Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2026/0205

 

Б.Д-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Зоригтбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С

Нэхэмжлэгч: Б.Д-

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Захиргааны актуудыг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/839 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 106 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, М.Э, гуравдагч этгээд Д.С, П.О, Р.Г, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, А.С, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул

Хэргийн индекс: 128/2023/0687/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 106 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.2, 27 дугаар зүйлийн 27.3.1, 30 дугаар зүйлийн 30.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Д-гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/839 дүгээр захирамжийн Б.Д-д олгосон 1,464 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, үлдэх уг захирамжийн “...нийслэлийн ерөнхий архитектурын 2020 оны ГБМЗХ2020/27-010 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 0010540 (134/2022) дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосныг” хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Хоёр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Шүүх нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.12-д “Тухайн тохиолдолд барилгын ажлын зураг төсөл боловсруулахдаа гуравдагч этгээдүүд болох  хөрш залгаа орон сууцны иргэдтэй зөвшилцөөгүй, архитектур төлөвлөлтийн даалгавар олгоход үүнийг харгалзахаар хуралдаанаар хэлэлцсэн байхад барилгын ажлын гэрчилгээ олгосон нь дээрх хуулийн 27.3.1-д нийцэхгүй байна” гэж хэргийн үйл баримтын талаар нотлох баримтад тулгуурлалгүй үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

Шүүх Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01/570 дугаартай “Иргэдийн гомдлоор хяналт шалгалт хийсэн тухай” албан бичиг буюу гомдол гаргагч иргэдэд захиргааны байгууллагаас өгсөн хариуг үндэслэж шийдвэр гаргасан байна.

Нэхэмжлэгч нь дээрх албан бичгээр аливаа үүрэг хүлээгээгүй, уг албан бичгийг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад мэдсэн байхад уг албан бичгийг хэрэгт ач холбогдолтой нотлох баримт гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Нөгөөтэйгөөр Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалт нь захиргааны байгууллагад эрх олгосон зохицуулалт бөгөөд барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо бусдын ашиг сонирхол хөндөгдөхөөр бол талуудыг зөвшилцөх замаар ойлголцолд хүрсэн эсэхийг харгалзан үзэх зохицуулалт юм.

Хот байгуулалт, хөгжлийн газраас “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг баталж, барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо нэхэмжлэгчид 14 дүгээр байрны оршин суугч нартай зөвшилцөх шаардлага тавиагүй буюу тухайн орон сууцны иргэдийн ашиг сонирхол зөрчигдөхгүй гэж үзэж байна.

Захиргааны байгууллага зөвшөөрөл олгохдоо зөвшилцөх шаардлагагүй гэж үзсэн байхад шүүх нэхэмжлэгчийг хөрш залгаа орон сууцны иргэдтэй зөвшилцөөгүй гэж буруутгаж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2026/0106 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Гурав: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдолдоо:

“...Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор залруулж, зөвтгөж шинэ акт гаргасан нь төрийн байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг юм. Үүний дагуу захиргааны байгууллагаас маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Захиргааны актуудыг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/839 дүгээр захирамжийг гаргасан.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтад “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалтад “газар эзэмших гэрээнд заасан, нөхцөл, болзлыг биелүүлэх” 35 дугаар зүйлийн 35.3.2 дахь заалтад “газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж, болон төрийн эрх бүхий байгууллагаас орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх” гэж тус тус заасан байдаг.

Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолд “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “...удаа дараа...” гэдгийг мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно” гэж заасан.

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 03/4210 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр цуцлах болсныг мэдэгдэж зөрчлийг арилгах, тайлбар, санал, холбогдох баримтыг ирүүлэхээр хүргүүлсэн.

Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх №01110-2019/01890 дугаартай гэрээг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан. Тус гэрээний 4 дүгээр бүлэгт газар эзэмшигчийн үүргийг заасан бөгөөд 4 дүгээр зүйлийн 4.1-д газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 4 дүгээр зүйлийн 4.1.4-д газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх, 4 дүгээр зүйлийн 4.19-д эзэмшил, ашиглалтад байгаа болон орчны 50м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжид тохижилт, арчилгаа хийх гэж тусгасан байна.

Нэхэмжлэгч нь мэдэгдэлд заасны дагуу нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөхтэй холбоотой арга хэмжээ аваагүй, гэрээгээр дүгнүүлээгүй, мөн ойр орчны газар тохижилт, арчилгаа хийх үүрэг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй. Хашаа барьснаар орц гарц хоёр талаараа байсан бол ганцхан талаар нь нарийхан зам үдээж иргэдийн ашиг сонирхлыг зөрчсөн.

Иймээс газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа зөрчсөнд хамаарч байгаа тул давж заалдах шатны шүүхээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь буруу болжээ.

Мөн захирамжийн 1 дэх хэсэгт “нийслэлийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 14 дүгээр байрны иргэд, оршин суугчдаас гаргасан гомдол, мэдээллийг хянан үзэхэд оршин суугчдын болон нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулан...” гэж заасан. Гэтэл шүүхээс газар эзэмшихтэй холбоотой баримтгүй зөвхөн иргэдээс хүчингүй болгуулахаар гомдол гаргасан гэх дүгнэлт нь хэт нэг талыг барьсан байна. Учир нь дээрх иргэдийн гомдол нь захирамжийн үндэслэлд мөн хамаарч байхад газар эзэмших эрхтэй огт хамаарахгүй мэтээр тайлбарласан нь буруу.

Захиргааны ерөнхий хуулийн 79 дүгээр зүйлийн 79.6 дахь хэсэгт “Холбогдох захиргааны байгууллага нийтийн эрх ашиг сонирхлыг хангахын тулд, эсхүл гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлж болохуйц сөрөг нөлөөг арилгах арга хэмжээг авах үүрэгтэй” гэж заасан. Захиргааны байгууллага үүргээ биелүүлж гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж акт гаргасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг бүрэн хангаж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2026/0106 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Дөрөв. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...маргаан бүхий газрыг 2015 оноос өмнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны оршин суугчид автомашины гараашны зориулалтаар эзэмшиж, ашиглаж ирсэн бөгөөд нэхэмжлэгч нь тухайн гарааш эзэмшигч иргэдтэй уулзаж, уг газарт “2015 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд зөвхөн дулаан зогсоол барих төсөл хэрэгжүүлэх” болзол, нөхцөлтэйгөөр 1 жилийн хугацаатай хоёр талт гэрээнүүдийг байгуулсан байдаг.

Эдгээр гэрээг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2015 оны А/378 дугаар захирамжаар нэхэмжлэгчид нийтийн дулаан зогсоол барих зориулалтаар 5 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Гэвч нэхэмжлэгч нь дээрх гэрээ болон газар эзэмших эрхийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон байна. Иймд иргэдийн гарааш байрлаж байсан газрыг тухайн нөхцөл, тохиролцооны дагуу шилжүүлэн ашиглуулах үндэслэл үгүй болсон тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн суурь үндэслэл байхгүй болсон гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид уг газрыг эзэмших эрх олгосон үндсэн нөхцөл нь иргэдийн гараашны зориулалтаар ашиглаж байсан тухайн иргэдтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр дулаан зогсоол барих төсөл хэрэгжүүлэх зорилготой байсан болно. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх үүргээ хэрэгжүүлээгүй, холбогдох гэрээний хугацаа дуусгавар болсон байхад нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/791 дүгээр захирамжаар тухайн газрын зориулалтыг өөрчилж, газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгасан байна. Энэ нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх анхнаасаа тодорхой нөхцөл, болзолтойгоор олгогдсон бөгөөд уг нөхцөлийг биелүүлээгүй болохыг харуулж байгаа боловч анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Дээр дурдсан нөхцөл байдалтай холбогдуулан Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 14 дүгээр байрны оршин суугчид тухайн газрын ашиглалт, төлөвлөлт нь оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байна гэж үзэн өөрсдийн байр сууриа илэрхийлж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах, тухайн газарт аливаа барилга, байгууламж барихгүй байх, маргаан бүхий газрыг нийтийн эзэмшлийн зориулалттай болгож, ногоон байгууламж байгуулах шаардлага бүхий өргөдөл, гомдол хүсэлтүүдийг удаа дараа гаргаж байсан. Эдгээр хүсэлт болон эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудын хүсэлт, албан бичгүүд бүгд хэрэгт авагдсан юм.

Үүнээс гадна нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 01-06/1776 дугаар албан бичиг, тус албан бичигт “...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл бүрдсэн байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна” гэх нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03-06/46 дугаар албан бичиг, тус албан бичигт “...нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 72 дугаар тогтоолоор батлагдсан Зүүн сэлбэ хорооллын барилгажилтын төсөлд тухайн газар нь авто замын хамгаалалтын зурвас бүхий ногоон байгууламж байхаар тусгагдсан ...газар эзэмших эрхийг дуусгавар болгох болсныг мэдэгдье” гэж тус тус дурдсан байна.

Дээрх баримтууд нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхтэй холбоотой асуудал нь холбогдох хууль тогтоомж, хот байгуулалтын төлөвлөлттэй зөрчилдөж байсныг харуулсан, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд юм. Гэтэл анхан шатны шүүх эдгээр баримтуудыг зохих ёсоор үнэлж, дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн анхан шатны шүүхээс хэргийн тогтоогдсон үйл баримтын талаар дурдахдаа Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01/570 дугаар дүгнэлтийн 2-5 дугаар хэсгүүдийг шүүхийн шийдвэрт бичсэн байна.

Гэтэл бодит байдал дээрх хяналт шалгалтын дүгнэлт нь нийт 5 заалт бүхий дүгнэлт бөгөөд түүний 1 дүгээр хэсэгт газар эзэмших эрхийн талаар “...гэрээний 4.2 дахь заалт (Дулаан зогсоолын ажлыг өөр гэрээ байгуулан өөр иргэнд шилжүүлэхгүй болго)-ыг хэрэгжүүлээгүй, иргэн Ш.Үдэнборын нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандаж гаргасан өргөдлийн 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хариу шийдвэрлэлтээр төсөл хэрэгжүүлэх гэрээнүүдийг үндэслэж шийдвэрлэсэн байна” гэж дүгнэсэн байна.

Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагаас тухайн газар эзэмших эрх нь анхнаасаа хууль зүйн маргаантай нөхцөл байдалд үүссэн, мөн гарааш эзэмшигч иргэдтэй байгуулсан гэрээний нөхцөлийг хэрэгжүүлээгүй зэрэг асуудлыг тодорхой дурдсан байхад анхан шатны шүүх дээрх дүгнэлтийн 1 дүгээр хэсгийг орхигдуулж, зөвхөн үлдэх хэсгүүдийг иш татан тогтоогдсон мэтээр шийдвэрт тусгасан нь нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэлээгүй, нэг талыг барьсан дүгнэлт болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн газар эзэмших эрх анх ямар үндэслэл, нөхцөлөөр үүссэн, тухайн эрхийн олгохдоо ямар болзол, нөхцөл тавигдсан, мөн нэхэмжлэгч уг бозол, нөхцөлийг биелүүлсэн эсэх зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоож дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

...маргаан бүхий газартай холбоотой захиргааны байгууллагаас анхан шатны шүүхэд ирүүлсэн болон хэрэгт авагдсан дараах баримтуудыг шүүх анхаарч үзэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Үүнд: Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01-08/5544 дүгээр албан бичиг, 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 01-06/1776 дугаар албан бичиг, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 03-06/46 дугаар албан бичиг, 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 01-05/6631 дугаар албан бичиг, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 03/1586 дугаар албан бичиг, нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 01/693, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/1199 дүгээр албан бичиг, Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаярын 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн УИХ-03/4628 дугаар албан бичиг, Авлигатай тэмцэх газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 05/11610 дугаар албан бичиг, Геодези усны барилга байгууламжийн газрын 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 795, 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 719 дүгээр албан бичиг зэрэг баримтууд нь нэхэмжлэгч газар эзэмших эрхийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлээгүй, газар ашиглалтын нөхцөлийг зөрчсөн, инженерийн дэд бүтцэд хохирол учруулсан, мөн тухайн газар хот байгуулалтын төлөвлөлтийн дагуу анхнаасаа ногоон байгууламж байхаар төлөвлөгдсөн зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоож байгаа нотлох баримтууд юм.

Гэтэл анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудыг бодитоор харьцуулан үнэлж, энэ талаар шийдвэрт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэх зарчимд нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Нийслэлийн Засаг даргаас маргаан бүхий газар эзэмших эрхийг дуусгавар болгох шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагааг бүрэн хэрэгжүүлж, холбогдох этгээдийн тайлбар, санал авах боломжийг ханган шийдвэрлэсэн байна. Иймд уг шийдвэрийг Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхол болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор гаргасан, хуульд нийцсэн захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй юм.

Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4, 48 дугаар зүйлийн 48.2, 48.2.2, 48.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус зааснаас үзэхэд бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол болон нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн тохиолдолд захиргааны байгууллага өмнө нь олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгох, дуусгавар болгох шийдвэр гаргах эрхтэй байна. Иймд маргаан бүхий тохиолдолд нийслэлийн Засаг даргын  гаргасан шийдвэр нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилготой, хууль ёсны захиргааны арга хэмжээ гэж үзэх үндэслэлтэй юм.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нийслэлийн Засаг даргаас тухайн нөхцөл байдалд Газрын тухай хуулийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохтой холбоотой зохицуулалтыг баримтлан шийдвэр гаргасан бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий байх” зарчимд нийцсэн гэж үзэхээр байна. Учир нь тухайн газрыг цуцлах хууль зүйн үндэслэл бүрдсэн нөхцөл байдал тогтоогдсон тул маргаан бүхий актыг гаргасан байна.

Түүнчлэн Улаанбаатар хотын агаарын бохирдол нэмэгдэж, нийтээр ашиглах ногоон байгууламж бүхий цэцэрлэг, гудамж талбай ховордсон  нөхцөл байдалтай уялдуулан нэхэмжлэгчийн барилга барих зориулалтаар газар эзэмших эрхийг нийтээр ашиглах ногоон байгууламж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээр хязгаарлаж, уг эрхийг хамгаалах зорилгоор шийдвэр гаргасан байна. Иймд захиргааны байгууллага өөрт олгогдсон сонгох эрхээ зөв хэрэгжүүлсэн бөгөөд “тэнцвэртэй байх” зарчимд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2026/0106 дугаар шийдвэрийн 1 дүгээр зүйлийн “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/839 дүгээр захирамжийн “Б.Д-д олгосон 1464 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, дуусгавар болгосон” хэсгийг хүчингүй болгож” гэснийг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

            1. Хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

            3. Нэхэмжлэгч Б.Д-гээс нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Захиргааны актуудыг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/839 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргажээ.

            4. Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн “Захиргааны актуудыг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/839 дүгээр захирамжаар “...Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2, 19 дүгээр зүйлийн 1, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.15, 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.3, 22 дугаар зүйлийн 22.5, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 7.1.3, 7.2, 7.5, 14 дүгээр зүйлийн 14.1.2, 14.1.4, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.2, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.2, 27.5, 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2, 49 дүгээр зүйлийн 49.3.3, 98 дугаар зүйлийн 98.1.2 дахь заалт болон Орон сууцны барилгын зураг төсөл, төлөвлөлт, БНбД 31.01.10-ын 4.18 дахь хэсэг 4 дүгээр хавсралт, Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 01/570 дугаартай хяналт шалгалтын дүгнэлтийг тус тус үндэслэн нэхэмжлэгч Б.Д-гийн газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байна.

            5. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь нийслэлийн Засаг даргын 2015 оны А/378 дугаар захирамжаар нийтийн дулаан зогсоолын зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээ авсан 1464 м.кв газрын зориулалтыг өөрчлүүлэх хүсэлт гаргаж, нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/971 дүгээр захирамжаар уг газрын зориулалтыг Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор /үйлчилгээний контор/ зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулжээ.

            6. Улмаар нэхэмжлэгчээс газар дээрээ үйлчилгээ, конторын зориулалттай 60.0х14.0 метр хэмжээтэй зоорьтой 2 давхар барилга барихаар архитектур төлөвлөлтийн даалгавар, Техникийн нөхцөл, Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авч, Барилгын зураг төслийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, зураг төсөлд эрүүл ахуйн хяналт хийсэн тухай улсын ахлах байцаагчийн дүгнэлт зэргийг гаргуулж, барилгын ажлыг эхлүүлсэн байна.

            7. Газрын тухай хуулийн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ” 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх” 35.3.2-д газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх, 40 дүгээр зүйлийн 40.1-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно; 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.2-т “энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан... этгээдэд мэдэгдэнэ” гэж заасан.  

8. Дээрхээс үзэхэд газар эзэмшигч нь хуульд заасан зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд ийнхүү газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай байна. Гэтэл нэхэмжлэгч “газрын тухай хууль тогтоомжийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэх үйл баримт тогтоогдохгүй байхад хариуцагчаас түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. 

9. Анхан шатны шүүхээс энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нийслэлийн Засаг даргын 2015 оны А/378 дугаар захирамжийн нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/839 дүгээр захирамжийн Б.Д-д олгосон 1,464 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, дуусгавар болгосон хэсгийг хүчингүй болгосон нь хуульд нийцжээ

10. Тодруулбал, нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/791 тоот захирамжаар үйлчилгээ, конторын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон бөгөөд нэхэмжлэгч газраа зориулалтын дагуу ашиглахаар холбогдох зөвшөөрлүүдийг авч барилгын ажил эхлүүлснийг газрын тухай хууль тогтоомж зөрчсөн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, газар дээр барих барилга нь Барилгын тухай хууль, холбогдох норм, дүрмийг зөрчсөн гэж дүгнэсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болох үндэслэл болохгүй.

11. Түүнчлэн анхан шатны шүүхээс маргаан бүхий нийслэлийн Засаг даргын захирамжийн Нийслэлийн ерөнхий архитектурын 2020 оны ГБМЗХ2020/27-010 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 0010540 (134/2022) дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгосныг холбогдох хуульд нийцсэн гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

12. Учир нь Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхол зөрчигдөх тохиолдолд энэ хуульд заасан шаардлага, үндэслэлийн дагуу барилгын үйл ажиллагаатай холбоотой хувийн эрх, ашиг сонирхлыг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлаж болно.”, 27 дугаар зүйлийн 27.3-т “Дараах үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзана:”, 27.3.1-д “хот байгуулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй;” 30 дугаар зүйлийн 30.5-д “Энэ хуулийн 27.1.2-т заасан байгууллага барилга байгууламжийн барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох явцад энэ хуулийн 27.3-т заасан үндэслэл тогтоогдсон бол холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төслийн магадлалын дүгнэлт, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно.” гэж тус тус заасан.

13. Хэрэгт авагдсан Хотын стандарт, хяналтын газрын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 01/570 дугаар Иргэдийн гомдлоор хяналт шалгалт хийсэн тухай албан бичигт “...газар дээр хийсэн хэмжилтээр 9.5 метрийн зайтай байгаа нь “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ийн 4.18 заалт, 4 дүгээр хавсралтад заасан (Барилгын тууш /урт/ талуудын хооронд 2-4 давхар хүртэл 15 метр зайтай байх) заалтыг хангахгүй байна. ... зураг төслийн Раздел 01-1, лист 3 дугаарлалт бүхий хуудаст барилгын зоорины давхар нь газрын +- түвшнээс доош -3.90 метрт байгаа нь түвшний зөрүү үүсэхээс гадна орон сууцны барилгын хүчитгэлийн далантай 1.1 метрт байрласан байгаа нь онцгой байдлын үед яаралтай үеийн автомашин нэвтрэх боломжгүй нөхцөл байдал үүсэхээр байна. Иймд иргэн Б.Д-д олгосон 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 134/2022 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь Барилгын тухай хуулийн 7.1, 7.1.1, 7.1.2, 7.1.3, 7.5 дахь заалтуудад нийцэхгүй байна...” гэж тус тус дүгнэсэн байна.

14. Хяналт шалгалтаар тогтоогдсон уг зөрчлүүдтэй нэхэмжлэгчээс маргаагүй бөгөөд уг дүгнэлтийг үндэслэж хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэгчийн Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

            Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 106 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч, гуравдагч этгээд нараас давж заалдах гомдол гаргахдаа тус бүр төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                 ШҮҮГЧ                                               Э.ЗОРИГТБААТАР

 

            ШҮҮГЧ                                               Г.БИЛГҮҮН

 

            ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН