Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2019/0824

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар О.Б, Ц.О нарын нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн хэргийг хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: О.Б /РД:*********, Ц.О /РД: *********/

Хариуцагч: Татварын ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 09/1801 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Б, Ц.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Э.Б  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ц.О миний бие 2017 оны 9 дүгээр сарын 24-нд Чингисийн талбайд зохион байгуулагдсан ******* групп, Golden point компаний зохион байгуулсан хонжворт сугалааны супер шагнал болох нэг өрөө байрны азтан болж шалгарсан билээ.

Манайх ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр О.Б нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хүү Б.М******* нь барилгын туслах ажилтнаар ажилладаг, охин Б.М******* нь Ерөнхий боловсролын сургуульд сурдаг.

Татварын тухай хуулийн холбогдох заалтын дагуу 2018 онд уг байрны үнийн дүнгийн 40% болох 17 сая төгрөгийг дүүргийн татварын хэлтэст төлсөн. Ингэж төлөхдөө хаан банкнаас 15 сая төгрөг, хувь иргэнээс 2 сая төгрөг зээлж төлөөд байрныхаа гэрчилгээг авсан бөгөөд энэ нь манай гэр бүлд анх удаа байртай болж байгаа билээ.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16.1.12 дахь зүйлд зааснаар Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих эсвэл худалдан авахад зарцуулсан 30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогоо татвар ноогдуулах орлогоос чөлөөлүүлнэ гэж заасан байдаг.

Энэ зүйл заалтыг би иргэн хүнийхээ хувьд үл хөдлөх хөрөнгийн шударгаар олж авах, эзэмших, төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм хууль зүйн баталгааг бүрдүүлэх хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх, хүнлэг энэрэнгүй нийгмийн Үндсэн хуулийн үзэл санаанд нийцсэн хууль хэмээн ойлгодог.

Татварын Ерөнхий газрын вэб сайтад Татварын ерөнхий газрын Татвар хураалтын удирдлага, арга зүйн газрын татварын улсын байцаагч Д.Болор-Эрдэнийн тайлбарласнаар Тайлант онд орлого олж түүнээсээ хувь хүний орлогын албан татвар төлсөн иргэн бүр татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломжтой буюу энгийнээр хэлэхэд татвараа төлж, үүргээ биелүүлсэн иргэн бүр эрхээ эдлэх ёстой гэж үг үсгээрээ ингэж бичигдсэн байдаг.

Гэтэл манай материал дүүргээс нийслэлд, нийслэлээс Татварын ерөнхий газарт очоод эцэст нь нэг ч төгрөгийн буцаан олголт байхгүйгээр Татварын ерөнхий газрын хуулийн хэрэгжилт хангах газрын дарга Б.Б******* шийдвэр гаргаж дүүргийн татварын хэлтэст хүргүүлсэн байна. ( Уг шийдвэрийн хуулбарыг хавсаргав).

Өөрөөр хэлбэл иргэн миний хувьд татварын тухай хуулийн 16.1.12 дахь зүйл заалтын дагуу буюу 17 сая төгрөгөөр нэг өрөө шинэ байр авч байгаа хэрэг. Учир нь бэлэн мөнгөний хонжвор сугалаанд түүнээсээ 40 хувийг нь суутгуулсан хэрэг биш юмаа. Ийм учраас татварын буцаан олголтонд хамрагдах нөхцөлийг хангасан гэж үзэж байна.

Татвар хураалтын удирдлага, арга зүйн газрын 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2а/283 тоот албан бичгийн хавсралтад тайлбарлахдаа:

Хувь хүний өөрийн орлого болон банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн орлогод ямар орлого хамаарах вэ гэхэд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16.1.12 дахь заасан Хувь хүний өөрийн орлогод Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан орлогууд болон бэлэглэлийн орлого хамаарна, 8.1.8-д төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлого гэж багтжээ; 22-р зүйл бусад орлогод албан татвар ноогдуулах орлогыг тодорхойлох: 22.1.3 -д төлбөр таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлогод албан татвар ноогдуулах орлогыг тухайн орлогын дүнгээр, 16.1.12-т зааснаар ...30 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого...,30 сая төгрөгний 40%-ийг нь буцааж олгоно гэсэн заалт байгаа юм.

Иймийн тулд Татварын ерөнхий газрын шийдвэрийг хүчингүй болгож иргэн миний асуудлыг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: Нэхэмжлэгч талын шаардаж байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлтэй. Миний үйлчлүүлэгч нар нь сугалаагаар нийт 42 сая төгрөгийн орон сууцыг хожсон. Татвараа төлөхийн тулд банк санхүүгийн байгууллага болон хувь хүнээс мөнгө зээлж 17 сая төгрөгийн татвараа төлсөн байгаа. Татварын хөнгөлөлт чөлөөлөлт гэдэг нь өөрийн болон банк санхүүгийн байгууллагаас авсан, зээлийн орлогоор зарцуулсан орлогоос 30 сая төгрөгтэй тэнцэх татварын хөнгөлөлт чөлөөлнө гэсэн байсан.

