Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/90

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж

 

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Г.Г

Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

 

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Эрдэнэ суманд 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5,  эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 2 дугаар багт оршин суух, хувиараа мал аж ахуй эрхлэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, Ш ******* Ц.ын Э-т /РД: / холбогдох эрүүгийн 2320000000... тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ц.Э-ыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Э  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 08-ны 01 цаг 30 минутын үед  Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багт байрлах  хохирогч Ц.Ч-ын гэрт түүнтэй маргалдаж, улмаар өөрийн авч явсан эвхдэг хутгаар Ц.Ч-ыг хутгалж, цээжний зүүн талд, бугалганы  гадна дунд талд, баруун гуяны гадна дунд талд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж байгаа талаар мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2/,

 

Хохирогч Ц.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын У  багт сумын төвд манай гэрт нутгийн ах болох Ц.Э бид хоёр хамт 750 гр том архи хувааж уугаад их согтсон байсан тэгтэл юунаас муудсанаа сайн мэдэхгүй байна Э  ах гэнэт өөрөөсөө эвхдэг хутга гаргаж ирээд миний зүүн суганд эхлээд нэг удаа хатгасан тэгтэл надаас цус нэвчиж гарахаар нь би Э  ахыг цааш нь түлхээд тэгээд хутгатай гартай нь ноцолдоод байж байтал Э  дахин миний баруун гуяны дотор хэсэгт нэг удаа дахин хатгах шиг болсон тэгээд хэсэг зуур зууралдаад Э  ахын барьж байсан хутгыг тавиулах гээд ноцолдож байх хооронд зүүн гарын шууны дунд хэсэгт хөндлөн шарх үүссэн байсан мөн зүүн чихний дунд мөгөөрсөн хэсэгт зүсэгдсэн үүссэн байна. Бид хоёр хамт архи ууж эхлэхдээ ямар нэгэн муудсан сайдсан хэрүүл маргаан үүсгээгүй зүгээр байсан Э  ахтай архи уухаас өмнө би өөр газар архи уусан халамцуу байсан бас Э  ах мөн адил халамцуу байсан болохоор сүүлийн том архи хувааж уугаад их согтсон байсан учраас бид хоёр яаг юунаас болж маргасан талаар сайн мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь ийм асуудал болсон байна. Э  ах их согтуу байсан. Мөн би их согтсон байсан. Уг хутга нь Э  ах өмднийхөө халааснаас хүрэн өнгийн иштэй жижиг эвхдэг хутга гаргаж ирэн намайг хутгалсан. Энэ хутга ямар нэгэн байдлаар манай гэрт байгаагүй ширээн дээр ил байгаагүй. Бид хоёр ямар нэгэн өс хонзон болон өр авлагын зүйл огт байхгүй яагаад бид хоёр ингээд хоорондоо муудалцсан юм бол гээд гайхаад олохгүй байна. Тухайн үед өөр ямар нэгэн хүн байгаагүй бид хоёр л байсан. Би эмчид үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгох болно. Миний биед хутгаар хутгалж гэмтэл учруулсан нь үнэн. Надаа гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7/

2023 оны 09 сарын 07-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 18/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Ц.Ч-ын биед цээжний зүүн талд, зүүн бугалганы гадна дунд талд, баруун гуяны гадна дунд талд шарх гэмтлүүд тогтоогдлоо.

 Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна.

Дээрх гэмтлүүд нь "Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 04/160 тоот дүгнэлт /хх-ийн 19-20/,

 

2023 оны 09 сарын 15-ны өдрийн “Бор өнгийн 20 см урттай ажлын хэсэгт 9 см эвхдэг 1 ширхэг хутгыг  эд мөрийн баримтаар тооцсон”  прокурорын тогтоол /хх-ийн 55-56/,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... гэмт хэргийн улмаас иргэн Ц.Ч  нь  эмнэлгээс тусламж үйлчилгээ авч, Эрүүлд мэндийн сангаас 190,000 төгрөгийн зардал гарсан тул Ц.Э-аас гаргуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-65/,

            Эрүүл мэндийн даатгалын санд 190,000 төгрөг төлсөн баримт /хх-ийн 80/

            Хүсэлт хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан  шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 71-72/

            Хохирогч Ц.Ч  “ ... Ц.Э миний биеийг үзүүлж харуулж эмчилгээ хийлгэж миний бие өвчин зовиур үгүй байна. Иймд Ц.Э-т миний бие  Ц.Ч   гомдолгүй гэдгээ энэ өргөдлөөр бичиж байна“ гэсэн хүсэлт /хх-ийн 63/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан тухайн гэмт хэргийг шүүгдэгч Ц.Э  үйлдсэнийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон байна.

Иймд хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Э  нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Ц.Ч-ыг эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн,  хохирогч Ц.Ч-д эмнэлгээс үзүүлсэн тусламж үйлчилгээний зардалд 190,000 төгрөгийн төлбөр гарсныг 2023 оны 10 сарын 16-ны өдөр төлж барагдуулсан нь хх-ийн 80-р хуудсанд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримт болон хохирогчийн шүүхэд гаргасан хүсэлтээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бор өнгийн 20 см урттай ажлын хэсэгт 9 см эвхдэг 1 ширхэг хутгыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ш ******* Ц-ын Э  /РД: /-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ш ******* Ц-ын Э-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ц.Э  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан Бор өнгийн 20 см урттай ажлын хэсэгт 9 см эвхдэг 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ц.Э  нь 500,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                                                                                            

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              А.Ц