Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 31

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Д.Ганцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Батжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: А.Адъяасүрэн, Р.Шүрхүү,

Шүүгдэгч: Л.Даваасүрэн, С.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тарган овогт Лувсанпүрэвийн Даваасүрэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гомбо овогт Самдангийн Доржготов нарт холбогдох 201615000306 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 10 дугаар сарын 07-ны өдөр

Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, халх, эрэгтэй, тусгай дунд
боловсролтой, жолооч мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг “Хангамж” хүнс барааны захад харуул ажилтай, ам бүл-1, Өвөрхангай
аймгийн Арвайхээр сумын 3 дугаар баг 8-15 тоотод оршин суух, улсаас авсан
гавъяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн 1991 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 19 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 1992 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тэнсэн суллагдаж, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 150 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Тарган овогт Лувсанпүрэвийн Даваасүрэн /РД: ЙЭ65100718/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай

аймгийн Тарагт суманд төрсөн, 31 настай, халх, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Бурхи 9 дүгээр баг 9-
106 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Гомбо овогт Самдангийн Доржготов /РД: ЙМ86111337/

Шүүгдэгч Л.Даваасүрэн нь согтуурсан үедээ 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 15 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт шороон зам дээр Н.Батхүүгийн эзэмшлийн 56-44 ӨВА улсын дугаартай “Портер” маркийн автомашин жолоодож явах үедээ Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангана. Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, 2 дугаар бүлгийн 2.7.а дахь заалт “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 1 дүгээр бүлгийн 1.5 дугаар заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас бүрэн бус тээврийн хэрэгслээр Б.Санчирдуламыг дайрч амь насыг нь хохироосон,

Шүүгдэгч С.Доржготов нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 15 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоциклийг жолоодож хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.11, 1 дүгээр бүлгийн 1.5 дугаар заалт, 2 дугаар бүлгийн 2.2.а дахь заалт, 2 дугаар бүлгийн 2.5.а заалт, 6.3 дахь заалт, 2 дугаар бүлгийн 2.5.б заалт, 2 дугаар бүлгийн 2.5.в заалт, 2.3.в дэх заалтуудыг тус тус зөрчин зам тээврийн осол гарган уг мотоцикльд зорчиж явсан Г.Санчирдулам, С.Баасандорж нарыг хэргийн газарт орхин зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч Л.Даваасүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Тухайн хэрэг гардаг өдөр би машинаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр хорооноос нүүрс ачаад явж байсан. Эрчмийн ард зогсож байтал машины ард төмөр хугарах шиг болохоор нь би машинаа шууд унтраагаад машинаас буусан. Тэгээд би эмнэлэг, цагдаа дуудсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүгдэгч С.Доржготов шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэрээсээ гараад ахынх руу явж байтал хүүхэд тэвэрсэн эмэгтэй хүн даллаад байхаар нь очтол таксинд явах уу? эмнэлэг явна гэхээр нь аваад явсан. Эрчмийн урд талын нарын засмал дээр цэнхэр өнгийн машин зогссон байсан. Би ард нь очоод зогсож байтал портер машин ухраад мөргөсөн. Тухайн үед би айж сандарсандаа болоод хэргийн газраас зугтаасан. Зугтаасан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Хохирогч О.Даваасүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр манай охин Г.Санчирдулам бид 2 Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 3-08 тоотод гэртээ байсан. Би 10 цагийн орчимд хүнсний талон авах гээд захиргаа яваад тэр хавиар ажил хөөцөлдөж байгаад 12 цагийн орчимд Г.Санчирдуламтай утсаар ярихад би зах явж байна, аниа дуудаад байна гэж надад хэлсэн. Ингээд 14 цагийн орчимд дахин ярихад эмээгийндээ байна гэж хэлсэн. Тэгээд би 15 цагийн орчимд утас руу нь залгахад утсаа авахгүй байсан. Тухайн үед би гайхаад шууд ээж рүү ярихад ээж бас утсаа авахгүй байсан. Тэгтэл манай хүргэн Өлзийбаяр над руу 15 цагийн орчимд залгаад Г.Санчирдулам эмнэлэг дээр сэхээнд байна гэнээ, та оч гэж хэлэхээр нь би эмнэлэг дээр очтол эмч нар нь Г.Санчирдулам ухаангүй байна гээд оруулахгүй байсан. 2016 оны 10 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 00-01 цагийн орчимд Г.Санчирдулам ухаан ороод машин такси барихгүй яав даа, эсвэл ахтайгаа явж байсан бол ийм байдалд орохгүй байх байсан. Тэр мотоцикль их хурдтай яваад байсан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би хэний буруугаас болоод ийм зүйл болсон бэ? гэж асуухад Г.Санчирдулам би ердөөсөө энэ талаар санахгүй байна. Ямар ч байсан тэр мотоцикль хурдан яваад байсан гэж хэлээд цааш юм ярьж чадахгүй байсан. /1-р хх-ийн 36-37 хуудас/

