Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/103

 

                                       

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж

 

Нарийн бичгийн дарга *******

Улсын яллагч*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч*******

Шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харьяат, 1975 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 2 дугаар баг, Хонгорын сүүж гэх газарт малчин Амарбаярынд түр оршин суух, урьд Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхээр 1994 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 87 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4-д зааснаар 4 жилийн хорих ялаар,

Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхээр 1997 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 50 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 239 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,

Сэлэнгэ аймгийн сум дундын 3 дугаар шүүхээр 1999 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 34 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 239 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

Сэлэнгэ аймгийн шүүхээр 2001 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар,

Говьсүмбэр аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар 8 хоногийн хорих ялаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 207 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,*********************************** холбогдох эрүүгийн 2220001090048 тоот хэргийг хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ванягийн нь 2022 оны 08 дугаар сарын 30-аас 08  дугаар сарын 31-ний шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг Соёмбо тоот хашааны авто машины грашнаас том тэрэгний Kindun киндун брэндийн 180 ам хүчин чадалтай 2 ширхэг аккумляторыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдэн иргэн 812,000  төгрөгийн хохирол учруулсан,

-мөн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дугаар баг тоотод оршин суух монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж Даюун маркийн хар өнгийн 2 ширхэг аккумляторыг хулгайлан 800,000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би Зоосын гудамжний 1-7 тоотод архи ууж байгаад, гудамд байдаг айл руу явах замдаа Даваадоржийн грашаас акумляторыг авч архиар сольж уусан. Дараа нь архи ууж явж байгаад өөрийнхөө таньдаг айлыг байна гэж бодоод Буян гэх айлд унтсан байсан. Маргааш өглөө нь гэрээс нь гарахад хажуу айлын хүн нь наад айлаа таньдаг юм уу, гэрийнхэн нь хэзээ ирнэ гэж байна гэж асуухаар нь танина гэж хэлсэн. Би хүн чанар гаргаад авдар савыг нь ухаагүй. 2 акумлятор аваад явсан. Авдар сав нь онгорхой байсан учраас миний араас өөр хүн хулгай хийчих вий гэж бодоод даруулгаар нь татаж цоожилсон. Тэгээд бас архиар сольж уусан. 2 хохирогчийн хохирлыг барагдуулаагүй. Ял эдэлж дуусаад төлж барагдуулна гэж бодож байна. Хийсэн хэргээ  хүлээн зөвшөөрч байна. Дахиж хэрэгт холбогдохгүй, одоо болно гэж өөртөө дүгнэлт хийж байна” гэв.

 

            Гэмт хэрийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02, 07/

 

            Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14/

 

Хохирогч П.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Манайх Замын-Үүд сумын 3-р баг Соёмбо гудамжны тоотод амьдардаг. Би 2022 оны 08 дугаар сарын 31-ний өглөө босоод граж руугаа юм авах гээд ортол граж дотор байсан 2 ширхэг аккумлятор алга болчихсон байсан. Тэгээд Замын-Үүд сумын цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн. Тэр үед нь нэг цагдаа гутлын мөрөөр нь хайж байгаад олсон. Тухайн үед миний 2 ширхэг акумляторыг хулгайлж авсан хүн Ваня овогтой гэж хүн байсан. Би алдсан 2 ширхэг аккумлятарын хохиролоо барагдуулж аваагүй. Би алдсан 2 ширхэг акумлятораа 2021 оны 1 дүгээр сард машин авахад  дагалдаж ирсэн шинэ аккумлятор байсан “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/

