Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/110

 

 

     

 

 

 

    2023       11          15                                     2023/ШЦТ/110

                                                                                       

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2304001260103  дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                           Б.Наранжаргал

Улсын яллагч                                                           С.Баяр-Эрдэнэ

Шүүгдэгч                                                                   Г.Д нар оролцов.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, эгч, дүү нарын хамт, Багануур дүүргийн .... хороо, .... дүгээр гудамжны .... хашаанд оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, ........ /РД:........./

Шүүгдэгч Г.Д нь 2023 оны 07 дугаар сарын 31-нээс 2023 оны 08 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Багануур дүүргийн .. дүгээр хороо .. дугаар байрны гадна хохирогч Б.С.... нь .......г явуулахгүй гэснээс шалтгаалж, хохирогчтой маргалдан улмаар зүүн шанаа, нүүр хэсэгт нь баруун гараараа нэг удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь дээд үүдэн 21, 22 дугаар шүдний ганхалт, уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн гэмтэл бүхий хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд:

 Шүүгдэгч Г.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би тухайн өдөр буюу 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр найзуудтайгаа Хэрлэн голын эрэг дээр амарч байгаад, манай найзын бие муудаж орой 00 цагийн орчимд эмийн сан орохоор Багануур дүүргийн төв рүү найз Г..........ийн хамт ороод буцаад гарах гэж байтал миний таньдаг дүү Х над руу залгаад намйг хүрч ирээд аваач гэсэн. Би байгаа газрыг нь заалгаад Багануур дүүргийн .. дүгээр хороо .. дугаар байрны гадна найз Г.......ийн хамтаар машинтай очоод байтал машины хаалга хүн тогших шиг болохоо нь харсан чинь үл таних эрэгтэй хүн байсан. Би цонхоо онгойлгосон чинь тэр залуу намайг “чи буугаад ир дээ” гэсэн. Тэгээд машинаас буусан чинь “чи яахаараа эмэгтэй хүүхэд авч явдаг юм бэ”, чи хэн бэ гэсэн. Би ах нь байна гэсэн чинь намайг  цохих гэж далайсан ба би зөрүүлээд нэг удаа баруун гараараа нүүр орчимд нь нэг удаа цохисон. Тэгсэн тэр залуу газар унаад өгсөн. Босож ирээд над руу дайраад байсан ба хэрүүл маргаан болж байгаад бид нар салсан. Би өөрийн гаргасан буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 82-83-р хуудас/

         Шүүгдэгч Г.Д........ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2023  оны 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө тэр охин над руу залгаад намайг ирээд авчих гэхээр нь очсон. Тэгтэл С.... согтуу гарч ирээд намайг үгээр идээд байхаар нь би маргалдаад нүүр хэсэг рүү  нь нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

              Хохирогч Б.С.........ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би 2023 оны 08 дугаар сарын 01-ний шөнийн 01 цагийн орчимд өөрийн найз Т.Ж...........өөс микрофон авахаар өөрийн оршин суудаг ........ тоот гэрээсээ гараад Багануур дүүргийн 1-р хороо ......... дугаар байрны гадна уулзахаар очсон. Ингээд би найзаасаа микрофон аваад байрны гадна найзынхаа байрны орцны гардаг хаалганы орчимд юм яриад байж байсан. Тухайн үед би болон манай найз Т.Ж...., О., Б.. нар хамт байсан. Бид нарыг юм яриад байж байхад Б..... надад манай найз охиныг хүн гол авч явах гээд байна" гэж надад хэлсэн. Тэгээд удаагүй байхад маркийг нь сайн хараагүй цагаан өнгийн машинтай 2 хүн бид нарын байгаа 6 дугаар байрны гадна ирээд бид нартай хэрүүл маргаан хийж эхэлсэн. Тэр хэрүүл маргаан хийсэн хоёр залуу нь манай найз Б..........ийн найз охиныг гол авч явах гэж байсан хоёр залуу байсан. Намайг харж байхад нэг залуу нь гартаа нэг зүйл ороож байсан ба намайг "чи хэн юм бэ? чамтай юм яриагүй шүү" гэх зэргээр маргаан өдөөж эхэлсэн. Би тэгэхээр нь наад охин чинь найз залуутай хүн та нар явчих гэж хэлсэн чинь намайг шууд баруун гараараа нэг удаа цохисон. Тэгээд би газар унаад босоод ирсэн чинь манай найз намайг өмөөрч зодолдох гэж байхаар нь болиулсан. Тэгээд тэдгээр 2 залуу машиндаа суугаад яваад өгсөн..., тэр хүнд цохиулснаас болж дээд үүдэн шүд хугарсан. Мөн дээд үүдэн шүдний нэг нь хөдөлсөн гэмтэл учирсан. Мөн уруул хавдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-8-р хуудас/,