Гэрч Д.Энхжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би энэ хэргийн талаар санаж байна. Уг хэрэг 2016 оны 10 дугаар 24-ний өдөр 15 цаг өнгөрч байхад болсон. Би тухайн үед “Хархорин өргөө” хотхон руу өөрийн хүргэн хүү Энхтайваны гэрт очоод буцаад гэртээ ирээд нэгж авахаар манай гэрийн урд талд байх дэлгүүр явахаар гарсан.  Дэлгүүрийн нэрийг санахгүй байна. Ямар ч байсан ягаан төмөр дээвэртэй улаан тоосгон дэлгүүр байдаг. Намайг гэрээсээ гарах үед осол болоогүй байсан. Би дэлгүүрээс мобикомын 1000 нэгж аваад 1 минут орчим болчихоод дэлгүүрийн үүдээр гараад 2-3 алхаж байтал юм мөргөлдөх шиг чанга чимээ гарсан. Ингээд би дэлгүүрээс хойшоо алхаад дэлгүүрийн хашааны булан тойроод хартал эрчмийн урд цэнхэр өнгийн портер машин ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй хойшоо ухарч байсан. Тэр үед тухайн портер машины жолооч талын хойд дугуй буюу ертөнцийн зүгээр баруун талын хойд дугуйны ард талд нь эмэгтэй хүн толгой хэсэг нь ертөнцийн зүгээр зүүн тийш хөл хэсэг нь баруун тийш, цээж хэвлий хэсэг нь дугуйны харалдаа байрлалтай, өөрөө баруун гар талаараа машин руу буюу дугуй руу харсан байрлалтай байсан. Тэгээд тухайн эмэгтэй орилоод байсан. Яг юу гэж хэлж орилж байсан талаар сайн сонсоогүй. Тэгтэл нөгөө портер машин хойшоогоо ухраад байсан ба бүр тулаад ирэхээр нь би үзэж чадахгүй буцаад дэлгүүрийн тийш зугтаасан. Яг дэлгүүрийн тийш эргээд зугтаах мөчид буюу хашааны булан тойртол тухайн портер машин өндөр юман дээгүүр гарч байгаа юм шиг чимээ гаргасан. Тэгэхээр нь би яг тухайн эмэгтэйг дайрчихлаа гэж бодоод хашааны буланд 2 минут шахуу сандарч зогсож байгаад эргээд осол болсон газар руу хашааны булан тойроод хартал тухайн эмэгтэй портер машины жолооч талын хойд дугуй буюу ертөнцийн зүгээр баруун талын хойд, урд дугуйны яг дунд хэсэг зайд нь мөн толгой нь зүүн зүгт, хөл хэсэг нь баруун зүгт, цээж хэвлий хэсэг нь дугуйтай харалдаа байсан. Гэхдээ ухаан алдсан байдалтай байсан. Тухайн үед портер машины жолооч буугаад ирчихсэн хүүхдийг тэврээд машиныхаа зүүн талын хойд хэсэгт зогсож байсан. Харин машинд цуг явж байсан жолоочийн насны эрэгтэй хүн ухаан алдсан эмэгтэйг портер машины баруун талын хойд, урд хоёр дугуйны голын зай хэсгээс гаргасан бололтой яг харалдаа хоёр суган доогуур нь гараа оруулсан байдалтай гэдсээр нь тэврээд сэгсрээд зогсож байсан. Тухайн эмэгтэй ухаан орохгүй байсан ба эмнэлэг /103/ ирээд аваад явсан. Портер машин хөндлөн засмал зам руу гарах гээд өгсөж байхдаа хүч алдаад хойшоо ухарч байсан ба эмнэлэг /103/ ирээд явсны дараа портерийн жолооч цагдаа ирэхээс өмнө анх осол болсон газраас өөр байрлалд машинаа байрлуулсан. Анх осол болсон газар нь тухайн цагдаа нарыг ирэхэд машин байрлаж байсан газраас ертөнцийн зүгээр баруун урд зүгт 2-3 метрийн зайд осол болсон машины кабин хэсэг хойд зүг рүү харсан байрлалтай байсан. Харин мотоцикль хүүхэд хоёр хаана ямар байрлалтай байсныг нь хараагүй. Миний хажуугаар мотоцикльтой хүн давхиад л өнгөрсөн. Надаас өөр хүн энэ хэрэг болохыг харсан эсэх талаар мэдэхгүй байна. Надаас өөр яг тэр хавьд хүн байхгүй байсан. Машин ч яваагүй байсан. Тухайн мотоцикль жолоодож явсан хүн бага зэрэг бор царайтай биедээ таарсан махтай, 30 орчим насны, бордуу өнгөтэй дээлтэй эрэгтэй хүн байсан. Мотоциклийн өнгийг хараагүй. Хятад улсад үйлдвэрлэсэн мотоцикль байх шиг байсан. Портерийн жолооч намайг яваад очиход мотоцикль ирээд мөргөчихлөө гэж хэлсэн. Өөр юм яриагүй. Эмнэлэг, цагдаа хоёрыг бол тухайн портерийн жолооч дуудах гэсэн боловч дугаарыг нь мэдэхгүй байх шиг байсан. Харин нэг цагаан машинтай хүн ирээд эмнэлэг, цагдаа дуудаж өгсөн. Ингээд эмнэлэг /103/ 30 орчим минутын дараа ирсэн. Би тухайн үед их сандарсан байсан болохоор айгаад хэлж чадаагүй. Мөн хүмүүс гэрч болвол бараг өөрөө гэмт хэрэг хийчихсэн юм шиг болдог, нөгөө талаас хэрэг хийсэн хүмүүс их заналхийлдэг гэж сонссон болохоор айгаад тухайн үедээ хэлж чадаагүй. Тэгтэл нөгөө машинд дайруулсан эмэгтэй миний нүдэнд харагдаад би 3 шөнө нойргүй хоносон. Тэгээд л сэтгэлд их хэцүү байсан болохоор энэ талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгөхөөр шийдсэн. Надад нөлөөлсөн гадны дарамт шахалт байхгүй. Би өөрийн харсан зүйлээ л үнэнээр нь ярьж байна. Осол болсон газар миний амьдарч байгаа гэрээс зүүн тийш 25 орчим метр зайтай, нэгж худалдаж авсан дэлгүүрээс хойд зүг рүү 40 орчим метр зайтай, мөн дэлгүүрийн хашааны хойд булангаас дэлгүүрийн хаалга хүртэл 10 метр орчим, машин хүртэл 30 метр орчим зайтай байсан. /1-р хх-ийн 39-40 хуудас/

Гэрч Л.Мижиг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би тухайн хэрэг гардаг үед мэдээгүй. Тэр үед би Тарагт суманд мал дээрээ байж байгаад 10 дугаар сарын 26-ны өдөр манай эхнэр Д.Энхжаргал надад энэ талаар хэлсэн. Манай зүүн талд цэнхэр өнгийн портер машины араас мотоцикльтой хүн мөргөөд мотоциклийн ард сууж явсан эмэгтэй газар унаад босч чадахгүй байх үед нь тухайн портер машин ухарч байгаад дээгүүр нь дайрчихсан. Би хэрэг гарах үед цагдаа надаас асуусан ч айгаад сандарсан байсан болохоор хэлж чадаагүй. Одоо тэр эмэгтэй бодогдоод унтаж чадахгүй 4-5 хонолоо. Би яах уу гэж асуусан. Тэгэхээр нь би цагдаад яг болсон бодит байдлыг л үнэнээр нь хэл гэж хэлсэн. Тэгээд л цагдаад манай эхнэр үнэнээр нь хэлье гэж бодоод цагдаад мэдүүлэг өгсөн. Ер нь орой унтаж чадахгүй нойр нь хулжаад, урьд байдгаасаа өөр байгаад байсан. /1-р хх-ийн 41 хуудас/

Гэрч Б.Лхагвадорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Лхагвадоржийн Баасандорж 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймгийн төв дээр төрсөн. Миний дунд хүү байгаа юм. Тухайн осол болох үед манай хүүхэд ханиад хүрээд БОЭТ-д шарлага хийлгэж байсан. Би эхнэр хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сум 9 дүгээр багт байх буурай ээжийнд ирчихсэн байсан. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр талийгаач Г.Санчирдулам нь манай хүүхдийг аваад ханиад нь хүндэрчихсэн байна. Би эмнэлэг ороод шарлага хийлгэчихээд ирье гэж хэлээд 15 цаг болж байхад байхаа Л.Баасандоржийг аваад гарсан. Ингээд л удалгүй осолд орсон талаар нь эмнэлгээс ээжид нь мэдэгдсэн. Тухайн үед манай хүүхдийн биед зүүн шанаа, зүүн гарын тохой хэсэгт шалбарсан байсан. Одоо ямар нэгэн гэмтэл байхгүй. Өнгөц гэмтэл байсан болохоор бүр мөсөн эдгэрсэн. Биеийн байдал зүгээр байгаа. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /1-р хх-ийн 42 хуудас/

Гэрч Ж.Алтансүх мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Энэ тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг бөгөөд 2003 онд Улаанбаатар хотын “Да хүрээ” захаас шинээр нь 2.600.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тэгээд 10 жил ойр зуурын хэрэгцээнд ашиглаж байгаад 2013 онд “Хангамж” төвийн захирал Н.Батхүүд 1.300.000 төгрөгөөр зарж байсан. Гэхдээ Н.Батхүүгийн нэр дээр шилжүүлж өгөөгүй. /1-р хх-ийн 43 хуудас/

Гэрч Д.Батцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгаас өөрийн нөхөр хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ирсэн. Тухайн үед хүүхэд ханиадтай байсан ба БОЭТ-д шарлага хийлгэж байсан. Хэрэг гардаг өдөр манай нөхрийн эмээгийнд бид хэд цугларсан байсан бөгөөд Г.Санчирдулам нь тухайн үед тэнд байсан. Ингээд Санчирдулам миний дунд хүү Л.Баасандоржийг шаруулахаар 15 цагийн орчимд БОЭТ рүү авч явсан. Үүнээс хойш 1 цаг орчмийн дараа ээж рүү залгаад танай охин Г.Санчирдулам осолд орсон байна гэхэд нь эмнэлэг дээр очиход талийгаач орон дээр ухаангүй байсан ба манай хүүхдийн дух, зүүн гар нь шалбарсан байсан. Тухайн үед эмч үзээд томографикийн зураг авахуул гэхээр нь зураг авахуулаад Батсайхан эмчээр уншуулахад ямар нэгэн гэмтэл байхгүй, зүгээр байна гэж хэлсэн. Манай хүүхдийн бие ямар нэгэн зовиур шаналал байхгүй байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /1-р хх-ийн 44 хуудас/

