| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2020/00450/И |
| Дугаар | 521 |
| Огноо | 2020-06-04 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 521
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Булган аймаг, Гурванбулаг сум, ... хаягт оршин суугаа, С овогт Ч.М -ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, Гурванбулаг сум, ... оршин байгаа, Гурванбулаг сумын Э -д холбогдох,
2020 оны 02 сарын 20-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан жолоочийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.М , түүний өмгөөлөгч М.Даваасүрэн, хариуцагч П.С , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би Гурванбулаг сумын Э д 21 дэх жилдээ ажиллаж байна. үүнээс жолоочоор 11 жил, галчаар 10 жил ажиллаж байна. Намайг 2018 оны 10 сарын 10-ны өдрөөс Э ийн жолоочийн ажилд томилсон. Ингэхдээ өмнөх жолооч Н.С нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад эрхээ хасуулсан байдаг. 2020 оны 02 сарын 20-ны өдөр Б/08 дугаар тушаал гарч, намайг галчаар шилжүүлэн ажлуулах болсон. Би Б/08 дугаар тушаал авангуутаа Сумын тамгын газарт хандсан боловч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу авсан тул шүүхэд хандсан. Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2020 оны 02 сарын 20-нд дууссан. Намайг ажлаас халах үндэслэлгүй.
Иймд 2020 оны 02 сарын 20-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан жолоочийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү 1,544,830 төгрөг гаргуулж, нийгмийн бологн эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Би 2019 оны 12 сард Э ийн даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээтэй танилцаж байхад 2018 оны 2 сард гарсан тушгаал байсан. Уг тушаалд 2018 оны 12 сараас 2019 оны 10 сар хүртэл түр ажиллуулахаар томилсон байсан. Хөдөлмөрийн гэрээ 2020 оны 02 сарын 14-д дуусахаар байсан тул хөдөлмөрийн гэрээг дуустал ажилллуулахаар болсон. 2020 оны 02 сарын 11-д байгууллагын дотоод журмын дагуу түр тушаалтай ажилтанг жинхлэх тохиолдолд байгууллагын удирдлагын багаар шийднэ гэсний дагуу ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. 2020 оны 02 сарын 20-ны өдрийн Б/08 дугаартай тушаалтаар ажлаас халсан. Ингэж ажлаас халахдаа Н.С ий ажлын байрыг хадгалах зорилгоор халаагүй. Ч.М ыг түр ажиллуулахаар томилсон бөгөөд хөдөлмөрийн хуулийн 37.1 дүгээр зүйлийн 3-д заасан хугацаа дууссан тул өмнөх ажилтанг томилсон. Ажлыг нөхцлийг дордуулсан зүйл байхгүй. Жолоочоор жинхлэн томилогдоогүй байсан. Жолоочоор ажиллуулах 2018 оны Б/43 душаалын хугацаа 2019 оны 10 сарын 01-ний өдөр хугацаатай байсан. 2019 оны 12 сарын 14-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуусан. Ч.М ы өргөдөл дээр дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 37.3-г зөрчсөн гэсэн байсан. Ч.М ы хөдөлмөрийн гэрээг дахин сунгах шаардлагагүй байсан тул зөрчөөгүй гэж үзэж байна. Удирдлагын багаар хэлэлцээд галч Н.С нь нийгмийн идэвхи сайтай, ажлын ачаалал даах чадвартай гэсэн санал гаргаад 100 хувийн саналаар дэмжсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.М нь хариуцагч Булган аймгийн Гурванбулаг сумын Э д холбогдуулан, 2020 оны 02 сарын 20-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан жолоочийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү 1,544,830 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулна гэж, хариуцагч Булган аймгийн Гурванбулаг сумын Э нь нэхэмжлэгч Ч.М ыг жолоочоор ажиллуулах тухай 2018 оны Б/43 дугаар тушаал нь 2019 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл түр томилсон, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болж байгаа зэргийг харгалзан байгууллагын удирдлагын багаар хэлэлцэж тушаал гаргасан тул нэхэмжлэгч Ч.М ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ч.М нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ч.М , хариуцагч Булган аймгийн Гурванбулаг сумын Э ийн хооронд 2019 оны 02 сарын 14-ний өдрөөс 2020 оны 02 сарын 14-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ бичгээр хийгдэж талууд гарын үсэг зурсан байна. Дээрх гэрээнээс харвал талууд хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн талаар буюу ажил, албан тушаалын нэр, гүйцэтгэх ажил, үүрэг, үндсэн цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэргийг тохиролцож, нэг бичиг баримт үйлдэн гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохоор байна.
Дээрх хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар 2020 оны 02 сарын 20-ны өдрийн Б/08 тоот тушаалаар цуцлажээ. Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Энэхүү нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах ба нэхэмжлэгч Булган аймгийн Засаг даргад өргөдөл гаргаж, 2020 оны 03 сарын 11-ний өдрийн 01/125 дугаар албан тоотоор хариуг хүргүүлсэн байна. Нэхэмжлэгч нь 2020 оны 03 сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Ингээд шүүгчийн захирамжинд заасан зөрчлийг арилгаж шүүхэд дахин 2020 оны 04 сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна. Иймд ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн тухай гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж үзнэ.
Ажил олгогч нь ажилтныг ажлаас халах тохиолдолд шийдвэр гаргах ба уг шийдвэр нь зүйн үр дагаврыг үүсгэдэг тул ямар үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаагаа энэхүү шийдвэртээ тодорхой тусгаж Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл, заалтыг баримтлах шаардлагатай. Тушаалд бичигдсэн ажлаас халсан үндэслэл, баримталсан хуулийн зохицуулалт хоорондоо тохирч байх нь хуульд нийцнэ.
Хариуцагч Булган аймгийн Гурванбулаг сумын Э ийн даргын 2020 оны 02 сарын 20-ны өдрийн Б/08 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 8.1.1 дэх заалтыг баримтлан гарчээ. Энэхүү зүйл, заалт нь хөдөлмөрийн гэрээг цуцлах 2 үндэслэлийн /ажил олгогч эсвэл ажилтны санаачилга/ нэг төрлийг зааснаас биш “ажлаас халах үндэслэл”-ийг тодорхойлсон заалт биш юм. Ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримталсан байвал зохино. Гэтэл дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан үндэслэлүүдийн аль нэгийг баримтлаагүй байна.
Мөн уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон, Гурванбулаг сумын Э ийн ажиллагсадын хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1.1 /ажлын байран дээр түр тушаалтай байх хугацаанд жинхэнэ ажилтнаар авах тохиолдолд Э ийн дэргэдэх удирдлагын багаар хэлэлцэж шийдвэрлэнэ/ 8.2.1 / ажилтанг Монгол улсын хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журамд заасныг үндэслэн ажлаас чөлөөлнө/-д заасныг баримталжээ.
Ажилтан хөдөлмөрийн дотоод журамд заасан үүргээ биелүүлээгүй, гаргасан зөрчил нь хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх үндэслэлд хамаарсан гэж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл заалтыг баримтлан ажилтныг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргах нь хуульд нийцнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох бөгөөд дундаж цалин хөлсийг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно.
Иймд нэхэмжлэгч Ч.М ы ажилгүй байсан хугацааны ажлын 72 өдрийн /2020 оны 02 сарын 20-ны өдрөөс 2020 оны 06 сарын 04-ний өдөр хүртэл/ дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт /2827022 : 3 сар = 942340 төгрөг, 942340 төгрөг : 21.5 ажлын өдөр= 43829 төгрөг, 43829 төгрөг х 72 өдөр = 3155688 төгрөг/ 3155688 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгохоор байна. Сүүлийн 3 сарын цалин хөлсийг тодорхойлохдоо чөлөөтэй байсан 9 дүгээр сарыг оруулахгүй 8, 7, 6 дугаар сарын цалингийн дундажаар тогтоох нь хуульд нийцнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн дээрх дэвтрүүдэд ажилгүй байсан хугацааны бичилтийг нөхөн бичихийг даалгах нь зохистой байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч Ч.М нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангасан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлдэг тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төгрөгт ногдох 65441 төгрөг гаргуулан Төрийн санд оруулах нь хуульд нийцнэ.
Иймд Ч.М ыг Гурванбулаг сумын Э ийн жолоочийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан бүх хугацааны цалинг олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69.1-д, зааснаар Ч.М ыг Булган аймгийн Гурванбулаг сумын Э ийн жолоочийн ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 3155688 төгрөгийг хариуцагч Булган аймгийн гурванбулаг сумын Э өөс гаргуулж нэхэмжлэгч Ч.М д олгсугай .
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Ч.М ы нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилтийг хийхийг хариуцагч Гурванбулаг сумын Э д даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 65441төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