Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/93

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж

 

Нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч*******

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 1982 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4,  эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг******* тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Дорноговь аймгийн Сум дундын хоёрдугаар шүүхийн 2004 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах, Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялын хөнгөн ялыг хүндэд нь багтааж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж хянан харгалзсан, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар гэм буруутайд тооцож,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн,*********************************** холбогдох эрүүгийн 2320000000097 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч*******ыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.Ариунболд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 10-ны орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн баруун талд хохирогч толгойн тус газарт гараараа цохиж, улмаар түүний биед тархины битүү гэмтэл, дух орчмын язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-6/,

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Отгонтуяа, Ууганбаяр, бид гурав VIP нэртэй караокед ганц хоёр пиво уугаад сууж байтал гаднаас Отгонтуяагийн нөхөр******* орж ирсэн.******* архи уусан байдалтай нэлээн согтуу орж ирсэн. Тэгээд Ууганбаярыг******* дээрэлхээд байхаар нь ахаа та болио битгий гэсэн. Тэгсэн чинь намайг цээж хэсэг рүү нэг удаа тохойлдсон. Тэгээд бид нар уур амьсгал муу болоод бүгд тэндээс гарч яваад Ууганбаярын хамт явж байгаад ШШХ-ийн хажуугаар явж байтал******* урд орилоод дуу нь хадаад явж байсан. Тэгэхээр нь очоод харьж амар ах одоо боль гэсэн чинь хуцаад бай чи Замын-Үүдэд намайг мэдэхгүй гээд орилоод байсан. Тэгээд******* намайг ирээд зуураад авахаар нь*******той хамт явж байсан хоёр хүн салгаад байх шиг байсан. Тэгээд намайг цохих шиг болсон би тэрнээс хойш сайн санахгүй байна ухаан балартаад эмнэлэг очсон байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10/

Гэрч Л.Энхтуяа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ариунболд тухайн газарт байсан 2 үл таних залуутай маргалдсан байсан. Тэгээд тухайн газраас үл таних хоёр залуутай таараад тэгсэн чинь манай нөхөр******* нөгөө хоёр үл таних залуучуудтай маргалдаад эхэлсэн чинь манай нөхөр Ууганбаяр нэг залууг нь салгаад байж байтал нөгөө залуутай нь******* зодолдоод эхэлсэн. Тэгээд*******ыг салгаж аваад гэрт нь хүргэж өгсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/

Гэрч Б.Ууганбаяр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ...гэнэт******* үл таних 2 залуутай муудалцаад эхэлсэн. Би юунаас болж муудалцсан талаар нь сайн мэдэхгүй байна. Тэгээд би*******ыг салгаж аваад байж байтал нөгөө үл таних 2 залуу гараад явсан. Тэгээд бид нар ардаас нь гараад Шүүхийн шийдвэрийн хажуу талд явж байтал тухайн хоёр залуу дуудаад хөгшин банди гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би нэг залууг нь барьж аваад боль гээд байж байтал******* нөгөө нэг залуутай нь зодолдоод эхэлсэн. Ноцолдоод дээр доороо ороод байх шиг байсан. Тэгээд би*******ыг салгаад гэрт нь хүргэж өгсөн гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22/

Гэрч Б.Ууганбаяр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...намайг ороод 2-3 минут болж байтал Отгонтуяа эгчийн нөхөр******* хоёр найзын хамт ирсэн. Тэгээд орж ирээд над руу банди минь чи их том болсон байна. Чамайг нутаггүй болгоно гээд дайраад байсан. Тэгээд би гадаа гараад зогсож байтал Шарваагийн эхнэр нь гарч ирээд Шарваа,******* хоёр зодолдоод байна гээд гараад ирсэн. Би сонсоод яваад ортол зодолдсон зүйл байхгүй барьцалдаад зогсож байсан. Тэгээд бид нар салгаад******* хоёр найзын хамт түрүүлээд гараад явсан. ... Тэгээд Замын-Үүд сумын шүүхийн урд талын нарийн хэсгээр явж байтал******* урд явж байж таараад хөөе муу чацгануудаа  гээд орилоод хүрээд ирсэн. Тухайн үед*******той хамт явж байсан нэг эмэгтэй нь*******ыг болиулаад тэврээд цааш нь явсан. Харин*******ын эрэгтэй найз нь над дээр ирээд ахын дүү битгий оч наанаа байж бай гээд байсан. Тэгээд юм ярьж байгаад нэг харсан чинь Шаравжамц газар уначихсан******* дээр нь гарчихсан байсан. Тэгээд би гүйгээд очтол******* цаашаа яваад өгсөн. Шаравжамцыг чи яасан бэ? гээд асуутал андаа гээд хөмсөгнөөс нь цус гарсан байсан. Тэгээд эмнэлэг явсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/

Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “ 1.Б.Шаравжамцын биед гэмтэл учирсан байна. 2.Б.Шаравжамцын биед тархины битүү гэмтэл, дух орчмын язарсан ил шарх гэмтлүүд тогтоогдлоо.        3.Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 4.Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар  гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-35/

            Эрүүл мэндийн даатгалын санд 175,000 төгрөг төлсөн баримт /хх-ийн 80-81/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, тухайн гэмт хэргийг шүүгдэгч******* үйлдсэнийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон байна.

Иймд хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч******* нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Б.Шаравжамцад эмнэлгээс үзүүлсэн тусламж үйлчилгээний зардалд 175,000 төгрөгийн төлбөр гарсныг 2023 оны 10 сарын 24-ний өдөр төлж барагдуулсан нь хх-ийн 80-81-р хуудсанд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон болохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч**************************** /РД:ЕМ82080970/-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч****************************ыг таван зуу нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Н.Ариунболд нь 500,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                                                                                            

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.ЦЭРЭНХАНД