Гэрч Н.Батхүү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Портер автомашин манай компаны эзэмшилд байдаг. Тухайн машиныг 2013 онд Алтансүх гэх найзаасаа 1.300.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Нэр дээрээ шилжүүлээгүй. Тухайн үед би мөнгийг нь л өгсөн. “Хангамж” худалдааны төвийн уурын зууханд нүүрс зөөх, хог хаях гэх мэтээр ашигладаг. /1-р хх-ийн 46-47 хуудас/

Гэрч Т.Дашдорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр түргэн тусламжийн төвийн /103/ жолоочоор ажиллаж байсан. Тухайн үед 15 цагийн орчимд 1 дүгээр хороо эрчмийн урд талд осол гарч хүн гэмтсэн талаар ээлжинд гарч байсан сувилагч надад хэлээд би Баярмагнай эмчийн хамт хэргийн газар очсон. Хэргийн газар очиход нэг эмэгтэй хүн газар хэвтчихсэн орилоод байж байсан. Тэнд З эрэгтэй хүн 2-3 насны орчим хүүхэд, осолд орсон эмэгтэй бүгд 5 хүн байсан. Тухайн эмэгтэй Портер машины баруун талын хойд урд дугуйны гол хавьд машинаас нэг метр зайд толгой нь баруун урагшаа харсан байдалтай өвдөөд байна гэж орилоод хэвтэж байсан. Ямар нэгэн цус нөж гоожсон зүйл байхгүй байсан. Хүүхдийг нэг эрэгтэй хүн тэвэрчихсэн хүүхдийн зүүн шанаа, дух хэсэг нь шалбарчихсан байсан. /1-р хх-ийн 48 хуудас/

Гэрч А.Түмэндэлгэр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Г.Санчирдулам анх элэгний бяцралтай их хүнд ирсэн. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хагалгаанаас гарч ирэхэд биеийн байдал нь их хүнд байсан ба 26-ны өглөө хэвлийдээ цус алдаж шоконд орсон. Эмч нарын зөвлөгөөнөөр давтан хагалгаанд орохыг хойшлуулсан. Ингээд биеийн байдал нь хүнд байж байгаад 2016 оны 10 дугаар сарын 29-нд нас барсан. /1-р хх-ийн 49 хуудас/

Гэрч Д.Мөнхбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би өдрийг нь санахгүй байна. Тэр өдөр би Батхүүгийн барилга дээр ачигч хийж байсан. Тэгээд тэнд ажиллаж байсан нэрийг нь мэдэхгүй инженер намайг зах дээр цемент ач гэхээр нь зах дээр цемент зарж байсан залуутай хамт 30 шуудай цементийг Портер маркийн машин дээр ачсан. Тэгэхэд 2 удаа 30, 30 ширхэгээр нь ачиж Батхүүгийн барилга дээр ганцаараа буулгасан. Портер маркийн автомашиныг Даваа гэх хүн бариад явж байсан. Тэгээд 2 удаа зах дээрээс цемент аччихаад Батхүүгийн барилга дээр буулгасны дараа Даваа нь надад хоёулаа айлын хашаанаас нүүрс ачъя гэхээр нь би явахгүй гэтэл би даргад чинь хэлчихсэн байгаа гэхээр нь би Даваатай цуг яваад 1 дүгээр хороонд байх айлд очиж нүүрс ачилцсан. Нүүрс ачилцаад дуусахад хэдэн цаг болж байсныг мэдэхгүй, өдөр л байсан. Тэгээд нүүрсээ ачиж дуусаад 1 дүгээр хорооноос гараад эрчмийн урд талд хойшоо өгсөөд зах руу чиглэлтэй явж байтал Портерийн араас түг хийгээд явчихсан. Тэгтэл Даваа араас юм ирээд мөргөчихлөө гээд машинаас буусан. Би машинаас буух гэтэл миний сууж байсан талын хаалга нь онгойгоогүй. Хаалгатайгаа ноцолдсоор байгаад 5 минут болсон байх. Машины хаалга нь онгойхгүй байсан. Тэгээд машинаас буухад Даваа жоохон хүүхэд тэвэрчихсэн, нэг хүүхэн газар хажуу тийшээ хараад хэвтэж байсан. Тэгэхээр нь би очиж тэр хүүхнийг тэвэрч аваад өвдгөө түшүүлж хэвтүүлээд эмнэлэг дуудсан. Тэгээд түргэн 5-10 минутын дараа ирээд тэр хүүхнийг хүүхэдтэй нь цуг аваад явсан. Тэр хаалганы бариулын оронд даавуу хийсэн байсан болохоор хаалга нь онгойхгүй байсан. Тэгээд хаалга нь онгойхгүй 5 орчим минут болсон. Даваасүрэн жаахан хүүхэд тэвэрчихсэн, би тэр эмэгтэйг өвдгөн дээрээ түшүүлээд байж байтал дээлтэй эрэгтэй хүн мотоцикль түрээд урагшаа явж байсан. Тэгээд бид нарын өмнөөс ирэхэд тэр хүнээс наад мотоцикльтой хүнээ таних уу гэхэд таксинд явдаг хүн байна гэсэн. Тэгж байтал түргэн болон цагдаа хүрээд ирсэн. /1-р хх-ийн 57-58 хуудас/

Шинжээч Ц.Халтархүү мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Г.Санчирдуламын биед учирсан эдгээр гэмтлүүдээс баруун шанаа, дух, баруун өвдөг, ар нурууны зулгаралт, баруун бугалга, баруун тохой, зүүн шууны цус хуралт зэрэг гэмтэл нь мотоциклиос унаж шидэгдэх үед нэг түвшинд байрлах эрхтэнүүд олноороо гэмтэх ямар ч боломжгүй. Тээврийн хэрэгслийн дугуйнд дайрагдсан үед эдгээр гэмтлүүд үүсэх бүрэн боломжтой. Элэг, баруун бөөрний няцралын улмаас дотуур цус алдаж, хурц цус алдалтын шокийн улмаас нас барсан. /1-р хх-ийн 68-69 хуудас/

Шинжээч Х.Түмэнбайлдагч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Дүгнэлтэнд заасан заалтуудыг зөрчсөн. Цагдаагийн ахлах дэслэгч Б.Нямдашийн гаргасан зам тээврийн ослын актанд зааснаар уг осол нь 56-44 ӨВА улсын дугаартай цэнхэр өнгийн Портер машин жолоодож явсан Л.Даваасүрэн нь ухрах үйлдэл хийсэн гэсэн. Уг тээврийн хэрэгсэл ухрах үйлдэл хийгээгүй бөгөөд харин тоормосны бүрэн бүтэн байдал хангалтгүйн улмаас хүч алдаж ухарснаас болж уг зам тээврийн осол гарсан байна. Уг тээврийн хэрэгсэл бүрэн бус байсан учраас энэ зам тээврийн осол гарсан. Бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцоход тухайн ачаа ачсан байсан, жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, мөн тухайн замын нөхцөл байдал өгсүүр газар байсан нь тус тус нөлөөлж энэ осол гарсан. /1-р хх-ийн 78-79 хуудас/

Шинжээч М.Мөнхбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 56-44 ӨВА улсын дугаартай цэнхэр өнгийн Портер машин нь тормос бүрэн бус, урд тормос маш муу, ачаа ачаагүй үедээ өөрийгөө арайхийж л зогсоох боломжтой. Хойд тормос хөндий барихгүй, наклад маш муу, кардан, сигнал байхгүй. Замын хөдөлгөөнд оролцох ямар ч боломжгүй тээврийн хэрэгсэл юм. “Тийм” гэсэн тэмдэглэгээ нь тухайн тээврийн хэрэгслийн сөрөг талыг харуулж байгаа. Өөрөөр хэлбэл уг машины тухайн хэсэгт байгаа эд ангиуд тэнцэхгүй гэсэн тэмдэглэгээ юм. Мотоцикль нь улсын дугаар аваагүй болохоор угаасаа хөдөлгөөнд оролцох боломжгүй. Үзлэг хийгдэх боломжгүй. /1-р хх-ийн 92 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 79 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Т.Санчирдуламын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр элэг, бөөр, дэлүүний няцрал, элэгний баруун дэлбэнгийн бяцрал, хагалгааны дараах байдал, баруун бөөрний бяцрал, сээрний Зш нугалмын арын сэртэнгийн хугарал, бүсэлхийн Зш нугалмын хугарал, орчны эдийн цус хуралт, баруун далны бяцарсан хугарал, баруун шанаа, дух, баруун өвдөг, ар нурууны зулгаралт, баруун бугалга, баруун тохой, зүүн шууны цус хуралт, хэвлийн хэсгийн хагалгааны шарх бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх магадлалтай. Уг гэмтлүүд нь зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой. Эмчилгээ үйлчилгээ стандартын дагуу хийгдсэн байна. Талийгаач нь олон эрхтэний няцралын улмаас олон эрхтэний дутагдлаар нас барсан байна. /1-р хх-ийн 61-64 хуудас/

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 108 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэнд:... 56-44 ӨВА улсын дугаартай Х.Портер маркийн автомашин жолоодож явсан

жолооч Л.Даваасүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар
бүлгийн 2.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа
энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн
хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангана. Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны
систем, жолооны механизм ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг
хориглоно”, 2 дугаар бүлгийн 2.7.а дахь заалт “Согтууруулах ундааны зүйл
хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 1 дүгээр бүлгийн 1.5
заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй,
хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”-ыг
тус тус зөрчсөн байна. Улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикль жолоодож явсан
С.Доржготов нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.11
дэхь заалт “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй,
хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна”, 1 дүгээр бүлгийн 1.5 заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгүйгээр зорчино”, 2 дугаар бүлгийн 2.2.а дахь заалт “Замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”, 2 дугаар бүлгийн 2.5.а заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдсон бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, 2 дугаар бүлгийн 2.5.б заалт “Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн тусламж үзүүлж түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтны овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, 2 дугаар бүлгийн 2.5.в заалт “Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”, 2 дугаар бүлгийн 2.3.в дэх заалт “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”-уудыг тус тус зөрчсөн байна. 56-44 ӨВА улсын дугаартай Х.Портер маркийн автомашин жолоодож явсан жолооч Л.Даваасүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож явсан. Мөн улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикль жолоодож явсан С.Доржготов нь тээврийн хэрэгсэл хоорондын зайг баримталж яваагүйгээс зам тээврийн осол гарсан байна. Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Нямдашийн гаргасан актанд зам тээврийн ослын үед жолооч С.Даваасүрэнгийн тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ ухрах үйлдэл хийгээгүй, ачаатай, бүрэн бус тээврийн хэрэгсэл нь өөд газарт хүч алдаж ухарсан байх үндэслэлтэй байна. /1-р хх-ийн 74 хуудас/

