Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 202/МА2018/00022

 

 

 

 

 

 

 

   2018            06              27                                           202/МА2018/00022

 

 

Ц.Цийн нэхэмжлэлтэй 

иргэний хэргийн тухай  

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 137/ШШ2018/00118 дугаар шийдвэртэй, 

 

Нэхэмжлэгч: Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хороо, 36 дугаар байрны 46 тоотод оршин суух, Худир овогт Цогт-Эрдэнийн Цэнгэл /РД:УД92010415/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 7 дугаар хэсэг, Гэгээн хотхоны Б-01-07 тоотод оршин суух, Хан-Уул овогт Гомбожавын Баярболд /РД:ЕН84022111/-д холбогдох

Байрны урьдчилгаа төлбөр 17424000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Туяагийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Т хариуцагчийн өмгөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа  оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхзул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ц.Ц нь Г.Б-той харилцан тохиролцож, Г.Б-ын эзэмшлийн Замын-Үүд сумын 1-р баг, 9-р хэсэгт байрлах 135 дугаар байрны 90 тоот хаягт байрлах 52,85 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг нийт 58135000 төгрөгөөр худалдан авахаар 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нийт төлбөрийн 30 хувийг Г.Бын Хаан банкны 5374208532 тоот дансанд байршуулж үлдэгдэл төлбөрийг банкны зээлд хамруулан төлж барагдуулах нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан байна. Ц.Ц нь байрны урьдчилгаа 30 хувийн төлбөр болох 17424000 төгрөгийг 2015 оны 10 сарын 29-ний өдөр Г.Бын Хаан банкны 5374208532 тоот дансанд байршуулж, Хаан банкнаас орон сууцны зээл хөөцөлдөж байсан бөгөөд зээлийн асуудал удаашралтай байх явцад Г.Б нь би байраа зарахаа больсон гэсэн хариуг утсаар өгч, утсаа салгаж алга болсон. Ц.Ц нь үүнээс хойш Г.Бын дансанд байршуулсан байрны урьдчилгаа төлбөр болох 17424000 төгрөгийг буцааж авах талаар удаа дараа ярьж, уулзсан боловч удахгүй өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Иймд Г.Боос 17424000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан тайлбартаа:  Г.Б, Ц.Ц бид миний эзэмшлийн Замын-Үүд сумын 1-р баг, 9-р хэсэг, 135-р байрны 90 тоот хаягт байрлах 52,85 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг нийт үнэ 44922500 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцсон. Ингэхдээ Ц.Ц надад байрны үнэ болох 44922500 төгрөгийг Хаан банкнаас орон сууцны зээл авч өгөх талаар тохирч Ц.Цд банк зээл олгохдоо урьдчилгаа 30 хувийг төлсөн гэрээ байгуулаарай гэсний дагуу хөөцөлдөж эхэлсэн. 2015.10.19-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, нийт төлбөрийн 30 хувийг миний Хаан банкны 5374208532 тоот дансанд байршуулан үлдэгдэл төлбөрийг банкны орон сууцны зээлд хамруулан төлж барагдуулах нөхцөлтэйгээр гэрээ байгуулахдаа байрны үнийг зээл гаргах боломжит нөхцлөөр тооцон 58135000 төгрөгөөр гэрээнд тусгасан. Ц.Ц банкнаас тавьсан шаардлагын дагуу байрны урьдчилгаа 30 хувийн төлбөр болох мөнгийг шууд гарган өгч чадахгүй байгаа учраас байрны төлбөрийн урьдчилгааг бага хэмжээтэй гаргуулах зорилгоор, банк үнэлж 1 мкв –ыг 1 сая төгрөг байхаар тооцон 58135000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулсан. Ц.Ц бид хоёр орон сууцны үнийг 1 мкв талбайны үнийг 850000 төгрөгөөр тохиролцон 44922500 төгрөг  байхаар тохиролцсон зөрүү банкны зээлээр гаргасны үлдэгдэл төлбөр 4211500 төгрөгийн Ц.Ц өөрөө өгөхөөр тохиролцсон.  Банкны зээл авах зорилгоор тохиролцсоны дагуу бэлнээр өгөх мөнгөгүй тул Ц.Ц нь урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэн өөрийн дансруугаа хийхээр бэлэн мөнгө олсны чинь дараа би төлсөн гэж гарын үсэг зураад банкны зээлээ хөөцөлдье гэж ярилцсан. Үүний дагуу миний бие одоо амьдарч багаа 144-Б-7 тоот орон сууц худалан авсан “Бурхан буудай хайрхан” ХХК-ийн ажилтан н.Нэмэхбаатараас 18400000 төгрөгийг 2015.10.29-ний өдөр зээлэн авч өөрийн дансруу 17424000 төгрөгийг Ц.Цтэй хамтаар очиж Замын-Үүд Хаан  банкны тооцооны төвд хийлгэн 30 хувь төлсөн баримтаа гаргуулан авсны дараа буцаагаад Бурхан буудай хайрхан ХХК-ийн Хаан банкны 5099498899 тоот дансанд зээлэн авсан мөнгөө төлсөн. Үүний дараа Ц.Цтэй хамт Хаан банкны эдийн засагч н.Баатархүүтэй зээлээ хөөцөлдөн очиход Ц.Ц нь зүй бус харьцаа үүсгэн эдийн засагчтай маргалдсаны улмаас зээл гарахад сөргөөр нөлөөлж сар орчмын хугацаанд удааширч зээл олгогдохгүй хаагдсан. Банкны зээлийг өгөхгүй гэсэн дараагаар бид зарах, авах асуудлаа больсон. Ц.Цтэй миний бие Засаг даргын Тамгын газар нэг байгууллагад хамтран ажилладаг байсан учраас байр авах, зарахаар тохирч хөөцөлдөж байх хугацаанд байрандаа амьдруулж байсан бөгөөд зээл бүтэхгүй болохоор өөөрөөр мөнгө өгөх боломжгүй гээд байрнаас гарсан. Ц.Ц нь надад байрны урьдчилгаа гэх 17424000 төгрөгийг өөрөөсөө мөнгө гаргаж өгсөн зүйлгүй бөгөөд миний эзэмшлийн 5374208532 тоот дансанд орж 5099498899 дансруу шилжсэн 18400000 төгрөг нь н.Нэмэхбаатар гэдэг хүний мөнгө байсан. Дээрх асуудал үүссэнээс хойш 2,5 жил өнгөрсний дараагаар гэнэт үндэслэлгүйгээр хүнээс зээлж дансаар оруулж гаргасан төгрөгийг өөрөөсөө гаргасан мэтээр нэхэмжилсэн нэхэмжлэлийг эс зөвшөөрч хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Анхан шатны шүүх: Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1-д зааснаар Ц.Цийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Бод холбогдох байрны урьдчилгаа төлбөр 17242000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 245070 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Туяа давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгч хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтуудад бүхэлд нь бодит үнэлэлт, дүгнэлт өгч хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргаж чадаагүй болно.  Нэхэмжлэгч Ц.Ц нь С.Энхзул гэгчид 2018.02.04-ний өдөр шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай өгсөн байтал тэрээр 2017.04.23-ны өдрийн шүүх хуралдаанд итгэмжлэлээсээ татгалзжээ. Гэтэл шүүх С.Энхзулыг ямар шалтгааны улмаас итгэмжлэлээсээ татгалзсаныг шүүхийн тогтоох асуудал биш тул дүгнэлт өгөх нь илүүц гэж дүгнэсэн нь зохигчдыг шүүх хуралдаанд эрх тэгш оролцох, мэтгэлцэх зарчмыг хангах бололцоо олгох, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл эрхээ хамгаалуулах гомдол, хүсэлт гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхийг зөрчсөн. Энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралд хүсэлт гаргаж, нэхэмжлэгчийг оролцуулах хүсэлт гаргахад өөрийн биеэр оролцоно, тов мэдэж байгаа гэсэн хариу өгсөн. Удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэг шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байна гэж түүний эзгүйгээр хурлыг үргэлжлүүлэн хийхдээ хариуцагч, түүний өмгөөлөгч нэхэмжлэгчийн эзгүйд хуралдааныг хийх хүсэлтийг албан ёсоор гаргаагүй байхад тэднийг хөтөлж асууж, хурлыг хийсэн. Цэнгэлд хэн, хэзээ, ямар мэдээллийн хэрэгслээр шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай мэдэгдсэн баримт хэргийн материалд байхгүй. Өмгөөлөгч би ИХШХШТухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасанчлан хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт болох хариуцагч Г.Боос Ц.Цд худалдсан Замын-Үүд сумын 1-р баг, 9-р хэсэг, 135-р байрны 90 тоотод байрлах, 52,85 м.кв 2 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн лавлагаа болон, энэ орон сууц тухайн үед зээлийн барьцаанд байсан талаархи мэдээлэл, мөн Г.Б Гэгээн хотхоны 114-б-07  тоот орон сууцыг хэдийд ямар журмаар худалдан авч, урьдчилгаа төлбөрийг хэрхэн хийсэн талаарх мэдээллийг тус тус гаргуулах хүсэлт гаргасныг хангахаас татгалзаж хэргийг шийдвэрлэсэн. Хавтаст хэргийн 33-р талд Г.Б гэрч Д.Нэмэхбаатарыг асуулгах хүсэлт гаргаж, гэрчийг өөрийн биеэр шүүхэд дагуулж ирнэ гэжээ. Шүүх 2018.04.19-ний өдөр гэрч Д.Нэмэхбаатараас урьдчилсан мэдүүлэг авахдаа хуульд заасан үндэслэл журмыг зөрчсөн. ИХШХШТХуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр мэдэгдэх хуудсаар дуудаж, мэдүүлэг авах байтал хүсэлт гаргагч өөрөө гэрчийг дагуулж ирснээс гадна, гэрч асуух талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй, шүүх гэрчээс мэдүүлэг авахдаа түүүнийг өөрийн мэдэж буй мэдээллийг чөлөөтэй илэрхийлэх боломжоор хангах болохоос нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг өгч танилцуулж, мэдүүлэг авснаар гэрчийн мэдүүлэг нотлох чадвараа алдсан. Шүүх нэхэмжлэгчид мэдэгдээгүй гэрчийн мэдүүлэг урьдчилан авсан нь ИХШХШТХуульд энэ талаар зохицуулаагүй тул хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно. Анхан шатны шүүх хуралдаанд Нэмэхбаатар гэрчийн мэдүүлэг өгөхдөө би олон удаа наркозанд орсон, түрүүчийн байтугай өнөө маргаашийн асуудлаа мартдаг болсон, 2 жилийн өмнөх явдлыг мэдэхгүй гэж хэлсэн бөгөөд шүүгч гэрчийн өмнөх мэдүүлгийг уншиж өгөхөд тийм байна гэж хариулсан. Иймд гэрч Д.Нэмэхбаатарын шүүхэд урьдчилан өгсөн мэдүүлэгт эргэлзэж байна. Гэрч Нэмэхбаатар ийнхүү 2 өөр мэдүүлэг өгсөөр байтал шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт түүний урьд өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, хууль зөрчсөнөөс гадна шүүгч гэрчийг мэдүүлэг өгч байхад чи юу яриад байнаа, би бүр учрыг нь олохоо байлаа гэж хэлж байсан нь шүүгч хэргийн учрыг олж шийдсэн гэдэгт эргэлзээ төрж байна. Нэхэмжлэгч Ц.Цийн 5749431939 дугаар дансанд 17500000 төгрөг түүний ээжээс нь байрны урьдчилгаа мөнгөнд өгч, тэрээр 2015.10.29-ний өдөр дансны үлдэгдэл нь 4508261 төгрөг байх тул байрны урьдчилгаа 17500000 төгрөг Баярболдын дансанд шилжүүлсэн байх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд 2015.10.07-ны өдөр Ц.Цийн ээжээс түүнд шилжүүлсэн 17500000 төгрөг 2015.10.29-ний өдөр хүртэл энэ дүнгээрээ түүний дансанд байх албагүй бөгөөд Цэнгэл нь 2015.10.29-ний өдөр Баярболдын 5374208532 дугаар дансанд байрны урьдчилгаа 17424000 төгрөг шилжүүлсэн болох нь Хаан банкны орлогын баримтаар нотлогдож байгааг мөн өдөр Нэмэхбаатар, Баярболд нарын хооронд шилжүүлсэн 20000000 төгрөг гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй. Ийнхүү шүүгчийг хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын эрх тэшг байх зөрчмыг хангаагүй, асуудалд төвийг сахисан байр сууринаас хандаагүй. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад иргэний хуулийн 243-р зүйлийн 234.1-д зааснаар гэж хууль буруу хэрэглэж, шийдвэр нь хууль ёсны, үндэслэл бүхий болж чадаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Батбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цэнгэл нь Баярболдоос 2015 онд 8%-ийн зээлээр байр авахаар тохиролцсон байсан. Мөнгө Баярболдын дансанд ирсэн. 2 удаа тасалж аваад Цэнгэлийн нэрээр Баярболдын данс руу хийсэн. 17 сая төгрөгийн байрны урьдчилгаа мөнгө төлсөн гэх баримтыг харагдуулахын тулд тэр баримтыг бүрдүүлсэн байдаг. 8%-ийн зээлд хамрагдахын тулд банкинд хуурамч баримт гаргаж өгсөн. Түүнээс биш Баярболд Цэнгэлд 17 сая төгрөг өгсөн асуудал байгаагүй. 42 сая төгрөгийг зээлж аваад үлдэгдэл 17 сая төгрөгийг данснаасаа гаргаж өгье гэсэн яриаг хийсэн. Тэр мөнгө нь дансанд нь байж байсан. Зээл нь бүтээгүй учраас энэ асуудал дууссан. Ийм учраас Баярболдод өгсөн гээд байгаа 17724000 төгрөгийг нэхэмжлээд байгаа нь ор үндэслэлгүй, ямар ч нотлох баримт байхгүй учраас шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.  

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагч Г.Бод холбогдуулан орон сууц худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 17424000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г.Баряболд эс зөвшөөрч 17424000 төгрөгийг бодитоор төлөөгүй буюу өөрөөсөө мөнгө гаргаж төлөөгүй, зөвхөн дансанд оруулж гаргасан гэж маргажээ. 

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг хэрэглэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Туяа эс зөвшөөрч “... анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ. 

 

Гомдлыг үндэслэн хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Энэ нь анхан шатны шүүх нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд дуудахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т заасан шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан шинээр нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг шийдвэрлээгүй байна. 

 

Тодруулбал нэхэмжлэгч Ц.Ц нь 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр С.Энхзулд итгэмжлэл олгож, түүнийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд С.Энхзул оролцож байсан боловч 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхзулаас татгалзаж, шүүх хуралдаанд өөрийн биеэр өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлтийг бичгээр гаргаж, улмаар анхан шатны шүүх уг хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулан 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хийхээр товлож, товыг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 88062017 утсанд мэдэгдсэн баримт үйлджээ. 

 

Ингэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д заасан “... шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар ... мэдэгдэнэ.” , 77.2-т заасан “ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна” гэсэн журмыг зөрчиж мэдэгдэх хуудас үйлдээгүй ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг оролцуулах тухай түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлд дурдсан “... шүүх хуралдааны товыг удаа дараа мэдэгдсэн, өнөөдөр вагонд сууж байна гэж хэлсэн ... “ тухай нөхцөл байдал тогтоогдоогүй байхад ийнхүү дурдсан нь дээрх хуульд нийцээгүйн гадна нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн гэж үзнэ.

 

Түүнчлэн шүүх хуралдааны тэмдэглэлд дурдсанаас үзэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулах тухай хүсэлтийг дээр дурдсанаар шийдвэрлэсэн талаар тэмдэглэгдсэн байх боловч өмгөөлөгчийн шинээр нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хэрхэх талаар дүгнээгүй, шийдвэрлээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 105 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчоос шинэ нотлох баримт гаргуулах хүсэлтийг шийдвэрлэх журамд нийцээгүй байна. 

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан “хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн эрх ноцтой зөрчигдсөн” гэсэн үндэслэл тогтоогдсон тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. 

 

Харин хэргийн оролцогч нь өөрийгөө төлөөлүүлэх, эсхүл  нэгэнт итгэмжлэлээр олгосон төлөөлөгчөөсөө татгалзах нь түүний эрхийн асуудал бөгөөд нэхэмжлэгч Ц.Ц нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзаж шүүхэд бичгээр хүсэлтээ гаргасныг шүүх түүний эрхийг зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Туяагийн энэ талаарх давж заалдсан гомдол үндэслэлгүй юм.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 137/ШШ2018/00118 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахад нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 245070 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.       

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

                                ШҮҮГЧИД                                     Г.ТЭГШСУУРЬ 

                                                                                      Н.БАТЧИМЭГ