30 сая төгрөгтэй тэнцэх татвар нь энэ хүмүүсийн төлснөөр бодох юм бол 42 сая төгрөгийн үнэтэй байрны сая төгрөг хүртэлх татвар нь бол 12 сая төгрөг болж байгаа. Татвар чөлөөлөгдөхгүй үлдэх хэсэгт нь 5 сая төгрөг орж байгаа. Тэгэхээр энэ 12 сая төгрөгийг чөлөөлж өгөөч гэсэн үндэслэл байгаа юм. Суутгагч нь өөрөө тайландаа тусгасан байх ёстой гэж байна. Суутгагч нь миний үйлчлүүлэгч нараас суутгаж аваагүй, татвараа өөрсдөө очиж төлөөрэй гэсэн. Сугалаагаар хожсон үнэгүй байраа шилжүүлж аваагүй байхад татвараа төлсөн байсан. Үүний дараагаар нэр дээрээ шилжүүлж авах үед 5 сая төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулж, 100.000 мянган төгрөгийг худалдсан иргэн төлөөд энэ хоёр хүн дээр байр нь шилжсэн байгаа. Тэгэхээр 5 сая төгрөгөөр худалдах худалдан авах гэрээгээр байр нь шилжсэн. Яагаад гэвэл энэ байр нь хувь хүний байр байсан, хувь хүний байрыг 5 сая төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулж хүлээж авсан. Тухайн үед худалдах худалдан авах гэрээ зохицуулалтаар шилжээд 100.000 төгрөг төлөгдсөн. Энэ бол баталгаажаад Улсын бүртгэлд бүртгэгдээд явсан байгаа.

Ийм тохиолдол байх юм бол 17 сая төгрөгийн татвар төлсөн асуудал байгаа. Гэтэл татвар давхардахгүй байх ёстой гэж байна. Худалдах худалдан авах гэрээгээр шилжсэн байлаа гэхэд анх удаа байр худалдаж авсан гэдэг дээр 30 сая төгрөг чөлөөлөгдөх зохицуулалтай байгаа. Миний үйлчлүүлэгч нарын хувьд 40 хувийн татвар төлсөн байгаа учраас, 30 сая төгрөгт ноогдох 12 сая төгрөгийг чөлөөлж өгөөч цаана нь улсад 5 сая төгрөг төлж байна.

Иймд Татварын ерөнхий газрын 18/81 гэсэн дугаартай хариуг хүчингүй болгож өгнө үү, иргэний бүртгэлээр худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр орон сууц шилжсэн байна гэдгийг шийдвэртээ дурдаж өгнө үү гэж хүсэж байна. гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.О, О.Б нар нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Татварын ерөнхий газрын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 18/81 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хариу тайлбар хүргүүлж байна. Үүнд:

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т "Албан татвар төлөгчийн татварын жилд олсон дараахь орлогод албан татвар ногдуулна: 8.1.4-т "төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлого; мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-т "хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого.-ыг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөхөөр хуульчилсан.

Дээрх Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-т заасан ... анх удаагаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад ..." гэдгийг энэ хууль хүчин төгөлдөр болсон өдөр буюу 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш зөвхөн нэг удаа хувьдаа орон сууц барьсан, эсхүл худалдаж авсны аль нэгийг гэж ойлгоно гэж Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 12 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 3-т тайлбарласан байна.

Өөрөөр хэлбэл хувь хүн өөрийн хөрөнгөөр хувьдаа амьдран суух зориулалтаар орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан орлого байх шаардлага хуулиар тавигдсан.

Иргэн Ц.О нь эд мөнгөний хонжворт сугалааны орлого олж, холбогдох хуулиар 40 хувийн албан татварт 17 000.000 төгрөгийг суутгуулсан нь дээрх хуулийн нөхцөлийг хангахгүй байгаан дээр Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлгөд хамрагдах боломжгүй байна.

Мөн нэхэмжлэгч нарын хүчингүй болгуулах гэж буй Татварын ерөнхий газрын Эрсдлийн удирдлагын газрын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 09/1881 дугаар албан бичиг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37 1-т Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон ... бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно." гэж заасантай нийцэхгүй байх тул мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т зааснаар хүлээн авахаас татгалзаж өгнө үү. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: Тухайн байгууллага өөрөө татварынхаа асуудлыг шийдвэрлэдэг. Аливаа сугалаа, хонжвор, бооцоо, тоглоом уралдаанд тухайн татварынхаа асуудлыг ажил, орлого олгох чинь шийдвэрлэхээр зохицуулагдсан, хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт тодорхой заасан байдаг.

Мөн хуулийн 8.8 дугаар зүйлийн 8.1, 1.8-д заасан, орлогын дүнд 23 дугаар зүйлийн 2.3-т заасан хувиар албан татвар ноогдуулаад, 28 дугаар зүйлийн 1-т заасан хугацаанд та тайлангаа ирүүлээрэй гэж тодорхой зааж өгсөн байгаа. Эргээд нэхэмжлэгч нар нь ******* ХХК-аас энэ хуулийн заалтыг бариад нэхэмжлэл гаргах эрхтэй гэж миний зүгээс харж байна.

Хэрвээ та тухайн татварын жил, үйл ажиллагаа эрхлээд хөдөлмөрлөөд, хувь хүний орлогын албан татварын 10 хувийг төлсөн бол, эргээгээд төлсөн 10 хувийг татварт ногдох буюу анх удаа орон сууц авах юм бол түүнийхээ 30 сая хүртэлх буюу 3 сая төгрөгийн татварын буцаан олголтыг тухайн татварынхаа жилд төлсөн татварынхаа хувь хэмжээнд тооцуулаад авч болно.

Татварыг өндөр тогтоогоод хөнгөлөлтөд хамрагдахгүй байна гэвэл, та тухайн татварын жилд хөдөлмөрлөөгүй буюу үйл ажиллагаа эрхэлж орлого олоогүй, гэнэт танд орлого ороод ирж байгаа учир та 40 хувийг төлөх ёстой. Иймд нэхэмжлэгчийн гаргаж байгаа шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Б, Ц.О нар нь Татварын ерөнхий газрын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 18/81 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан ба улмаар шүүх хуралдаанд Татварын ерөнхий газрын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 09/1801 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д "Албан татвар төлөгчийн татварын жилд олсон дараахь орлогод албан татвар ногдуулна:, 8.1.8-д "төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлого16 дугаар зүйлийн 16.1.12-т хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцныбарилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлого-ыг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөхөөр хуульчилсан байна.

Мөн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т Энэ хуулийн дараахь зүйл, заалтад дурдсан орлогод дор дурдсан хувь, хэмжээгээр тооцож албан татварыг тусгайлан ногдуулна23.2.3-д энэ хуулийн 22.1.3-т заасан орлогын дүнд 40 хувиар гэж заасан байна.

Дээрх Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-т зааснаас үзэхэд хувь хүн амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээшгүй хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөхөөр хуулчилсан байна.

Илүү тодруулан хэлбэл, орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан тодорхойхэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөхөөр хуульд тодорхой зааж хуульчилсан байх ба нэхэмжлэгч нар нь орон сууц бариагүй, худалдан аваагүй, харин орон сууцыг хонжворт сугалаагаар хожсон байх тул Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12 дахь заалт нэхэмжлэгч О.Б, Ц.О нарт хамаарахгүй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нь Татварын ерөнхий газрын веб сайт болон татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлүүлэх үед тулгарч буй асуудлууд, түүний тодруулга гэсэн татварын байгууллагаас гаргасан хүснэгтээс үзэхэд хувь хүний орлогын албан татвар төлсөн иргэн бүр татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх ёстой гэсэн агуулгаар тайлбарлаж байх хэдий ч орон сууц барих, худалдан авахад зарцуулсан тодорхой хэмжээний орлогыг хувь хүний орлогын татвараас чөлөөлөхөөр хуульд тодорхой хуульчилсан байх тул нэхэмжлэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн энэ тайлбар үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч нар болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд хэрэгт 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ авагдсан, уг гэрээнд 5 сая төгрөгөөр Ц.О худалдан авч буй мэтээр тусгагдсан хэдий ч уг 5 сая төгрөгийг нэхэмжлэгч нар төлөөгүй, сугалаанд хожсон орон сууц өөр хүний нэр дээр байсан учир Тесо констракшн ХХК нь бидэнд шилжүүлэхийн тулд худалдах, худалдан авах гэрээг үйлдсэн гэсэн агуулгаар тайлбарлаж байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд хэрэгт 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ авагдсан, уг гэрээг үндэслээд орон сууц худалдан авсан гэж үзэж нэхэмжлэгч нарыг хувь хүний орлогын албан татварын чөлөөлөлтөд хамруулах боломжтой гэж тайлбарлаж байх боловч Тесо констракшн ХХК нь сугалаанд хожсон орон сууцыг нэхэмжлэгч нарт шилжүүлэхийн тулд худалдах, худалдан авах гэрээг үйлдсэн байх ба нэхэмжлэгч нарын нэр дээр хэрхэн, ямар арга замаар шийлжүүлэх нь Тесо констракшн ХХК-ийн дотоод асуудал тул уг Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй, нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэлд хамааралгүй юм.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12-т заасныг баримтлан Татварын ерөнхий газрын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай № 09/1801 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч О.Б, Ц.О нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Б, Ц.О нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАТЗОРИГ