Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 18 өдөр

Дугаар  2023/ШЦТ/63

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Улсын яллагч Т.Баярмаа

Шүүгдэгч Т.Яын өмгөөлөгч С.Нарангэрэл

Шүүгдэгч Т.Гийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ (цахимаар)

Шүүгдэгч Т.Я, Т.Г нарыг оролцуулан Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1  дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М  овогт Т-н Я, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш  овогт Т-н Г нарт холбогдох эрүүгийн 2239001200208 дугаартай хэргийг Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2023 оны 06 дугаар сарын сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын ... дүгээр баг ... тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, М  овогт Т-н Я /РД: /

Монгол улсын иргэн, 1993 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын ... дүгээр баг   оршин суух, урьд Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 cap 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ш  овогт Т-н Г /РД: /

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Т.Я, Т.Г нар нь бүлэглэн Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг Нярав гэх газраас 2022 оны 03 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө машин механизм буюу ... улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж П.Г-н өмчлөлийн малаас 6 тооны хонь, 1 тооны ямаа хулгайлж, түүнд 1,250,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Я шүүхийн хэлэлцүүлэгт: “3 сарын 1-ний орой Цэцэн хаан зоогийн газрын үүдэнд 2, 3 шил архи зараад байж байсан юм. Тэр үед коронагийн үе байсан болохоор мөнгө төгрөг байхгүй, шагийн юм зараад эм тарианыхаа мөнгийг олох гээд мөн бага охин гарчихсан нялх байсан болохоор хэдэн төгрөг олдог байсан. Тэгээд нэг их айхтар удаагүй. Тэгээд би ханиндаа Г-той байж байсан чинь надаас Г ах ирээд 0,75 литрийн Экс гэдэг архи аваад, мэнд ус мэдэлцээд явсан. Тэгээд байж байтал Ш ирсэн. Ш, Г нь манай нутгийнх л даа. Тэгээд миний архи дуусаад, явах болоод хөл, гар маань аягүй их өвдөнө. Тэгээд Г, Ш хоёр биенийгээ мэдэх болохоор сайн уу, наана цаана гээд. Тэгээд та намайг Петровис колонк дээр буулгачих Шинээ бид хоёр тэнд уулзах юм гэхээр нь Гийг буулгаж өгөөд харьсан. Тэр үед 12 цагийн үе болж байсан. ...Ш надад 400 гаруй мянган төгрөгийн өртэй байсан. Тэгээд Ш хөгшин чинь хэдэн хонь, ямаа авчирсан чи борлуулчхаарай. Би Бгээд ченжид нь хэлчихсэн байгаа. Надаас авах мөнгөө наадхаасаа авчхаарай гэхээр авчихсан. ... Ченж нь ч надаас бичиг цаас гэж нэхээгүй. ...Тэгээд Шд мөнгийг нь өгөөд, өөрийн авах байсан мөнгөө авсан. Тийм л зүйл  болсон. ... Би бол хулгайн хэрэгт оролцоогүй. ” гэв.

 

Шүүгдэгч Т.Г шүүхийн хэлэлцүүлэгт: “Би цуг яваад ирье гээд Штай хамт Нярав гэх газар луу явсан. Хоёулаа 6 хонь, 1 ямаа ачиж ирээд, Т.Я ахын хашаанд буулгасан. Тэгээд Ш ажиллаж өгөөд, маргааш өглөө нь махыг нь борлуулсан. ...Энэ хэрэгт Я ах оролцоогүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

2239001200208 тоот эрүүгийн хэргээс

 

Хохирогч П.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манайх 2022 оны 03 дугаар сарын 01-нээс 02-ны шилжих шөнө Баянхутаг сумын 1 дүгээр баг "Нярав" гэх газраас зөв чих урд талаасаа догол буруу чих ард талаасаа догол имтэй 6 тооны хязаалан хонь, 1 тооны ямаа хотноосоо алдсан юм. Би өмнө өөрийн хонио 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тоолоход нийт бог мал 626 толгой байсан юм. Тэгээд би дахин 2022 оны 03 дугаар сарын 2-ны өдөр хонь ямаагаа зүсээр нь дутаад байхаар нь тоолж үзэхэд манай хониноос 6 тооны хонь, 1 тооны ямаа алга болсон... Тухайн үед надтай 2022 оны 03 дугаар сарын 01-ний орой 22 цагийн үед аймгийн төвд нутгийн залуу болох Я-тай уулзаж нэг шил архи худалдаж аваад явсан. Манай хөдөө гэрт хүн байхгүй гэдгийг Яаас өөр мэдэх хүн байхгүй байсан. Надад сэжиглэж байгаа хүн  байгаа Я  болон Ц нар мэдэж байгаа. Цоож нь манай гэрт өмнө 2 хоноод ирсэн болохоор манай гэрийг сайн мэдэж байгаа юм. Миний алдсан 6 тооны хонь болон 1 тооны ямаа нь зөв чих урд талаасаа догол буруу чих ард талаасаа догол имтэй байгаа өөр содон шинж тэмдэг байхгүй ээ. Би алдсан хонь ямаагаа одоогийн зах зээлийн үнээр үнэлнэ. ...Би 2022 оны 03 дугаар сарын 01-нээс 02-ны шилжих шөнө Хэнтий аймгийн Чингис хотод ирээд Цэцэн хаан зоогийн газрын гадаа Т.Я, Т.Г нартай таарч Т.Я-аас архи аваад аймгийн төвд байдаг гэр лүүгээ явлаа хөдөө гэрт хүн байхгүй талаар тэр хоёрт хэлсэн. Намайг хөдөө гэр лүүгээ тэр шөнөдөө очиж хонохгүйг мөн хөдөө гэрт хүн байхгүй Т.Я, Т.Г нар мэдэж байсан. Харин өөр хүн бол мэдээгүй...” гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 33-34, 38-39 дүгээр хуудас/

Иргэний нэхэмжлэгч Х.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хэнтий аймгийн Баянхутаг сумын Оюуны Ш гэх залуу 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр манай ажил дээр ирж манай банк бус санхүүгийн байгууллагаас мөнгөлөг өнгийн, ... улсын дугаартай, приус-30 маркийн 17,200,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг зээлээр авсан. Тухайн үед О.Ш нь уг автомашиныг манай банк бус санхүүгийн байгууллагаас зээлээр авахдаа урьдчилгаа болгож 3,000,000 төгрөг өгөөд үлдэгдэл 14,200,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, 1 сарын 3 хувийн хүүтэй, cap бүр 840,000 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан зээлээр авсан ба уг автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь манай банк бус санхүүгийн байгууллага өөрийн нэр дээрээ гаргуулан авсан.Тэгээд энэнээс хойш О.Ш нь cap бүрийн зээлийн төлөлтүүдээ хэвийн хийж явж байгаад 2021 оны 12 дугаар сарын зээлийн төлөлтөө 5 хоногийн хугацаа хэтрүүлэн төлсөн, тэгээд дараа сарынхаа зээлийн төлөлтийг төлөхгүй хугацаа хэтрүүлэн явж байгаад 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зээлийн төлөлт гэж 340,000 төгрөгийг төлсөн, мөн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр зээлийн төлөлт гэж 400,000 төгрөгийг л төлсөн ба 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн хооронд нийтдээ 740,000 төгрөгийг л төлсөн. Ингээд манай банк бус санхүүгийн байгууллагын зүгээс О.Ш гэх залууг зээлийн төлөлтөө хийхгүй, автомашинаа Хэнтий аймгийн төвд эвдлээд хаячихсан гэхээр нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймагт очиж уг автомашинаа О.Ш-ас буцаан авч Улаанбаатар хот руу тээвэрлэн авчирсан ба О.Ш нь зээлээр авсан автомашинаа ер нь их гамгүй эдэлсэн байсан. Одоо манай банк бус санхүүгийн байгууллага нь О.Ш гэх залуугаас зээлээр олгосон автомашины төлбөрт 14,551,245 төгрөг, мөн автомашинтай холбогдон гарсан яг үнийн дүн нь тодорхой болоогүй байна, бусад зардлуудыг нэхэмжилж байгаа ба энэ мөнгөө төлж барагдуулсан тохиолдолд автомашиныг нь О.Ш гэх залууд буцаан өгөхөөр байгаа.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-42 дугаар хуудас/

Гэрч С.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын иргэн Я гэх залуугаас 4 тооны хонь 1 тооны ямааг хар өнгийн ... гэсэн дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж ирээд надад зарсан юм. Тухайн мах нь 892,000 мянган төгрөг болоод тэр махны мөнгөө ... гэсэн данс буюу Х.Б  гэсэн хүн рүү шилжүүлсэн юм. Надад гарал үүслийн бичиг болохоор өгөөгүй эргээд авчирч өгнө гэж хэлээд утасны дугаар болох ... гэсэн дугаар бичүүлсэн дараа нь бичгээ гэж залгахад мах өгсөн хүн нь байхгүй байна ирэхээр нь бичиг аваад өгнө гэсэн юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-54 дүгээр хуудас/

Шүүгдэгч Т.Я-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн  “...Би Г гэх хүнтэй 2022 оны 03 сарын 01-ний орой Цэцэнхаан зоогийн газрын өмнө өөрийнхөө .. дугаарын хар өнгийн суудлын автомашинтай архи зарж байгаад 01 цагийн орчимд Хийдийн 15-18 тоотод байх гэртээ харьж амарсан, Г дэлгүүртэй Петровис ШТС-н гадаа надаас буугаад явсан, Ш гэх танилынхаа машинд суугаад явсан хаашаа явахыг нь мэдээгүй, би шууд амарсан. Тэгсэн нь өглөө нь 05-06 цагийн орчим ирээд хэдэн хонь ямаатай хөдөөнөөс ирлээ сэрхэд манай хашаанд дээр дурдсан хонь ямааг ажилласан байсан, би бичиг нь хаана байна гэсэн чинь Ш эргээд авчирч өгье гээд өгөөгүй. Ш нь яваад Г надтай үлдэж ченж Б  гэх хүнд надтай хамт очиж өгсөн, махаа өгөхөд нь би машиндаа сууж байсан Г өөрөө хиллэж мөнгийг нь авсан, нийт хэдэн төгрөг болсныг нь сайн мэдэхгүй байна ойролцоогоор 800,000 гаран төгрөг болсон байх. Тэр мөнгөнөөс нь Г-оос 200.000 төгрөг, Шас 250.000 төгрөг авсан би тэр хоёроос авлагатай байсан юм. Ийм л зүйл болсон.  П.Г нь манай нутгийн залуу, энэ асуудал болсны урьд орой гудамд таараад надаас 0,75 грамтай X архи нэгийг худалдаж аваад явсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 110-111 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч П.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Т.Я ах бид 2022 оны 03 дугаар сарын 01-ний орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Цэцэн хан төвийн гадаах зогсоол дээр зогсож байхад Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багт оршин суух П.Г өөрийн найзтайгаа яваа гээд приус-20 маркийн машинтай ирсэн. Ингээд П.Г нь Т.Я ахаас нэг архи аваад аймгийн төвийн гэр лүүгээ яваад өгсөн.... Тэгээд удалгүй Баянхутаг сумын харьяат О.Ш гэх залуу “Приус-30” маркийн машинтайгаа Цэцэн хан төвийн гадаа Т.Я ах бид хоёр дээр ирээд байж байхад Т.Я ах О.Ш бид хоёрт хандан П.Г-н хөдөө гэр лүү яваад хотноос нь хонь ямаа аваад ир. П.Г нь энд согтуу явж байна гэж хэлсэн. Тэр үед би дахин бага дүү нь байгаа байлгүй дээ гэж хэлэхэд О.Ш, П.Г-ын бага дүү Цогоо нь аймгийн төвд явж байсан гэж хэлсэн чинь Т.Я ах "Тэгвэл хүнгүй байгаа юм байна, та хоёр П.Г-ын хөдөө гэр лүү яваад хонь ямаа олоод ир ах нь арыг чинь даана" гэж хэлсэн...Тэгэхээр нь О.Ш бид хоёр О.Ш-ын “Приус-30” маркийн машинтай П.Г гэх хүний хөдөө гэр болох Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр хөдөө хэсэг "Нярав" гэх газарт очиж хашсан бог малаас 6 хонь 1 ямаа зэргийг хулгайлж бог малуудынхаа 3 хөлийг нь уяагаар боогоод амьдаар нь “Приус-30” маркийн машины ард ачаад аймгийн төвд Т.Яын гэрт авчирч тэр шөнөдөө О.Ш дээрх 6 хонь 1 ямааг ажиллаж махлаад маргааш нь 1 хонийг нь авч үлдээд 5 хонь 1 ямааг нь Хэрлэн сумын Хийдийн сууринд С.Бгэх ченжид Т.Я бид 2 зарж борлуулсан. Ингээд Т.Я нь 70.000 төгрөг өгсөн. Бусад мөнгийг нь Т.Я ах авсан. Анх малын хулгайн гэмт хэрэг үйлдэх санааг Т.Я гаргасан. Тухайн үед Т.Я ах О.Ш бид хоёрт хандан П.Г-ын хөдөө гэр лүү яваад хотноос нь хонь ямаа аваад ир П.Г нь энд согтуу явж байна ямар нэгэн  асуудал гарвал би арыг нь даана та хоёр яваад ир гэж хэлсэн. Би Т.Я ахад 200,000 төгрөгийн өртэй байсан. Харин О.Ш тэр хоёрыг сайн мэдэхгүй ээ.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 117-118 дугаар хуудас/