Өвөрхангай аймгийн Авто тээврийн төвийн 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/295 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэнд:... 56-44 ӨВА улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болно. LXYPCKL01C0327166 арлын дугаартай цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль нь улсын дугаар, үйлдвэрлэгчээс олгосон гаалийн бичиг байхгүй тул үзлэг хийх боломжгүй, уг тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцох боломжгүй болно. /1-р хх-ийн 86-88 хуудас/

Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаартай сэтгэцийн шинжээч эмчийн дүгнэлтэнд:... Үзүүлэгч С.Доржготов нь гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон дараа нь ямар нэгэн сэтгэцийн эмгэгээр өвчлөөгүй болно. Үзүүлэгч С.Доржготов нь гэмт хэрэг үйлдэгдсэн үе буюу 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчлөөгүй байсан. Үзүүлэгч С.Доржготов нь болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч, хэрэг хариуцах чадвартай. /1-р хх-ийн 105 хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам орчны байдал, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хураан авах тогтоол, тэмдэглэл, түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд мөрийн баримтаар тооцогдсон тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №11/50, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №01/06 дугаартай үнэлгээний тайлангууд, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, шүүгдэгч Л.Даваасүрэн, С.Доржготов нарын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирлын мөнгө хүлээн авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирлын баримтууд, хохирогч О.Даваасүрэнгийн шүүгдэгч Л.Даваасүрэнгээс 6.000.000 төгрөг, шүүгдэгч С.Доржготовоос 5.000.000 төгрөг тус тус авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт /1-р хх-ийн 1-19, 21-32, 110-115, 119-123, 133-134, 136-137, 139-140, 142, 227, 243-245, 2-р хх-ийн 13-33 хуудас/

Шүүгдэгч Л.Даваасүрэнгийн хувийн байдлыг тогтоосон 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 145, 148 хуудас/

Шүүгдэгч С.Доржготовын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1236 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 146-147 хуудас/

Шүүгдэгч Л.Даваасүрэнгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 149 хуудас/

Шүүгдэгч С.Доржготовын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 150 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Л.Даваасүрэн нь согтуурсан үедээ 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 15 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт шороон замд иргэн Н.Батхүүгийн эзэмшлийн 56-44 ӨВА улсын дугаартай “Портер” маркийн автомашин жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2 дугаар бүлгийн 2.3 “Жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно”, 2 дугаар бүлгийн 2.7.а “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж иргэн Б.Санчирдуламыг дайрсны улмаас амь нас нь хохирсон,

Шүүгдэгч С.Доржготов нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 15 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Мустанг-5” маркийн мотоцикль жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2 дугаар бүлгийн 2.2.а “Замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх”, 2 дугаар бүлгийн 2.3.в “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 2 дугаар бүлгийн 2.5.а “Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх”, 2 дугаар бүлгийн 2.5.б “Зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, 2 дугаар бүлгийн 2.5.в “Зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх”, 6 дугаар бүлгийн 6.3 “Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна”, 8 дугаар бүлгийн 8.11 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Даваасүрэн, С.Доржготов нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч О.Даваасүрэнгийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн орчимд манай хүргэн Өлзийбаяр над руу залгаад Г.Санчирдулам эмнэлэг дээр сэхээнд байна гэнээ, та оч гэж хэлэхээр нь би эмнэлэг дээр очтол эмч нар нь Г.Санчирдулам ухаангүй байна гээд оруулахгүй байсан. 2016 оны 10 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 00-01 цагийн орчимд Г.Санчирдулам ухаан ороод тэр мотоцикль их хурдтай яваад байсан гэж надад хэлсэн. Гэрч Д.Энхжаргалын би энэ хэргийн талаар санаж байна. Уг хэрэг 2016 оны 10 дугаар 24-ний өдөр 15 цаг өнгөрч байхад болсон. Намайг дэлгүүрээс гараад 2-3 алхаж байтал юм мөргөлдөх шиг чанга чимээ гарсан. Би дэлгүүрээс хойшоо алхаад дэлгүүрийн хашааны булан тойроод хартал цэнхэр өнгийн портер машин ертөнцийн зүгээр хойноосоо урагш чиглэлтэй хойшоо ухарч байсан. Тэр үед тухайн портер машины жолооч талын хойд дугуй буюу ертөнцийн зүгээр баруун талын хойд дугуйны ард талд нь эмэгтэй хүн толгой хэсэг нь ертөнцийн зүгээр зүүн тийш хөл хэсэг нь баруун тийш, цээж хэвлий хэсэг нь дугуйны харалдаа байрлалтай, өөрөө баруун гар талаараа машин руу буюу дугуй руу харсан байрлалтай байсан. Тэгтэл нөгөө портер машин хойшоогоо ухраад байсан ба бүр тулаад ирэхээр нь би үзэж чадахгүй буцаад дэлгүүрийн тийш зугтаасан. Яг дэлгүүрийн тийш эргээд зугтаах мөчид буюу хашааны булан тойртол тухайн портер машин өндөр юман дээгүүр гарч байгаа юм шиг чимээ гаргасан. Осол болсон газар руу хашааны булан тойроод хартал тухайн эмэгтэй портер машины жолооч талын хойд дугуй буюу ертөнцийн зүгээр баруун талын хойд, урд дугуйны яг дунд хэсэг зайд нь мөн толгой нь зүүн зүгт, хөл хэсэг нь баруун зүгт, цээж хэвлий хэсэг нь дугуйтай харалдаа байсан. Ухаан алдсан байдалтай байсан. Миний хажуугаар мотоцикльтой хүн давхиад л өнгөрсөн. Тухайн мотоцикль жолоодож явсан хүн бага зэрэг бор царайтай биедээ таарсан махтай, 30 орчим насны, бордуу өнгөтэй дээлтэй эрэгтэй хүн байсан. Хятад улсад үйлдвэрлэсэн мотоцикль байх шиг байсан. Портерийн жолооч намайг яваад очиход мотоцикль ирээд мөргөчихлөө гэж хэлсэн. Гэрч Л.Мижигийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр манай эхнэр Д.Энхжаргал манай зүүн талд цэнхэр өнгийн портер машины араас мотоцикльтой хүн мөргөөд мотоциклийн ард сууж явсан эмэгтэй газар унаад босч чадахгүй байх үед нь тухайн портер машин ухарч байгаад дээгүүр нь дайрчихсан гэж надад хэлсэн. Гэрч Б.Лхагвадоржийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр талийгаач Г.Санчирдулам нь манай хүүхэд Л.Баасандоржийг ханиад нь хүндэрчихсэн байна, би эмнэлэг ороод шарлага хийлгэчихээд ирье гэж хэлээд 15 цаг болж байхад гарсан. Ингээд л удалгүй осолд орсон талаар нь эмнэлгээс ээжид нь мэдэгдсэн. Гэрч Ж.Алтансүхийн энэ тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр бүртгэлтэй байдаг. 2013 онд “Хангамж” төвийн захирал Н.Батхүүд 1.300.000 төгрөгөөр зарж байсан. Гэрч Д.Батцэцэгийн Санчирдулам миний дунд хүү Л.Баасандоржийг шаруулахаар 15 цагийн орчимд БОЭТ рүү авч явсан. Үүнээс хойш 1 цаг орчмийн дараа ээж рүү залгаад танай охин Г.Санчирдулам осолд орсон байна гэхэд нь эмнэлэг дээр очиход талийгаач орон дээр ухаангүй байсан. Гэрч Н.Батхүүгийн Портер автомашин манай компаны эзэмшилд байдаг. Нэр дээрээ шилжүүлээгүй. Гэрч Т.Дашдоржийн би 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баярмагнай эмчийн хамт хэргийн газар очсон. Хэргийн газар очиход нэг эмэгтэй хүн газар хэвтчихсэн орилоод байж байсан. Тухайн эмэгтэй Портер машины баруун талын хойд урд дугуйны гол хавьд машинаас нэг метр зайд толгой нь баруун урагшаа харсан байдалтай өвдөөд байна гэж орилоод хэвтэж байсан. Гэрч А.Түмэндэлгэрийн Г.Санчирдулам нь анх элэгний бяцралтай их хүнд ирсэн. 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хагалгаанаас гарч ирэхэд биеийн байдал нь их хүнд байсан. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өглөө хэвлийдээ цус алдаж шоконд орсон. Ингээд 2016 оны 10 дугаар сарын 29-нд нас барсан. Гэрч Д.Мөнхбаярын портер маркийн автомашиныг Даваа гэх хүн бариад явж байсан. Даваа нь надад хоёулаа айлын хашаанаас нүүрс ачъя гэхээр нь би Даваатай цуг яваад 1 дүгээр хороонд байх айлд очиж нүүрс ачилцсан. Тэгээд нүүрсээ ачиж дуусаад 1 дүгээр хорооноос гараад эрчмийн урд талд хойшоо өгсөөд зах руу чиглэлтэй явж байтал Портерийн араас түг хийгээд явчихсан. Тэгтэл Даваа араас юм ирээд мөргөчихлөө гээд машинаас буусан. Би машинаас буух гэтэл хаалга нь онгойгоогүй. Хаалгатайгаа ноцолдсоор байгаад 5 минутын дараа машинаас буухад нэг хүүхэн газар хажуу тийшээ хараад хэвтэж байсан. Тэгэхээр нь би очиж тэр хүүхнийг тэвэрч аваад өвдгөө түшүүлж хэвтүүлээд эмнэлэг дуудсан. Дээлтэй эрэгтэй хүн мотоцикль түрээд урагшаа явж байсан. Шинжээч Ц.Халтархүүгийн эдгээр гэмтлүүдээс баруун шанаа, дух, баруун өвдөг, ар нурууны зулгаралт, баруун бугалга, баруун тохой, зүүн шууны цус хуралт зэрэг гэмтэл нь мотоциклиос унаж шидэгдэх үед нэг түвшинд байрлах эрхтэнүүд олноороо гэмтэх ямар ч боломжгүй. Тээврийн хэрэгслийн дугуйнд дайрагдсан үед эдгээр гэмтлүүд үүсэх бүрэн боломжтой. Элэг, баруун бөөрний няцралын улмаас дотуур цус алдаж, хурц цус алдалтын шокийн улмаас нас барсан. Шинжээч Х.Түмэнбайлдагчийн тээврийн хэрэгсэл бүрэн бус байсан учраас энэ зам тээврийн осол гарсан. Бүрэн бус тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцоход тухайн ачаа ачсан байсан, жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, мөн тухайн замын нөхцөл байдал өгсүүр газар байсан нь тус тус нөлөөлж энэ осол гарсан. Шинжээч М.Мөнхбаатарын 56-44 ӨВА улсын дугаартай цэнхэр өнгийн Портер машин нь тормос бүрэн бус, урд тормос маш муу, ачаа ачаагүй үедээ өөрийгөө арайхийж л зогсоох боломжтой. Хойд тормос хөндий барихгүй, наклад маш муу, кардан, сигнал байхгүй. Замын хөдөлгөөнд оролцох ямар ч боломжгүй тээврийн хэрэгсэл юм. Мотоцикль нь улсын дугаар аваагүй болохоор угаасаа хөдөлгөөнд оролцох боломжгүй. Үзлэг хийгдэх боломжгүй гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 79 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 108 дугаартай, Өвөрхангай аймгийн Авто тээврийн төвийн 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 01/295 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтүүд, Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаартай сэтгэцийн шинжээч эмчийн дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам орчны байдал, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хураан авах тогтоол, тэмдэглэл, түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд мөрийн баримтаар тооцогдсон тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №11/50, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн №01/06 дугаартай үнэлгээний тайлангууд, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, шүүгдэгч Л.Даваасүрэн, С.Доржготов нарын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Л.Даваасүрэн, С.Доржготов нарын үйлдсэн гэмт хэргүүд нь тус тус тогтоогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Л.Даваасүрэн, С.Доржготов нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Л.Даваасүрэнг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон, шүүгдэгч С.Доржготовыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Даваасүрэн, С.Доржготов нар нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч О.Даваасүрэнгийн шүүгдэгч Л.Даваасүрэнгээс 6.000.000 төгрөг, шүүгдэгч С.Доржготовоос 5.000.000 төгрөг тус тус авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байна. 

