Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 202/МА2018/00019

 

 

   2018            06              04                                             202/МА2018/00019

 

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 136/ШШ2018/00191 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Данзанваанчиг гудамж .... тоотод оршин суух, 1991 онд төрсөн, 26 настай, эмэгтэй, Дугар овогт Ц-ийн Э /РД:ЕК91062740/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Данзанваанчиг гудамж, .... тоотод оршин суух, 1988 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, Цохио овогт Б-ийн ЭБ /РД:ЕБ88122616/-т холбогдох,

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 500000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч Б.ЭБ-ын давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ байж байхад ЭБ найзтайгаа нэг шил архи, хоёр том пиво бариад орж ирсэн. Тэгээд түүнийгээ уучихаад юм яриад сууж байтал гэнэт надруу босч ирээд намайг түлхсэн, тэгэхээр нь би зөрүүлж түлхсэн чинь намайг өөрийг нь алгадсан гээд, би алгадаагүй гэсэн чинь надруу аяга шидэж, зурагт цохиж хагалсан. Манай зурагт Toshiba брэндийн 40 инчийн зурагт байсан. Зурагтны мөнгө болох 500000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.ЭБ шүүхэд гаргасан тайлбартаа:  Нэхэмжилсэн 500000 төгрөгийг би төлөхгүй. Яагаад гэвэл найз Тулгаа, Бямбаа нар хаана байна гэж мессеж бичсэнийг манай найз уншиж өгсөн. Э-ын гэрт архи ууцгааж байсан, би архи авч өгөөгүй, тэд нар 3 том архи, пиво ууцгааж байсан, би адилхан уусан. Тэгээд би унтсан, эхнэр ирж аваад явсан. Э өөрөө байнга уудаг, би зурагт хагалаагүй, би төлөхгүй гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.ЭБаас 500000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Эд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 15650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ЭБаас 15650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Эд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.ЭБ давж заалдсан гомдолдоо: Ц.Эд 500000 төгрөг төлөх шийдвэр гарсан. Бид нар сайн найзууд байсан, би 300000 төгрөгийг өгнө гэж Эд хэлсэн. Би хөгжлийн бэрхшээлтэй, 100 хувь хөдөлмөрийн чадвар алдалттай, хөдөлмөр эрхлэх  боломжгүй тул нэмж 200000 төгрөг төлж чадахгүй, миний гомдлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Б.ЭБт холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол болох зурагтны үнэ 500000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.ЭБ эс зөвшөөрч, зурагтыг хагалаагүй гэж маргажээ.  

                       Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг тус тус хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч Б.ЭБ эс зөвшөөрч “ ...хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөр эрхлэх боломжгүй тул зурагтын төлбөрөөс 200000 төгрөгийг нь төлөх боломжгүй ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

            Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Б.ЭБ нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сайншанд сумын 1 дүгээр баг, Данзанваанчигийн 9-31 тоотод Ц.Эын гэрт архидан согтуурсан үедээ түүний эзэмшлийн Toshiba брэндийн 40 инчийн зурагтыг гараараа цохиж хагалсан, үүний улмаас нэхэмжлэгч Ц.Эд 500000 төгрөгийн хохирол учирсан болох үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Г.Цэрэнбалжирын мэдүүлэг /хх 25-27/, Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 5/13 дугаар тогтоол /хх-4/, Ашид билгүүн ХХК-ийн ДГО769 дугаартай дүгнэлт /хх-6/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар “Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд энэ нь тухайн гэм хор учирахад хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүйгээс болсон, үүнд мөн хариуцагчийн гэм буруу тогтоогдсон, улмаар учирсан хохирол нь энэхүү үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байж хариуцагчид гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээлгэх үндэслэлтэй.

Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол ... гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх бөгөөд дээр дурдсан нотлох баримтуудаар хариуцагчийн “зурагтыг цохиогүй, хагалаагүй” гэх тайлбар үгүйсгэгдсэн байх ба мөн тэрээр өөрийн гэм буруугүйг шүүхэд нотлоогүй тул түүнийг нэхэмжлэгч Ц.Эын зурагтыг хагалаагүй буюу түүний эд хөрөнгөнд гэм хор учруулаагүй гэж үзэх, улмаар гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн, үндэслэлтэй болжээ.

Мөн нэхэмжлэгч нь уг маргаан бүхий зурагтыг 2013 оны 08 дугаар сард 937000 төгрөгөөр худалдан авсан боловч Ашид Билгүүн ХХК-ийн тогтоосон үнэлгээгээр тухайн зурагтыг 500000 төгрөгөөр үнэлж нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасан “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэснийг зөрчөөгүй гэж үзнэ.

Түүнчлэн хариуцагч нь гагцхүү гэм буруугүй тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх бөгөөд хариуцагч Б.ЭБын хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөр эрхлэх боломжгүй байдал нь төлбөрөөс 200000 төгрөгийг нь чөлөөлөх үндэслэл болохгүйн гадна зохигчид төлбөрийн хэмжээг 300000 төгрөгөөр тохиролцсон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул хариуцагчийн давж заалдсан гомдол үндэслэлгүй байна.  

Иймд хариуцагч Б.ЭБын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 136/ШШ2018/00191 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 6650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.      

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Н.БАТЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                     Г.ТЭГШСУУРЬ

                                                                                     Х.БАЙГАЛМАА