Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2020/ДШМ/015

 

Д.Г, Д.Ж нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Уламбаяр, Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогч Н.А

Хохирогчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч нарын өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/11 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Г, шүүгдэгч нарын өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Г, Д.Ж нарт холбогдох эрүүгийн 1914003770255 дугаартай хэргийг 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Д.Г, 1982 оны 02 дугаар сарын 28-нд Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй,

Монгол Улсын иргэн,  Д.Ж, 1966 оны 05 дугаар сарын 17-нд Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй,

Д.Г нь Д.Жтай бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Хүрээлмарал сумын 3 дугаар багийн нутаг сумын Шар чулуу гэх газар Н.А зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

 Д.Ж нь Д.Гтой бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Хүрээлмарал сумын 3 дугаар багийн нутаг сумын Шар чулуу гэх газар эхнэр Н.А гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Д.Г, Д.Ж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч  Д.Гыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд,  Д.Жыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гыг нэг мянга таван зуун /1500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр, шүүгдэгч Д.Жыг нэг мянган /1000/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, ******* нар нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 205.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч Д.Гоос 4.645.033, Д.Жаас 545.033 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Н.Ад олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Н.Аын гэмтлийн талаар бичигдсэн 1 ширхэг СД, томографикийн 2 ширхэг зургийг хохирогч Н.Ад буцаан олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, ******* нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Г гаргасан давж заалдах гомдолдоо: Д.Г би өөрийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч, тухайн болсон үйл явдлыг нэг бүрчлэн тодорхой үнэн зөвөөр мэдүүлсээр ирсэн билээ. Гэвч хохирогч Н.Аын мэдүүлэгт үндэслэгдэж ах Д.Ж мөн хамт шийтгэгдсэн юм. Үнэн хэрэгтээ бол би Н.Атай ноцолдож байхад намайг түүнээс салган авсан хүн нь миний ах Д.Ж юм. Тус шүүхээс Д.Г намайг 1.500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн. Энэхүү торгуулийн ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулж болохоор тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Г, Д.Ж нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, торгох ялаар тус тус шийтгэсэн. Өмгөөлөгч миний бие шүүгдэгч Д.Жыг энэ хэрэгт гэм буруутай гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Д.Ж нь хохирогч Н.Аын мэдүүлснээр түүний биед халдсан гэж үзвэл энэ нь гэмтэл учраагүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил гэж үзэж байгаа. Мөн улсын яллагч нь шүүгдэгч Д.Гыг 800 нэгжээр, Д.Жыг 750 нэгжээр торгох саналыг шүүхэд гаргасан ба шүүх улсын яллагчийн энэхүү саналыг харгалзахгүйгээр ял оногдуулсан нь хуульд үл нийцсэн байна. Иймд хуульд зааснаар хэргийг бүхэлд нь хянаж, шүүгдэгч Д.Жы үйлдэлд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Д.Г, Д.Ж нарын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр Д.Жы үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учраагүй гэдэг нь тогтоогдсон. Д.Г нь хохирогчийг зодож байхад салгасан түүний үйлдэл нь гэмт хэргийн шинжийг агуулаагүй тул Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулах боломжтойг анхаарч үзнэ үү гэв.

Хохирогч Н.А тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед Д.Г, Д.Ж нар нь хоёулаа нийлж намайг санаатай зодсонд гомдолтой байна. Би одоо хүртэл хохирч байгаа гэв.

Хохирогчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. Шинжээчийн дүгнэлтээр хохирогчид үүссэн гэмтлүүд нь тогтоогдсон, өмнө нь ямар нэгэн өвчингүй байсан гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* гаргасан дүгнэлтэндээ: Өмгөөлөгч *******ын гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтлүүд тогтоогдсон байдаг. Мөн шүүхээс тухайн шүүгдэгчид ямар хэмжээний ял оногдуулах эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Харин шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг ямар хугацаанд төлж барагдуулах эсэх талаар хугацаа тогтоох хэсэг нь үндэслэлтэй байна. Иймд давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгуулах дүгнэлтийг гаргаж байна гэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгч болон шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлүүдэд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл шүүгдэгч Д.Ж нь Д.Гтой бүлэглэн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 3 дугаар багийн нутаг болох “Шар чулуу” гэх газарт өөрийн гэртээ эхнэр Н.А зодож биед нь тархи доргилт, зүүн хацар, бугалга, баруун чамархай, бугалга мөрөнд нь цус хуралт, дух баруун бугалганд зулгаралт, хацар чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд буюу хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан хохирогч Н.А /хх-ийн 1-р хавтас 7-10, 125-129-р тал/, гэрч Д.Баярсайхан /хх-ийн 1-р хавтас 23-25, 134-136-р тал/, Б.Дагиймаа /хх-ийн 1-р хавтас 28-30, 137-р тал/ нарын мэдүүлэг, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн №298 дугаар болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №1096 дугаар шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

Прокуророос Д.Жы гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Учир нь: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинж нь хохирогчийг байнга бие махбодь, сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн хүчирхийлэлд оруулах, зодох, харгис хэрцгий хандах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгөө эзэмшин ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах үйдлээр тодорхойлогдох бөгөөд уг гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд үйлдлийг нь “...байнгын...” шинжтэй байна гэж хуульчлан тогтоосон.

Д.Ж нь эхнэр Н.А Д.Гын хамт зодон гэмтэл учруулсан шалтгаан нь гэрт ирсэн хүнд цай, хоол хийж өгсөнгүй гэх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд байнгын сэтгэл санаа эдийн засаг болон бие махбодь, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд прокуророос Д.Жыг бүлэглэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх хэргээс “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн...” гэсэн үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нарыг “...гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна...” гэж дүгнэсэн атлаа Д.Жыг гэм буруутайд тооцохдоо “...бүлэглэж...” гэх хүндрүүлэх нөхцөл байдлыг нь орхигдуулан “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж...” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь буруу байх тул энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн зарим заалтуудад зарим шүүгдэгчийн овгийн эхний үсгийг орхигдуулах, Иргэний хуулийн зүйл заалтыг бичихдээ буруу бичсэн зэрэг алдаа зөрчил гаргасныг холбогдох заалтуудад өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Д.Гоос хохирогч Н.Аын мэдүүлэгт үндэслэн ах Д.Жыг шийтгэсэн нь үндэслэлгүй байна, торгуулийн ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэж, шүүгдэгч нарын өмгөөлөгч *******аас шүүгдэгч Д.Жыг энэ хэрэгт гэм буруутай гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул түүний үйлдэлд эрх зүйн дүгнэлт хийж холбогдох хэргийг Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлүүлэх, анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан саналаас дээгүүр ял оногдуулсан нь хуульд нийцээгүй гэж тус тус давж заалдах гомдол гаргажээ.

Хохирогч Н.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан, давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчоор өгсөн удаа дараагийн мэдүүлгүүд, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны №298, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны №1096 дугаар шинжээчийн дүгнэлтүүд зэргээс үзвэл шүүгдэгч Д.Жыг уг гэмт хэрэгт оролцоогүй гэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон үйлдэл холбогдлыг нь Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэн гаргах бөгөөд ингэхдээ мөн хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8.1-8.8-д заасан асуудал тус бүрээр хэлэлцэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхийг хэлэлцэн шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний хүрээнд ял оногдуулан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв байна. Иймд шүүгдэгч Д.Гын гаргасан давж заалдах гомдлын нэг дэх үндэслэл болон шүүгдэгч нарын өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Харин шүүгдэгч Д.Гын давж заалдах гомдлын хоёр дахь үндэслэлийг хүлээн авч анхан шатны шүүхээс оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэх төлүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулийн 2 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “хохирол” гэсний дараа “санаатай” гэж өөрчлөлт оруулсан, энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхгүй тул хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн

39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага

болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/11 дүгээр шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт “...Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Жд бүлэглэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгосугай...” гэсэн нэмэлт заалт оруулж,

Шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...шүүгдэгч  Д.Гыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд,  Д.Жыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай...” гэснийг “...шүүгдэгч  Д.Г,  Д.Ж нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай...” гэж өөрчилж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын дараа “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г, Д.Ж нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай...” гэсэн 31 дэх заалт нэмж оруулж,

4 дэх заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 205.1..., ...Жаргалсайхайн” гэснийг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1..., “...Д.Ж...” гэж,

6, 7, 10 дугаар заалтуудад “...*******...” гэснийг “...Д.Ж...” гэж тус тус өөрчилж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Гын гаргасан давж заалдах гомдлын 1 дэх хэсэг болон шүүгдэгч нарын өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА

ШҮҮГЧИД Г.УЛАМБАЯР

Б.БОЛОР-ЭРДЭНЭ