Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нэргүйн Батчимэг |
Хэргийн индекс | 137/2017/00271/и |
Дугаар | 202/МА2018/00020 |
Огноо | 2018-06-27 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 202/МА2018/00020
2018 06 27 202/МА2018/00020
Ч Б ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимаас Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааны танхимтай цахим сүлжээгээр холбогдон хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 137/ШШ2018/00101 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, ЗДТГ-ын байранд байрлах, Ч Б ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 8-18-18 тоотод байрлах, Б ж ХХК,
Хариуцагч: Замын-Үүд боомт дахь ХМХАнд тус тус холбогдох,
Байрны халаалт, усны төлбөр 18499590 төгрөг, БЗИУ-100 зуухны үнэ 35000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Хариуцагч Б ж ХХК-ийн төлөөлөгч, захирал Ч.Тогтохбаярын давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганбат, хариуцагч Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхболд, Т.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч Б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016.10.10-ны өдрөөс 2017 оны 09 сард хүртэлх хэрэглээний ус, халаалтын мөнгө төгрөг төлөгдөөгүй тул гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ч Б ХХК нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нэхэмжлэхдээ: “Техникийн нөхцөлд дурдагдсан халаалтын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд зориулсан БЗИУ-100 зуухны үнэ болох 35 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Ч Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганбат шүүхэд гаргасан тайлбартаа: Б ж ХХК 2016.10.10-2017.09.01-нийг хүртэл хамгийн сүүлд гэрээ ААН-ээр хийсэн байдаг. Гэрээний сунгалт хийх гэж дуудаад ирдэггүй, утсаа авдаггүй байсан. Манай зүгээс ойлголцьё гэж зөндөө санал тавьсан эвлэрүүлэн зуучлалаар ороод хугацаагаа тохирьё гэсэн боловч шүүхээр шийдүүлнэ гэсэн. Б ж ХХК нь сар бүр иргэдээс халаалт усны мөнгө хураадаг боловч эхэндээ бага хэмжээгээр өгч байсан боловч сүүлдээ огт өгөхөө больсон. Ерөнхий инженер ажилтай Уранчимэгтэй холбогдохоор одоо надад хамаагүй гэсэн. Хуучин бол тэр хүн мөнгийг айл өрхөөс хураан авдаг байсан. Аргаа барахдаа айл өрхийн мөнгийг Ч.Тогтоход танай компанийн дансанд шууд хийе, бөөгнүүлээд тушаа гэхэд манай данс Дорноговь аймгийн ШШГА-д хаагдсан, мөнгө орвол шууд авна, хэрэггүй шүү гэсэн. Түүнээс хойш айл өрхүүд мөнгөө манай дансанд хийж эхэлсэн. Манайх ч орсон орлогыг нийт дүнгээс хасаад тооцож ирсэн. Манайд оршин суугчид удаа дараа хандаад бид ТУЗ болон сумын ЗДТГ-тай уулзан байдлыг танилцуулсан. Б ж ХХКийн захирал Тогтохбаяр нь алга болсон учраас ТУЗ болон сумын удирдлагын хүсэлтээр хүлээн авахаас аргагүй болсон. Зуу-Зуу СӨХ-ийн дарга Цэцэгмаад уг байрыг санал болгосноор тэднийх хүлээн авсан боловч Тогтохбаяртай огт уулзаж байгаагүй юм билээ. Манай захирал Санрайжав болон ерөнхий инженер Д.Саранчимэг нар шугамын хамгийн төгсгөл холбох боломжгүй гэдгийг амаар болон бичгээр удаа дараа өгч байсан боловч халаалт эхэлсэн үед тулгаж хүчээр холбуулсан байдаг. Уг нь БЗИУ 100 зуух 1-ийг манай компанид авч өгч улмаар 1-р зууханд өргөтгөл хүчин чадлыг нь нэмэгдүүлэх ёстой байсан. Зуухыг манайх өөрийн зардлаар өргөтгөн хүчин чадлыг нэмэгдүүлж ажиллуулсан. Ч.Тогтохбаяр нэг тайлбартаа ХМХА техникийн нөхцөлд дурдсан өргөтгөлийн зуухыг авч өгөөгүйгээс айл өрхийн халаалт доголдсоны улмаас төлбөрөө төлөхгүй өрийн бөөгнөрөл үүссэн гэсэн байсан. Манайхаас айл өрхөөс тайлбар авахад зарим нь хэвийн байсан, зарим нь халаагүй байсан, төлбөрөө бүгдийг нь өгдөг байсан гэж бичсэн байсан. Зуух өргөтгөөгүй уг байрны халаалт доголдож айл өрхүүд гомдол гаргаж эхэлмэгц Тогтохбаяр өөрөө сайн дураараа доод узельдээ чадлын өргөх нацос тавьж дулаанаа хэвийн явуулмагц ойр орчны байруудын дулаан доголдож халахгүй байна гэсэн гомдол байнга ирэх болсон. Энэ нь Барилгын тухай хуулийн 14-р зүйлийн 14.1.4-т зааснаар зэргэлдээ орших барилга байгууламжийн хэвийн ашиглалтын нөхцлийг алдагдуулахгүй байх гэсэн заалтыг ноцтой зөрчиж байгаа хэрэг юм. Манай компаниас удаа дараа албан шаардлага хүргүүлж байсан. Зарим нэг буруу холбосон шугамыг манайхаас засаж янзлахад тусалж байсан. Өргөх нацосоо салгахгүй, узельдээ Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу Хангагчийн эрх бүхий этгээдийг шалгалт хийхэд чөлөөтэй нэвтрүүлнэ, тавьсан шаардлагыг биелүүлнэ гэсэн заалтыг зөрчиж, хүн оруулж үзүүлэхгүй, узелийнхээ түлхүүрийг гаргаж өгөхгүй, нээж харуулдаггүй байсан. Зэргэлдээ орших байрны оршин суугчидтай нийлж тавьсан моторийг нь салган авч байсан. Манай халаалт тэр байрны худагт хангалттай ирж байсан. Ганц нэг айл муу халж байна гэсэн гомдол гаргасан юм билээ. Бидний хариуцлагын хүрээнд бүхэл бүтэн 48 айлын байрнаас нэг хоёр айл халахгүй байх нь манай буруу биш. Энэ нь дотоод шугам сүлжээний технологийн алдаатай хийгдсэн гэх мэт олон шалтгаалах хүчин зүйл байдаг. Манайхаас шалгасан: 1. Анх шугам угаалтаа дутуу угаасан. Өндөр даралттай усаар угааж цэвэрлэж шалгах байсан, 2. Дулааны трубануудыг холбох хэрэгслээр бүгдийг хийх байтал зарим газар шууд залгаж гагнасан. Гагнуурын баасыг муу авсан. Ф15-ын труба гагнуураар холбохоор дотор ус гүйх зай нь бүр нарийн болдог. Зарим нэг шугамыг задалж байхад гагнуурын электродны хэрийн нарийн нүхтэй байсан гэдэг. Ашигласан ус дулааны төлбөрөө цаг хугацаанд нь төлөхгүй, өргөх нацос тавьж зөвхөн өөрийн амин хувиа бодож ЭХ-ийн тухай хууль, ЭХЗЗ-ийн АА-н харилцааны дүрэм, 189-р тогтоол, хот суурины усан хангамж ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, Зөрчлийн тухай хуулиа ухамсарлахүй бусдыг үл хүндэтгэж байгаа явдал юм гэжээ.
Хариуцагч Б ж ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг төлөх боломжгүй. Тус байрны халаалт цэвэр усаар хангах, бохир ус татах, зайлуулах эх үүсвэрээс хангах, 2014 оны 08 сарын 06-ны №06/2014. ХМХАнд техникийн нөхцөл олгосон байдаг юм. Тус техникийн нөхцөлд шинээр халаалтын зуух барих болж тус байр халаалтаар хангах гэсэн байсан боловч ХМХА зуух авч өгөөгүйгээс айл өрхүүд халаагүй учраас мөнгөө төлөөгүй, үүний улмаас энэ төлбөр гарч нэмж алданги бодогдсон учир энэ хэрэг дээр хамтран хариуцагчаар татах хүсэлтэй байна. ХМХА болоод манай Б ж ХХК хамтран 2014.03.30-ны өдөр орон сууц барилгын ажил гүйцэтгэх гэрээгээр инженерийн гадна шугам сүлжээ хийх гэрээ хийгээгүй, манай компанийн хувьд 850000 төгрөгөөр тохирсон байсан болно гэжээ.
Хариуцагч Замын-Үүд боомт дахь ХМХА шүүхэд гаргасан тайлбартаа: Тус алба нь 2014.03.03-ны өдөр албаны ажилчдад зориулан 48 айлын орон сууц барих гэрээг Б ж ХХК-тай байгуулсан. Барилга угсралтын ажил явагдах үйл явцад уг байранд амьдрах хүсэлтэй манай албан хаагчид байгууллагаар дамжуулалгүй шууд Б ж ХХК-тай зээлийн гэрээ хийн байраа худалдаж авсан. 48 айлын орон сууцанд манай албанаас 10 орчим хүн орон сууц худалдаж авсан ба бусад байрыг Б ж ХХК гадны хүмүүст худалдаж борлуулсан байдаг. Үүнээс үзэхэд уг орон сууц нь хэдий манай албаны нэр дээр баригдсан ч одоогийн байдлаар ихэнхи хувь нь гадны хүмүүс амьдарч байна. Б ж ХХК нь энэ бүгдийг зохион байгуулж байруудыг зарж, зээлүүлж байрны оршин суугчидтай гэрээ хэлэлцээрийг дангаараа хийж ирсэн. Иймд дээрх орон сууцны 2016 оны 10 сараас 2017 оны 09 сарын хэрэглээний ус, халаалтын төлбөр болох 18499590 төгрөгийг Б ж ХХК хариуцах нь тодорхой гэж бид үзэж байна. 2019.09.15-ны өдөр уг барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын акт гарч ашиглалтанд хүлээж авсан. Хоёр талын байгуулсан Орон сууцны барилгын ажил гүйцэтгэх тухай 2014.03.03-ны өдрийн 01/2014 дугаар гэрээний 1.7% 9.1 дүгээр заалтуудын дагуу барилгыг улсын комисс хүлээж авснаар гэрээний хүчинтэй хугацаа дуусгавар болж цуцлагдсан байна. Иймд дээрх орон сууцыг улсын комисс хүлээж авсан 2016.09.15-ны өдрөөс гэрээ цуцлагдаж хоёр байгууллагын хооронд аливаа зүйлд хүлээх үүрэг хэлцэл дуусгавар болж шинээр үүсэх асуудлыг тусдаа хүлээж авч шийдвэрлэх нь тодорхой болсон. Тухайн өдрөөс хойш манай алба нь Б ж ХХК-тай ямар нэгэн байдлаар хамтран ажиллах гэрээ хэлцэл байгуулаагүй. Иймээс манай байгууллага уг хэргийн хариуцагч биш болохыг албан ёсоор тайлбарлаж байна гэжээ.
Анхан шатны шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 147 дугаар зүйлийн 147.1-т зааснаар хариуцагч байгууллага “Б ж” ХХК-иас Замын-Үүд сумын 48 айлын орон сууцны 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сар хүртэл хэрэглэсэн ус, халаалтын үнэ 18.499.590 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч байгууллага “Ч Б” ХХК-д олгож,
Ч Б ХХК-ний хариуцагч Замын-Үүд дэх Мэргэжлийн хяналтын албанд холбогдох БЗИУ-100 зуухны үнэ 35.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын Улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 583.397 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б ж” ХХК-иас 250.447 төгрөг гаргуулж нэхэмжлэгч байгууллага “Ч Б” ХХК-д олгож,
Хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгэх учрыг мэдэгдэж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хариуцагч Б ж ХХК-ийн төлөөлөгч, захирал Ч.Тогтохбаяр давж заалдсан гомдолдоо: Замын-Үүд сум дахь Сум дундын шүүх хуралдааны журмыг зөрчиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Оюумаагаас шүүх хуралдаанд гаргасан гэрчийг оролцуулах, мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг хангаагүй. Энэ нь Б ж ХХК-иас нэхэмжилж буй байрны халаалт, усны төлбөр болох 18499590 төгрөгийг хуулийн дагуу хэрхэн тооцож гаргуулах, бодит нөхцөл байдлыг бүрэн дүүрэн үнэлэх үндэслэл шаардлага, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон бодит нөхцөл байдлыг тогтоох боломжийг бүрдүүлээгүй, нэг талыг барьсан холбогдох хууль, стандартыг хэрэглээгүй шийдвэр гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч Ч Б ХХК-ийн нэхэмжлэлтэй Б ж ХХК-нд холбогдох байрны халаалт, усны төлбөр болох 18499590 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн нийт үнийн дүнд 48 айлын орон сууцны айл өрхийн халаалт, мөн орон сууцны доод хэсэгт байрлах подволийн нийт хэмжээгээр нэхэмжилж, түүнийг шүүх бүрэн хангахаар шийдвэрлэсэн нь бодит нөхцөл байдалд үндэслээгүй, халаалтын систем байршуулаагүй подвалын халаалтын төлбөрийг нийт нэхэмжлэлийн үнийн дүнгээс салгаагүй хамтад нь хангаж шиидвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-ийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл халаалтын төхөөрөмж байршуулаагүй /халаалт оруулаагүй/ хэсэгт ногдох нэхэмжлэлийн үнийн дүнг нийт үнийн дүнгээс хасаж тооцоогүй, бодит үндэслэлийг Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуульд заасны дагуу тогтоогоогүй зэрэг нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх заалтыг зөрчсөн, холбогдох хууль, дүрэм, журам, стандартыг хэрэглээгүй байх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Б ж ХХК-ийн инженер Уранчимэгийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулж бодит нөхцөл байдлыг тогтоох хүсэлтийг хангаагүй, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гэрчийг оролцуулахаас татгалзаж шийдвэрлэсэн атлаа шүүх өөрөө шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт гэрчүүдийн мэдүүлгийг Уранчимэгт хамааралтайгаар үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулсан, хэргийн оролцогчийг ялгаварлан хандсан, нотлох баримтыг нэг талаас үнэлсэн нь шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгагдсанаар тогтоогдоно. Иймд 137/ШШ2018/00101 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ус, халаалтын үнэ 18499590 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганбат давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа: Манай нэхэмжилсэн 18499490 төгрөгийн төлбөрт подваль буюу машины грашийн халаалтын төлбөр огт ороогүй болно. Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 189-р тогтоолын 5.2-т “орон сууцны барилгын подвальд халаах хэрэгсэл суурилагдсан бол дулааны эрчим хүчний төлбөрийг эзлэхүүнээр тооцно, халаах хэрэгсэлгүй боловч уг подвалыг иргэн, аж ахуйн нэгж эзэмшин ашиглаж байгаа бол тухайн талбайн хэмжигдэхүүнээр тооцно” гэж заасан байдаг. Манай компанид шилжин ирснээс хойш ч авч чадахгүй байгаа. Учир нь хэдэн хүн авна гээд Тогтохбаяртай тохирсон боловч үл хөдлөхийн гэрчилгээг нь гаргаж өгөөгүй болохоор төлөхгүй гэдэг. Грашийн хаалга нь онгорхой, дуртай нэг нь машинаа тавиад байж байдаг газар болсон. Эдийн засгийн чадвар муутай болсон сүүлийн саруудад нь алданги бодогдоогүй. Манайхаас техникийн нөхцөлд дурьдагдсан хүч нэмэгдүүлэх зуухны үнийг шүүхээр хангуулж чадаагүй. Техникийн нөхцөлд дурдагдсан нөхцлүүд хуулиараа заавал биелэгдэх ёстой байдаг. Хуулийн өмнө иргэн, хуулийн этгээд эрх тэгш байх зарчмаар хэрэглэсэн бол төлөх л ёстой. Дулаан цэвэр усаар хангах гэрээ байгуулж халаалт дулаан авсан. Эхэндээ айл өрхөөс цуглуулж төлж байсан, сүүлдээ төлөхөө байсан. айл өрхөөс хураан авсан гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байдаг, хураан авсан төлбөрөө манай дансанд тушаал байтал өөрсдөө хэрэглээндээ зарцуулсан. Тогтохбаяр ч олдохоо байж, утсаа авахаа больсон. Инженер ажилтай Уранчимэг нь нэлээн эртнээс цалингаа өгөхгүй байгаа болохоор одоо надад хамаагүй, би ажлаасаа халагдсан гэдэг болсон. Өр нь улам нэмэгдээд зарим айл нь өр болохоо байлаа гээд манай дансанд шууд хийж эхэлсэн. Манай компани ч айлуудын хийсэн төлбөрийг шүүж эцсийн дүнгээс нь хасалт хийсэн байгаа. Уг нь бүх байраа борлуулаад үл хөдлөхийн гэрчилгээтэй, СӨХ-ийг нь байгуулаад манай компанид тоолуураа эцсийн заалтыг тулган төлбөр тооцоогоо хийж дуусгаад хүлээлгэн өгөх ёстой юм. Эцэст нь сум орон нутгийн удирдлага, ТУЗ-ийн шаардлага, оршин суугчдын хүсэлтээр аргагүй хүлээн авсан гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Подвалийн халаалтын төлбөр буюу машины гражийн халаалтын төлбөр огт ороогүй байгаа, үүнийг дараа нь жичдээ нэхэмжилнэ. Манай зүгээс ойлголцьё гэж зөндөө санал тавьсан. Шүүхийн эвлэрүүлэн зуучлалаар ороод хугацаа тохироод эвлэрэх болсон. Сүүлдээ Тогтохбаяр зугатаад алга болоод, утсаа ч авахаа больсон. Инженер Уранчимэг гэдэг хүн нь эртнээс цалингаа өгөхгүй байна, одоо надад хамаагүй би ажлаасаа халагдсан над руу битгий яриад бай гэдэг болсон. Манайд оршин суугчид удаа дараа хандаад бид ТУЗ болон сумын ЗДТГ-тай уулзан байдлыг танилцуулсан. Айл өрхүүд ч хандсан байсан. Б ж ХХК-ийн захирал Тогтохбаяр нь алга болсон учраас ТУЗ болон сумын удирдлагын хүсэлтээр хүлээн авахаас аргагүй болсон. Энэ байрыг бариад дулаанд холбуулахын тулд ийм хэмжээний зуухыг зайлшгүй Ч Б ХХК-д хүлээлгэж өгөх ёстой гэсэн техникийн нөхцөл дээр заагдсан байдаг гэв.
Хариуцагч Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 онд өөрийнхөө газар дээр барилга барих гээд Б ж ХХК-тай гэрээ байгуулаад байшин барьсан. Манай байгууллагаас 14 айл байгаа, бусад нь өөр айлууд байгаа. Зуухны талаар Ч Б ХКК-тай байгуулсан гэрээ, хэлцэл, тохироо байхгүй гэв.
ХЯНАВАЛ:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бусаас маргаанд холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцээгүй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Ч Б ХХК нь 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Б ж ХХК-д холбогдуулан хэрэглээний ус, халаалтын төлбөрт 18499590 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албыг хамтран хариуцагчаар татан оролцуулж, мөн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж /хх-176/ БЗИУ-100 зуухны үнэ 35000000 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжилжээ.
Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариуцагч Б ж ХХК нь техникийн нөхцлийг Замын-Үүд боомт дахь ХМХАнд олгосон тул хэрэглээний ус, дулааны төлбөрийг хариуцахгүй гэж,
Хариуцагч Замын-Үүд боомт дахь ХМХА нь Б ж ХХК-тай байгуулсан “Орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” нь 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр барилгыг улсын комисс хүлээж авсанаар дуусгавар болсон, энэ өдрөөс хойш Б ж ХХК-тай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, Б ж ХХК нь байрыг дангаараа зарж борлуулж оршин суугчидтай гэрээ хэлцлийг дангаараа хийсэн тул хэрэглээний ус, халаалтын төлбөрийг хариуцах үндэслэлгүй гэж, БЗИУ-100 зуухны үнэ 35000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд техникийн нөхцөлд зуухыг манай байгууллага хариуцах талаар заагаагүй, техникийн нөхцлийн үргэлжлэх хугацаа 2015 онд дуусгавар болсноор техникийн нөхцөл хүчингүй болсон гэж тус тус маргажээ.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч Ч Б ХХК нь нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн буюу БЗИУ-100 зуухны үнэ 35000000 төгрөг гаргуулах тухай шаардлагын үндэслэлээ тодорхойлоогүй, мөн уг нэхэмжлэлийг хариуцагч нарын хэнд холбогдуулан гаргасан нь тодорхойгүй байхад тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Замын-Үүд боомт дахь ХМХАнд холбогдуулан гаргасан гэж дүгнэж, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ зохигчдын хооронд үүрэг үүсээгүй гэсэн атлаа нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэсэн агуулгаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүйн гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 118 дугаар зүйлд нийцээгүй байна.
Энэ нь нэхэмжлэгч Чандманьбадрал ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж /хх-176/ БЗИУ-100 зуухны үнэ 35000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлдээ хариуцагчийг нэрлэн заагаагүй ч анхан шатны шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагч нарт буюу Замын-Үүд боомт дахь ХМХАны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхболдод 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр, хариуцагч Б ж ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Оюумаад 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тус тус гардуулсан өгсөн.
Улмаар шүүх 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс дээрх нэхэмжлэлийн талаар тодруулаагүй атлаа хариуцагч Б ж ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Оюумаагаас гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлдээ БЗИУ-100 зуухны үнэ 35000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг зөвхөн Замын-Үүд боомт дахь ХМХАнд холбогдуулан гаргасан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 6 дугаар зүйлийн 6.1-д заасан талуудын шүүхэд мэдүүлэх эрхийг болон мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзнэ.
Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд дээрх хүсэлт шийдвэрлэх ажиллагааны дараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг БЗИУ-100 зуухны үнэ 35000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Замын-Үүд боомт дахь ХМХАнд холбогдуулан гаргасан талаар хэлсэн байх боловч нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлоогүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.
Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд хүлээн авч хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулж өгсөн атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэр хангаагүй гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасан хэргийг хэрэгсэхгүй болгох журмыг зөрчсөн.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох, хуулийн 117 дугаар зүйлд заасан хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн өөр өөр үр дагавартай бөгөөд шүүх нэгэнт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэр хангаагүй гэж үзсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох нь нэхэмжлэгчийн хувьд бүрдүүлбэрийг ханган дараа дахин нэхэмжлэл гаргах эрх нь хэвээр үлдэх ба харин нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тохиолдолд энэ талаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийг хангасан нэхэмжлэлийг хүлээн авч, хариуцагчид гардуулах, улмаар тухайн нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан зохигчдын тайлбар, нотлох баримтанд тулгуурлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын мэтгэлцээнийг хэрэгжүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцэх юм.
Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч болон хариуцагч Б ж ХХК-ийн хооронд “Дулааны эрчим хүч, цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах” гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн атлаа маргаанд холбогдох Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан зохицуулалтыг хэрэглээгүй, хариуцагч Б ж ХХК-ийг сууц өмчлөгч гэж дүгнэн Иргэний хуулийн 147 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн, БЗИУ-100 зуухны үнэ 35000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо хуулийг хэрэглээгүй алдаа гаргасан мөн хариуцагч Б ж ХХК-аас итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Оюумаад олгосон итгэмжлэлийг эх хувиар нь хэрэгт хавсаргаагүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Харин хариуцагч Б ж ХХК-аас гаргасан давж заалдсан гомдлын хувьд шинээр нотлох баримт гаргах хүсэлтийг өмнө гаргах бололцоотой байсан боловч гаргаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй, мөн халаалтын үнийг тооцож нэхэмжилсэн нийт талбайн хэмжээний хувьд анхан шатны шүүхэд энэ талаар мэтгэлцээгүй тул энэхүү давж заалдсан гомдол үндэслэлгүй байна.
Эдгээр үндэслэлээр хариуцагч Б ж ХХК-ийн “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” тухай агуулга бүхий давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 137/ШШ2018/00101 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдэврлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн төлөөлөгч Ч.Тогтохбаяраас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 250448 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Г.ТЭГШСУУРЬ
Н.БАТЧИМЭГ