| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 132/2020/00494/И |
| Дугаар | 619 |
| Огноо | 2020-06-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 619
Хариуцагчийн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч О.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Булган аймгийн Булган сумын ... оршин суух, Б овогт Ю.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймгийн Булган сумын ... оршин суух, Н овогт Г.Б-д холбогдох, эрүүл мэндэд учирсан хохирол 4.220.000 /дөрвөн сая хоёр зуун хорин мянга / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2020/00494/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ю.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн, хариуцагч Г.Б , иргэдийн төлөөлөгч Р.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ю.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 11-ний шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг “Жемстаун” баарны гадна талд нэхэмжлэгч Ю.Б намайг зодож, миний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан. Өөрөөр хэлбэл хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, дээд баруун 1, 2-р шүднүүд, дээд зүүн 1-р шүднүүдийн хугарал зэрэг гэмтлүүд тогтоогдсон. Уг үйл баримт буюу үйл явдалдаа хариуцагч Г.Б нь Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 402 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцогдож, ял шийтгүүлсэн. Нэхэмжлэгч Ю.Б би уг эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо нэхэмжилсэн боловч бодит эмчилгээ хийлгээгүй байна гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй орхисон. Мөн Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 142 дугаартай шийдвэрээр мөн адил үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисон. ... Нэхэмжлэгч Ю.Б би 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “Ганшунх” ХХК буюу шүдний эмнэлэгт эмчилгээ хийлгэж, циркон шүд буюу циркон бүрээс хийлгэсэн. Нийт эмчилгээ хийлгэсэн зардал 4.020.000 төгрөг болсон. Мөн эмчилгээ хийлгэхээр Орхон аймаг руу буюу “Ганшунх” эмнэлэг рүү явсан шатахууны зардалд
40.000 төгрөг болсон. Мөн эхлээд санхүүгийн боломжгүй нөхцөл байдлын улмаас түр шүд наалгасан бөгөөд 160.000 төгрөг болсон.
Иймд гэм буруутай этгээд болох хариуцагч Г.Б өөс эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын төлбөр 4.180.000 төгрөг, замын зардал 40.000 төгрөг, нийт 4.220.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжпэгч Ю.Б нь 2016 оноос эхлэн миний эхнэр болох хүн рүү удаа дараа гэр бүлийн гадуур харьцаа үүсгэх сэдлээр архи, дарс ууж идэх, болзоонд урьсан мессеж бичиж, болзоонд урьж улмаар намайг хөдөө гадаа ажилтай үеэр өөрийн эхнэрийг явуулчихаад миний эхнэртэй уулзахыг санаархаж байсан удаа дараагийн үйлдлийг нь би хүлээн зөвшөөрч чадалгүй Б ийг 2 цохьсон нь үнэн. Үүнээс болж Б ийн шүдэнд гэмтэл учирсан. Уг гэмтлийн бодит хохирлыг миний бие тухайн үед нь барагдуулж байсан. Мөн шүүхээр ял шийтгүүлж байсан юм. Харин миний бие Б ийн уг завхай сэдлийнх нь хариуд бидний гэр бүлд сэв сууж одоо би эхнэрээсээ салж 2 хүүхэд, дөрвийн дөрвөн хүний амьдралаар тоглосонд нь гомдолтой явдаг гэдгийг хэлмээр байна. Б нь өмнө нь 2 ч удаа хуурамч баримт бүрдүүлж надаас удаа дараа их хэмжээний мөнгө салгах гэж оролдоод тэр нь амжилтгүй болж шүүх түүнийг нь хэрэгсэхгүй болгож байсан юм. Тийм учраас би одоо ч гэсэн энэ удаагийн Б ийн нэхэмжлэлийн 4,220,000 төгрөгийн үнийн дүнд нь үл итгэж байна гэжээ.
Хариуцагч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Б би нэхэмжлэгч Ю.Б ийн нэхэмжилсэн 4.220.000 /дөрвөн сая хоёр зуун хорин мянга/ төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ 4.220.000 /дөрвөн сая хоёр зуун хорин мянга/ төгрөгийг одоо бэлнээр өгмөөр байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Ю.Б нь хариуцагч Г.Б өд холбогдуулан эрүүл мэндэд учирсан хохирол 4.220.000 /дөрвөн сая хоёр зуун хорин мянга / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд эс зөвшөөрч байсан боловч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчид 4.220.000 /дөрвөн сая хоёр зуун хорин мянга/ төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 82470 төгрөгийг гаргуулж, Төрийн санд оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Ю.Б ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Б өд холбогдох эрүүлл мэндэд учирсан хохирол 4.220.000 /дөрвөн сая хоёр зуун хорин мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Г.Б нэхэмжлэлийн шаардлага 4.220.000 /дөрвөн сая хоёр зуун хорин мянга/ төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 82470 /наян хоёр мянга дөрвөн зуун дал/ төгрөгийг гаргуулж, Төрийн санд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР
ШҮҮГЧИД Г.МЯГМАРСҮРЭН
О.ОДОНЧИМЭГ