Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 01198

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотод 1991 онд төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Төв аймгийн Батсүмбэр сумын 6 дугаар багийн 01-13 тоотод оршин суух, НБ91022801 дугаар регистртэй, Улаан хуулар овогт Тэрбишийн Гэрэлмаагийн,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 18-11 тоот /Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороолол, 25 дугаар байр, 52 тоотод түр/-д оршин суух, РЮ91101431 дугаар регистртэй, Цагаан гэрүүд овогт Доржсүрэнгийн Сумьяабазарт холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 155/2020/00935/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай, нэхэмжлэгч Т.Гэрэлмаа нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Гэрэлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхөр Д.Сумьяабазартай 2012 онд танилцан, үерхэж байгаад 2014 оны 8 дугаар сараас хамтран амьдарч, гэрлэлтээ бүртгүүлсэн. Энэ хугацаанд 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр охин С.Буянзаяа төрсөн бөгөөд бидний үзэл бодол, зан ааш хоорондоо тохирохгүй болж, хэрэлдэж маргалдан, Д.Сумьяабазар архи ууж, намайг зодон, өөр эмэгтэйтэй уулзах болсон. Дээрх байдлаас болж 2017 онд тусдаа амьдарч эхэлсэн. Миний охин С.Буянзаяа 06 нас хүрнэ, аавтайгаа уулздаг, тусалж дэмждэг. Бид эвлэрч цаашид хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Охин С.Буянзаяаг өөрийн асрамжид авч, эцгээс нь хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно. Эд хөрөнгийн маргаангүй гэв.

Хариуцагч Д.Сумьяабазар шүүхэд гаргасан тайлбартаа: Би Т.Гэрэлмаатай 2014 онд гэр бүл болж, хамт амьдарсан. 2014 оны 10 дугаар сард охин С.Буянзаяа төрсөн. Хамт амьдрах хугацаанд таарч тохирохгүй болж, 2017 оноос хойш одоог хүртэл тусдаа амьдарч байна. Одоо гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Охин С.Буянзаяаг эх Т.Гэрэлмаагийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлнө. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Гэрэлмаа нь хариуцагч Д.Сумьяабазарт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Гэрлэгчид болох Т.Гэрэлмаа, Д.Сумьяабазар нар 2017 оноос хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Гэрлэгчид нь 2012 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гэр бүл болж, 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэлийн ажилтаны бүртгэсэн Эрэгтэй: РД: рю91101431, Монгол улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, Цагаан гэрүүд овогт Доржсүрэнгийн Сумьяабазар, эмэгтэй: РД: рн91022801, Монгол улсын иргэн, 1991 оны 2 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, Улаан хуулар овогт Тэрбишийн Гэрэлмаа нар 2012 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гэр бүл болсныг 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 6701000029-рт бүртгэж гэрчилгээ олгов... гэх бичилттэй 6701000029 дугаар гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр охин С.Буянзаяа төрсөн болох нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэлийн ажилтаны бүртгэсэн РД: рю14301961, Цагаан гэрүүд овогт Сумьяабазарын Буянзаяа, эмэгтэй, 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл, Мөрөнд төрснийг Хөвсгөл, Мөрөнд төрсний бүртгэлд 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов... гэх бичилттэй 6701000971 дугаар төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж буй тухай Төв аймгийн Батсүмбэр сумын их эмчийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдлоо.

Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон, бага насны, эхийн хайр халамж зайлшгүй шаардлагатай байдал зэргийг харгалзан 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин С.Буянзаяаг эх Т.Гэрэлмаагийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ, 26.2.2-д Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг Д.Сумьяабазараас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй.

Охин С.Буянзаяа төрсөн эх Т.Гэрэлмаагийн асрамжид үлдсэн нь эцэг Д.Сумьяабазарын хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд саад учруулахыг хориглодог болохыг дурьдлаа. Өөрөөр хэлбэл охин С.Буянзаяатай эцэг Д.Сумьяабазар хэдийд ч уулзаж дээрх хуулинд заасан үүргээ саадгүй биелүүлэх эрхтэй.

Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдлаа.

Иймд Т.Гэрэлмаа, Д.Сумьяабазар нарын гэрлэлтийг цуцалж, охин С.Буянзаяаг эх Т.Гэрэлмаагийн асрамжид үлдээн, хариуцагч Д.Сумьяабазараас охин С.Буянзаяад сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин С.Буянзаяа 05 нас 07 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 206.000 төгрөгийн 50 хувь болох 103.000 төгрөгийг С.Буянзаяад сар бүр эцэг Д.Сумьяабазар төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар С.Буянзаяад сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.236.000 төгрөг болж байна.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд авбал зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 34.214 төгрөг, бүгд 104.414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж бүгд 104.414 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Улаан хуулар овогт Тэрбишийн Гэрэлмаа, Цагаан гэрүүд овогт Доржсүрэнгийн Сумьяабазар нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин С.Буянзаяаг эх Т.Гэрэлмаагийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн охин С.Буянзаяаг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Д.Сумьяабазараас гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Д.Сумьяабазар, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Т.Гэрэлмаа нарт тус тус даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн бүгд 104.414 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Сумьяабазараас улсын тэмдэгтийн хураамж бүгд 104.414 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Т.Гэрэлмаад олгосугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад, Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА