Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 33

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

            Нарийн бичгийн дарга Х.Батжаргал,

            Улсын яллагч Д.Ганцэцэг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг,

            Шүүгдэгч Л.Гомбосүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээллтэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нүүдэлчин овгийн Лхагвасүрэнгийн Гомбосүрэнд холбогдох эрүүгийн 201615000346 тоот хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1986 оны 09 дүгээр сарын 12-нд төрсөн, 31 настай, эрэгтэй, ам бүл 5, ээж, эхнэр 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 3 дугаар баг “Агуйн үүд” гэх газар оршин суух, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Нүүдэлчин овгийн Лхагвасүрэнгийн Гомбосүрэн. РД: ЙИ86091230,

Шүүгдэгч Л.Гомбосүрэн нь согтуурсан үедээ 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн нутагт иргэн Д.Шинэбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Д.Шинэбаярлуу шидсэн чулуу нь иргэн Ц.Долгорын толгойн тус газарт онож түүний бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Л.Гомбосүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Тухайн өдөр айлд бэр хүргэж өгсөн. Тэгээд нэлээн орой болсон байсан. Айлаас гарч ирээд явах гэж байсан чинь манай хүргэн айлд сөнч хийж байсан залуутай маргалдаад байхаар нь би салгасан. Тэгсэн манай хүргэн намайг яагаад чи салгаж байгаа юм гээд намайг 2 удаа цохиод авсан. Тэгээд би хүргэнийг цохиод бид хоёр дээр доороо ороод байж байсан чинь Д.Шинэбаяр чулуу бариад босоод ирэхээр нь чулууг нь холдуулах гэж шидсэн. Тэгсэн нэлээн хугацааны дараа Ц.Долгор эгчийг цохисон гэдгийг мэдсэн. Тэгээд би чулууг холдуулах гэж шидсэн гэж хэлсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэв.

