Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2022/00680

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2020/01516 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1310 дугаар магадлалтай,

 

*******гийн нэхэмжлэлтэй

Нью авангард хаус ХХК-д холбогдох

 

Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эд хөрөнгөнд учирсан хохирол 64,952,019 төгрөг, цахилгааны төлбөр 1,605,312 төгрөг, хөрөнгийн үнэлгээний төлбөр 400,000 төгрөг, өмгөөллийн зардал 3,000,000 төгрөг, нийт 69,957,331 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Батхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч *******гаас******* ХХК-д холбогдуулан Гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс эд хөрөнгөнд учирсан хохирол 64,952,019 төгрөг, цахилгааны төлбөр 1,605,312 төгрөг, хөрөнгийн үнэлгээний төлбөр 400,000 төгрөг, өмгөөллийн зардал 3,000,000 төгрөг, нийт 69,957,331 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2020/01516 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч******* ХХК-аас 64,952,019 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,005,312 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 507,737 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 482,710 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1310 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2020/01516 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн, шүүхээр тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

4.1. Шийдвэрийн үндэслэх хэсэгт байшинг хүлээн авснаас хойш 5 сарын хугацаанд ашигласан тул гүйцэтгэгчийн буруугаас гал гараагүй гэж маргасан. Гэвч дээрх шинжээчийн дүгнэлтээр цахилгаан холболт буюу хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын улмаас гал гарсан нь тогтоогдож байна..., ...үүнээс гадна зохигч цахилгааны холболтыг далд хэлбэрээр хийгдсэн талаар маргахгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-т зааснаар ажлын доголдлын талаар мэдэх боломжгүй. Иймд Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2-т зааснаар хариуцагчийн гүйцэтгэсэн ажлыг чанарын болон биет байдлын доголдолгүй гэж үзэх үндэслэлгүй. Эдгээрээс хариуцагч нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан үүргээ биелүүлээгүй, улмаар ажлын үр дүнгийн доголдолтой буюу шаардлага хангахгүй шийдлээр цахилгааны холболт хийсний улмаас гал гарч, нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнээд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагчаас 64,952,019 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг бүхэлд нь эс зөвшөөрч хяналтын журмаар хянан хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр гомдол гаргаж байна.

Хариуцагч нэхэмжлэгчийн байшинд цахилгааны холболтыг чанар стандартад заасан материал, шийдлээр хийсэн бөгөөд нэхэмжлэгч хүлээж авснаас хойш 5 сар гаруй хугацааны туршид өндөр ачаалалтай хэрэгсэлээр цахилгаан хэрэглэж байсан талаар маргаагүй, хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэлийн шаардлагаар 1,605,312 төгрөгийн цахилгаан хэрэглэж байснаар тогтоогддог. Хэрэв чанарын болон биет байдлын доголдолтой байсан бол гал түймэр өмнө нь гарах байсан учир хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас хохирол учирсэн гэж үзэх үндэслэл байхгүй.

4.2. Шийдвэрийн үндэслэл болгосон 2019.07.16-ны өдрийн 06/13 дугаартай шинжээчийн дүгнэлт нь С.Доржжигжидийн мэдүүлгийг үндэслэн хялбар авалцан асах материалд цахилгаан холболтыг хит ойр холбосон, цахилгаан утас болон автоматад масс үүссэний улмаас гал гарсан байх магадлалтай гэж дүгнэсэн нь хөдөлбөргүй үнэн гэж үзэх боломжгүй, хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч гадаа их салхитай байсан, цахилгааны гадна холболтонд масс үүссэн гэдэг тайлбартай зөрчилддөг.

Өөрөөр хэлбэл ашиглалтанд хүлээн авахдаа цахилгаан холболтыг лампир тааз, хөөсөнцөр дулаалгатай ойр байсан гэж нэхэмжлэгчээс гомдол гаргаж байгаагүй, цахилгааны утас муу гэж гомдол гаргаж байгаагүй учир хариуцагчийн ажлын доголдол гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгчийн материалаар хийж гүйцэтгэсэн, харин гал гарсан шалтгаан нь гадаа хүчтэй салхи гарсан, гаднаас орж ирсэн холболтонд масс үүссэн гэж үзэх үндэслэлтэй байгаа нь хариуцагчийн буруутай үйлдлээс гал гарсан гэж үзэхгүй. Хэрэв дотор холболттой холбоотой масс үүссэн бол буудах чимээ гарахаас өмнө автомат бууж галын аюул гарахгүй. Харин ч автоматыг гадна гарч буулгасан гэдэг мэдүүлгээр хариуцагчийн анх холбосон цахилгаан холболтыг нэхэмжлэгч хариуцагчид мэдэгдэлгүй өөрчилсөн, үүнтэй холбоотой гал түймэр гарсан гэж үзэхээр байна.

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 352 дугаар зүйлийн 352.1-д зааснаар тайлбарлан шийдвэрлэж байгааг шүүх хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлж, хууль буруу тайлбарлан, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

6. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...Нью авангард хаус ХХК-тай 2018.04.26-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээгээр барилгын ажил гүйцэтгүүлсэн. Хариуцагч нь гэрээгээр тохирсон ажлыг хугацаанд нь дуусгаагүй, манай гэр бүл амьдрах өөр байргүй тул 2018.11.10-ны үеэр арга буюу халаалтгүй байранд орсон. Халаалт тавьж өгнө гээд амжаагүй тул 6 ширхэг тень залгаж халаасан. 2019.04.19-ний өдөр угаалгын өрөөний таазнаас гэнэт гал гарч, байшин болон байшин дотор байсан гэрийн бүх эд зүйл, хувцас шатсан. Галын дүгнэлтээр ...уг гал түймэр хялбар авалцан асах материалд цахилгаан холболтыг хэт ойр холбосон, цахилгааны утас болон автоматад масс үүссэний улмаас гар гарсан байх магадлалтай... гэж тогтоосон. Хариуцагч нь байшингийн цахилгааны ажлыг хийхдээ холбогдох дүрэм, журмын дагуу хийгээгүйгээс эд хөрөнгө, эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирлоо. Уг үйл явдал нөхрийн минь сэтгэл санаа, бие эрхтэнд хүндээр тусаж, 10 хоногийн дараа нас барсан. Хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр барилгыг 51,610370 төгрөг, гэр доторх эд хөрөнгийг 13,341,649 төгрөгөөр үнэлсэн, үнэлгээний ажлын хөлсөнд 400,000 төгрөг төлсөн, байшинд халаалт тавиагүйгээс тенээр халааж 5 сар хүрэхгүй хугацаанд цахилгааны үнэд 1,605,312 төгрөгийг төлж хохирсон тул нийт 66,957,331 төгрөг дээр өмгөөлөгчийн ажлын хөлс 3,000,000 төгрөгийг нэмж 69,957,331 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч: ...Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан талаар маргахгүй, гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэж өгсөн, нэхэмжлэгч нь барилгыг хүлээж аваад 5 сар амьдарсны дараа гал гарсан, энэ хугацаанд цахилгааны утастай холбоотой гомдол гаргаж байгаагүй, 5 сарын турш цахилгаан хэрэглэж байсан тул хэрэглээний улмаас гал гарсан гэж үзэж байна. Цахилгааны утас шаардлага хангахгүй байсан бол өвлийн туршид 6ш тень залга байхад мэдэгдэх ёстой, гэтэл ямар нэг гомдол гарч байгаагүй тул барилгын гүйцэтгэгч компанитай холбоотой хор уршиг гэж үзэхээргүй, магадгүй байгалийн хүчин зүйл, цахилгааны урт хугацааны хэрэглээний улмаас учирсан гэмтэл гэж үзэхээр байна. ...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.... гэж маргажээ.

 

7. Зохигчийн хооронд 2018.04.26-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, тус гэрээгээр гүйцэтгэгч буюу хариуцагч 162 м.кв дүнзэн байшинг 2018.08.27-ны өдөр хүртэлх хугацаанд барьж хүлээлгэж өгөх, захиалагч буюу нэхэмжлэгч ажлын хөлсөнд 40,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон, гэрээний дагуу захиалагч ажлын хөлсийг бүрэн төлсөн, барилга хугацаандаа бүрэн дуусаагүй боловч өвөл болсонтой холбогдуулан захиалагч 2018 оны 11 дүгээр сараас шалны халаалтгүй байхад 6 ширхэг халаагуур хүлээн авч байрандаа амьдарч эхэлсэн, 2019.04.24-ний өдөр гал гарсны улмаас байшин бүрэн шатаж, доторх эд зүйлийн хамт устсан үйл баримт тогтоогдсон.

 

Гал гарсан шалтгаан нөхцөлийг Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахлах дэслэгч А.Бэх-Очирын 2019.07.16-ны өдрийн дугаар 08/13 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ...уг гал түймэр хялбар авалцан асах материалд цахилгаан холболтыг хэт ойл холбосон, цахилгаан утас болон автоматад масс үүссэний улмаас гал гарсан байх магадлалтай байна. гэж тодорхойлсон, Хөрөнгийн үнэлгээний Эй Жэй Жэй Эм ХХК-ийн 2019.05.27-ны өдрийн Үнэлгээний тайлангаар ...*******гийн өмчлөлийн 72 м.кв хэмжээтэй торхон барилга, хохирогчийн эзэмшиж ашиглаж байсан 23 нэр төрлийн эд хөрөнгө бүгд шатсан болно, үл хөдлөх болон эд хөрөнгийн үнэлгээний зах зээлийн бодит үнэ цэнэ 64,952,019 төгрөг болно гэжээ.

 

8. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд засан ажил гүйцэтгэх, захиалагч нь тус ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг тус тус хүлээнэ, талууд хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд энэ хуульд заасан нийтлэг журам үйлчилнэ гэж Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1-д тус тус зохицуулжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд ...шинжээчийн дүгнэлтээр уг гал түймэр хялбар авалцан асах материалд цахилгаан холболтыг хэт ойр холбосон, цахилгаан утас болон автоматад масс үүссэний улмаас гал гарсан байх магадлалтай гэж гарсан, нэхэмжлэгч нь ажлыг хүлээн авахад цахилгааны мантаж далд хэлбэрээр хийгдсэн байсан тул доголдлыг мэдэх боломжгүй хариуцагчийн гүйцэтгэсэн ажлыг доголдолгүй гэж үзэх үндэслэлгүй, талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2-т ажлын үр дүнгийн талаар 36 сарын дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй гэж зохицуулсан тул байшинг хүлээж авснаас хойш доголдлын талаар гомдол гаргаагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Хариуцагч нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан захиалагчийн өмчлөлд доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, барилгыг бүрэн дуусгаж хүлээлгэж өгөөгүй тул хуулийн 352 дугаар зүйлийн 352.1-д зааснаар хохирлыг хариуцна, ...харин нэхэмжлэгчийн өөрсдийн хэрэглэсэн цахилгааны төлбөр, өмгөөлөгчийн хөлс болон үнэлгээ хийлгэхэд шинжээчид төлсөн төлбөрийг хариуцагч хариуцах үндэслэлгүй гэж дүгнэн, гал түймрийн улмаас учирсан шууд хохирол 64,952,019 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож... шийдвэрлэсэн нь хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад өөрийн эрхийн хүрээнд ...хариуцагч нь захиалагчийн өмчлөлд доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, шаардлага хангахгүй шийдлээр цахилгааны холболт хийснээс гал гарч, нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзсэн үндэслэлээр холбогдох хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн... гэх дүгнэлт хийж, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д нийцсэн байна.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй, 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ гэж зохицуулсан бөгөөд шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлын үндэслэлээ нотлоогүй, хэрэгт энэ талаар баримтгүй, гал гарсан шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй тул ...нэхэмжлэгч нь байшинг ашиглалтад хүлээж авахдаа цахилгаан холболтыг лампир тааз, хөөсөнцөр дулаалгатай ойр байсан гэж гомдол гаргаж байгаагүй, ...5 сар гаруйн хугацааны туршид өндөр ачаалалтай цахилгаан хэрэглэж байсан, цахилгааны утас муу гэж гомдол гаргаж байгаагүй учир хариуцагчийн ажлын доголдлоос гал гарсан гэж үзэхгүй, ...шүүх хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн... талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

 

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

 

10. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2020/01516 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1310 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэлийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэлээс 2020.07.20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 482,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

Б.МӨНХТУЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД