| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2020/00363/И |
| Дугаар | 564 |
| Огноо | 2020-06-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 564
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Булган аймаг, Хутаг-Өндөр сумын ... оршин суугаа, Г овогт Ж.Э -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Булган аймаг, Булган сум, ... хаяг оршин суугаа, Х овогт Н.Г-т холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2020/00363/И индэкстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Э , хариуцагч Н.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Миний бие Н.Г тай 2006 онд танилцаж, 2007 онд гэрлэлтээ баталгаажуулсан. Бидний дундаас 2007 онд охин Г.А , 2009 онд хүү Г.Э , 2018 онд охин Э.Н нар төрсөн. 2014 оноос эхлэн гэр бүлийн таарамжгүй харилцаа үүссэн. Өмнө бид хоёрт шүүхээс 2 сарын эвлэрүүлэх хугацаа өгсөн боловч бид эвлэрээгүй. Энэ хугацаанд Н.Г нь Тэшиг суманд байсан. Эвлэрүүлэх 2 сарын хугацаанд Н.Г нь мөн л өмнө гаргадаг байсан зангаа гаргаж, архи ууж, гар хүрсэн. Нэг ч удаа надаас болон хүүхдүүдээсээ уучлалт гуйгаагүй. Гэр бүлдээ анхаарал халамж байхгүй.
Иймд бидний гэрлэдтийг цуцалж, Г.А , Э.Н , хүү Г.Э нарыг миний асражид үлдээж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Ж.Э тай гэр бүл болоод 14 жил болж байна. Эхний хэдэн жил сайхан л байсан. 2014 оноос хэрүүл эхэлсэн. Урьд нь хэрүүл маргаан хийдэггүй байсан. Хэрүүл үүссэн үндсэн шалтгаан нэг өдөр айлын хуримнаас болоод хэрүүл болсон. Ж.Э ийн дүү нь шүүх дээр нэг асуудалтай байсан. Тэгээд энэ хоёр манайд байсан. Эд нар ууж байгаад ирчихээд орой нь Ж.Э намайг хэвтэж байхад өөрөө толгойруу цохисон. Ер нь дандаа тэгдэг. Тэгээд дараа нь надад тохдог. Хэрүүл болоод бид нар хоорондоо цохиж зодоон хийсэн зүйл байхгүй маргааш өглөө нь сэрэхэд манай хүн байхгүй болсон байсан. Хаачсан мэдэхгүй 7, 8 хоног утасаа салгаад алга болсон. Намайг айлгаж байгаа юм байх гэж бодоод орхисон. Улаанбаатар хотод очоод 4 сар байр хөлслөөд амьдарч байсныг сүүлд мэдэгдсэн. Тэгээд би ирж очоод явдаг байсан. Тэр үед би 10.000.000 төгрөгийн ажил хийсэн байсан. Эхнэр надад 50.000 төгрөг үлдээгээд Улаанбаатар хот руу явсан. Би нэг улирал 2 хүүхдүүдээ хараад Булганд байсан. Тухайн үед сална гэж байхгүй гэж хоорондоо ярилцаж байсан. Би дандаа хүүхдээ хараад гэртээ байсан. 2 талдаа эрэн очин байсан. 2017 оны 8 дугаар сар Орос улс руу явсан. Мөнгө байхгүй гэхээр нь би 3.500.000 төгрөгөөр авсан машиныг 8.000.000 төгрөгийг зараад Орос явсан. Улаанбаатар хотод мах шөл аваад 2017 оны 10 сард очсон. Эхнэрийн ажлын 2 давхарт уулзахдаа надад жирэмсэн гэж хэлсэн. Чиний хүүхэд биш гэж хэлсэн. Надад хэцүү хүнд байсан. 2017 оны 11 сард жирэмсэн болсноос хойш салах өргөдөл шүүхэд өгсөн байсан. Энэ хүүхэд хэний хүүхэд байх нь хамаагүй. Би өөрөө аав шиг нь өсгөнө гэж төрөх хүртэл хамт байсан. Төрснөөс хойш ажил хийхгүй байхад би тэжээн тэтгэдэг байсан. Баяр ёслолоор гэртээ ирж уулздаг байсан. Өвөл гэртээ ирсэн чинь 4 сартай хүүхдээ хаяад явсан байсан. Тухайн үед очиж эргэж авчирсан. Байгальаад төрөх үед хэрэглээрэй гээд мах шөл бэлдсэн байсан. Би ММС ХХК-аас ажиллаж байгаад өөрийн хүслээр гарч Өмнөгөвь аймаг руу ажилладаг болсон. 3 сарын дараа очсон намайг үл тоож сална гэж хэлсэн. Намар тэр нэг залуутай хэрэлдэж муудалцаж байсан. Нөгөө хүн одоо миний хажууд манай эхнэртэй маань хайраа гэж ярьдаг болсон. 2019 оны 12 дугаар сард Булган аймгийн Хутаг-Өндөр суманд шинэ жил 2 удаа тэмдэглэхдээ дандаа үүрээр согтуу орж ирсэн. Хамгийн чухал нь хол явж ажил хийхээр салах шалтгаан болсон байна. Өмнөговь аймагт ажилладаг байсан бүх мөнгөө эхнэртээ явуулдаг байсан. Хамгийн бага хүүхдэдээ өөрийн хүүхэд шиг маш их хайртай. Манай эхнэртэй харьцдаг тэр залуу согтуу ирээд хэрүүл маргаан хийж байсан. Эхнэр бид нарын хувьд санхүүгийн асуудал огт байхгүй. Ганц асуудал эхнэр маань намайг дэмждэггүй. Хамгийн бага хүүхдийг 2 нас хүртэл хамт өсгөж байсан. Гэр бүл салалт муу талаар том охинтойгоо ярилцаж хойд аавын гар Хахгүй гэж хэлсэн. Эхнэр намайг хэл амаар доромжилдог байнга хэрүүл хийдэг. Би мөнгөний төлөө өөр өөр аймагт ажиллаж байна. Ханьдаа хайртай болохоор үр хүүхдийнхээ төлөө сайхан амьдарна гэж бодож байна. Гэртээ байх хугацаандаа би үргэлж гэрийн ажил хийдэг байсан. Намайг гэрээсээ хөөж эхэлсэн.. Одоо тухайн залуутайгаа харьцахгүй байгаа гэж хэлсэн. Үр хүүхдээ бодож сайхан амьдарна. Хүүхдүүдээ бодоод л салмааргүй байна. Цаашдаа эвлэрэх боломж байна. Хол байсан учраас хоорондоо харилцаа муу байсан. Одоо бүх өмнөх болсон бүх зүйлийг би уучлаад амьдарна. Сүүлийн 2 жилийн хугацаанд хол байсан. Одоо хайр халамжаар дутаахгүй. Би зуны цагаар барилга дээр байнга ажиллаж байсан. Чиний алдааг өршөөж чадна. Энэ хүний санаа нь намайг яагаад явуулаад байгаа вэ? гэхээр хотод амьдардаг нэг дүү нь нөхөртэй, хүүхэдтэй энэ хүн нодлин намраас хойш хамт амьдарч байгаа. Би тэр дүүтэй нь үзэл бодол таардаггүй. Тэгсэн тэр дүүгээ ирэхээр намайг хөөгөөд байдаг. Тэр дүү нь ерөөсөө хүүхдээ хардаггүй. Миний 13 настай охиноор хүүхдээ Хдаг. Тухайн шүүхээс өгсөн эвлэрэх хугацаанд би хүүхдүүдтэйгээ хамт байна гэхэд намайг очуулдаггүй байсан. Нэг удаа очиход төрсөн дүүгээ дуудаад хүүхдүүдээ аваад явсан. Чи хүүхдүүдийг хөдөө явулахгүй би цуг байх ёстой гэж хэлэхэд чи мэддэг юм уу? би мэднэ гэж уурласан. Тэгээд би хүүгээ л авч үлдэнэ гээд хүүгээ авч үлдсэн. Хутагт хүүтэйгээ 7 хоносон. Тэгээд энхэр 3 хоног гэртээ хоноод 3 хоног гадуур хоносон. Намайг чи яв, чам шиг юмыг харахаар үзэн ядаж байна гэдэг зүйлийг хэлээд би аргагүй явсан. Тэгээд Тэшиг суманд нэг ажил гараад явсан. Намайг зодсон гэж байна. Би Тэшиг суманд байхад нэг гэдэс хагархай хүүхэн машин байхгүй надаар хүргүүлнэ гээд би хүргээд өгье гэж хэлээд явсан. Тэшиг сумаас гараад нуурын захад салхилаад зогсож байхад эхнэр тэр хүүхэн хоёр 0.75-ын архи хувааж уусан. ХУтагийн дэлгүүрт ирэнгүүтээ дэлгүүр орж нэг архи авсан. Гэртээ хариад энэ хоёр уусан. Би тэгэхэд орой ирээд машин барихгүй гэж бодоод хамт уусан би согтсон. Тэр үед би Ж.Э ийн хажууд очоод хэвтэхэд шууд намайг маажаад авсан тэгэхэд нь би алгадаад авсан юм байна лээ. Би тэрийгээ хүлээн зөвшөөрнө. Тэр оройноо өглөө босоод хашаа байшинг цэвэрлээд за за явъя угаасаа гээд би явсан. Өөрөө эхэлж маажчихаад дараа намайг буруутан болгодог. Булганд манай хашаа байшин байгаа лдаа тэр байшин хашаанд аав нь авна гээд амьдарч байгаа. Тэгээд намайг очиход аав нь нэг орой орж ирсэн тэгээд би намайг битгий энэ хэрэгт оролцуулаарай хоночихоод гарна гэж хэлэхд аав нь чи муу тэгвэл гарахгүй юу даа гэсэн. Би охинтойгоо хамт байсан. Би та намайг яагаад хөөгөөд байгаа юм бэ? гэсэн чинь манай охин чамаас салах гэж байгаа зул мөхөхдөө бадамлана гэгчээр чи одоо бадамлаач гэсэн зүйл ярьсан. Би гэр байхгүй энд тэнд л очиж хонож байна. Чи энэ хашаа байшинг яах гэж байгаа юм бэ? гэж Ж.Э аас асуухад зарах гэж байгаа. Аавд өгөх гэж байгаа. Наад хоёр байшинг чиний оролцоогүйгээр авсан гэх зүйл ярьдаг. Би энэ гэр бүлийг авч үлдэхийн төлөө үнэхээр зүтгэж байна. Би үнэхээр харгис хатуу, хамт байхын аргагүй хүн биш. Чи нөгөө хүнтэйгээ хамт байгаа юм уу гэж асуухад одоо больсон гэж хэлэхээр нь за тэгвэл хоёулаа хүүхдүүдийнхээ төлөө амьдаръя гэж хэлсэн. Өнөөдөр шүүх хуралдаанд оролцохдоо салахгүй мөн хүүхдүүдийнхээ төлөө амьдарна. Үнэхээр намайг сэтгэлдээ авж хүсэхгүй гэж байгаа бол би хүүгээ авна. Надад хүүхэдгүй байхад хэцүү байдаг. Хоорондоо ярилцаад болох асуудал гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч Н.Г т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Ж.Э , Н.Г нар нь 2007 онд гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2007 оны 07 сарын 26-ны өдөр охин Г.А , 2009 оны 06 сарын 24-ний өдөр хүү Г.Э , 2018 оны 05 сарын 18-ны өдөр охин Э.Н нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээ болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 13-ны өдрийн 132/ШЗ2020/01171 дүгээр захирамжаар гэрлэгчдэд эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авч, 2 сарын хугацаа өгсөн боловч тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2020 оны 06 сарын 15-ны өдөр амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болгосон байна.
Гэрлэгчид нь хамт амьдарч байх хугацаандаа зан харьцааны хувьд таарч тохироогүйгээс 2020 оны 01 сараас хойш хамтран амьдраагүй, цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, гэр бүлийн гишүүдийн хооронд итгэлцэл үгүй болж, эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчид хүүхдийн асрамжийн асуудлаар маргаж байгаа хэдий ч хүүхдүүдийн амьдрах орчин нөхцөл, хүүхдүүд төрсөн цагаасаа эхийн асрамжинд байгаа зэргийг харгалзан гэрлэгчдийн дундаас төрсөн охин Г.А , хүү Г.Э , охин Э.Н нарыг эх Ж.Э ийн асрамжинд үлдээх нь хүүхдүүдийн эрхэд хохирол учруулах шалтгаангүй гэж үзлээ.
Хүүхдийг хэний асрамжид үлдээснээс үл хамааран эцэг, эхийн хэн аль нь нөгөөгөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д заасан үүргээ хэрэгжүүлэхэд нэгэн адил хязгаар тавихгүй байхыг анхаарвал зохино.
Хариуцагч хашаа байшингаа авна гэх боловч энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу сөрөг нэхэмжлэл гаргаагүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан Г овогт Ж.Э, Х овогт Н.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2007 оны 07 сарын 26-ны өдөр төрсөн охин Г.А , 2009 оны 06 сарын 24-ний өдөр төрсөн хүү Г.Э , 2018 оны 05 сарын 18-ны өдөр төрсөн охин Э.Н нарыг эх Ж.Э ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Г аас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Э -д олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Азжаргалд даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