| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2020/00325/И |
| Дугаар | 362 |
| Огноо | 2020-05-15 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 362
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Түшиг сум, 1 дүгээр баг, Жаргалмандах 4 дүгээр хэсэг 213 тоотод оршин суух цахим үнэмлэхийн хаягтай, одоо Дархан-Уул аймаг, 15 дугаар баг, 3-126 тоотод оршин суух, А овогт Э.Б, /РД:ПЖ-97071804/ -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум, Хуурч 2 дугаар баг, 4 дүгээр хэсгийн 08 тоотод оршин суух, Гацуурт ХХК-д трактор комбайнч ажилтай, Эрхэд овогт Б.Д, РД:/МХ-91041117/-д холбогдох
Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; нэхэмжлэгч Х.Б, хариуцагч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
...миний бие 2016 оны 12 сарын 25-нд Б.Дтай танилцан гэр бүлийн харилцаатай болсон. Бидний дундаас 2017 оны 12 сарын 20-нд хүү Б.Г төрсөн. Б.Дтай албан ёсоор өрх гэр тусгаарлан гараагүй учраас гэрлэлийн баталгаа байхгүй. Бид өөрийн гэсэн орон байргүй эцэг эхийндээ амьдарч байсан. Тэрээр хүүгээ 1 ой 11 сартайгаас биднийг эргэж тойрох, харьцах харьцаа эрс багассан. Одоо хүү маань 2 ой, 4 сартай, би өөрийн эрхэлсэн ажилгүй. Хүүгээ гэртээ хардаг учир 2017 оны 12 сарын 20-нд төрсөн Б.Гийн төрсөн эцэг нь Б.Д мөн болохыг тогтоож, Б.Даас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэх.
Хариуцагч нь шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
.... Бид хоёр 2016 оны намар танилцаж үерхэж эхэлсэн. Бидний дундаас 2017 оны 12 дугаар сарын 20-нд хүү Б.Г төрсөн. Х.Б нь 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр намайг ажилтай байх үеэр архи ууж өөр хүнтэй унтсан. Гэхдээ би өөрийн нүдээр хараагүй ч хоолойгоо шимүүлсэн байдалтай ирсэн. Тэгэхээр нь би уурлахад Х.Б явсан. Тэгээд хоёр сар орчим хугацаанд хүүхэд маань надтай хамт байсан. Намайг ажилтай байх үеэр Х.Бирээд хүүхдээ аваад явсан байсан. Түүнээс хойш надтай уулзаагүй. Утсаар ч яриагүй. Хүүхдийг маань ч гэсэн надтай яриулахгүй байгаа. Манай эхнэртэй уулзаад байгаа залуу нь өөрийн Фэйсбүүкт манай эхнэртэй хос болсноо зарласан байсан. Тэгээд би тэр залуугийн утасны дугаарыг нь олоод ярихад Ахаа би танай эхнэртэй караокед танилцсан. Надад нөхөр хүүхэдгүй гэсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би Би нөхөр нь байна гэхэд Ахаа би гэрт нь очихдоо л нөхөр хүүхэдтэй гэдгээ мэдсэн гэж хэлсэн. Тэгэхээр намайг байхгүй үед өөр хүнтэй байсан нь тодорхой байгаа юм. Намайг өөр хүнтэй болсон гэж гүтгээд байгаа. Надад ямар ч өөр хүн байхгүй. Б.Г нь миний хүүхэд мөн тул эцэг тогтоолгох шаардлагагүй. Харин хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ аль болох хүүхдээ өөр дээрээ авахыг хүсэж байна. Хэрэв тийм боломж байхгүй бол хүүхэдтэйгээ уулзаж байхыг хүсэж байна. Х.Бнамайг хүүхэдтэй маань уулзуулахгүй утсаар ч яриулахгүй байгаа юм гэх.
Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ НЬ:
Х.Бийн шүүхэд гаргасан ... Б.Дыг хүүхдийн эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэргийн 1-9, 18-20 дугаар талд авагдсан баримтууд болох багийн засаг даргын тодорхойлолт, эмнэлгийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар, хүсэлт зэргээр нотлогдож байхаас гадна хариуцагч нь хүүхдийн эцэг мөн эсэх, тэтгэлэг төлөх эсэх дээр маргаангүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар эзргээр давхар нотлогдож байна.
Нэхэмжлэгч нь шүүгчийн 2020 оны 04 сарын 17-ны өдрийн 1009 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70.200 төгрөг, мөн хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон (198.300:2х12=1.189.800 төгрөг) улсын тэмдэгтийн хураамжид 33.105 төгрөгийг тус тус нөхөн гаргуулж төрийн сангийн орлого /данс-100130000941/ -д оруулбал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 12 сарын 20-ны өдөр төрсөн хүү Б.Гийн төрсөн эцэг Бат-Эрдэнийн Даринчулуун мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар 2017 оны 12 сарын 20-ны өдөр төрсөн хүү Даринчулууны Ганжигүүрийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшний 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 / -тай болтол нь амьжиргааны баталгаажих доод түвшний хэмжээгээр эцэг Б.Даар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах, хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь шүүгчийн 2020 оны 04 сарын 17-ны өдрийн 1009 дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70.200 төгрөг, мөн хүүхдийн тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 33.105 төгрөг, нийт 103.305 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж төрийн сангийн орлого /данс-100130000941/ -д оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-д шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4д заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН