| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2020/00316/И |
| Дугаар | 344 |
| Огноо | 2020-05-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 344
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 1 дүгээр баг, 2 дугаар гудамж, 4 тоотод оршин суух, Боржигон овогт Ж.М -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Хүдэр сум, Баянцагаан бэлчир 9 дүгээр гудамж, 8 тоотод оршин суух, Сартуул овогт Б.Б /РД:МП73111874/ -д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Ж.М, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энх-Амар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...миний бие нь Б.Бтай 2000 оны 06 сарын 18-нд танилцан улмаар 2005 оны 11 сарын 01-нд гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2005 оноос 09 сарын 27-нд охин Б.Мыг төрүүлсэн. Бид зан харьцааны таарамжгүй болсон 2012 оноос салж тус тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш охин Б.М миний асрамжид байгаа. Одоо бид тус тусын амьдралтай болсон цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Б.Мыг миний асрамжид үлдээж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг авах болно гэжээ.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... Би Б.Бтай анх 2000 онд танилцаж 2005 онд охин Б.М төрснөөр гэрлэлтээ батлуулж, нэг гэрт орж 2012 оныг хүртэл хамт амьдарсан. 2012 оноос салж, дахин хамт амьдраагүй одоо бол хоёулаа тус тусдаа гэр бүлтэй болсон байгаа. Охин Б.М бол байнга миний асрамжинд байсан. Охиндоо хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэж байсан ч одоо энэ хүний ар гэр амьдралыг бодсондоо тэтгэлэг гаргуулах авахаа больж байна. Энэ талаараа шүүхэд бичгээр хүсэлт гаргаж өгсөн байгаа. Бид хоёрын хувьд хардалтаас болж салсан. Би одоо н.Г гэдэг хүнтэй амьдарч байгаа дундаасаа 3 хүүхэдтэй болсон гэжээ.
Хариуцагч нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: ... Бид хоёрын хувьд 2000 онд танилцаж хамтран амьдарч гэр бүл болсон байгаа. 2004 онд Ж.М Зэлтэр суманд 1 жил гаруй хугацаанд тусдаа байж байгаад ирэхдээ жирэмсэн болж ирсэн байгаа. Мөн тухайн үедээ эмнэлгийн эмчид Б.Бын хүүхэд биш гэж хэлсэн байсан. Би энэ хүнийг харддаг байсан нь үнэн. Энэ хүн өөрөө 2012 онд охиноо дагуулаад гэрээсээ явсан юм. Би тухайн үедээ араас нь очиж байсан ч эргэж ирээгүй тул салсан байгаа. Холбоо барьж болохгүй байж байгаад би гэр бүлтэй болсон гэдгийг нь дуулсан тул салъя гэж бодсон одоо би өөрөө гэр бүлтэй болсон тул гэр бүлийн батлахаа салгуулах хүсэлтэй байна. Мөн энэ охиныг өөрийнхөө хүүхэд мөн эсэхэд эргэлзэж байна. Би цусны шинжилгээнд оръё гэсэн ч Ж.М өөрөө Үгүй. Би чамаас тэтгэлэг авахгүй гэхдээ охиноо өөр дээрээ авна гэж хэлсэн тул больж байсан юм. Тиймээс гэрлэлтийг маань цуцалж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн шүүх хуралдаан өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ НЬ:
Ж.Мгийн шүүхэд гаргасан ... Б.Баас гэрлэлт цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид үлдээж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагын заримыг буюу ... гэрлэлт цуцлуулж, хүүхдийг эхийнх нь асрамжинд үлдээхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй болох нь гэрлэгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн... гэрлэлтээ цуцлуулахыг, мөн хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээхийг харилцан хүлээн зөвшөөрсөн тайлбар, гэрлэгчид нь ... 2012 оноос салж тусдаа гэр бүлтэй /өөр хүнтэй/ болцгоосон зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэдний гэрлэлтийг цуцалж, хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Харин гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэгийн талаар харилцан ярилцаж тохиролцсон тул шүүхээр тэтгэлэг тогтоолгох шаардлагагүй тухай шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргийг үндэслэн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болговол зохино.
Мөн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах бодит үндэслэлтэй болох нь хавтаст хэргийн 1-10, 20-23 дугаар талд авагдсан нэхэмжлэл, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэгчдийн гэрчилгээний хуулбар, Шаамар сумын багийн засаг даргын тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа амжилтгүй болсон тухай тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2020 оны 04 сарын 06-ны өдрийн 87 тоот тэмдэглэл, Шаамар сумын сургуулийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь шүүгчийн 2020 оны 04 сарын 13-ны өдрийн 962 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70.200 төгрөг нөхөн гаргуулж төрийн сангийн орлого /данс-100130000941/ -д оруулбал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.5, 132.6 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар Сартуул овогт Б.Б, Боржигон овогт Ж.М нарын 2000 оны 06 сарын 18-ны өдөр гэр бүл болсныг 2005 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын Тамгын газрын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 57 дугаарт бүртгэсэн гэрлэлтийн баталгаа бүхий гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6 дахь хэсэгт тус тус зааснаар 2005 оны 09 сарын 27-нд төрсөн охин Батжаргалын Мөнхжаргалыг эх Ж.Мгийн асрамжид үлдээж, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагагүй, гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэгийн талаар харилцан тохиролцсон болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3 -д зааснаар нэхэмжлэгч нь шүүгчийн 2020 оны 04 сарын 13-ны өдрийн 962 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70.200 төгрөг нөхөн гаргуулж төрийн сангийн орлого /данс-100130000941/ -д оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор хувийг Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН