Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 336

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймаг Мөрөн сум 1 дүгээр баг 11-7 тоотод оршин суух, Хонинбүргэд овогт Ш.Б /РА-73032209/ -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум, 1-р баг, Оргих гэх газар үйл ажиллагаа явуулдаг БДУ ХХК /РД:3734315/ -д холбогдох

Тушаал хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд; нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхнаран, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Би тус компанид 3 жил малчнаар ажилласан. Тэгээд компанийн зүгээс ажилчид, малчидтай дэндүү муу муухай бүдүүлэг байдлаар харьцдаг харьцааны соёл байхгүй, шоронгийн ялтан шиг гэрээс гараад явахад барьж явсан цүнхийг шалгадаг, хашааны хаагуур гарсан гэх мэт эрхээ хязгаарлуулсан хүмүүс шиг амьдарч, ажиллаж ирсэн. Тэгээд ажилласан цалинг бүтэн өгнө гэж байхгүй, хэдэн төгрөг шилжүүлээд араас нь дандаа тайлбар тавьж худал хуурмаг зүйл ярьж цалингийн зөрүүг өгөхгүй байдал гаргадаг тул тэвчээр барагдаж ажлаас гарах өргөдөл 2019 оны 9 сард өгсөн боловч малыг чинь авах хүн байхгүй гэж дарамталж хаяад явбал чамайг шоронгийн хадаас болгоно гэж заналхийлж өр ширэнд оруулна гэх мэтийн авир ааш гаргаж арга буюу биеийн байдал муудаж эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа талаараа хэлж байж 2019 оны 12 сарын 12-ны өдөр миний малыг хүлээн авсан боловч өнөөдрийг болтол ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж өгөөгүй намайг хохироож ийш тийш явуулахгүй компанийн конторын үүдэнд өдөр болгон очиж байна. Гэтэл 2019 оны 12 сарын 18-ны өдөр намайг захирал Т.Энхтуяа ороод ир гэхээр нь би ажлаас чөлөөлсөн тушаал өгөх гэж байна гэж бодоод өрөөнд нь ороход сахилгын шийтгэл ногдуулсан тушаал өгсөн, уншаад үзэхэд гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан, зөвшөөрөлгүй мал оруулж ирсэн, хэл амаар доромжилсон зөвшөөрөлгүй мах гаргахыг завдсан гэсэн утгатай зүйл бичээд миний цалингаас 3 сарын хугацаатай 10 %-р суутгал хийх сахилгын арга хэмжээ авах тухай тушаалтай танилцан дэндүү хүнийг гүтгэж нэр төрд минь халдаж байгаад гомдолтой байна. Эдгээр компанийн удирдлагууд нь намайг ажлаас халагдахдаа цалингийнхаа зөрүүг авмаар байна гэсэн гомдол хэлэхэд дургүйцэж байсан бөгөөд зориуд надад цалин өгөхгүй гэж арга саам зохиож цалингаас үндэслэлгүй суутгал хийж авах гэсэн санаа гаргаж байна. Тэгээд миний бие тушаал дээр бичсэн зөрчлийг огтоос гаргаагүй тул худал зүйл бичиж надад өгөх цалингаас авах гэсэн оролдлого гэж үзэж байна. Харин ч намайг өвөл өөрийнхөө адууг гаргаж идшээ хийж байхад хаанаас авсан мал вэ, чи компанийн малыг хулгайлсан байна, чи хүнд зарсан гэж огт үндэслэлгүйгээр гүтгэн доромжилж намайг маш их дарамталж, доромжилж байсныг нүдээр харж, сонсож байсны хувьд миний нөхөр эс тэвчин та нар хүнийг доромжлох эрхгүй наад хүн чинь бие муутай группт байдгийг та нар мэднэ эмч тайван байхыг анхааруулдаг та нарын энэ дээрэнгүй байдлаас болж энэ хүний амь нас хохирвол би хуулийн байгууллагаар заргалдана гэж хатуухан үг хэлснийг эд нар хэл амаар доромжиллоо гэж бодож байх шиг байна. Идэш хийж байхад ерөнхий нягтлан Солонгоо намайг 2 удаа алгадаж, Азбаяр малын эмч 2 удаа хана мөргүүлж толгой руу гараа зангидаж цохисон энэ үед хамт байсан хүүхдүүд минь та нар болиоч гэж хэлж намайг эмнэлэгт үзүүлээч цагдаа дуудаач гэж хэлэхэд нь би хэрэггүй гэж хэлж байсан боловч одоо миний толгой байнга өвдөж сэтгэл санаа тавгүйтэж нойр муутай болсон. Би сахилгын зөрчил гаргаагүй тул 2019 оны 12 сарын 04-ны өдрийн 03 дугаартай тушаал нь хууль бус үндэслэлгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлага - Хууль бус үндэслэлгүй тушаал тул хүчингүй болгуулах тухай гэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

... би тус компанид 3 жил малчнаар ажилласан.ажлын байрны дарамт ,цалин хөлс тогтмол олгодоггүй маш хэцүү байдалд ажиллуулдаг учир би ажлаасаа өөрийн хүсэлтээр гарах өргөдлийг удаа дараа дарга удирдлагууддаа өгч байсан хэдий ч малыг минь хүлээж авдаггүй байсан. эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа талаараа хэлж байж 2019 оны 12 сарын 12-ны өдөр миний малыг хүлээн авсан боловч өнөөдрийг болтол ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж өгөөгүй намайг хохироож байгаа. Энэ байдлыг өмгөөлөгчдөө хэлж ажлаас халсан тушаал байгаа бол татуулж авна гэж хэлээд хүсэлт гаргасны дагуу 2019 оны 12 сарын 18-ны өдөр захирал Т.Энхтуяа гэсэн гарын үсэгтэй хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 143 тоот тушаалыг хариуцагч талаас гаргаж өгсөн. Тэгээд захирал Энхтуяагийн гарын үсэг биш байсан тул шинжээч томилуулж мөн эсэхийг шалгуулах хүсэлт гаргаснаар 2020 оны 04 сарын 17-ны өдрийн 41 тоот шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд түүнтэй танилцаж үзэхэд дүгнэлт хэсэгт Баяндулаан -уул ХХК-ны захирлын 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 143 дугаартай хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай , 2019 оны 12 сарын 04-ны өдрийн 03 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал дээр тус тус зурагдсан гарын үсгийг Т.Энхтуяа зураагүй байна гэсэн дүгнэлт гаргасан байна. Иймд миний бие хэдийгээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байгаа ч гэсэн тушаалын он сар буруу байх, удирдлагын гарын үсэг буруу байх, тамга тэмдэг байхгүй байх зэрэг байдлуудаас болж Нийгмийн даатгалын байгууллага өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед асуудал болж сөрөг нөлөө гардаг учраас хохирч үлдэх байдал үүсэж байгаа тул би заавал уг тушаалыг хүчингүй болгуулах шаардлагатай байгаа юм. Иймд урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэмж 2019 оны 12 сарын 18- ны өдрийн 143 дугаартай тушаал нь хууль бус үндэслэлгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага - хууль бус үндэслэлгүй гарсан 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 143 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах тухай гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч; Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг 7-27 тоотод оршин суух цахим үнэмлэхийн хаягтай, одоо Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 65-50 тоотод оршин суух, Гацуурт ХХК-нд хуулийн мэргэжилтэн ажилтай, Булган овогт Баатар-Очирын Энхнаран /ИЭ-86091322/ нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Сахилгын зөрчил гаргаагүй гэх нэхэмжлэл бүхэлдээ худал хуурамч байна. Үүнийг гэрчлэх олон баримт байгаа боловч нэхэмжлэлийн шаардлага нь тушаал хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргасан учраас энэ талаарх баримтыг өнөөдрийн хурал дээр гаргаж өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Манай компанийн зүгээс Ш.Бтай 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан 2019 оны сүүлч хүртэл хамтран ажилласан. Бидний байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4.1-д зааснаар хариуцаж буй эд хөрөнгийг эрх бүхий албан тушаалтан шилжүүлж өгөх өөрөө ашиглах зэрэг бусад заалтыг зөрчсөн. Энэхүү гэрээг Ш.Б нь өөрийн биеэр гарын үсэг зурж байсан. Нэгжийн удирдлага дарамт шахалт үзүүлсэн зэрэг үйлдэлд гаргаж, үймээн самуун дэгдээсэн хүн нь өөрөө байсан. Зөрчил нь 12 дугаар сард гарсан тул малчин Ш.Бын ахуй амьдрал зэрэг хувийн нөхцөл байдлыг харгалзан ажлаас халахгүйгээр сахилгын шийтгэл оногдуулсан байна. Түүний үйлдэлд сахилгын шийтгэл ногдуулах тул 12 дугаар сарын 10-ы өдөр хүлээн аваад удаа дараагийн өргөдлийг үндэслэн захирлын тушаал гаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэл нь үндэслэлгүй гаргасан байна гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гарын үсэгтэй холбоотой асуудал дээр улсын бүртгэлийн гэрчилгээ хавтаст хэргийн 36 дугаар талд авагдсан байна. Энэ гэрчилгээн дээр 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Т.Энхтуяа гэх хүнийг тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэсэн байгаа. Ийнхүү бүртгэснээр БДУ ХХК нь бие даасан компани болсон. Энэ өөрчлөлттэй холбоотойгоор 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш шийдвэрүүд Т.Энхтуяа захирлын гарын үсгээр хийгдэх ёстой боловч компанийн тухай хуулиар 2019 оны 11 дүгээр сарын 05-аас өмнөх гэрээ хэлэлцэл нь компанийн үүсгэн байгуулагч Чинбат захирлын гарын үсгээр батлагдсан байгаа. Т.Энхтуяа захирал нь өөрөө итгэмжлэлээ Чинбат захиралд өгсөн байдаг. Ийм шалтгаанаар тушаалууд дээр Т.Энхтуяа захирал биш Чинбат захирал гарын үсэг зурсан гэдгийг хэлмээр байна... гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэргийг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Ш.Бын шүүхэд гаргасан ... 2019 оны 12 сарын 04-ний өдрийн 03 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулсан тухай БДУ ХХК-ийн захирлын тушаал, 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 143 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалуудыг ... хуульд нийцээгүй, үндэслэлгүй гаргасан тул хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан үндсэн болон нэмэгдүүлсэн нэхэмжлэл /хх - 1-2, 112 тал/, зохигч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд амаар гаргасан / хх 43 / тайлбар, хавтаст хэргийн 1-2, 19, 22-25, 35-37, 39-53, 67-103,112 дугаар талд авагдсан бичгийн чанартай баримтууд болох нэхэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, захирал Г.Энхтуяагийн №01/02 тоот итгэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгээр гаргасан тайлбар, нэхэмжлэгчийн бичгээр гаргасан тайлбар, гэрэл зураг, мал эмнэлгийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн хэлтсийн 280 дугаартай албан тоот, БДУ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тус компани үүсгэсэн бүртгэл мэдээлэл, гэрч Б.Батцэрэнгийн мэдүүлэг, БДУ ХХК-ийн захирал Г.Энхтуяагийн итгэмжлэл, тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бичгийн тайлбар, Ш.Бын тус компанид гаргасан өргөдөл, тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тооцооны баримт, Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 143 дугаартай захирлын тушаал, Сахилгын шийтгэл ногдуулах тухай 03 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, хүсэлт, Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 04 сарын 17-ны өдрийн 41 тоот дүгнэлт, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага зэрэг баримтуудаас үзэхэд; Ш.Бын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 143 дугаартай БДУ ХХК-ийн захирал Г.Энхтуяагийн гаргасан гэх тушаал /хх-ийн 49-50/- д , мөн компаний захирлын 2019 оны 12 сарын 04-ний өдрийн 03 дугаартай сахилын шийтгэл ногдуулсан тухай тушаалд тус компанийн захирал Г.Энхтуяа гарын үсэг зураагүй болох нь хавтаст хэргийн 54-103 дугаар талд авагдсан Сэлэнгэ аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 сарын 17-ны өдрийн 41 дугаартай дүгнэлтээр нотлогдож байх бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан ... ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-д ... ажил олгогчийн эрх, үүргийг тус тус зохицуулснаас гадна Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.1.1, 39, 43 дугаар зүйлд зааснаар ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалд тухайн ажил олгогч өөрөө гарын үсэг зураагүй байдал нь дээрх тушаалуудын хууль зүйн үндэслэл бүхий байх, мөн тухайн ажилтныг ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах хууль зүйн болон бодит үр дагаврыг үгүйсгэж байна гэж үзнэ.

Хэдийгээр ажилтан Ш.Б нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл, хүсэлтээ / хх 44, 45 / ажил олгогчид гаргасаны дагуу 143 дугаартай тушаалаар түүнд өмнө нь 03 дугаартай тушаалаар оногдуулсан сахилгын шийтгэлийг хүчингүй болгосон хэдий ч уг тушаалуудад ажил олгогч буюу захирал Г.Энхтуяа гарын үсэг зураагүй нь Ш.Бын энэ тухай гаргасан гомдлыг хангах хууль зүйн болон бодит үндэслэл болж байна. Иймд шүүх дээрх 03 дугаартай тушаалаар Ш.Бд сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл /шалтгаан / -д дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзнэ.

Дээрхээс дүгнэн үзэхэд; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар ...шүүх гомдлоор авч хэлэлцэх хэрэг бөгөөд мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар ... БДУ ХХК-ийн захирал Г.Энхтуяагийн 2019 оны 12 сарын 04-ний өдрийн Ш.Бд Сахилгын шийтгэл ногдуулах тухай 03 дугаартай тушаал, мөн компанийн захирлын Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 143 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 4, 117-120 дугаар талд авагдсан бичгийн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 40 дүгээр зүйлийн 40.2-т ... шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх бөгөөд хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах эрхтэй гэж заасны дагуу дээрх баримтуудыг нотлох баримтаас хасах нь /нотариатын баталгаагүй хувь, шүүхийн шийдвэр болон 2019 оны 11 сарын 05-ны өдрийн №01/56 тоот итгэмжлэл нь цаг хугацааны хувьд тухайн хэрэгт хамааралгүй/ зүйтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар ... дээрх гомдол нь гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул Ш.Бын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 140.400 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогоос гаргуулан буцаан олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөгийг нөхөн гаргуулж төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/ -д оруулбал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт зааснаар БДУ ХХК-ийн захирал Г.Энхтуяагийн 2019 оны 12 сарын 04-ний өдрийн 03 дугаартай Ш.Бд Сахилгын шийтгэл ногдуулах тухай, мөн компанийн захирлын 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 143 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тушаалыг тус тус хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлого /данс -100130000941/ -оос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 140.400 төгрөгийг гаргуулж төрийн сангийн төсвийн орлого /данс- 100130000941/ -д оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хавтаст хэргийн 4, 117-120 дугаар талд авагдсан бичгийн баримтыг нотлох баримтаас хассугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

6. Хэргийн зохигчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.ЭНХТАЙВАН