Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 268

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум 15 дугаар баг Үйлдвэрийн районд байрлалтай, АХГ ХХК/РД:5096715/ -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум, Бүргэдэйн 1 дүгээр баг 2-7 тоотод оршин суух, Боржигон овогт С.О/РД:ФМ-65112070/ -т холбогдох

Нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөр 757.500 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Буяндэлгэр, хариуцагч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч АХГ ХХКнь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Манай байгууллага нь Дархан-Уул аймагт шингэн хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг. Хариуцагч Отгонбаатар нь тус аймгийн Алтан булаг сумд байрлах Мишээл дэлгүүрийг ажиллуулж байх хугацаандаа буюу 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр манай байгууллагын Түмний хишиг бүтээгдэхүүнээс 0,5 литр хэмжээтэй 36 ширхэг, 0,75 литр хэмжээтэй 36 ширхэг, I литр хэмжээтэй 48 ширхэг нийт 1,026,000 /нэг сая хорин зургаан мянга/ төгрөгийн үнийн дүн бүхий барааг дараа тооцоо хийхээр худалдан авсан. Тус төлбөрийг төлөх хугацаа хэтэрсэн тул 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 268,500 төгрөгийн бараа буцаалт хийсэн бөгөөд үлдэгдэл 757,500 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй, мөн Мишээл дэлгүүрийг ажиллуулахаа зогсоосон байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч; Дархан уул аймаг Дархан сум 2 дугаар баг 5-01 тоотод оршин суух "АХГ ХХК" ХХК-ийн нягтлан бодогч ажилтай, А.Б /ТА92082527/ нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Хариуцагчаас барааны үлдэгдэл төлбөр 757,500 төгрөгийг гаргуулж "АХГ ХХК" ХХК -д олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Би энэ хүнийг анх удаагаа харж байна. Би ямар ч газраас архи худалдаж аваагүй. Надад ямар ч дэлгүүр, түц ч байхгүй. Би эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, ганц бие амьдралтай хүн. Энэ хүмүүс хаанаас миний гэрийн хаяг овог нэрийг мэдсэн гэдгийг гайхаад байна. Надад өөр хэлэх зүйл байхгүй гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаж ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч "АХГ ХХК" ХХК -ийн тус шүүхэд гаргасан ... хариуцагч С.Оаас барааны үлдэгдэл үнэ 757.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлгүй гэж үзэв.

Учир нь; "АХГ ХХК" ХХК- нь 2019 оны 03 сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байрлах Мишээл дэлгүүрийг хариуцагч С.О ажиллуулж байхад нь нийт 1.026.000 төгрөгийн үнэ бүхий /архи, спирт/ барааг дараа тооцоо хийхээр худалдсан, худалдан авсан ба 2019 оны 04 сарын 30-ны өдөр уг бараанаас 268.500 төгрөгийн барааг буцаан өгч, авч, одоо үлдэгдэл төлбөр 757.500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэх боловч хариуцагчаас шүүх хуралдаанд өгсөн ... уг компанийг би мэдэхгүй, дээрх барааг аваагүй, надад дэлгүүр, түц ч байхгүй тул төлбөрийг хариуцахгүй гэх, мөн нэхэмжлэгчээс хавтаст хэргийн 5-6 дугаар талд нотлох баримтаар гаргасан зарлагын баримтанд ... АХГ ХХКХХК- аас Мишээл Алтанбулаг худалдан авагч талд 2019 оны 03 сарын 12-ны өдөр нийт 1.026.000 төгрөгийн үнэ бүхий 4 төрлийн нэр бүхий барааг худалдсан гэх ба уг баримт дээр хүн хүлээн авсан Ундрах гэж гарын үсэг зурагдсан мөн өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан зэргээс үзэхэд: уг барааг хариуцагч С.О худалдан авсан эсэх нь тодорхой бус байхаас гадна, хавтаст хэргийн 50-52 дугаар талд авагдсан нэхэмжлэгчийн хүсэлтээр М.Сарнайг гэрчээр асуусан мэдүүлэгт тэрээр ...С.Оыг Мишээл дэлгүүрийг ажиллуулж байсныг мэдэхгүй, уг дэлгүүрийг Болормаа гэгчээс 2017 оны 08 сард би худалдан авсан, уг дэлгүүрт 2019 оны 07, 08 сараас 2020 оны 01 сар хүртэл Ундрах гэгч хүн ажиллаад гарсан, Мишээл дэлгүүр АХГ ХХКХХК- ийн бүтээгдэхүүнийг худалдан авдаг эсэхийг мэдэхгүй, үгүй гэх мэдүүлэг зэргээр хариуцагч С.Оаас барааны үлдэгдэл үнэ 757.500 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч тал нотлоогүй, хавтаст хэрэгт нэхэмжлэгчээс гаргасан дээрх бичгийн баримт, гэрчийн мэдүүлгээр нотлогдохгүй байх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан ...Зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байх боловч зохигч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын нэхэмжлэл, тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай баримтууд /хх-ийн 5-6, 50-52/ -аар дээрх гэрээний харилцаа аман болон бичгийн хэлбэрээр талуудын хооронд байгуулагдсан эсэх нь нотлогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж үзнэ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22.730 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээвэл зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Оаас барааны үлдэгдэл төлбөр 757.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч АХГ ХХКХХК- ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22.730 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.ЭНХТАЙВАН