           Насанд хүрээгүй гэрч Б.Х........ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2023 оны 07 дугаар сарын 31-ний 23 цагийн орчимд өөрийн найз О......ын гэрт буюу Багануур дүүргийн ........ тоот гэрт нь очсон. Намайг очиход О... ганцаараа байсан би Ж..., Т..., . Б.... нарын хамтаар гэрт нь очсон. Тэгээд намайг тэнд байхад О.. би Ж.., С.... нар 2,5 литрийн багтаамжтай Боргио нэртэй пиво 2 ширхгийг "Хараа" нэртэй архи 1 шил архи уусан. Уусан архины хэмжээг нь мэдэхгүй байна. Тэгээд би явлаа гэхэд намайг явуулахгүй байсан ба намайг авахаар ирсэн Д.......ыг Ж..... гэх хүүхэд оруулаад ир яахаараа чи явдаг юм гэсэн. Тэгээд намайг гаргахгүй миний утсыг аваад өгөхгүй тэд нар О.........ын гэрт намайг байлгаад байсан. Тэгээд Ж......, С......., О........ нар гадагшаа гарсан. Би араас нь гараад орцонд зогсож байхад намайг Ж....... нь чи яваад хэдэн хүн байгааг нь хараад ир гэсэн. Би орцноос гарахад Д..... ах 6 дугаар байрны урд цагаан өнгийн машинтай нэг үл таних эрэгтэй хүний хамт сууж байсан. Би Ж, С нар дээр очоод хоёулаа байна гэж хэлсэн. Тэгээд намайг гэр лүү ороод хаалга хаагаад ир гэхээр нь би хаалга хаах гээд буцаж ороод гарч ирсэн. Намайг буцаад гарч ирж байхад Д..... ах С......ын гарыг түлхээд нүүр хэсэг рүү нэг удаа цохиж байсан ба С...... газар унаад өгсөн. Д.. ах С.......ыг цохисны дараа гараа даавуу зүйлээр ороож байсан. Тэгээд бид нар хэрүүл маргаан болоод тарсан...., Д..... ах намайг авах гэж ирснээс болж тэд нар хоорондоо маргалдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-43 дугаар хуудас/,

         Таньж олуулах ажиллагаа явуулсан “... Намайг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 01-ний шилжих шөнө цохиж биед минь халдсан хүн хэвлэж харуулж байгаа зургийн 2 гэж дугаарласан дугаартай зураг дээр байгаа хүн мөн байна гэж тайлбарлаж байлаа...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 44-47 дугаар хуудас/,

         Гэрч Б.Г.......ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би өөрийн найз Г.Д........ын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо Улаан эрэг орчим луу зугаалгаар явсан. Ингээд орой 23 цагийн орчимд Багануур дүүргийн төв рүү миний эзэмшлийн саарал өнгийн “Тоёота кролла” маркийн ...... БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй орж ирсэн. Бид хоёр хүнтэй уулзаж мөнгө аваад тэгээд хүнсний зүйл аваад буцаад гарах гэж байхад. Г.Д........ надад "Хүн авч явах юм аа. Авч явж болох уу?" гэж надаас асуусан. Тэгэхээр нь би тэгье гэж хэлээд 06 дугаар байрны гадаа очсон. Бид хоёр машиндаа нөгөө хүнээ хүлээгээд сууж байтал, Г.Д......ын сууж байсан талын машины цонх хүн тогшсон. Тэгэхээр нь бид цонхоо онгойлгосон чинь нэг үл таних эрэгтэй хүн бид хоёрыг ”...та хоёр буугаад ир..." гэсэн ба Г.Д..... түрүүлж буусан. Би машиндаа суугаад хүлээж байсан. Тэр хоёр гадаа машины хажууд хоорондоо юм ярьж байгаад сүүлдээ маргалдаж эхэлсэн. Тэгээд Г.Д маргалдаж байгаад маргалдаж байгаа хүнийхээ нүүр хэсэг лүү нэг удаа баруун гараараа цохисон. Цохиулсан хүн газар унаад өгсөн. Тэгээд Г.Д.... тэр хүний дээрээс чи намайг зодох болоогүй шүү гэж хэлж байхыг сонссон. Тэгээд би машинаасаа буугаад байж байтал цохиулсан залуутай хамт явж байсан найзууд нь гэх хүмүүс хүрч ирээд салгасан. Тэгээд би Г.Д.........ыг машиндаа суулгаад явсан... Тухайн үед Г.Д..... согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би тухайн үед машин барьж явсан учир согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Зугаалгаар явах даа ямар нэг согтууруулах ундааны зүйл авч яваагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-51 дүгээр хуудас/,

         Шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 207 дугаартай “...Б.С.........ын биед дээд үүдэн 21 22-р шүдний ганхалт, уруулын дотор талд салстад язарсан шарх, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх шүдний ганхалт, язарсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 12-13-р хуудас/

         Г.Д......ын нас тоолсон “....Г.Д.....нь 2005 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн..., 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 17 нас, 11 сар, 19 хоногтой байсан байна...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 21-р хуудас/

         Г.Д......ын иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлгүй, эд хөрөнгөгүй тухай лавлагаа, суурь боловсролын гэрчилгээ бусад хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 58-68/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч Г.Д......ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна…” гэсэн дүгнэлт

            Шүүгдэгчээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Д-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгч, гэрч, хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэлүүд нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч, хохирогчийн мэдүүлэгүүд, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж  байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

            Шүүгдэгч Г.Д..... нь 2023 оны 07 дугаар сарын 31-нээс 2023 оны 08 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Багануур дүүргийн .. дүгээр хороо .... дугаар байрны гадна хохирогч Б.С..... нь Б.Х........г явуулахгүй гэснээс шалтгаалж, хохирогчтой маргалдан улмаар түүний зүүн шанаа, нүүр хэсэгт нь баруун гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь дээд үүдэн 21 22-р шүдний ганхалт, уруулын дотор талд салстад язарсан шарх, зөөлөн эдийн гэмтэл бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Д........ нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Г.Д....... нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа цохисон үйлдлээр нь тогтоогдсон.  

Энэ үйлдлүүдийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “Б.С......ын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарнагэсэн 207 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч Г.Д......ын үйлдэл нь хохирогч Б.С.......ын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, шүүгдэгчийн түргэн уур уцаар, түүний зан ааш нөлөөлсөн гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Г.Д........ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Д..........ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

Хохирогчоос хохирол хор уршгийн талаар баримт нэхэмжлэл шүүхэд ирүүлээгүй байна.

Шүүгдэгч Г.Д.......аас “...1.000.000 төгрөг төлсөн. Одоогоор ямар нэг баримт байхгүй...” гэж шүүхэд мэдүүлжээ

Иймд хохирогч Б.С...... нь эмчилгээ болон цаашид гарах хохиролын талаар баримт хэрэгт авагдаагүй, шүүхэд ирүүлээгүй байх тул цаашид гарах хохирол хор уршигаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журамд заасны дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

              2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар

Улсын яллагчаас “…Шүүгдэгч Г.Д..........д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч түүний хувийн байдлыг харгалзан түүнд 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, уг ялыг Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ....... хашаанд суух газраа өөрчлөх мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих үүрэгтэйг мэдэгдэж шийдвэрлүүлэх саналтай...” гэсэн дүгнэлт

            Шүүгдэгчээс “...хэлэх зүйлгүй...” гэсэн дүгнэлтүүдийг гаргажээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Иймээс дээрх шударга ёсны зарчимд нийцүүлэн дараах байдлаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Д........ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг, хохирол төлбөр төлсөн зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Тэрээр гэмт хэрэг үйлдэх үедээ ........ хоногтой, шүүх хэргийг шийдвэрлэх үед 18 насанд хүрсэн болох нь төрсний гэрчилгээний  хуулбар, нас тоолсон тэмдэглэл зэргээр /хх-ийн 21-р хуудас/ тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл Г.Д...... нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй шүүх хэргийг шийдвэрлэх үед 18 насанд хүрсэн байх тул түүнийг өсвөр насны шүүгдэгч гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

Шүүхээс Г.Д......... эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний нас болон нийгэмд өөрийн байр суурийг олж, цаашид боловсрол, мэргэжил эзэмших, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ойлгож ухамсарлуулахад чиглүүлсэн бөгөөд тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Г.Д.........ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, дээр дурдсан хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Шүүх энэ хуулийн тусгай ангид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.5 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана” гэж тус тус зааснаар Г.Д........д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж оногдуулсан ялыг хоёр дахин багасгаж шийдвэрлэх нь зүйтэй. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Г.Д......... нь шүүхээс оногдуулсан Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Нийслэлийн Багануур дүүргийн ......... суух газраа өөрчлөх мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих үүрэгтэйг, уг ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг Г.Д.......д тус тус мэдэгдэх нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Д.........ын урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х..... овгийн .......ын Д......ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х....... овгийн .......ын Д..........ыг хоёр /2/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялыг хоёр дахин багасгаж нэг /1/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Г.Д.........д шүүхээс оногдуулсан нэг /1/ сарын хугацаанд Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Нийслэлийн Багануур дүүргийн ......... хороо, ........ хэсгийн ........ дүгээр гудамжны ........ хашаанд суух газраа өөрчлөх мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих үүрэгтэйг, уг ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг Г.Д........д тус тус мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.С............д нь хохирол хор уршигаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журамд заасны дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Д............д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Г.Д.............д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

      8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           А.БЯМБАЖАВ