Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 01110

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1987 онд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, өмгөөлөгч ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 08-11а тоотод оршин суух, РЮ87121804 дугаар регистртэй, Цог-Өндөр овогт Ганболдын Түвшинтөгсийн,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1989 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Скайтел” ХХК Хөвсгөл салбарын захирал ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн 02-12 тоотод оршин суух, РЭ89062171 дугаар регистртэй, Шань овогт Ням-Очирын Энхбатад холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 155/2020/00968/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч Г.Түвшинтөгс, хариуцагч Н.Энхбат нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Түвшинтөгс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхөр Н.Энхбаттай 2010 онд танилцан, үерхэж байгаад 2012 онд гэрлэлтээ бүртгүүлж, 6 жил хамт амьдарсан. Энэ хугацаанд 2012 оны 2 дугаар сарын 08-ны өдөр охин Э.Аззаяа төрж, бид аз жаргалтай сайхан амьдарч  байсан. Гэвч сүүлийн жилүүдэд бидний хоорондын харилцаа таарамжгүй болж, 2018 оны 5 дугаар сараас эхлэн одоог хүртэл тусдаа амьдарч байна. Охин Э.Аззаяа миний асрамжид байж, эцэг Н.Энхбат хүүхэддээ хэрэгцээ шаардлагатай зүйлээр туслан, байнга уулзаж, эцгийн үүргээ сайн биелүүлдэг.

Бид эвлэрч цаашид  хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Охин Э.Аззаяаг өөрийн асрамжид авч, эцгээс нь хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно. Эд хөрөнгийн маргаангүй гэв.

Хариуцагч Н.Энхбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Түвшинтөгс бид хоёр 2010 онд танилцан, үерхэж байгаад 2012 онд гэр бүл болж, охин Э.Аззаяа төрсөн. Бид цаашид эвлэрч амьдрах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд гэрлэлтээ цуцлуулна, охин Э.Аззаяаг ээжийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлнө. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.   

Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Түвшинтөгс нь хариуцагч Н.Энхбатад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Гэрлэгчид болох Г.Түвшинтөгс, Н.Энхбат нар 2018 оны 5 дугаар сараас хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Гэрлэгчид нь 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гэр бүл болж, 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтаны бүртгэсэн “Эрэгтэй: РД: рэ89062171, Монгол улсын иргэн, 1989 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, Шань овогт Ням-Очирын Энхбат, эмэгтэй: РД: рю87121804, Монгол улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, Цог-Өндөр овогт Ганболдын Түвшинтөгс нар 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр гэр бүл болсныг 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 68-рт бүртгэж гэрчилгээ олгов” гэх бичилттэй №0177395 Г-68 дугаар гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2012 оны 2 дугаар сарын 08-ны өдөр охин Э.Аззаяа төрсөн болох нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэлийн ажилтаны бүртгэсэн “РД: рю12220849, Шань овогт Энхбатын Аззаяа, эмэгтэй, 2012 оны 2 дугаар сарын 08-ны өдөр Мөрөнд төрснийг ИБМ төрсний бүртгэлд 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр бүртгэж гэрчилгээ олгов...” гэх бичилттэй №0000739684 Г-204 дугаар төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдлоо.

Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон, хүүхдийн санал, бага насны, эхийн хайр халамж зайлшгүй шаардлагатай байдал зэргийг харгалзан 2012 оны 2 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Э.Аззаяаг эх Г.Түвшинтөгсийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ”, 26.2.2-д “Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг Н.Энхбатаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.  

Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.

Охин Э.Аззаяа эх Г.Түвшинтөгсийн асрамжид үлдсэн нь эцэг Н.Энхбатын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа. Өөрөөр хэлбэл охин Э.Аззаяатай эцэг Н.Энхбат хэдийд ч уулзаж дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй.

Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдлаа. 

Иймд Г.Түвшинтөгс, Н.Энхбат нарын гэрлэлтийг цуцалж, охин Э.Аззаяаг эх Г.Түвшинтөгсийн асрамжид үлдээн, хариуцагч Н.Энхбатаас охин Э.Аззаяад сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2012 оны 2 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Э.Аззаяа 08 нас 03 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 206.000 төгрөгийн 50 хувь болох 103.000 төгрөгийг Э.Аззаяад сар бүр эцэг Н.Энхбат төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Э.Аззаяад сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.236.000 төгрөг болж байна.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд авбал зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 34.214 төгрөг, бүгд 104.414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж бүгд 104.414 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:                                                                                                                                

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Цог-Өндөр овогт Ганболдын Түвшинтөгс, Шань овогт Ням-Очирын Энхбат нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 2 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Э.Аззаяаг эх Г.Түвшинтөгсийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 2 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Э.Аззаяаг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Н.Энхбатаас гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Н.Энхбат, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Г.Түвшинтөгс нарт тус тус даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн бүгд 104.414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Энхбатаас улсын тэмдэгтийн хураамж бүгд 104.414 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад, Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА