нэгжүүдийн ажлын байранд ажлын ачаалал, чиг үүрэгт холбогдуулан шинжилгээ хийсэн ч маргаанд хамаарах нэгж болох Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын нэгжийн албан тушаалуудад хийгдээгүй, ... маргаанд хамаарах нэгжийн болоод түүний удирдлагын ажлын байранд аливаа чиг үүрэг нэмэгдээгүй байх тул нэхэмжлэгчийн эрхэлж байсан албаны даргын албан тушаалын ангилал “төрийн захиргааны эрхэлсэн түшмэл” АА-4 ангиллаас газрын даргын албан тушаалын “төрийн захиргааны тэргүүн түшмэл” АА-3 ангилал болж өөрчлөгдсөнд үндэслэл бүхий шалтгаан тогтоогдсонгүй, ... шүүхийн захиргааны төв байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хариуцсан нэгжийн болон, түүний удирдлагын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх объект, хүрээнд ямарваа өөрчлөлт ороогүй, шинээр чиг үүрэг нэмэгдээгүй байх тул газрын даргын албан тушаалын чиг үүрэг албаны даргын чиг үүргээс өөрчлөгдөөгүй, аливаа чиг үүрэг нэмэгдээгүй буюу албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдсан, ... нэхэмжлэгч Б.Х-ийн 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс хашсан Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны даргын албан тушаалын чиг үүрэг нь Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалын чиг үүрэгт хэвээр хадгалагдсан, ... зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын нэгжийн удирдлагын албан тушаалын орон тоо хасагдаагүй буюу Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан “орон тоо хасагдсан” нөхцөл үүсээгүй байна, ... Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх заалтаар нэхэмжлэгч Б.Х-ийн ахлах референтийн ажлын байранд томилсон нь албан тушаал, албан тушаалын ангилал, зэрэглэл бууруулж эрх зүйн байдлыг нь дордуулсны дээр Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 дахь гүйцэтгэж байсан чиг үүрэгт ажилдаа үргэлжлүүлэн ажиллах төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд эдлэх баталгааг зөрчсөн шийдвэр болсон...” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Б/154 дүгээр тушаалын нэхэмжлэгч Б.Х-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгааг хангаж шийдвэр гаргахыг хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалд томилохыг даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

2.4. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Тухайн байгууллагын чиг үүрэгт хууль тогтоомжоор өөрчлөлт орсноос бусад тохиолдолд энэ хуулийн 23.5-д заасан тусгай шаардлага болон болон албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж заасан байх бөгөөд хариуцагчаас ажлын албаны бүтэн, орон тоог шинэчлэн тогтоосон, “Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын алба” нь “Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар” болон өөрчлөгдсөн гэх зэргээр тайлбарлах боловч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан нэгжийн чиг үүрэг нь одоогийн “Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар”-ын чиг үүрэгтэй агуулга, хэлбэрийн хувьд адилхан, үүнээс гадна Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны даргын болон Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргын албан тушаалын тодорхойлолтыг харьцуулахад “хууль тогтоомж, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, арга хэмжээ, хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн ажлыг удирдан зохион байгуулах” үндсэн чиг үүрэг хэвээр хадгалагдсан, гол чиг үүргүүд өөрчлөгдөөгүй, гагцхүү албан тушаалын ангилал, зэрэг нь өөрчлөгдсөн байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд ажлын байр нь хэвээр хадгалагдах, төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдах учиртай бөгөөд энэ талаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 001/ХТ2024/004 дүгээр тогтоолд нэгэнт дүгнэсэн нь энэ хэрэгт мөн хамааралтай.

2.5. Өөрөөр хэлбэл эрхэлсэн түшмэлийн ангиллаас тэргүүн түшмэл ангилал руу шилжин ажиллах тохиолдолд төрийн албаны тусгай шалгалт зайлшгүй өгөх ёстой гэсэн үндэслэлээр Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны даргын албан тушаалд, Эрхэлсэн түшмэл, АА-4 ангилал, зэрэглэлтэйгээр томилогдон ажиллаж байсан нэхэмжлэгчийг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах референтийн албан тушаалд, Эрхэлсэн түшмэл АА-5 ангилал, зэрэглэлтэйгээр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 62.1.4-т нийцэхгүй бөгөөд төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

2.6. Харин хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үлдэх нэхэмжлэлийн шаардлагын хувьд “шууд томилогдох ёстой” гэх нэхэмжлэгч талын тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь хариуцагч чиг үүргээ хэрэгжүүлж, шатлан дэвших зарчмыг хангаж, байгууллага дотроо ажиллаж байгаа төрийн албан хаагчид дэвшин ажиллах боломжийг олгож, сонгон шалгаруулалтыг дахин зарлах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 41 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

 

 

                      ШҮҮГЧ                                                            М.ЦЭЦЭГМАА

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН