| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2025/0875/З |
| Дугаар | 221/МА2026/0171 |
| Огноо | 2026-03-10 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 221/МА2026/0171
“Б дт п” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Э
Нэхэмжлэгч: “Б дт п” ХХК
Хариуцагч: Татварын ерөнхий газар, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газар
Нэхэмжлэлийн шаардлага: “ “Б дт п” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан НӨ-21250000018 дугаартай акт /цаашид НӨ-21250000018 дугаартай акт гэх/-ыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, НӨ-21250000018 дугаартай актыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг даалгах, НӨ-21250000018 дугаартай актаар баталгаажсан албан татварын илүү төлөлтийн дүнгээс манай компанийн бусад татварын өрд суутган тооцуулж, үлдэгдэл илүү төлсөн албан татварыг буцаан олгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгон, НӨ-21250000018 дугаартай актаар баталгаажсан албан татварын илүү төлөлтөөс татварын өрд суутган тооцож, илүү төлсөн албан татварыг буцаан олгуулахыг даалгах, илүү төлсөн албан татварыг алдангийн 464,092,434.95 төгрөгийн хамт буцаан олгуулахыг даалгах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 036 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Алтанзул
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базар
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тунгалаг, Ч.Байгалмаа, Ч.Октябрь, Х.Алтанхүү
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2025/0875/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Б дт п” ХХК нь Татварын ерөнхий газар, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт тус тус холбогдуулан ““Б дт п” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан НӨ-21250000018 дугаартай акт /цаашид НӨ-21250000018 дугаартай акт гэх/-ыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, НӨ-21250000018 дугаартай актыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг даалгах, НӨ-21250000018 дугаартай актаар баталгаажсан албан татварын илүү төлөлтийн дүнгээс манай компанийн бусад татварын өрд суутган тооцуулж, үлдэгдэл илүү төлсөн албан татварыг буцаан олгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгон, НӨ-21250000018 дугаартай актаар баталгаажсан албан татварын илүү төлөлтөөс татварын өрд суутган тооцож, илүү төлсөн албан татварыг буцаан олгуулахыг даалгах, илүү төлсөн албан татварыг алдангийн 464,092,434.95 төгрөгийн хамт буцаан олгуулахыг даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 036 дугаар шийдвэрээр: “Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ““Б дт п” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан НӨ-21250000018 дугаартай акт /цаашид НӨ-21250000018 дугаартай акт гэх/-ыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, НӨ-21250000018 дугаартай актыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг даалгах, НӨ-21250000018 дугаартай актаар баталгаажсан албан татварын илүү төлөлтийн дүнгээс манай компанийн бусад татварын өрд суутган тооцуулж, үлдэгдэл илүү төлсөн албан татварыг буцаан олгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгон, НӨ-21250000018 дугаартай актаар баталгаажсан албан татварын илүү төлөлтөөс татварын өрд суутган тооцож, илүү төлсөн албан татварыг буцаан олгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож ...” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “... Шүүхийн шийдвэрийн 8-11 дэх хэсгийн дүгнэлтүүдийг уншвал "нэхэмжлэгч компанийн 2024 оны 11 дүгээр сар болон 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар гарсан илүү төлөлтийг баталгаажуулахтай холбоотой хяналт шалгалтын явцад зөрчил илэрсэн тул татварын албаны зүгээс татварын иж бүрэн хяналт шалгалтыг хийж байгаа" гэх агуулгатай байна. Өөрөөр хэлбэл, манай компанийн 2024 оны 11 дүгээр сар болон 12 дугаар саруудын нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийн дүн баталгаажаагүй мэт, тус татварын илүү төлөлтийг баталгаажуулахаар хянан шалгах явцад зөрчил илэрсэн тул энэ хүрээнд иж бүрэн хяналт шалгалт хийгдэж буй мэт дүгнэлтийг шүүх хийсэн байна. Гэтэл энэ нь дараах байдлаар үндэслэлгүй юм.
3.1.1. Манай компанийн 2024 оны 11 дүгээр сар болон 12 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийн дүн баталгаажсан байгаа. Тодруулбал, бид анх 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Том татвар төлөгчийн газрын даргад “Хүсэлт хүргүүлэх тухай” 25/14 дугаартай албан бичгийг илгээж, 2024 оны 11 дүгээр сар, 12 дугаар саруудын нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийн дүнг 7.1 тэрбум төгрөгөөр баталгаажуулж өгөхийг хүссэн. Бидний энэ хүсэлт бол Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1-д заасан илүү төлсөн албан татварыг буцаах авах тухай бичгээр гаргасан хүсэлт юм.
3.1.2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.2-т "Харьяалах татварын алба энэ хуулийн 15.1.1-д заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш хянан шалгаж, баталгаажуулахаар албан татварыг буцаан олгуулах саналын хамт Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ" гэж, 15.8-д "Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.1.2...-д зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ... буцаан олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын 2 өдөрт багтаан Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ" гэж заасан. Хуулийн 15.8-д нэгдүгээрт буцаан олгох албан татварын хэмжээг хянан баталгаажуулах, хоёрдугаарт тийнхүү баталгаажуулсны дараа албан татварын буцаан олгох саналыг Сангийн яамд илгээх гэсэн хоёр процесс, шийдвэр гарахаар байгаа.
3.1.3. Татварын ерөнхий газар нь дээрх хуулийн 15.8-д заасан буцаан олгох албан татварын хэмжээг хянан баталгаажуулах шийдвэрийг гаргачихсан байгаа. Энэ нь, хэрэгт авагдсан Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч Ц.Б, Б.Ц, нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын хэлтсийн дарга С.У нарын үйлдсэн 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт юм. Тус актын Тогтоох нь хэсгийн 1-д "Б Э Т Д П ХХК-ийн 2024.12.31-ний өдрийн байдлаар төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 7,175,207,710.99 төгрөгөөр баталгаажуулав” гэсэн байгаа. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.15-д нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт гэж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар албан татвар суутган төлөгчийн татварын ногдуулалт, төлөлтийг татварын алба хянан баталгаажуулсан баримт бичгийг ойлгохоор заасан. 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн акт бол нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт болох талаар талууд маргаангүй. Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь заалтад ч Татварын ерөнхий газрын Том татвар төлөгч хариуцсан нэгж нь нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг хянан шалгаж, баталгаажуулсан акт үйлдэх талаар заасан. Иймд Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагчдын үйлдсэн акт бол хуулийн тус заалтын дагуу гарсан хүчин төгөлдөр акт бөгөөд үүгээр бидний улсаас буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын дүн баталгаажсан юм.
3.2. Бидний илүү төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг баталгаажуулаагүй гэж эсвэл буруу дүнгээр баталгаажуулсан гэж бид маргаагүй. Иймд шүүхийн зүгээс нэхэмжлэгчийн улсаас буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийн дүн татварын албаар баталгаажаагүй мэт, татварын иж бүрэн хяналт шалгалтын дүнд баталгаажих мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм. Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын Тавдугаар зүйлд нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулах хяналт шалгалт хийх журмыг нарийвчлан заасан. Журмын 5.8-д Том татвар төлөгч хариуцсан нэгж нь нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, илүү төлөлтийг баталгаажуулсан акт үйлдэхээр заасан. Журмын 5.9-д нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг шалган баталгаажуулаагүй нөхцөлд татвар буцаан олгох, татварын өрөнд суутган тооцохгүй талаар заасан. Журмын 5.10-д нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг шалган баталгаажуулсан актыг эс зөвшөөрвөл гомдол гаргах журмыг заасан бөгөөд бидний илүү төлөлтийг баталгаажуулсан актад хэн ч гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр байгаа. Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь заалтад Татварын ерөнхий газрын Том татвар төлөгч хариуцсан нэгж нь нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг хянан шалгаж, баталгаажуулсан акт үйлдэх талаар заасан. Энэ хүрээнд Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагчид нарын үйлдсэн акт хүчин төгөлдөр байгаа. Шүүх Журмын тус нарийвчилсан заалтуудыг анхаарч үзсэнгүй. Өөрөөр хэлбэл хэсэгчилсэн хяналт шалгалтын үед зөрчил илэрсэн бөгөөд тэр нь зөвхөн тухайн хэсэгчилсэн хяналт шалгалт хийж буй татварын төрлөөр хязгаарлагдахгүй бусад татварын асуудалд нөлөөлөхөөр байвал тухайн татварын төрлийг давхар шалгах эсвэл иж бүрэн шалгалт хийх тухай ойлголт юм.