Хохирогч Ц.Долгорын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “… 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Арвайхээр сумын 3 дугаар багт Алтангэрэл гэх айлын найранд хүүхнийг нь хүргэж өгөх гэж очсон. Найр тараад явцгаах гээд хашааных нь гадаа үүдэнд машинд суух гэж байтал Гомбо гэдэг залуу Д.Шинэбаяр гэх хүнтэй хоорондоо маргалдаад байсан. Намайг машинд суух гээд явж байтал Д.Шинэбаяр миний дэргэд ирэх үед араас чулуу толгой руу оносон. Тэгээд цус гоожоод би тонгойгоод суутал юу болов хэн цохьчихвоо гээд хүмүүс дуугараад байсан. Тэр үед Гомбо би л хүн цохьчихлоо гэж хэлж байх шиг байсан. Тухайн үед хэн нь чулуу шидсэнийг мэдээгүй. Гэртээ харьчихаад маргааш өглөө нь эмнэлэгт ирж үзүүлээд 11 сарын 22-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэл гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн. ... Д.Шинэбаяр руу чулуу шидэхдээ намайг оночихсон. Толгойн ар дагз хэсгээр 1 удаа чулуугаар цохиулсан өөр гэмтэл байхгүй, одоогоор миний биеийн байдал гайгүй болж байна. ...намайг санаатайгаар чулуугаар цохиогүй санаандгүй л оносон... эмчилгээнийхээ зардлаа нэхэмжилчихвэл надад гомдол, санал байхгүй...” гэсэн  мэдүүлэг. /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Гэрч Х.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “… 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хамаатан Улаанаа гэх хүний найр Өвөрхангай аймгийн төвийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон. Манай ээж Ц.Долгор намайг хүргээд өгчих гэхээр нь би хүргэж өгөөд тэр найранд очсон. Найр орой харанхуй болсон байхад өндөрлөж тарсан. Цаг хэд болж байсныг мэдэхгүй. Тэгсэн Д.Шинэбаяр ах, Шар ах хоёр хоорондоо маргалдсан. Би Шар ахыг аваад найр болсон гэр рүү буцаад орсон. Удалгүй гадаа ээжийн тань толгойг хагалаад хаячихлаа гэж хүмүүс надад хэлэхээр нь би гараад харсан чинь манай ээж Ц.Долгор Л.Гомбосүрэнгийн машины хажууд нь сөхрөөд суусан толгойн ар дагзнаас нь цус гарсан байсан. Тэгсэн хүмүүс намайг Шар ахыг аваад гэр лүү орсон хойгуур гадаа Д.Шинэбаяр, Л.Гомбосүрэн хоёр хоорондоо маргалдсан тэгээд Д.Шинэбаяр руу Л.Гомбосүрэн чулуу аваад шидсэн чинь танай ээжийн толгойг оноод хагалчихлаа гэж хэлж байсан. Би тухайн үед нь Л.Гомбосүрэнгээс энэ тухай асуухад Л.Гомбосүрэн надад ах нь Д.Шинэбаяртай маргаж байгаад чулуу аваад шидэхийн хувьд шидсэн, тэр чулуу нь гаранд багтахгүй том чулуу байсан гэж надад хэлж байсан. ... Тэнд байсан хүмүүс болон өөрийнх нь ярьж байгаагаар Д.Шинэбаяр руу чулуу шидэх гэж байгаад манай ээжийн толгойг онож хагалсан гэж байсан...” гэсэн  мэдүүлэг. /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Гэрч М.Баасансүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “… 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Алтангэрэлийн найранд би нөхөртэйгээ, Гомбо, түүний ээж нарын хамт очсон. Орой найр тарах үеэр айлаас гараад хашаан дотор би нөхөртэйгээ маргалдсан. Тэр үед Гомбоо ах манай дүүг битгий дарамтлаад байгаарай гээд Д.Шинэбаяртай маргалдаад барилцаад авсан. Би тэгэхээр нь хүүхдээ хөхүүлэх гээд гэрт орсон. Гэрээс гараад иртэл Д.Шинэбаяр байхгүй байсан хаачсан юм гэхэд Ц.Долгор эгчийн хүүхэд Ганбаа ээжтэй хамт байгаа ээжийг Гомбо ах чулуугаар толгой руу нь цохьчихсон байна гэж ярьж байсан. ... Тэр хоёр бие биенийгээ цохиж зодоогүй, маргалдаад барилцаж аваад байсан. Гомбо ах уурандаа Д.Шинэбаяр руу чулуу араас нь шидэхдээ Ц.Долгор эгчийг оночихлоо гэж яриад байсан. Гомбо ах, Д.Шинэбаяр 2 их согтуу байгаагүй, бага зэрэг л согтолттой байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

Гэрч Д.Шинэбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “…Гомбо бид 2 бие биенийгээ цохиж зодоогүй. Намайг эхнэртэйгээ маргалдлаа гэж Гомбо барьж авахаар нь хэсэг зууралцаж газар дээр доороо орж байгаад салцгаасан. Тэгээд машинд суух гээд явж байхдаа эргээд хартал Ц.Долгор эгч чулуугаар цохиулчихсан байсан. Сүүлд нь Гомбо над руу уурандаа чулуу шидэхдээ Ц.Долгор эгчийг оночихлоо гэж яриад байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27 дугаар хуудас/,

Гэрч Ц.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “…Маргааш нь Ц.Долгор авгай чулуугаар толгой руугаа цохиулсан, Л.Гомбосүрэнг цохьсон гэж яриад байсан би өөрөө хараагүй болохоор мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28 дугаар хуудас/,

Гэрч М.Батчимэгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “…Тухайн өдөр Алтангэрэл бид хоёр хуримаа Арвайхээр сум 3 дугаар багт хийсэн. 11 цаг өнгөрч байхад Л.Гомбосүрэн, Д.Шинэбаяр, Ц.Долгор, Х.Ганболд болон манай бусад төрөл садангууд ирсэн. Тэр хэд найранд байж байгаад нилээд согтоцгоосон. 16 цагийн орчим Д.Шинэбаяр, Л.Гомбосүрэн нар хашааны гадаа муудалцаад байсан. Би салгах гээд очтол салсан. Ингээд би гэр лүүгээ орсон ба тэр үед л чулуу шидсэн байх би яг тэрийг нь хараагүй. ... Миний бодлоор Д.Шинэбаяртай муудалцаж байхдаа санамсаргүй л чулуу шидсэн нь Ц.Долгорын толгойг оносон байх гэж бодож байна. ... Манай тэр хавиар чулуу их байдаг тухайн чулууг одоо хаана байгаа талаар мэдэхгүй байна...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шижнээчийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №370 тоот:  “... Ц.Долгорын биед дагз ясны шугаман хугарал, тархины хатуу хальсан дээрх цусан хураа, тархины нимгэн бүрхүүл доорх цус харвалт, хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/,

Шинжээч Ц.Халтархүүгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Ц.Долгорын биеийг үзэж мөн Бүсийн оншилгоо эмчилгээний төвийн гэмтлийн тасгийн 7475 дугаартай өвчний түүх болон 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн гавал тархины томографикийн зураг зэргийг үндэслэж дүгнэлт гаргасан. ... Би уг зургийг өвчний түүх дээр бичигдсэн баримттай харьцуулж дүгнэлт гаргасан. Энэ зураг миний дүгнэлт гаргахдаа үндэслэсэн зураг мөн байна. ... Эдгээрээс дагз ясны хугарал гэсэн гэмтэл байна. Бусад гэмтэл үүнээс улбаалж үүссэн. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9.2-т зааснаар хүнд гэмтлээр нь тогтоосон. ... Ц.Долгорын биед учирсан гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд болно ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

Гэрч С.Батмягмарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “…2016 оны 11 дүгээр сарын 22-28-ныг хүртэл 6 хоног хэвтсэн. Анх ирэхдээ биеийн байдал дунд амин үзүүлэлтүүд тогтвортой байсан ба гавал тархины гэмтлийн улмаас хэвтсэн. ... Шинэ гэмтлүүд байсан ба бусдад зодуулсан цохиулсан гэсэн байдалтай ирж хэвтсэн...” гэсэн  мэдүүлэг. /хх-ийн 37 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тухай тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн
3 дугаар хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 4 дүгээр хуудас/,

Хураан авах тогтоол /хх-ийн 8 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 9 дүгээр хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХК-ий 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №01/05 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Л.Гомбосүрэнгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 58-60, 74-77 дугаар хуудас/,

Шүүгдэгч Л.Гомбосүрэнгийн ял шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Л.Гомбосүрэнг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 53-57 дугаар хуудас/ зэрэг болно.,

Шүүгдэгч Л.Гомбосүрэн нь согтуурсан үедээ 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 3 дугаар багийн нутагт иргэн Д.Шинэбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Д.Шинэбаяр руу шидсэн чулуу нь иргэн Ц.Долгорын толгойн тус газарт нь онож түүний бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаараар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Долгорын “…толгойн ар дагз хэсгээр 1 удаа чулуугаар цохиулсан өөр гэмтэл байхгүй, одоогоор миний биеийн байдал гайгүй болж байна. Д.Шинэбаяр руу чулуу шидэхдээ намайг санамсаргүй оночихсон, намайг санаатайгаар чулуугаар цохиогүй санаандгүй л оносон...” гэсэн  мэдүүлэг. /хх-ийн 21-22/, гэрч Х.Ганболдын “… Найр орой харанхуй болсон байхад өндөрлөж тарсан. Цаг хэд болж байсныг мэдэхгүй. ...Удалгүй гадаа ээжийн тань толгойг хагалаад хаячихлаа гэж хүмүүс надад хэлэхээр нь би гараад харсан чинь манай ээж Ц.Долгор Л.Гомбосүрэнгийн машины хажууд нь сөхрөөд суусан толгойн ар дагзнаас нь цус гарсан байсан. Тэгсэн хүмүүс намайг Шар ахыг аваад гэр рүү орсон хойгуур гадаа Д.Шинэбаяр, Л.Гомбосүрэн хоёр хоорондоо маргалдсан тэгээд Д.Шинэбаяр руу Л.Гомбосүрэн чулуу аваад шидсэн чинь танай ээжийн толгойг оноод хагалчихлаа гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 24-25/, гэрч М.Баасансүрэнгийн “…Тэр хоёр бие биенийгээ цохиж зодоогүй, маргалдаад барилцаж аваад байсан. Гомбо ах уурандаа Д.Шинэбаярын араас чулуу шидэхдээ Ц.Долгор эгчийг оночихлоо гэж яриад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/, гэрч Д.Шинэбаярын “…Тэгээд  би машинд суух гээд явж байхдаа эргээд хартал Ц.Долгор эгч чулуугаар цохиулчихсан байсан. Сүүлд нь Гомбо над руу уурандаа чулуу шидэхдээ Ц.Долгор эгчийг оночихлоо гэж яриад байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 27/, гэрч Ц.Лхагвасүрэнгийн “…Маргааш нь Ц.Долгор авгай чулуугаар толгой руугаа цохиулсан, Л.Гомбосүрэнг цохьсон гэж яриад байсан би өөрөө хараагүй болохоор мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 28/, гэрч М.Батчимэгийн “… Миний бодлоор Д.Шинэбаяртай муудалцаж байхдаа санамсаргүй л чулуу шидсэн нь Ц.Долгорын толгойг оносон байх гэж бодож байна...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 29-30/, Шинжээч Ц.Халтархүүгийн “... Би уг зургийг өвчний түүх дээр бичигдсэн баримттай харьцуулж дүгнэлт гаргасан. Энэ зураг миний дүгнэлт гаргахдаа үндэслэсэн зураг мөн байна. ... Эдгээрээс дагз ясны хугарал гэсэн гэмтэл байна. Бусад гэмтэл үүнээс улбаалж үүссэн. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9.2-т зааснаар хүнд гэмтлээр нь тогтоосон. ... Ц.Долгорын биед учирсан гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд болно ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/,  гэрч С.Батмягмарын “… 2016 оны 11 дүгээр сарын 22-28-ныг хүртэл 6 хоног хэвтсэн. Анх ирэхдээ биеийн байдал дунд амин үзүүлэлтүүд тогтвортой байсан ба гавал тархины гэмтлийн улмаас хэвтсэн. ... Шинэ гэмтлүүд байсан ба бусдад зодуулсан цохиулсан гэсэн байдалтай ирж хэвтсэн...” гэсэн  мэдүүлэг. /хх-ийн 37/, Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шижнээчийн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №370 тоот дүгнэлт /хх-ийн 32/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тухай тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг  хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-ийн 4/, Хураан авах тогтоол /хх-ийн 8/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 9/, шүүгдэгч Л.Гомбосүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.,

Шүүгдэгч Л.Гомбосүрэнд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнд бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Л.Гомбосүрэн нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Гомбосүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид хохиролд 500.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Ц.Долгорын рентген зураг 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ц.Долгорт буцаан олгох, шүүгдэгч Л.Гомбосүрэнгийн эзэмшлийн 5 толгой хонь битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Нүүдэлчин овгийн Лхагвасүрэнгийн Гомбосүрэнг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар Нүүдэлчин овгийн Лхагвасүрэнгийн Гомбосүрэнг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Л.Гомбосүрэнд оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Л.Гомбосүрэн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 500.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Ц.Долгорын рентген зураг 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ц.Долгорт буцаан олгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт шүүгдэгч Л.Гомбосүрэнгийн эзэмшлийн 5 толгой хонь битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Л.Гомбосүрэнд оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн   хугацаагаар хянан харгалзсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч Л.Гомбосүрэнгийн цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны хариуцлага хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэх болохыг шүүгдэгч Л.Гомбосүрэнд мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Гомбосүрэнд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.МАНДАХБАЯР