Шүүгдэгч Л.Даваасүрэн, С.Доржготов нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдлыг тус тус харгалзан үзэж, тэдэнд шүүх ял оногдуулсан болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 56-44 ӨВА улсын дугаартай цэнхэр өнгийн, Портер маркийн автомашин, №0237976 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг хууль ёсны эзэмшигч иргэний хариуцагч Н.Батхүүд, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хууль ёсны эзэмшигч С.Доржготов нарт тус тус буцаан олгож, шүүгдэгч Л.Даваасүрэнгийн ¹472844 дугаартай “ВС” ангилалын жолооны үнэмлэхийг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж,

Шүүгдэгч Л.Даваасүрэнгийн эзэмшлийн АК1566953 серийн дугаартай 5.000 төгрөгийн дэвсгэрт, шүүгдэгч С.Доржготовын эзэмшлийн АJ6482796 серийн дугаартай 5.000 төгрөгийн дэвсгэрт тус тус 1 ширхэгийг битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч нарт тус тус буцаан олгож,

Шүүгдэгч Л.Даваасүрэн, С.Доржготов нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О.Даваасүрэнд хохирол төлбөрт шүүгдэгч Л.Даваасүрэн 6.000.000 төгрөг, шүүгдэгч С.Доржготов 5.000.000 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Тарган овогт Лувсанпүрэвийн Даваасүрэнг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон, шүүгдэгч Гомбо овогт Самдангийн Доржготовыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Л.Даваасүрэнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч С.Доржготовт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Л.Даваасүрэнд оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч С.Доржготовт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.   

4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Л.Даваасүрэнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5.Шүүгдэгч Л.Даваасүрэн, С.Доржготов нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О.Даваасүрэнд хохирол төлбөрт шүүгдэгч Л.Даваасүрэн 6.000.000 төгрөг, шүүгдэгч С.Доржготов 5.000.000 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай. 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 56-44 ӨВА улсын дугаартай цэнхэр өнгийн, Портер маркийн автомашин, №0237976 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэгийг хууль ёсны эзэмшигч иргэний хариуцагч Н.Батхүүд, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хууль ёсны эзэмшигч С.Доржготов нарт тус тус буцаан олгож, шүүгдэгч Л.Даваасүрэнгийн ¹472844 дугаартай “ВС” ангилалын жолооны үнэмлэхийг Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Л.Даваасүрэнгийн эзэмшлийн АК1566953 серийн дугаартай 5.000 төгрөгийн дэвсгэрт, шүүгдэгч С.Доржготовын эзэмшлийн АJ6482796 серийн дугаартай 5.000 төгрөгийн дэвсгэрт тус тус 1 ширхэгийг битүүмжилсэн 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч нарт тус тус буцаан олгосугай.  

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Л.Даваасүрэнд оногдуулсан 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар, шүүгдэгч С.Доржготовт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзсугай.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч Л.Даваасүрэн, С.Доржготов нарын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг дурьдсугай.

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар иргэний хариуцагч иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

11.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Даваасүрэн, С.Доржготов нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Х.ОТГОНЖАРГАЛ