            Гэрч Д.Батчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би*******ыг танина. Түүнтэй 2021 онд танилцаж байсан, миний хуурай дүү байгаа юм.******* нь хөдөөгүүр айлд хөлсөөр мал маллан амьдардаг. Заримдаа Замын-Үүд суманд ирэхээрээ хонох газаргүй гээд манай гэрт ирж хоноглодог.******* 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр манайд хэдэн цагийн санахгүй байна үдийн хойно хөдөө мал дээрээсээ ирээд надтай хамт нэлээд архи ууцгаасан. Би нэлээд согтсон учир*******ыг хаагуур явсныг мэдэхгүй байна, 2022 оны 08 дугаар сарын 30-наас 31-нийг шилжих шөнө 03-04 цагийн орчимд манай гэрт согтуу ирээд унтсан санагдаж байна. Тэгээд өглөө 10 цагийн орчимд гутлаа солиод гараад явсан. Би өөр зүйл мэдэхгүй.******* тухайн үед бакал өмсөж явсан. Хэргийн газрын үзлэгийн зурагт тусгагдсан гутлын мөр нь*******ын өмсөж явсан бакалны мөртэй яг адилхан байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/

            Гэрч Т.Нарансайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тухайн шөнө нөхөр бид хоёрыг амарч байхад 03 цагийн орчимд гаднаас гэнэт нэгэн үл таних согтуу хүн ороод ирсэн. Нөхөр бид хоёр сэрээд юун хүн талаар асуухад тухайн үл таних залуу "Би хөдөөний малчин хүн. Танайд хононо" гэх мэт зүйл яриад байсан. Манай нөхөр бид 2 "Энэ чинь албан байгууллага тул энд хонож болохгүй" гэхэд тухайн хүн өврөөсөө 1 шил архи, 1 пиво гаргаж ирээд манай нөхөртэй хамт уух гээд байсан. Манай нөхөр архи уудаггүй тул татгалзаж тухайн залууг гэрээс гарахыг шаардсан. Гэтэл тухайн залуу ямар сонин айл вэ? гэх мэтээр түрэмгий ааш гаргаад байсан. Тэр үед нь манай нөхөр гэрээс хамт гарч, хашаанаас гаргаж өгчихөөд ирсэн. Тэгээд тухайн залууг гараад хаашаа явсныг мэдээгүй.  Тухайн залуу нь ойролцоогоор 160 см хавьцаа нуруутай, бор царайтай, пагдгар залуу байсан. Хар бараан өнгийн хувцастай, түрийтэй хар гутал буюу бакал өмссөн байсан. Би хэргийн газраас илрүүлсэн гутлын мөртэй танилцлаа. Тухайн үл таних залуугийн өмсөж явсан гутлын мөртэй таарч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35/

             Гэрч Н.Амарбаярын мөрдөн шалгах ажиллагаанд  өгсөн “Би*******ыг танина.******* нь 2022 оны 07 дугаар сард манайд мал маллаж байгаад 09 дүгээр сараас мал маллахаа больсон. Заримдаа манай малын бэлчээр дээр ирээд хэд хоногоор архидан согтуураад байхаар нь хөөж явуулж байсан удаа бий. Манай малын бэлчээр нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 2-р буюу Баянбогд багийн нутаг дэвсгэр Хонгорын сүүж гэх газарт байдаг. Би*******тай ямар нэгэн ах дүү төрөл садангийн холбоо байхгүй, мал хөлсөөр маллуулах хүн хайж байгаад танилцаж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42/

            Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 09 сарын 12-ны өдрийн “Kindun брэндийн 180АМ хүчин чадалтай аккумлятор 2 ширхэг 812,000 төгрөг”  гэсэн  ТХҮ-022/4517 тоот дүгнэлт /хх-ийн 52-53/

            Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “ гэрч Т.Нарансайханаас  нэгдүгээр хуудсанд байрлах 3 дугаартай Ваня овогтойын зургийг зааж, манай гэрт согтуу ирсэн явсан хүн мөн байна гэж заав” гэжээ. /хх-ийн 57-61/

2023 оны 05 сарын 09-ний өдрийн 2220001090048 тоот эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол  /хх-ийн 72/

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 05 сарын 10-ны өдрийн “*******ыг 2023 оны 05 сарын 08-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих тухай 2023/ЦХШЗ/07 тоот шүүгчийн захирамж /хх-ийн 90-91/

 Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 97-99/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 106/

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Манай нөхөр бид 2 хувьдаа том тэрэгтэй. Тэр машин маань зүгээр явдаг. Машинаа Дорноговь аймгийн Замын-үүд сумын 5 дугаар баг тоотод байнга тавьдаг. Тэгээд нэг өдөр манай нөхөр тээвэрт Улаанбаатар хот руу явсан. Тэр өдөр би гэртээ байгаагүй болохоор манай гэрт үл таних хүн нэвтрэн орж гэрт хоноод, гэрт байсан том тэрэгний 2 ширхэг аккумляторыг аваад гарсан байсан. Манай хажуу талын айлын Далантай гэж хүн наад айлын чинь гэрийн эзэд байна уу гэхэд, ойрхон явсан гэж хэлсэн гэсэн. Тэр хүнийг урьд нь харж байгаагүй гэсэн. Архи уусан шинжтэй улаан царайтай дунд зэргийн нуруутай эрэгтэй хүн байсан гэсэн. Тэгээд би тэр өдрийнхөө орой нь гэртээ очсон чинь гэрийнхээ хаалгыг онгойлгох гэсэн чинь гэрийн модон хаалганы цоож байхгүй байсан. Гайхаад гэртээ ортол гэрт ороод ор засаад хүн унтсан шинжтэй байсан. Тэгээд гэрт байсан 2 ширхэг том тэрэгний аккумлятор маань байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Даюун маркийн хар өнгийн 2 ширхэг том аккумлятор байгаа. 2022 онд Эрээн хотоос 1 ширхэгийг нь 500,000 төгрөгөөр худалдан авч байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 111-112/

 Гэрч Д.Далантайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн  өглөөний 08 цагийн үед би хашаандаа машинаа асаах гээд байж байхад хөрш Буянгийн монгол гэрээс хар царайтай жижиг биетэй эрэгтэй гэрийнх нь хаалгыг онгойлгоод гараад ирсэн. Би бодохдоо Буянгийн таньж мэддэг хүн юм байх гэж бодсон. Тэр хүн Буянгийн гэрээс нь гарч ирээд тэдний гадаа 00-руу ороод бие засчихаад буцаж гэрийнх гадаа очоод хаалгыг нь түгжээд гараад явсан. Би хашааны цаанаас тэр залуугаас чи энд хоносон юм уу гэж асуухад тиймээ гэж хариулахаар нь би энэ айлын хүмүүс хаана байна гэхэд тэр залуу надад одоо ирэх байх гэж хариулсан. Тэгээд би машин руугаа очоод машинаа асаагаад яваад өгсөн. Би сайн анзаарч хараагүй намайг машинаа унаад гарч байхад тэр залуу нэг тэрэг түрчихсэн Буянгийн гэрээс баруун урагшаа чиглэлтэй явж байгаа нь машины цонхоор хальт харагдсан. Би зайнаас харсан болохоор танихгүй. Ногоон өнгийн цамцтай согтуудуу маягийн төрхтэй залуу харагдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 116-117/

Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ний 2023 оны 05 сарын 29-ний өдрийн “Том машиний 160 амперийн хүчин чадалтай аккумлятор 2 ширхэг 800,000 төгрөг”  гэсэн  ТХҮ-023/6791тоот дүгнэлт /хх-ийн 126-127/

Шүүгдэгч******* нь урьд ял шийтгүүлж байсан гэсэн ял шалгах хуудас /хх-ийн 163-164/

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 сарын 06-ны өдрийн “*******ыг 2023 оны 06 сарын 10-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих хугацаа сунгах тухай 2023/ЦХШЗ/10 тоот шүүгчийн захирамж /хх-ийн 198-200/

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 07 сарын 04-ний өдрийн “*******ыг 2023 оны 07 сарын 04-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих  хугацаа сунгах тухай 2023/ЦХШЗ/10 тоот шүүгчийн захирамж /хх-ийн 206-208/

2023  оны 10 сарын 26-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын 16 тоот тогтоол /2хх-ийн 47-48/

2023  оны 10 сарын 26-ны өдрийн Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай тухай прокурорын 16 тоот тогтоол /2хх-ийн 49-50/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч******* нь 2022 оны 08 дугаар сарын 30-аас 08  дугаар сарын 31-ний шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг Соёмбо тоот хашаанд байх автомашины грашаас том тэрэгний Kindun киндун брэндийн 180 ам хүчин чадалтай 2 ширхэг аккумляторыг нууцаар хулгайлан авч хохирогч 812,000 төгрөгийн хохирол учруулсан,

-мөн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дугаар баг тоотод байрлах хохирогч монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж Даюун маркийн хар өнгийн 2 ширхэг акумляторыг хулгайлан 800,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д” энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, мөн 2-д “ гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг  гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдсан буюу хүний байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг сэм, нууц, далд байдлаар авч, захиран зарцуулсан байна.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт  өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байхаар хуульчилсан байх бөгөөд тэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан  хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл хийсэн, хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч******* нь “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч П.Даваадорж, А.Буян нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч  Д.Батчулуун, Т.Нарансайхан, Д.Далантай нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь уг гэмт хэргийн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн,  прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч******* нь хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн, прокурор үйлдэл тус бүрт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, эрүүгийн хэргүүдийг Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан нэгтгэсэн нь хуулинд нийцсэн байна.

 

Хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...эд хөрөнгөд ... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор заасан бөгөөд шүүгдэгч*******ын  хууль бус үйлдлийн улмаас хохирогч П.Даваадорж, А.Буян нарт эд хөрөнгийн хохирол учирсан нь нотлох баримтаар нотлогдсон, энэ утгаараа тэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй хүлээх юм.

Хохирогч П.Даваадоржийн грашаас алдагдсан эд зүйлийн Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК нь 2023 оны 09 сарын 12-ны өдөр “Kindun брэндийн 180АМ хүчин чадалтай аккумлятор 2 ширхэг 812,000 төгрөг” болно гэсэн дүгнэлтийг, хохирогч гэрээс алдагдсан эд зүйлийг Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК нь 2023 оны 05 сарын 29-ний өдрийн “Том машины 160 амперийн хүчин чадалтай аккумлятор 2 ширхэг 800,000 төгрөг”  гэсэн  ТХҮ-023/6791тоот дүгнэлтийг гаргасан байх ба шүүгдэгч болон хохирогч нар нь тухайн дүгнэлттэй танилцсан, үнэлгээний талаар ямар нэг маргаан гаргаагүй байна.

Иймд дээрх үнэлгээний дагуу шүүгдэгч*******аас 812,000 төгрөгийг гаргуулж хохирогч, 800,000 төгрөгийг гаргуулж А.Буянд олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ “Шүүгдэгч*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэсэн дүгнэлтийг,

 

-өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй “ шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч Даваадорж нь түүнийг ял эдэлж дууссаны дараа хохирлоо авахыг зөвшөөрсөн зэрэг байдлыг харгалзан хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэсэн” дүгнэлтийг тус, тус гаргасан болно.

 

Шүүх шүүгдэгч*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж дүгнэв.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “  Эрүүгийн хариуцлагын зорилго нь  гэмт хэрэг үйлдсэн  хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас  зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг  нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан бөгөөд шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа хуульд заасан энэхүү зорилгыг хэрэгжүүлэх, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчмыг баримталж хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч******* нь хэдийгээр олон удаа ял шийтгүүлж байсан боловч одоо үйлчилж байгаа Эрүүгийн хуульд давтан, ялтай байдал гэх шүүгдэгчийн эрхзүйн байдлыг дордуулсан нөхцөл байдлыг хуульчлаагүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх тул түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

            Шүүгдэгч нь энэ хэрэгт 2023 оны 05 сарын 08-ны өдрөөс эхлэн 193 хоног цагдан хоригдсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар дээрх хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Хангад**************ыг******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-т заасан хүн амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Хангад**************ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч*******т оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2-д зааснаар шүүгдэгч*******т цагдан хоригдсон 193 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

            5.Шүүгдэгч*******ын иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт ирээгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч*******аас 812,000 төгрөгийг гаргуулж хохирогч,  800,000 төгрөгийг гаргуулж, хохирогч А.Буянд олгосугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, өмгөөлөгч шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.ЦЭРЭНХАНД