3.3. Хариуцагчийн хэлээд буй болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болоод буй иж бүрэн хяналт шалгалт хийх томилолт нь 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр олгогдсон байдаг. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хариу тайлбарын 2 дахь тал, 2 дугаартай хэсэгт тусгагдсан. Гэтэл бидний 2024 оны 11 дүгээр сар болон 12 дугаар саруудын нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой татварын хяналт шалгалтыг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хооронд хийж, 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийн дүнг баталгаажуулсан байдаг. Иймд нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой хяналт шалгалтын явцад зөрчил илэрч, үүнтэй холбоотой татварын иж бүрэн шалгалт хийж байгаа зүйл байхгүй юм. Харин нэмэгдсэн өртгийн албан илүү төлөлтийг баталгаажуулах хяналт шалгалт бүрэн хийгдэж дууссанаас хойш 3 сарын дараа иж бүрэн шалгалтын томилолт олгогдсон байна. Өөрөөр хэлбэл, Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 2.7-д "Хэсэгчилсэн хяналт шалгалтын үед илэрсэн зөрчил нь бусад татварын төрөлд нөлөөлж байвал тухайн татварын төрлийг хяналт шалгалтад хамруулах эсхүл бүрэн хяналт шалгалт хийх саналыг хүргүүлнэ" гэж заасан журмаар иж бүрэн хяналт шалгалт хийгдээгүй юм. Хуулийн тус заалтад буцаан олгох албан татварын хэмжээг Том татвар төлөгчийн газар хянан баталгаажуулсан бол албан татвар буцаан олгох саналыг ажлын 2 өдөрт багтаан Сангийн яам руу хүргүүлэхээр заасан. Иймд гагцхүү албан татварыг буцаан олгох саналыг Сангийн яам руу хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль ёсны эсэх асуудалд шүүх дүгнэлт өгөх учиртай. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-т зааснаар хуульд үндэслэх нь захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим байдаг. Иймд ТЕГ-ын Том татвар төлөгчийн газар нь НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулсан Актыг Сангийн яам руу хүргүүлэхгүй байхын тулд тус шийдвэр, үйл ажиллагаа нь хуульд үндэслэх учиртай. Татварын ямар нэгэн хяналт шалгалт хийгдэж байвал нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан актыг Сангийн яам руу хүргүүлэхгүй байхаар эсвэл илүү төлөлтийг буцаан олгох үйл явцыг зогсоох, түдгэлзүүлэх талаар хуульд заагаагүй.
3.4. Ийнхүү актыг Сангийн яам руу илгээх процесс бол зөвхөн Сангийн яам руу мэдэгдэх процесс болохоос бус нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан актыг хянах процесс биш юм. Учир нь, нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг Том татвар төлөгчийн газар баталгаажуулснаар татвар төлөгчийн улсаас буцаан авах татварын дүн баталгаажиж, тодорхой болж байгаа. Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т зааснаар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг хянан шалгаж, баталгаажуулах нь Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын бүрэн эрх. Сангийн яамны хувьд хувьд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.9-д саналыг хүлээн авснаас хойш 45 хоногт багтаан албан татварыг буцаан олгох шийдвэрийг гаргахаар заасан. Татварыг буцаан олгох үйл ажиллагааг Сангийн яам хийдэг учир Том татвар төлөгчийн газар нь Сангийн яам руу Актаа саналын хамт илгээж мэдэгдсэнээр Сангийн яам татварын буцаан олголтыг хийх боломжтой болох юм. Хэрэв тус хяналт шалгалтаар манай компанид татварын зөрчил илэрвэл түүнд Нөхөн ногдуулалтын акт гаргаж шийдвэрлэх эрх хэмжээ нь татварын албанд байгаа. Татварын алба энэ бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг буцаан олгох явдал саад болохгүй.
3.5. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар захиргааны байгууллага нь тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг нь хэрэглэх эсхүл хэрэглэхгүй байх орон зай олгогдсон бол үүнийг сонгох боломж гэж ойлгоно. Иймд хариуцагч Татварын байгууллагууд нь нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан актыг Сангийн яам руу илгээх эсвэл илгээхгүй байх хоёр шийдвэрийн аль алиныг нь хууль, хэм хэмжээний актаар Татварын албанд зөвшөөрсөн бол захиргааны байгууллага сонгох боломжтой гэж үзнэ. Гэтэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8-д буцаан олгох татварын хэмжээг актаар баталгаажуулсан бол татвар буцаан олгох саналыг Сангийн яам руу ажлын 2 өдөрт илгээхээр заасан. Харин татварын албанд нь актыг Сангийн яам руу илгээхгүй байх шийдвэр гаргах боломж, орон зайг олгоогүй. Иймд татварын алба нь актыг Сангийн яам руу илгээх асуудлын хувьд захиргааны байгууллагад сонгох боломж хуулиар олгогдоогүй юм. Хариуцагч нь "нэмэгдсэн өртгийн албан татварын 9 дүгээр сарын тайланг компани 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр засварлан худалдан авалтынхаа дүнг 1,945,365.61 төгрөгөөр нэмэгдүүлсэн" гэх тайлбараа нотолж чадаагүй. Манай компани нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа засварласан болохыг, үүний үндсэн дээр системд 1.9 сая төгрөгийн зөрүү үүссэн болохыг хариуцагч нотлоогүй, энэ хүрээнд шүүхэд баримт гаргаж өгөөгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д "Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна" гэж заасан. Иймд баримтгүй, нотлогдоогүй зүйлийг үндэслэн шүүх шийдвэр гаргах үндэслэлгүй.
3.6. Хариуцагчийн тайлбарлаж, татгалзлын үндэслэл болгож буй " нэмэгдсэн өртгийн албан татварын 09 дүгээр сарын тайланг компани 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр засварлан худалдан авалтынхаа дүнг 1,945,365.61 төгрөгөөр нэмэгдүүлсэн" гэх асуудал нь 2024 оны 9 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлантай холбоотой юм. Гэтэл бид 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлттэй холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Харин хариуцагчийн тайлбарлаж буй засварласан гэх тайлан буюу шүүхийн шийдвэрийн үндэслэл болоод буй асуудал бол 2024 оны 9 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлантай холбоотой буюу бидний маргаж буй нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоогүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж заасан. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэгчийн маргаж буй асуудалд дүгнэлт хийх тул 2024 оны 9 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн асуудалд дүгнэлт хийх шаардлагагүй. Хэрэв бид 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 2024 оны 9 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа зассан бол энэ талаарх баримт нь хариуцагчдад байх учиртай. Учир нь, Татварын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар татварын алба нь татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сантай буюу тус сан нь хариуцагчийн мэдэлд байдаг. Иймд бид татварын тайлангаа зассан бол хариуцагч тус нөхцөл байдлыг харуулах баримтуудыг мэдээллийн нэгдсэн сангаас гаргаж шүүхэд баримтаар өгөх боломжтой. Гэвч тэд энэ талаар шүүхэд ямар ч баримт гаргаж өгдөггүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д "Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй" гэж заасан. Иймд хариуцагч өөрийн тайлбараа нотлохуйц баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй явдалд анхан шатны шүүхийг буруутгах, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлгүй гэж үзэж байна.
Дээрхээс дүгнэхэд, хариуцагчийн хэлж буй "нэхэмжлэгч тайлангаа зассан" гэх тайлбар нь нотлогдоогүй, бидний маргаж буй 2024 оны 11, 12 дугаар саруудын НӨАТ- тэй холбоогүй бөгөөд бидний маргаж буй саруудын нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг татварын алба өөрөө хянан баталгаажуулсан байдаг. Иймд хариуцагчийн "нэхэмжлэгч тайлангаа зассан" гэх ор үндэсгүй тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох үндэслэлгүй юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, бидний анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Бид шүүхийн шийдвэрийн “Алданги төлөхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсэгт давж заалдах гомдол гаргасангүй.” гэжээ.
4. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч “Б дт п” ХХК-иас ““Б дт п” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан НӨ-21250000018 дугаартай акт /цаашид НӨ-21250000018 дугаартай акт гэх/-ыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, НӨ-21250000018 дугаартай актыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг даалгах, НӨ-21250000018 дугаартай актаар баталгаажсан албан татварын илүү төлөлтийн дүнгээс манай компанийн бусад татварын өрд суутган тооцуулж, үлдэгдэл илүү төлсөн албан татварыг буцаан олгуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгон, НӨ-21250000018 дугаартай актаар баталгаажсан албан татварын илүү төлөлтөөс татварын өрд суутган тооцож, илүү төлсөн албан татварыг буцаан олгуулахыг даалгах, илүү төлсөн албан татварыг алдангийн 464,092,434.95 төгрөгийн хамт буцаан олгуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Татварын ерөнхий газар, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газарт тус тус холбогдуулан гаргажээ.
2.2. Анхан шатны шүүх “... хариуцагч хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд иж бүрэн хяналт шалгалт хийх хэрэгцээ шаардлага үүссэн гэж үзэж нэхэмжлэгчийн хүсэлт болон саналаа тогтоосон хугацаанд эрх бүхий этгээдэд хүргүүлээгүй байгаа нь буруу биш ...” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
2.3. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8-д “Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.1.2, 15.4, 15.7, 15.18-д зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” гэж,
Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 333 дугаар тушаалаар батлагдсан “Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүртгэлд тусгах журам”-ын 4.1-д “Татварын алба энэ журмын 3.1-д заасан албан татвар суутган төлөгчийн хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан албан татварын ногдол, төлөлтийн байдлыг нягталж, албан татварыг буцаан олгуулах саналыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгжид хүргүүлнэ”, 4.2-т “Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгж нь энэ журмын 4.1-д заасан саналыг хүлээн авснаас хойш ажлын 7 хоногт багтаан нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг хянан шалгаж, баталгаажуулсан акт үйлдэнэ”, 4.6-д “Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгж нь энэ журмын 4.2, 4.3, 4.4-т заасны дагуу хянан шалгаж баталгаажуулан акт үйлдсэн болон буцаан олгох албан татварын хүсэлтийг шийдвэрлэснээс хойш ажлын 2 өдөрт багтаан татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага албан татвар буцаан олгуулах, бусад татварын өрөнд суутган тооцуулах эсэх саналаа энэ журмын 2, 3 дугаар хавсралтын дагуу гарган, холбогдох материалын хамт санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” гэж тус тус зохицуулсан.
2.4. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “Б дт п” ХХК-иас 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 25/14 дүгээр албан бичгээр “... 2024 оны 11 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 7,175,207,210.99 төгрөгийн илүү төлөлттэй байгаа тул баталгаажуулж өгнө үү” гэх хүсэлтийг хариуцагч Том татвар төлөгчийн газарт хүргүүлж, уг хүсэлтийн үндсэн дээр 2125601774 тоот томилолтоор Эрсдэлд суурилсан, татвар төлөгчийн хүсэлтээр Хэсэгчилсэн шалгалтыг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг дуусталх хугацаанд татварын улсын байцаагч Ц.Б, Б.Ц нар хийж 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн НӨ-21250000018 дугаар бүхий “Суутган төлөгчийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт”-аар зөрчил илрээгүй гэж үзэн нэхэмжлэгч компанийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 7,175,207,710.99 төгрөгөөр баталгаажуулсан байна.
2.5. Улмаар нэхэмжлэгч компани 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 25/1749 дүгээр албан бичиг, 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 25/198 дугаар албан бичиг, 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 25/255 дугаар албан бичиг, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 25/267 дугаар албан бичгүүдээр Том татвар төлөгчийн газарт, 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 25/204 дүгээр албан бичгээр Татварын ерөнхий газрын даргад тус тус илүү төлсөн албан татварыг холбогдох хууль тогтоомжийн дагуу суутган тооцож буцаан олгуулахаар тухайн хүсэлтүүдийг гаргаж байжээ.
2.6. Уг хүсэлтүүдийг гаргаж байх хугацаанд буюу “З э х” ХХК-ийн Сангийн яаманд хүргүүлсэн “Гомдол гаргах тухай” А-25/456 дугаар албан бичиг, Сангийн сайдын Татварын ерөнхий газрын даргад хүргүүлсэн 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 01/8494 дүгээр албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 11а-3/13986 дугаар албан бичиг, 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 11а-3/14892 дугаар албан бичгүүдээр Татварын ерөнхий газарт, мөн газрын Хяналт шалгалт аргазүйн газарт тус тус хүргүүлсэн албан бичгүүдийг үндэслэн нэхэмжлэгч компанийн албан татварын тайланд иж бүрэн хяналт шалгалт хийх нөхцөл бүрдсэн байна.
2.7. Хариуцагч нарын зүгээс Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлт баталгаажуулсан актыг Сангийн яаманд хүргүүлээгүй тухайгаа “... татварын алба хүлээн авсан нэмэгдсэн өртгийн албан татварын 09 дүгээр сарын тайланг нэхэмжлэгч компани 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр засварлан худалдан авалтынхаа дүнг 1,945,365.61 төгрөгөөр нэмэгдүүлж, улмаар улсын төсвөөс буцаан олголт авсан хугацааны тооцооллын үлдэгдэлд зөрүүг үүсгэсэн ... нэхэмжлэгч компанийн 2023-2024 оны албан татварын ногдуулалт төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан иж бүрэн хяналт шалгалт хийх томилолтыг 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр үүсгэн, хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж байна ... холбогдох шийдвэр гарсны дараа нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын дүнг дахин баталгаажуулж, буцаан олголтын саналыг Сангийн яаманд хүргүүлэх тул ...” гэж тайлбарлан маргадаг.
2.8. Дээрх хууль болон журмын зохицуулалтаар хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч “Б дт п” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг буцаан авах тухай хүсэлтийг хүлээн авч хянан шалгасны үндсэн дээр буцаан олгох албан татварын хэмжээ, дүн зэргийг баталгаажуулан ажлын 2 өдөрт багтаан тухайн саналаа Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх үүрэгтэй байна.
2.9. Гэвч нэхэмжлэгч компанийн ирүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтөө буцаан авах хүсэлтийг хариуцагч хүлээн авч, Татварын ерөнхий газрын Татвар хураалт, удирдлага арга зүйн газарт хүргүүлснээр тус газраас хянан шалгасан байх ба тухайн шалгалтын явцад “... 3 удаагийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актыг үндэслэн авсан нэмэгдсэн өртгийн албан татварын 9 дүгээр сарын тайланг засварлан 1,945,365.61 төгрөгийн зөрүү үүсгэсэн, мөн хууль хяналтын байгууллагаас “Б дт п” ХХК-тай харилцан хамаарал бүхий аж ахуй нэгжүүдэд татварын хяналт шалгалт хийх хүсэлт ирүүлснээр иж бүрэн хяналт шалгалт эхлүүлсэн ... Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6-д заасан бодит үнэ тодорхойлох зарчимд нийцсэн эсэхийг шалгаж тогтоох шаардлага үүссэн ...” гэх үндэслэлүүдээр дээрх журамд заасан хугацаанд саналыг зохих байгууллагад хүргүүлээгүй байна.
2.10. Хариуцагч захиргааны байгууллагаас нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг буцаан авах хүсэлтийг хянан шалгаж, саналын хамт Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй боловч тухайн үйл ажиллагаа нь тодорхой хяналтын дор хэрэгжих бөгөөд хянах явцад албан татварын хэмжээ, дүн болон тооцоололд зөрүү үүссэн гэж үзвэл хариуцагч татварын алба нь иж бүрэн хяналт шалгалт хийх эрхтэй буюу тухайн эрхийг хууль болон Татварын ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Татварын хяналт, шалгалтын үйл ажиллагааны журам”-ын 2.8-д тус тус олгосон байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв байна.
2.11. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана” гээд 41.4-д “Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана” гэх зохицуулалтад нийцсэн гэж үзнэ.
2.12. Тодруулбал, хариуцагч нарын зүгээс нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажуулалтын актыг хүчин төгөлдөр бус гэж маргаагүй, харин дээр дурдсанчлан “З э х” ХХК-иас ирүүлсэн “ “Б дт п” ХХК-ийн гүйцэтгэх захирал нь өөрийн нөхрийг компанийн Төлөөлөх удирдах зөвлөлийн гишүүн, Хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирлаар, өөрийн найзыг компанийн Санхүү, үйл ажиллагаа хариуцсан захирлаар тус тус томилуулсан ... Иймд тус компани болон манай компанийн хооронд байгуулсан катодын зэсийн борлуулалтын үйл ажиллагаа, татварын үнэн зөв ногдуулж, төлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлгэх хүсэлтийг хүлээн авна уу” гэх гомдол, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны “... 2020-2025 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, дүнг ирүүлнэ үү” гэх албан бичиг, Сангийн яамнаас Татварын ерөнхий газрын даргад ирүүлсэн “ “З э х” ХХК-иас өөрийн хувьцаа эзэмшигч “Б дт п” ХХК-тай байгуулсан катодын зэсийн борлуулалтын үйл ажиллагаа, түүнтэй холбоотой татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийлгэх хүсэлт ирүүлсэн ... хүсэлтийг судлан үзэж, зохих журмын дагуу шаардлагатай арга хэмжээг авна уу” гэсэн албан бичгүүдэд үндэслэн нэхэмжлэгч компанийн албан татварын тайланд иж бүрэн хяналт шалгалт хийх зайлшгүй шаардлага үүсэж, тухайн нөхцөл байдлыг тогтоосны дараа холбогдох хууль, журамд зохицуулсны дагуу Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх боломжтой гэж тайлбарлаж байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “...Хэрэв тус хяналт шалгалтаар манай компанид татварын зөрчил илэрвэл түүнд Нөхөн ногдуулалтын акт гаргаж шийдвэрлэх эрх хэмжээ нь татварын албанд байгаа. Татварын алба энэ бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг буцаан олгох явдал саад болохгүй. ...Харин хариуцагчийн тайлбарлаж буй засварласан гэх тайлан буюу шүүхийн шийдвэрийн үндэслэл болоод буй асуудал бол 2024 оны 9 дүгээр сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлантай холбоотой буюу бидний маргаж буй нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоогүй...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
2.13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэхдээ илүү төлсөн 2,478,412.00 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг анхан шатны шүүх захирамж гарган буцаан олгох нь зүйтэйг тэмдэглэв.
Иймд анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулан, уг баримтуудыг үндэслэл бүхий дүгнэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 036 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Э давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА