Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвын Энхтайван |
Хэргийн индекс | 148/2020/00009/И |
Дугаар | 295 |
Огноо | 2020-04-16 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 295
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Даланзадгад хот 2 дугаар баг, Хан-Уулын 11 дүгээр гудамжны 11 тоотод оршин суух, Очир тойн овогт Г.Н /РД:КВ-59082815/ -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, Цагаан эрэг 2 дугаар баг, 2 дугаар хэсгийн 20 дугаар байрны 03 тоотод оршин суух, Боржигон овогт М.Н/РД:ТД-79080667/ -т холбогдох
Зээл болон алданги нийт 22.621.800 төгрөг гаргуулах, М.Наранчимэгийн сөрөг нэхэмжлэлтэй Г.Нд холбогдох 2018 оны 08 сарын 02-ны өдөр хийгдсэн гэх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Г.Н / онлайнаар /, хариуцагч М.Наранчимэг, хариуцагчийн өмгөөлөгч А.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Наранчимэг нь 11.100.000 2018 оны 8 сарын 2-ны өдрөөс 2018 оны 12 сарын 30-ний өдөр хүртэл 5 сарын хугацаатай хүүгүй зээлдүүлж барьцаанд нь 2 газрын гэрчилгээ 700 метр квадрат /Улсын дугаар Г 1301002138 , Г1301002176 гэрчилгээний дугаар 000468735. 0049178 /Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум Цөх намт/ хадгалж байна. Наранчимэг нь уг мөнгөнөөс нэг ч төгрөг өгөөгүй элдэв шалтгаан тоочиж худлаа яриад, утас дугаараа солиод байгаа учир гэрээнд заасны дагуу анх авсан 11.100.000 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 11.521.800 төгрөг, нийт 22.621,800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.Ннь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
... иргэн М.Нби Г.Н гэдэг хүнээс 2017 оны 08, 09 сарын үед аман байдлаар тохиролцон увуулж, цувуул 12.800.000 төгрөг зээлж авсан. Ингээд дараа нь тэд миний нөхрийн нэр дээр байсан Daewoo winstorn маркийн жийп машиныг эхнэрийнхээ нэр дээр шилжүүлж авснаа дараа нь ирж би энэ машиныг зарахгүй аваад явна гээд авч явсан. Харин 2018 оны 01 сард эхнэр нь ирж машиныг газрын гэрчилгээний /2ш/ хамт авч явсан. 2018 оны 08 сарын 02- нд би хэн нэгнээс, Г.Нгаас нэг ч төгрөг зээлж аваагүй юм. Хэрэв зээл өгсөн гэж байгаа бол нэхэмжлэгч яаж, ямар хэлбэрээр надад мөнгө өгснөө баримтаар нотлох ёстой. Иймд 2018 оны 08 сарын 02-нд хийгдсэн гэх Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд / онлайнаар / өгсөн тайлбартаа: ... Би 2017 онд М.Наранчимэгт 3 удаагийн үйлдлээр зээлсээр байгаад нийт 7,800,000 төгрөгийн зээл өгсөн. 2018 оны 1 сарын 15 болоход зээлсэн мөнгө нь 13,800,000 төгрөг болсон. Анх надаас мөнгө авахдаа сарын 10 хувийн хүүтэй зээлж авсан. Тэгээд энэ хүн надад буцаагаад нэг ч төгрөг буцааж өгөөгүй. Удалгүй энэ хүн Өмнөговиос яваад өгсөн. Тэгээд надтай хамтран амьдарч байсан хүнийг араас нь явуулаад 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр өмнөх зээлсэн гэрээн дээрээ шинэчлээд ахиад гэрээ хийсэн. Түүнээс биш 2018 оны 08 сарын 02-ны өдөр бэлнээр мөнгө төгрөг өгөөгүй. Урьдах зээлийн үлдэгдэл дээр ахиад шинээр гэрээ хийгээд М.Нхүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан гэх.
Хариуцагч нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... би энэ хүнээс 2017 онд 7,800,000 төгрөг зээлж авсан нь үнэн. Харин 2018 оны 8 дугаар сарын 02-нд энэ хүнээс 11,100,000 төгрөг бэлнээр болон дансаар авсан зүйл байхгүй. Тухайн үед энэ хүмүүс миний араас ирээд 2017 онд авсан 7,800,000 төгрөг дээрээ шинээр гэрээ хийе барьцаа хөрөнгө авна гээд Г.Н гуайн хамтран амьдрагч гэх хүн миний машин, газрын хоёр бичгийг аваад явсан. Тухайн үед би нялх хүүхэдтэй байсан учраас хэл амнаас айгаад гэрээн дээр гарын үсэг зурсан. Гарын үсэг зурахдаа хэзээ нэгэн цагт үнэн учир нь олдох байх гэж бодож байсан. Анх энэ хүмүүс миний машиныг аваад явахдаа зарахгүй гэж аваад явсан боловч хоёр сарын дараа зарчихсан байсан. Тийм ч учраас би өмнө зээлсэн 7,800,000 төгрөгийн өрийг машинаа өгөөд өрөө дарчихсан гэж үзэж байна.
М.Наранчимэгээс сөрөг нэхэмжлэлтэйгээ холбогдуулан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би энэ хүмүүст ямар ч өргүй учир, өөрийн хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэрээнд тооцуулахаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлээ дэмжиж байна гэх,
Нэхэмжлэгч Г.Н сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүх хуралдаанд / онлайнаар / гаргасан тайлбартаа: ... би М.Наранчимэгээс машин тэрэг аваагүй. Надтай хамтран амьдарч байсан хүн тэр машиныг нь авсан гэсэн. Тэр машин тэрэг надад ямар ч хамаагүй. Надтай хамтран амьдарч байсан хүн тэр машиныг нь зарчихсан гэж байсан боловч би тэр машинаас нэг ч төгрөг аваагүй. Наранчимэг надад нэг ч төгрөг өгөөгүй. Надад яах нь мэдэгдэхгүй газрын гэрчилгээ өгсөн. Тэр нь хаана байдаг газар гэдгийг би мэдэхгүй. Одоо би энэ хүнээс зээлсэн мөнгөө алдангитай нь нийт 13,800,000 төгрөг болсон үүнийг гаргуулж авмаар байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Нгийн шүүхэд гаргасан ... М.Наранчимэгээс 2018 оны 08 сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдсэн 11.100.000 төгрөг, 0.3 хувийн алданги 11.521.800 төгрөг, нийт 22.621.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлгүй гэж үзэв.
Учир нь; нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч М.Наранчимэгтэй 2018 оны 08 сарын 02-ны өдрөөс 2018 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл хугацаатай, 11.100.000 төгрөгийг хүүгүй зээлдүүлж, барьцаанд 2 газрын гэрчилгээ авсан ба М.Ннь уг зээлдсэн 11.100.000 төгрөгнөөс нэг ч төгрөг өгөөгүй тул гэрээний дагуу анх авсан 11 100 000 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 11.521.800 төгрөг, нийт 22.621.800 төгрөгийг хариуцагч М.Наранчимэгээс гаргуулахаар шаарджээ. 2018 оны 08 сарын 02-ны өдөр талуудын хооронд зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсан /хх-ийн 5-6 тал/ гэх боловч зохигчийн шүүх хуралдаанд өгсөн болон шүүхэд бичгээр гаргасан /хх- 22, 42 тал/ тайлбар зэргээс үзэхэд; зохигчийн хэн аль нь ... 2018.08.02-ны өдрийн зээлийн гэрээний дагуу ... 11.100.000 төгрөгийг бэлнээр болон дансаар хоорондоо өгч, авалцсан зүйлгүй гэх, мөн нэхэмжлэгч бөгөөд хариуцагч Г.Нгаас шүүх хуралдаанд / онлайнаар / өгсөн тайлбар болон хэргийн 42 дугаар талд авагдсан тайлбартаа ... 2017 оны 09 сарын 04, 10 сарын 02, 10 сарын 20-ны өдрүүдэд, нийт 7.800.000 төгрөгийг 10 хувийн хүүтэйгээр цувуулж зээлээр өгсөн тул уг мөнгийг хүүтэй нь тооцож 13.800.000 төгрөг болж, уг мөнгөнөөс хасаж тооцож 11.100.000 төгрөгийг зээлдүүлсэн болгож, шинэчилсэн гэрээг 2018 оны 08 сарын 02-нд байгуулсан гэх боловч талууд уг гэрээнд өмнөх 2017 онд зээлсэн мөнгө /7 800 000, 13.800.000 төгрөг/ -ий төлөгдөөгүй үлдэгдэл зээл, хүү зэрэг үлдэгдэл төлбөрийн талаар хэлэлцэн тохирч тусгаагүйгээс гадна талуудын хооронд 2018 оны 08 сарын 02-ны өдөр 11.100.000 төгрөгийг огт өгч авалцаагүй /бэлнээр, дансаар/ болох нь зохигчийн дээрх тайлбараар нотлогдож байхын сацуу, хавтаст хэрэгт 11.100.000 төгрөгийг Г.Нгаас М.Наранчимэгт өгч, авалцсан талаарх баримт байхгүй бөгөөд нэхэмжлэгч Г.Нгаас энэ байдлаа баримтаар нотлоогүй байна.
Мөн нэхэмжлэгч Г.Н, хариуцагч М.Ннарын хооронд 2017 онд өгч, авалцсан гэх зээл / 7 800 000 /- ийн маргаантай асуудлаа энэхүү 2018 оны 08 сарын 02-ны өдрийн зээлийн гэрээтэй хамаатуулж, шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байгаа нь нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрчилсөн гэж үзэхгүй бөгөөд ийнхүү хамаатуулан тайлбарласан нь тэрээр шүүхэд гаргасан тухайн нэхэмжлэлийн шаардлагынхаа хүрээ хязгаар, хэмжээнээс хальж, өөр шаардлага тавьж байна гэж үзнэ. Мөн Г.Н нь М.Наранчимэгт өмнөх 2017 онд зээлсэн гэх мөнгөнийхөө талаар нэхэмжлэлдээ дурдаагүйгээс гадна, шүүхэд нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагаа өөрчилсөн тухай мэдэгдээгүй байна.
Мөн шүүхэд нэхэмжлэгчээс хавтаст хэргийн 43-46 дугаар талд гаргасан бичгийн тайлбар, Д.Сумъяагийн тодорхойлолт, Г.Нгийн Хаан банкин дахь дансны хуулганы баримт зэргээс үзэхэд; тэрээр 2017 онд М.Наранчимэгт мөнгө зээлдүүлж, шилуүүлсэн гэх баримт байх бөгөөд энэхүү баримт нь түүний нэхэмжлэлд дурдсан 2018 оны 08 сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдэгч М.Наранчимэгт өгсөн гэх 11.100.000 төгрөгтэй холбоотой баримт биш тул уг 4 хуудас /хх- 43-46 тал/ баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар ... шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх, ... тухайн хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах эрхтэй хэмээн заасны дагуу уг баримтуудыг нотлох баримтаас хасах нь зүйтэй.
Дээрхээс дүгнэн үзэхэд; зохигчийн хооронд байгуулагдсан 2018 оны 08 сарын 02-ны өдрийн зээлийн болон барьцаа / хх 5, 6 тал / -ны гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 196 дугаар зүйлийн 196.1.1 -д зааснаар ... талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн буюу байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл; Иргэний хуулийн 196 дугаар 196.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2- т тус тус зааснаар ... Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө шилжүүлэх, ... тухайн мөнгө, эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохоор заасан нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан ... дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй гэж үзэж, хариуцагч М.Наранчимэгийн шүүхэд ... 2018 оны 08 сарын 02-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
Харин М.Ннь сөрөг нэхэмжлэлдээ ...дээрх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулснаас гаргах үр дагавар буюу барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, барьцааны зүйлээ буцаан авах шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271.059 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 190.950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Нгаас М.Наранчимэгийн сөрөг нэхэмжлэлд төлсөн 190.950 төгрөгийг гаргуулан түүнд олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 281.2 дахь хэсэгт зааснаар Г.Н, М.Ннарын хооронд 2018 оны 08 сарын 02-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Г.Нгийн М.Н зээл 11.100.000 төгрөг, алданги 11.521.800 төгрөг, нийт 22.621.800 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 271.059 төгрөг, хариуцагчаас төлсөн 190.950 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Нгаас 190.950 төгрөгийг гаргуулан М.Наранчимэгт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хавтаст хэргийн 43-46 дугаар талд авагдсан 4 хуудас бичгийн баримтыг нотлох баримтаас хассугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН