Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2026/0216

 

“Э” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Зоригтбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч М.Цэцэгмаа

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 158/2026/0013/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч “Э” ХХК-иас Булган аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, улсын ахлах байцаагч Н.Б-д тус тус холбогдуулан “Булган аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын улсын байцаагчийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0074821 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 28 дугаар зүйлийн 28.1.11, 29 дүгээр 29.2, 29.8-д заасныг тус тус баримтлан “Э” ХХК-иас Булган аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, улсын ахлах байцаагч нарт холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

            “... 3.1. Эрх бүхий албан тушаалтан болох улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээсэн байдаг. Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч талаас дээрх авто тээврийн осол нь үйлдвэрлэлийн осол биш талаар маргасан. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг шалгах ажиллагаа хийгээгүй, энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй талаар тайлбар гаргасан. Гэтэл нэхэмжлэгчийг үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан гэх үндэслэлээр шийтгэл ногдуулсан байдаг. Хэрвээ дээрх зам тээврийн осол нь үйлдвэрлэлийн осол биш бол нуун дарагдуулсан гэх үндэслэлээр шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй буюу зөрчлийн шинжийг огт агуулахгүй байна. Гэтэл анхан шатны шүүх энэ талаар огт дүгнэлт хийгээгүй бөгөөд үйлдвэрлэлийн осол мөн эсэх талаар ажиллагаа хийгээгүй дээрх үйлдэл нь захиргааны актыг ойлгомжгүй, тодорхой бус болгож байхад ойлгомжтой тодорхой байна гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй байна. Үйлдвэрлэлийн осол мөн байж нуун дарагдуулсан гэх дараагийн асуудал яригдах байтал, үйлдвэрлэлийн осол мөн эсэхийг нь дүгнэхгүйгээр нуун дарагдуулсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрвээ дээрх зам тээврийн осол нь үйлдвэрлэлийн осол биш бол үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан гэх үйлдэл байхгүй юм.

            Анхан шатны шүүхийн шийдвэрт ... компанийн ажилтан нь ... өөрийн хариуцсан ажил үүргийг гүйцэтгэж явсан нь нотлогдож байна гэж дүгнэсэн байна. Ажилтан М.М нь манайд ХАБ ажилтан, борлуулалтын менежерээр ажиллаж байсан бөгөөд зөрчлийн хэрэг шалгах ажиллагааны явцад гэрчүүд болоод гомдол гаргасан М.М нь ямар ажил хийж явсан талаар өөр өөрөөр мэдүүлдэг. Ажилтан ямар ажил үүрэг гүйцэтгэж явсан тухайн ажил үүрэг нь Булган-Эрдэнэт явах маршрут хамаарах эсэх талаар шалгах ажиллагааг хийж, захиргааны актад тодорхой, ойлгомжтой болоогүй байдаг. Гэтэл анхан шатны шүүх өөрийн ажил үүргийг гүйцэтгэж явсан нь нотлогдсон гэжээ яг ямар ажил үүргийг гүйцэтгэж явсан гэдэг нь тодорхойгүй байхад тодорхойгүй байдлаар дүгнэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэрийг тодорхойгүй болгож байна. Мөн анхан шатны шүүх ... ажил үүргийнхээ дагуу ажлын байранд ирж ажиллаад буцаж явах замдаа зам тээврийн осолд орсныг ... гэжэээ. Гэтэл яг ямар ажил үүрэг гүйцэтгэж явсан нь огт тодорхойгүй байхад ажил үүрэг гүйцэтгэж явсан гэж тодорхойлсон нь үндэслэлгүй байна. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 1.9 дэх хэсэгт “Осолдогч ажтил, үүргээ гүйцэтгэж байх үедээ зам тээврийн осолд орсон тохиолдолд ослыг замын цагдаагийн байгууллагын дүгнэлтийн дагуу хөдөлмөрийн улсын байцаагч судалж баталгаажуулна гэсэн ба замын цагдаагийн газрын дүгнэлтээр ... М.М нь Тоёото Приус маркийн **-** О** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна гээд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авсан байдаг. Дээрх осол нь ажилтан М.М нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн буюу хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөн үйлдэл тул үйлдвэрлэлийн осолд хамаарахгүй юм.

            3.2. “Э” ХХК-ийн ажилтан байсан М.М нь Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар анх өргөдөл гаргасан бөгөөд осол гаргасан ажилтан юм. Дээрх ажилтан нь 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд “Э” ХХК, М.Ж нарт холбогдуулан “Э” ХХК-д ажиллаж байхдаа 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үйлдвэрлэлийн осолд өртсөн болохыг шүүхийн журмаар тогтоолгох, гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Мөн хавтаст хэрэгт авагдсан М.М-ын Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт гаргасан өргөдөлд ... ослын улмаас тухайн үед М.М хөдөлмөрийн чадвараа ямар хувь хэмжээгээр алдсаныг нөхөн тогтоолгож өгнө үү. Түүнчлэн ... учирсан хохирол буюу эмчилгээний зардлыг “Э” ХХК-иас гаргуулах, Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлд заасны дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг ажил олгогчоор нөхөн төлүүлэх зохих ёсоор шийдвэрлэж өгнө үү ... гэх агуулга бүхий гомдлыг гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасан. Тухайн маргаан үйлдвэрлэлийн осол мөн эсэх асуудлаас шалтгаалж М.М-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөхөөр байх тул шүүх М.М-ыг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх оролцуулах ёстой байсан. Үйлдвэрлэлийн осол мөн эсэхээс хамаарч М.М өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх асуудал яригдах юм.

            Иймд Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

            2.1. Булган аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын улсын ахлах байцаагч Н.Б-ын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0074821 дугаартай шийтгэлийн хуудсаар “Э” ХХК-ийг үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулсан гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 2-д заасны дагуу 4 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

            2.2. Гомдол гаргагчаас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “Булган аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын улсын байцаагчийн 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0074821 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг шүүхэд гаргасан бөгөөд гомдлын шаардлагын үндэслэлээ “...М.М гэдэг хүн нь тухайн үед “Э” ХХК-д ажиллаж байсан, энэ хүн нь Булган аймгаас Орхон аймаг руу явах замд зам тээврийн осол гаргаад түүндээ зөрчлийн хариуцлага хүлээсэн байдаг. Ийм учраас үйлдвэрлэлийн осолд хамаарахгүй, ... М.М гэдэг хүн ямар ажил эрхэлж яваад зам тээврийн осолд орсон талаар тогтоохгүйгээр шийтгэлийн хуудсыг бичсэн, ...чиглэл, маршрут, цаг хугацаа гэдэг нөхцөл байдлыг  улсын байцаагч тодорхой болгох ёстой байсан, ... тухайн хүн компанид ямар ажил хийдэг байсныг тодорхой болгох байсан, ... тодорхой бус нөхцөл үүсээд байна, энэ акт тодорхойгүй, ойлгомжгүй байна...” гэж тайлбарлан маргасан байна.

            2.3. Анхан шатны шүүх “... нэхэмжлэгч компанийн ажилтан /М.М/ нь ажил үүргийнхээ дагуу ажлын байранд ирж ажиллаад буцаж явах замдаа зам тээврийн осолд орсныг “үйлдвэрлэлийн осол”-д тооцох ба уг ослыг ажил олгогчоос бүртгэж, судлах үүргийг хуулиар хүлээсэн. Гэтэл ажил олгогч нь уг ослын талаар осол болсон даруйд мэдсэн атлаа хуульд заасан арга хэмжээг аваагүй буюу ослыг судлан бүртгэх үүргээ хэрэгжүүлээгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй...” гэж дүгнэн гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

            2.4 Учир нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д ““үйлдвэрлэлийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг” ойлгоно, 29 дүгээр зүйлийн 29.2-т “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй бөгөөд осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна” гэж, мөн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1-д “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно”, 2.1.5-д “ажилтан ажилдаа ирэх, буцах зам (ажлын байр болон ажилтай холбоотой сургалтад оролцож байгаа, түр болон байнга оршин суудаг газар, голлон хооллодог, цалингаа авдаг газрын хооронд)-даа бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед” гэж тус тус заасан.

            2.5. Хавтаст хэрэгт авагдсан “Э” ХХК болон М.М нарын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээнээс үзэхэд ажилтан М.М нь анхнаасаа Орхон аймгийн ........... сум, ............. 3-**** тоот хаягт оршин суудаг байсан болох нь тогтоогдож байхаас гадна тухайн осол болдог өдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Э” ХХК-ийн Булган аймгийн Булган суманд баригдаж буй барилгын талбайд очиж ажил үүргээ гүйцэтгэн, улмаар ажлаас тарж гэртээ харих замдаа зам тээврийн осолд орсон болох нь баримтаар болон гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

            2.6. Өөрөөр хэлбэл, “Э” ХХК-ийн ажилтан М.М-ын хувьд Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.5-д заасан үйлдвэрлэлийн осолд орсон байхад ажил олгогч “Э” ХХК нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэмд тус тус заасан үйлдвэрлэлийн ослыг судлах бүртгэх үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэн Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 2-т “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг нуун дарагдуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу шийтгэл оногдуулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                         ШҮҮГЧ                                                       Э.ЗОРИГТБААТАР

 

 

              ШҮҮГЧ                                                       М.ЦЭЦЭГМАА

 

 

              ШҮҮГЧ                                                       Г.БИЛГҮҮН