Шүүгдэгч О.Ш-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би тухайн үед хулгайн хонь, ямаа гэж мэдээгүй. Т.Яыг гуйхаар нь л явсан. Ингээд мал ачсаны дараа сэжигтэй санагдаад хэд хоногийн дараа хэсгийн төлөөлөгчид хэлсэн... Гэмт хэрэг үйлдэх санааг анх Т.Я гаргасан ...Машин маань банк бусын нэр дээр байсан бөгөөд төлбөрийг нь төлөөгүй гээд ББСБ-даа хураалгасан байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 121-122 дугаар хуудас/

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШД/154 дугаартай шинжээчийн “ ...7 тооны бог малын зах зээлийн үнэлгээг 1,250,000 төгрөг байх боломжтой“ гэх дүгнэлт /1-р хх-н 89-91 дүгээр хуудас/

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 2022/ШД/228 дугаартай ... улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 25-28 дугаар хуудас/

Шүүгдэгч Т.Яын эрүүл мэндтэй холбоотой нотлох баримтууд, Алтангэрэл эмчийн 8 дугаар сарын тодорхойлолт, картын бичилтүүд, хөдөлмөрийн чадвар 74% алдсан тухай комиссын шийдвэр, гэрэл зургууд /2-р хх-н 104-106 хуу/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-н 15-17 хуу/,

  • 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх-н 21 хуу/

 

  •  Хохирогч П.Г-ын “хохирол төлөгдсөн, шүүгдэгч нарт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /3-р хх-н 18 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Т.Я, Т.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасан бусдын малыг бүлэглэж, машин механизм ашиглаж, хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасныг шүүгдэгч Т.Г-ийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ Т.Г-ид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцохоо илэрхийлж, зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй,

Харин шүүгдэгч Т.Я-ын өмгөөлөгч С.Нарангэрэл нь “Т.Яын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна” гэж, шүүгдэгч Т.Я нь “тухайн гэмт хэргийг үйлдэхэд оролцоогүй” гэж тус тус мэтгэлцэв.

 

Шүүгдэгч Т.Я, Т.Г нар нь бүлэглэн, машин механизм буюу ... улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг Нярав гэх газраас 2022 оны 03 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө П.Г-ын өмчлөлийн малаас 6 тооны хонь, 1 тооны ямаа хулгайлж, түүнд 1,250,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэлээ.

Энэхүү үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч П.Г-ын “...Манайх 2022 оны 03 дугаар сарын 01-нээс 02-ны шилжих шөнө Баянхутаг сумын 1 дүгээр баг "Нярав" гэх газраас зөв чих урд талаасаа догол буруу чих ард талаасаа догол имтэй 6 тооны хязаалан хонь, 1 тооны ямаа хотноосоо алдсан юм. Би өмнө өөрийн хонио 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдөр тоолоход нийт бог мал 626 толгой байсан юм. Тэгээд би дахин 2022 оны 03 дугаар сарын 2-ны өдөр хонь ямаагаа зүсээр нь дутаад байхаар нь тоолж үзэхэд манай хониноос 6 тооны хонь, 1 тооны ямаа алга болсон... Тухайн үед надтай 2022 оны 03 дугаар сарын 01-ний орой 22 цагийн үед аймгийн төвд нутгийн залуу болох Ятай уулзаж нэг шил архи худалдаж аваад явсан. Манай хөдөө гэрт хүн байхгүй гэдгийг Яаас өөр мэдэх хүн байхгүй байсан. Надад сэжиглэж байгаа хүн  байгаа Я болон Цоож нар мэдэж байгаа. Цоож  нь манай гэрт өмнө 2 хоноод ирсэн болохоор манай гэрийг сайн мэдэж байгаа юм. ...Би 2022 оны 03 дугаар сарын 01-нээс 02-ны шилжих шөнө Хэнтий аймгийн Чингис хотод ирээд Цэцэн хаан зоогийн газрын гадаа Т.Я, Т.Г нартай таарч Т.Яаас архи аваад аймгийн төвд байдаг гэр лүүгээ явлаа хөдөө гэрт хүн байхгүй талаар тэр хоёрт хэлсэн. Намайг хөдөө гэр лүүгээ тэр шөнөдөө очиж хонохгүйг мөн хөдөө гэрт хүн байхгүй Т.Я, Т.Г нар мэдэж байсан. Харин өөр хүн бол мэдээгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч С.Б-ын “...Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын иргэн Я гэх залуугаас 4 тооны хонь 1 тооны ямааг хар өнгийн ... гэсэн дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж ирээд надад зарсан юм. Тухайн мах нь 892,000 мянган төгрөг болоод тэр махны мөнгөө .... гэсэн данс буюу Х.Б гэсэн хүн рүү шилжүүлсэн юм. Надад гарал үүслийн бичиг болохоор өгөөгүй эргээд авчирч өгнө гэж хэлээд утасны дугаар болох ... гэсэн дугаар бичүүлсэн дараа нь бичгээ гэж залгахад мах өгсөн хүн нь байхгүй байна ирэхээр нь бичиг аваад өгнө гэсэн юм...” гэх мэдүүлэг

Шүүгдэгч П.Гийн яллагдагчаар өгсөн “...Т.Я ах бид 2022 оны 03 дугаар сарын 01-ний орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Цэцэн хан төвийн гадаах зогсоол дээр зогсож байхад Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багт оршин суух П.Г өөрийн найзтайгаа яваа гээд приус-20 маркийн машинтай ирсэн. Ингээд П.Г нь Т.Я ахаас нэг архи аваад аймгийн төвийн гэр лүүгээ яваад өгсөн.... Тэгээд удалгүй Баянхутаг сумын харьяат О.Ш гэх залуу “Приус-30” маркийн машинтайгаа Цэцэн хан төвийн гадаа Т.Я ах бид хоёр дээр ирээд байж байхад Т.Я ах О.Ш бид хоёрт хандан П.Г-ын хөдөө гэр лүү яваад хотноос нь хонь ямаа аваад ир. П.Г нь энд согтуу явж байна гэж хэлсэн. Тэр үед би дахин бага дүү нь байгаа байлгүй дээ гэж хэлэхэд О.Ш П.Г-ын бага дүү Цогоо нь аймгийн төвд явж байсан гэж хэлсэн чинь Т.Я ах "Тэгвэл хүнгүй байгаа юм байна, та хоёр П.Г-ын хөдөө гэр лүү яваад хонь ямаа олоод ир ах нь арыг чинь даана" гэж хэлсэн ...Тэгэхээр нь О.Ш бид хоёр О.Ш-ын “Приус-30” маркийн машинтай П.Г гэх хүний хөдөө гэр болох Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр хөдөө хэсэг "Нярав" гэх газарт очиж хашсан бог малаас 6 хонь 1 ямаа зэргийг хулгайлж бог малуудынхаа 3 хөлийг нь уяагаар боогоод амьдаар нь “Приус-30” маркийн машины ард ачаад аймгийн төвд Т.Я-ын гэрт авчирч тэр шөнөдөө О.Ш дээрх 6 хонь 1 ямааг ажиллаж махлаад маргааш нь 1 хонийг нь авч үлдээд 5 хонь 1 ямааг нь Хэрлэн сумын Хийдийн сууринд С.Б гэх ченжид Т.Я бид 2 зарж борлуулсан. Ингээд Т.Я нь 70.000 төгрөг өгсөн. Бусад мөнгийг нь Т.Я ах авсан. Анх малын хулгайн гэмт хэрэг үйлдэх санааг Т.Я гаргасан. Тухайн үед Т.Я ах О.Ш бид хоёрт хандан П.Г-ын хөдөө гэр лүү яваад хотноос нь хонь ямаа аваад ир П.Г нь энд согтуу явж байна ямар нэгэн  асуудал гарвал би арыг нь даана та хоёр яваад ир гэж хэлсэн. Би Т.Я ахад 200,000 төгрөгийн өртэй байсан. Харин О.Ш тэр хоёрыг сайн мэдэхгүй ээ.” гэх мэдүүлэг

Шүүгдэгч О.Ш-ын яллагдагчаар өгсөн “...Би тухайн үед хулгайн хонь, ямаа гэж мэдээгүй. Т.Яыг гуйхаар нь л явсан. Ингээд мал ачсаны дараа сэжигтэй санагдаад хэд хоногийн дараа хэсгийн төлөөлөгчид хэлсэн... Гэмт хэрэг үйлдэх санааг анх Т.Я гаргасан. ...Машин маань банк бусын нэр дээр байсан бөгөөд төлбөрийг нь төлөөгүй гээд ББСБ-даа хураалгасан байгаа...” гэх мэдүүлэг зэрэг болно.

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа малыг гэмт этгээд ашиг олох гэсэн шунахайн сэдэлт зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр нууц далд аргаар авахыг ойлгодог бөгөөд гэмт этгээд хулгайлсан малаа эзэмшилдээ авч, өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үеэс гэмт хэрэг төгссөнд тооцогдоно. Энэ гэмт хэргийн тухайд шүүгдэгч нар нь урьдчилан үгсэн тохиролцож, машин механизм ашиглаж бусдын өмчлөлийн малыг хулгайлж захиран зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан бусдын малыг бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийн субьектив болон объектив шинжийг хангасан төгссөн гэмт хэрэг байна.

            Гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж дүгнэхэд дараах шаардлага тавигдана. Нэгдүгээрт. Тоон шалгуур. Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан насанд хүрсэн хоёр ба түүнээс дээш этгээд санаатай гэмт хэргийг хамтран үйлдсэн шинжээр тодорхойлогдоно. Хоёрдугаарт. Чанарын шалгуур. Тоон шалгуур хангасан этгээд бодитойгоор нэгдэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлсэн байх, Хамтран оролцогчдын хэн нэгний үйлдэл нь бусад оролцогчдоос гэмт хэрэг үйлдэх зайлшгүй нөхцөл болсон, Хамтран оролцогч бүрийн гүйцэтгэсэн үүрэг, чармайлт, оролцоо нь тухайн гэмт хэргийн нөхцөл байдал, үр дагавартай шалтгаант холбоотой байх, Хамтран оролцогчдын нэгдмэл үйлдлийн уршгаар хуульд заасан хор уршиг учирсан, эсхүл учрах боломжтой байсан. Гуравдугаарт. Хүсэл зоригийн шалгуур. Гэмт хэрэг хамтран оролцогчдын үйлдэл нь зөвхөн гэм буруугийн санаатай хэлбэрээр илэрнэ. Тэдний зорилго нь тодорхой үр дүнд хүрэхэд чиглэгддэг учраас нэгдмэл байна.

Энэхүү гэмт хэргийн хувьд шүүгдэгч Т.Я нь гэмт хэрэг үйлдэхэд биеэр оролцоогүй ч гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, Т.Г, О.Ш нарын үүрэг оролцоог зааварчилж удирдан зохион байгуулж байгаа нь түүнийг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж үзэх үндэслэл болно.

Шүүгдэгч нар нь мал хулгайлах газартаа хурдан хүрэх, хулгайлсан малаа зөөвөрлөх зэргээр мал хулгайлах үйлдлээ хөнгөвчилж, үйлдлээ түргэтгэх зорилгоор “Тоёота приус” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан байх тул тэднийг машин механизм ашигласан гэж үзнэ.

С.Нарангэрэл өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Т.Я нь тухайн мал хулгайлах гэмт хэрэгт оролцоогүй, Т.Гийн тогтворгүй мэдүүлэг, удаа дараа мал хулгайлах гэмт хэрэгт шийтгүүлж байсан О.Ш-ын мэдүүлгүүдээр түүнийг яллагдагчаар татсан. Түүний үйлдэл нь гэмт хэрэг үйлдэгдэж төгссөний дараа хулгайн эд зүйл болох махыг зарж борлуулж байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан Мөнгө угаах гэмт хэргийн шинжийг агуулж байгаа тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү гэх дүгнэлт нь дараах үндэслэлээр няцаагдаж байна. Үүнд:

Хэдийгээр Т.Г нь удаа дараа тогтворгүй мэдүүлгүүдийг өгдөг хэдий ч түүний 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн яллагдагчаар өгсөн /1-р хх-н 117-118 хуу/ мэдүүлгийг үнэн зөв гэж үнэллээ. Түүний Т.Я, О.Ш нартай гэмт хэрэг үйлдэхэд үүсэж болзошгүй саадыг хэрхэн даван туулах талаар харилцан ярилцаж шийдэлд хүрсэн байдал болон худалдан борлуулсан махны тоо нь гэрч С.Бын өгсөн мэдүүлэгтэй тохирч байгаа байдал зэргийг харьцуулан дүгнэсэн болно. Үүнээс гадна түүний энэхүү мэдүүлгийг шүүгдэгч О.Ш-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг давхар нотолж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Баримт мэдээлэл нь ...яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг ...болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно” гэснийг мөн тус хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түнийг яллах үндэслэл болохгүй” гэсэн шаардлагыг хангаж байна гэж үзлээ.

Мөн үүнээс гадна Т.Я-ын яллагдагчаар өгсөн “...махаа өгөхөд нь би машинд сууж байсан Г өөрөө хиллэж мөнгийг нь авсан, нийт хэдэн төгрөг болсныг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг нь гэрч С.Б, Х.Б нарын мэдүүлгүүдээр няцаагдаж байгаа болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч Т.Я, Т.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан бусдын малыг бүлэглэж, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Т.Я, Т.Г, О.Ш нарыг бүлэглэн, машин механизм ашиглаж бусдын малыг хулгайлах, О.Ш-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. Хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч О.Ш нь нас барсан нь тогтоогдсон тул дээрх үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /2-р хх-н 222-224 хуу/

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч П.Гд 1,250,000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч нь “...миний бие хохирлоо бүрэн төлүүлж авсан тул Т.Я, Т.Г нарт гомдол санал байхгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх хүсэлт /3-р хх-н 18 хуу/-ийг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч нарын хууль, эрх зүйн мэдлэг хомс байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэл эрмэлзэл болон хохирогчийн малаа байнгын хариулга маллагаатай байлгаагүй зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

 

          Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Я-т 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Г-ид 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл “шүүгдэгч Т.Я нь тухайн болсон үйл баримтын талаар маргаж байгаа ч гэсэн улсын яллагчаас зүйлчилсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрч оролцдог тул Эрүүгийн  хуулийн ерөнхийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ “шүүгдэгч Т.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, шүүхээс дуудсан цагт ирж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байгаагүй тул Эрүүгийн  хуулийн ерөнхийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

 

Шүүгдэгч Т.Я, Т.Г нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

 

Шүүгдэгч нар нь хохирлыг төлж барагдуулсан нь шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх заалтыг хэрэглэхийн тулд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай. Шүүгдэгч Т.Я нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд “...би хулгайн хэрэгт оролцоогүй” гэж мэдүүлсэн нь Т.Яын хувьд хуулийн дээрх шаардлага хангагдаагүй, түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзнэ.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх яллах, өмгөөлөх талын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Т.Я-т 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн  хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Г-ид 1 жилийн хорих ял тус тус оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,

мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч Т.Я, Т.Г нар нь бусдын малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ О.Ш-ын эзэмшлийн “Тоёота приус” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан. Тухайн тээврийн хэрэгслийг “Энх-Үүд инвест” ББСБ нь О.Шас гэрээний үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр хураан авч одоо тус хуулийн этгээдийн эзэмшилд байгаа тул тус тээврийн хэрэгслийн үнэ үнэ 17,100,000 төгрөгийг 3 хувааж, шүүгдэгч Т.Я, Т.Г нараас тус бүр 5,700,000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М  овогт Т-н Я, Ш  овогт Т-н Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан бусдын малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Я-ыг 2 (хоёр) жил 2 (хоёр) сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн  хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.Г-ид 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Я, Т.Г нарын цагдан хоригдсон 100 (нэг зуу) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Я, Т.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй  болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Тоёота приус” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота приус” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 17,100,000 төгрөгийг 3 хувааж, шүүгдэгч Т.Я, Т.Г нараас тус бүр 5,700,000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Т.Я, Т.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ            ШҮҮГЧ                             Р.БАТБАЯР