| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2023/0055/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/73 |
| Огноо | 2023-10-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2023/ШЦТ/73
2023 10 25 2023/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Н.Амаржаргал
Хохирогч П.А
Шинжээч Ж.Ариунзаяа
Хохирогчийн өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр, Б.Гомбодорж
Шүүгдэгч Н.Т нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё овогт Н-ын Т-т холбогдох эрүүгийн 2340000000040 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн ... цехэд .... ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хэнтий аймгийн ... сум ... дугаар баг .... дугаар байрны ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, .... регистрийн дугаартай Ё овогт Н-ын Т-.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Т- нь 2023 оны 05 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "888" нэртэй баарны гадна талд П.А-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, дээд үүдэн 2 шүдний сулрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Т- шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч П.А- шүүхийн хэлэлцүүлэгт: “2023 оны 05 дугаар сарын 31-ний орой болсон асуудал. Би тэр өдөр ажлаасаа эртхэн буугаад хуучин ажлынхаа ахаас ажлын хувцас авах гээд гэрт очсон. Хуучин ажлын ах найзтайгаа архи уугаад сууж байсан. Тэр архинаас нь уусан. Тэгээд гараад Т- гэдэг найзтайгаа уулзаад гэр хороололд найзынд нь 2 пиво уусан. Бид хоёр пиво ууж дуусчхаад 888 баарны гадаа очоод орох гээд байж байхад манай хамаатны ах Б-той таарсан. Манай ах намайг ууж идлээ, одоо харь гэсэн. Тэгээд одоо харилаа ахаа гээд өөдөөс нь хэрэлдэж маргалдаад байж байтал асуудал болсон. Т- ах Б ах бид хоёрыг салгах гэж ирсэн гэдэг нь худлаа гэж бодож байна. Шатан дээрээс бууж ирээд намайг шалбааг руу түлхсэн. Би шалбааг руу гуталтайгаа орсон. Би өөдөөс нь та яагаад байгаа юм гэсэн чинь хажуу тийшээ хоёр алхаад цохисон. Би цохиулаад ойчихдоо өвдөгнөөс тэвэрч аваад бид хоёр давхарлалдаж унасан. Тэгээд хүмүүс салгасан. Т- ахын найз Х- гэдэг хүний мэдүүлэгт худлаа юм их байна. Т- ах анх цагдаа дээр ирээд ах нь чамайг цохиогүй, зүгээр зөөлөн алгадсан гэж ярьсан. Одоо болохоор ах нь чамайг алгадаагүй ч үгүй, цохихдоо оноогүй гэж байна. Цагдаа дээр байхдаа хоёр талаас цохисон, цохиогүй гэж яриад байсан. Хэдүүлээ ингээд яахав тогтоох газар нь тогтоох байлгүй. Намайг дотор цусаа гоожуулаад сууж байсан гэсэн. Би шүд рүүгээ цохиулаад хамар болон амнаас цус гараагүй. Миний шүд тэр дороо ойчоогүй, буйлаараа хугарсан байсан. Тэрнээс цус нөж гараагүй. Би тэр дотор цусаа гоожуулаад сууж байснаа өөрөө санахгүй байна” гэв.
Гэрч Д.Д- шүүхийн хэлэлцүүлэгт: “Би баарнаас тамхилах гээд гарсан, хэдэн залуучууд хоорондоо маргалдаад зогсож байсан. Тэгээд би очоод дүү нар одоо боль гэж хэлсэн. Хоёр залуу байсан. Нэг нь нэгнийгээ цохисон. Цаашаа харж байгаа залуу өөдөөс нь харж байгаа залууг цохисон. Өөдөөс нь харж байгаа залуу туранхай залуу байсан, цохисон залуу нь махлагдуу залуу байсан. Би цохихыг нь харсан хаана цохисон гэдгийг мэдэхгүй байна. Би хажууд нь биш зайтай байсан. Тэгээд харанхуй байсан...” гэв
Гэрч Б.Т- шүүхийн хэлэлцүүлэгт: “Би А-тай найз юм. Тэр өдөр бид хоёр 888 баар орохоор явсан. Тэгээд Т-, А- хоёр хоорондоо муудаад Т- А-ын нүүр лүү гараараа цохих шиг болсон. Т-ын царайг танихгүй махлагдуу залуу байсан...” гэв.
Гэрч С.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “...би энэ залууг анх удаа харсан. Цохисон, цохиогүй гэдэг дээр маргаж байгаа. Цохиогүй гэдэг дээр итгэлтэй байгаа. Өнөөдөр бид хоёр 40 нас хүрч байгаа. Хэрвээ цохиод буруутай байсан бол олон асуудал дагуулаад энэ олон хүмүүсийг нааш цааш нь чирэгдэл болоод явах ямар ч шаардлага байхгүй. Т- гар далайсан. Энэ хүн доогуур нь ороод давхар хамаад орсон. Тэр камерын бичлэг цааш нь үргэлжилбэл би энэ залууг цааш нь авч явсан байгаа. Тэгэхэд ам, хамарт нь ямар ч цус байгаагүй...” гэв.
Шинжээч Ж.Ариунзаяа шүүхийн хэлэлцүүлэгт “Шүд нь сулраад буйлд цус хураад дээд уруулын язарсан хэмжээ гэмтлээсээ хамаараад цусны их, бага хэмжээ хамаарна. Шарх том байвал цус гарна. ...шүд ойчсон тохиолдолд булгаралт гэж үздэг. Гэмтлийн зэрэг тогтоох журмын хөнгөн гэмтэл тогтоох журам дээр эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийг хөнгөн гэмтэл гэнэ. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийг 28 хоногоос дотогш түр хугацаагаар сарниулж байгааг ойлгоно.” гэв.
2340000000040 тоот эрүүгийн хэргээс
Хохирогч П.А-ын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн: “2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 18 цагийн үед Бор-Өндөр сумын 1 дүгээр багт нийтийн байранд хуучин ажлын газрын ах Самбуугийн таньдаг айлд 0,75 литрийн савлагаатай “Агар” нэртэй архийг гурвуулаа хувааж уусан. Тэгээд 20 гараад Т- гэдэг найзтайгаа таараад гэр хороололд Т-гийн таньдаг айл 2,5 литрийн савлагаатай “Сэнгүр” нэртэй пиво хоёулаа хувааж уугаад би нэлээн согтчихсон байсан. Тэгээд Т- бид хоёр гэр хорооллоос явган явж тус сумын 1 дүгээр багт байрлах 888 нэртэй баарны гадна тал ирээд хамаатны ах Б-той таараад юм яриад зогсож байгаад намайг согтсон байна гэр лүүгээ харь гэж хэлэхэд нь би согтсон байсан болохоор маргасан. Тэгтэл хажууд нь явсан Т- гэх ах миний нүүр рүү цохиод газар унагаад босоход миний шүд эргэчихсэн байсан. Тэгээд би юу болсныг санахгүй байна, найз Мөнхтулгыг дуудаж эмнэлэг орж үзүүлээд цагдаагийн хэлтэс дээр ирээд гомдол гаргасан. ...Т- гэдэг хүн тухайн үед хар малгай өмссөн, улаан хүрэн цамц, саарал өмдтэй байсан. Үүдний хоёр шүд хөдөлж, угаараа хугарсан байна. Надад нэмж хэлэх зүйл байхгүй, гомдолтой байна.” гэх мэдүүлэг (хх-ийн 5-6-р хуудас)
Хохирогч П.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би бол хамаатны ахтай жоохон маргалдаад байхад чи ер нь яах гээд байгаа юм гээд түлхэхээр нь би гуйваад бороо тогтсон ус руу хөлөөрөө ороод буцаж ирээд та чинь одоо яагаад байгаан гээд очтол чи харин юу гээд байгаа юм гэхэд хажуунаас нэг хүн орж ирээд салгахаар нь тэр хүнтэй юм ярьж байхад шууд хажуунаас орж ирээд миний нүүр рүү цохисон чинь миний үүдэн дээд 2 шүд хугарсан. Би шууд цохиулаад давхар хамаад дээр нь унасан. Тэгтэл хүмүүс ирээд салгаад хоёр тийш нь аваад явсан. Би хоёр хиймэл шүд хийлгүүлсэн. Хоёр шүднийхээр ёзоорыг авхуулсан. Нийт зардалд 427,840 төгрөг болсон. Надад ямар нэгэн эмчилгээний мөнгө төгрөг өгөөгүй” гэх мэдүүлэг (хх-ийн 40-41-р хуудас)
Гэрч П.М-ийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 20 цагийн үед найз У , Л нарын хамт Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг 888 нэртэй бааранд орсон. Бааранд сууж нэг шил архийг бид 3 хувааж уусан. Тэгээд би нэлээн согтоод ирэхээр нь гадаа гарч тамхи татаж байхад нэг бүдүүн биетэй залуу А- гэдэг залууг цохиод авах шиг болсон. Тэгээд тэр 2 газар зууралдаад унахад тэнд байсан хүмүүс салгасан. Би тэгээд буцаад баар луу орсон тэрнээс хойш юу болсныг мэдээгүй.” гэх мэдүүлэг (хх-ийн 7-8-р хуудас)
Гэрч Б.Б-ийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн: “...Бааран сууж байгаад 21 цагийн үед баарны гадаа гарч тамхи татаж байхад манай эгчийн хүү А- нэлээн согтуу байхаар нь би яв гэж хэлэхэд миний үгэнд орохгүй би наад бааранд чинь орох эрх байдаг юм байгаа биз дээ гэж өөдөөс уурлаад байсан. Тэгэхээр нь би яв гэж хэлэхэд намайг хавираад унагааж миний дээр суухад манай ажлын газрын залуу Т- А-ыг татаад миний дээрээс босгосон. Тэгээд би босоод хувцсаа гөвж байхад Т-, А- нар газар зууралдаад хэвтэж байхаар нь салгаад Т-ыг аваад баар луу орсон. Миний таньдаг хүмүүсээс Зоригоо, Мөнгөөнөө, Т-, Ууганжаргал нар байсан өөр танихгүй хүмүүс байсан. А- Т-ын дээр гарчихсан байсан би цохилцож байхыг нь хараагүй. ... Намайг гадаа байхад өөр хүнтэй зодолдсон зүйл байхгүй. Би өөдөөс нь цохиж зодсон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хх-ийн 9-10-р хуудас)
Гэрч Б.Т-ын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн: “...Тэгээд П.А- бид хоёр гэр хорооллоос явган явж тус сумын 1 дүгээр багт байрлах 888 нэртэй бааранд гадна очиход П.А-ын хамаатан ах Б.Бтаараад П.А-ыг согтуу яаж яваа юм бэ одоо харь гэхэд П.А- өөдөөс нь уурлаж маргасан. Тэгтэл П.А- Б.Б-ийг газар унагаад дээр суухад Т- салгасан. П.А- Т- хоорондоо хэрэлдэж маргалдаж байхад Т- эхлээд П.А-ыг цохисон. Тэгээд тэр 2 газар унаад зууралдаж байхад тэнд байсан хүмүүс салгаад би П.А-ыг аваад цаашаа явсан. Тэгээд би П.А-ыг цааш нь явуулаад гэр лүүгээ явсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Нүүрэнд нь цохисон, харин нүүрний аль хэсэгт цохисныг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг (хх-ийн 11-19-р хуудас)
Гэрч Л.П-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн өдөр манай эгч Мөнхчимэг нь алдарт эхийн одон, Дархан бэр болоод 888 нэртэй баарны эсрэг талын Цээл ресторанд хүлээн авалт хийсэн юм. Би эхнэр хүүхэдтэйгээ уригдаж очоод орой хаах дөхөж байхаар нь гадаа гараад тамхи татаад зогсож байхад А- гэх залуу хүмүүстэй муудаад байх шиг байсан. Би дөхөөд очтол А-, З гэх ахтай маргалдаад хэрэлдээд байж байсан. Чи согтуу байна гэр орондоо харь гээд хэлсэн чинь тэгж байгаад харина аа гэхээр нь би дагуулаад баар луу орох гээд Т-тай хамт алхаж байхад 888 баарны шатанд дээрээс нэг ах тамхи татаж байгаад чи муу яасан далчигнасан бацаан бэ түрүүнээс хойш энүүгээр ориллоо гээд бууж ирээд өөдөөс тулаад ирэхээр нь А- би тантай маргалдаагүй биз дээ гээд хойшоо ухраад арын тогтсон усанд гишгээд буцаад урагшаа очтол шууд гар зангилаад нүүр лүү нэг удаа цохиод авсан. А- цохиулаад унахдаа шууд хөлийн давхар хамаад тэр хоёр газарт унасан. Унасан чинь А-ын хүзүүгээр гараа оруулаад боохоор нь би очоод та боль боль гээд босгоод салгасан чинь А- цамцаараа амаа дараад суусан. Би зүгээр үү яасан гэсэн чинь шүд эвгүй болчихлоо гэж байсан. Цохисон ахыг нэг найз нь дагуулаад баар луу ороод нээх удаагүй гараад явсан байх. Би ороод пиво уух гэж байтал 5-10 минутын А-, Т гэх найзыгаа дагуулаад орж ирээд намайг цохисон залуу хаана байна гээд надаас асуухаар нь мэдэхгүй бааранд харагдахгүй байна гэж хэлсэн. Тэгээд А- гараад явсан би үлдээд жоохон сууж байгаад харьсан. ... Гараа зангилаад яг нүүрэнд онож цохисон. Түс гээд дугарсан. Алгадах гэж байсан би оноогүй гэдэг нь бол худлаа хэлээд байна. Тэр ах бол яг цохисон.” гэх мэдүүлэг (хх-ийн 47-48-р хуудас)
Гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 24 цагаар цагдаагийн хэлтсийн даргын баталсан томилгооны дагуу ерөнхий жижүүрээр үүрэг гүйцэтгэж байсан. Орой 23 цаг өнгөрөөгөөд эмнэлгээс яриад шүдээ цохиулсан хүн ирчихлээ гээд манай руу дуудлага ирэхээр нь та нар үзээд бичгийн өгөөд нааш нь явуулчих гээд хэлсэн. Үзүүлээд орой 00 цагийн үед эмчийн аваад ирсэн. Би уулзаад юу болсон талаар тодруулахад намайг махлаг бүдүүн залуу 888 баарны гадна талд цохисон. Тэгээд миний шүд хөдлөөд би эмнэлэг орсон. Эмч нь үзээд манайд шүдний эмч байхгүй болохоор сайн мэдэхгүй юм. Хэнтий аймаг орж шүдний эмчид үзүүлээрэй гэсэн гэж байсан. Би тэгээд гомдол мэдээлэлд оруулаад мэдүүлгийн шууд авъя гэж бодсон чинь А- архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор мэдүүлэг аваагүй явуулсан. Би тэгээд дараа нь 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дуудаж мэдүүлэг авахад уурхайд ажилладаг Т- ах байна гээд надад мэдүүлэг өгсөн.” гэх мэдүүлэг (хх-ийн 53-54-р хуудас)
Гэрч С.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тухайн өдөр Улаанбаатар хотоос ирээд хэд хоноод 5 сарын 31-ны орой Т-ын гэрт нь очоод хоол унд идчихээд хоёулаа бааранд орж ганц хоёр пиво уух уу гээд дагуулаад гарсан юм. Тэгээд 1 дүгээр багт байрлах 888 нэртэй бааранд ороод хүний 2, 2 пиво захиалаад эхний нэг пиво ууж байгаад гадаа гарч тамхи татах гээд гарсан. Баарны үүдэнд гарахад 5-6 залуучууд хоорондоо маргалдаад муудаад зогсож байсан юм. Тэгтэл Т- миний таньдаг хүмүүс байна гээд салгахаа тийшээ очсон юм. Салгах гэхэд нэг жижиг биетэй залуу нь өөдөөс нь дайраад та нарын үе өнгөрсөн гээд л дайрахад нь маргалдаж байгаад Т- тэр залуу руу гараа савсан юм. Тэгтэл зөрөөд шууд доогуур нь хамаад газарт унасан. Унаад дээр тогтохоор нь Т- хүзүүгээр нь гараа оруулаад элгэн дээрээ тэвэрсэн байсан. Тэнд байсан залуучууд бүчээд авахаар нь би голоор нь орж очоод салгаад нөгөө залууг нь босгоод тайвшруулаад цааш нь урагшаагаа дагуулаад явсан. Очоод ахын дүү болио чи согтуу байна. Битгий бүх хүн рүү дайраад бай гэж хэлсэн чинь надтай юм ярихгүй тоосон шинжгүй байхаар нь баар луу ороход Т- ороод ширээн дээрээ сууж байсан. Буцаад 20-30 минутын дараа гадаа гартал үүдний шилэн дөрвөлжин хэсэгт нь явган суусан гартаа чулуу атгасан ам юм уу хамраас цус гарсан байдалтай байсан. Би тамхи татаж байхдаа нөгөө залуу чинь далжигнаж байгаад нэгэнд нь цохиулсан юм шиг байна гэж хэлж байсан. Тийм л зүйл болсон. Гараа бол зангидаагүй байсан. Алгадах гэж байсан байх. Тамхи татах гээд гарч ирээд маргалдаад буцаж орох хүртэл би яг хажууд нь байсан. Хэрвээ үнэхээр тэр залуу тэр үед Т-т шүдээ цохиулсан байсан бол зүгээр тэгээд орхиод яваад өгнө гэж байхгүй гэж бодож байна. Араас баар луу орж ирээд хэл ам хийгээд бөөн юм болох байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг (хх-ийн 56-57-р хуудас)
Гэрч М.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ээлж амраад ажилдаа ороход манай хэсгийн дарга, х/ч Ц.Буянтогтох нь надад энэ харьяаллын дагуу шилжүүлэх материал байгаа юм. Чи холбогдогчоос нь мэдүүлэг аваад шилжүүлчих гээд өгсөн. Би 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хохирогч П.А-ыг дуудаад уулзсан чинь би энэ хүнд зодуулсан гээд нэг утасны дугаар өгсөн. Би тэр дугаараар нь яриад ирээд уулз гээд дуудахад Т- гэх залуу ирсэн. Би уулзаад та энэ хүнийг зодож биед гэмтэл учруулсан юм уу гэхэд үгүй ээ би зодож гэмтэл учруулаагүй гэсэн. Тэгэхээр нь танд камерын бичлэг байгаа гэл үү гээд Баярхүү дэслэгчээс асуугаад 21 секундийн бичлэг ирэхээр нь хохирогч, холбогдогч нарт үзүүлсэн чинь энэний дараагийн бичлэгийг үзээ өөр хүмүүст зодуулсан байж магадгүй гэхээр нь би 888 баарны зохион байгуулагч Дэлгэрзаяа гэх хүн рүү *** дугаарын утсаар яриад танайд 2023 оны 05 сарын 31-ний камерын бичлэгийг шүүж үзье гэхэд манайх 21 хоног бичлэгээ хадгалдаг тул одоо бол устсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би Т-ыг та Цээл, Пүрдэм зэрэг аж ахуй нэгжүүдээр очоод тийшээ харсан камерын бичлэг байгаа эсэхийг тодруулаад ир хэрэв байвал би хамт очиж шүүж үзье гэхэд тодорхой хугацааны дараа ирээд ямар ч камерын бичлэг байхгүй байна гэсэн. Тэгээд сумын баяр наадмын хамгаалалт, сумдын 100 жилийн ой гээд тэр үед ажиллагаа хийж чадаагүй юм. Би тэгээд Хэнтий аймгийн 100 жилд явах болоод 07 сарын 24-ний өдөр өгсөн. Т- надад өөрөө та зөрчлөөр нь шийдээд өгөөч би ажилтай мөн олон хоног цагдаа дээгүүр яваад байх хэцүү байна. Нэгэнт тэр хавиар аж ахуй нэгжүүдээр камерын бичлэг байхгүй байна. Танд байгаа бичлэгт бол намайг цохиж байгаа бичлэг байна. Энэ дээр бол би цохиж байгаа юм шиг харагдаж байна гэхээр нь та тэгвэл хохирогчтойгоо уулзаад гомдол санал нэхэмжлэх зүйл байна уу? Асуугаад ирээ гэж хэлсэн. Т- уулзахаар яваад П.А-ыг дагуулаад ирсэн. Ирээд бид 2 учраа олчихлоо би 2.000.000 сая төгрөгийг сарын 500.000 мянгаар 4 сарын хугацаанд төлөөд хохиролгүй болгохоор боллоо гэхээр нь би Галшар сум руу хамгаалалтад явлаа. Намайг яваад ирэхэд гомдол саналгүй гэсэн бичгээ хийгээд бэлэн байгаарай гэж хэлсэн. Би Галшараас ирээд уулзаж чадаагүй байж байгаад 07 сарын 24-ний өдөр Хэнтий аймаг явах болоод Баярхүү дэслэгчид өгөөд явсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 59-60-р хуудас)
Гэрч Д.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тухайн өдөр ажлынхаа хамт олонтой Бор-Өндөр сумын 1 дүгээр багт байрлах 888 гэртэй бааранд орсон. Миний санаж байгаагаар 22 цаг өнгөрч байхад би тамхи татах гээд гадагшаа гарахад хэдэн залуучууд хоорондоо маргалдаад муудаад байх шиг байсан. Би дүү нар битгий муудаад бай больцгоо гэж хэлэхэд болихгүй миний хэлснийг бараг сонсохгүй байсан. Би яг хажууд боль гээд хараад зогсож байхад махлаг бүдүүн залуу тэр туранхай залууг заамдаж байгаад баруун гараараа нэг удаа цохисон. Тэгээд зууралдаад газарт унахад хажууд нь байсан хүмүүс салгаад босгохоор нь би баар луу орсон. Би камерын бичлэгт орсон байна лээ. Хажууд нь наад талд нь хараад боль гээд хэлээд зогсож байгаа хүн бол би байгаа юм. ... Далайгаад нэг удаа цохисон нь бол үнэн.” гэх мэдүүлэг (хх-ийн 71-72-р хуудас)
Яллагдагч Н.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн өдөр Улаанбаатар хотоос манай нэг найз маань ирээд хоёулаа нэг газарт орж суугаад ганц ганц пиво ууя гээд 888 нэртэй баар луу орой 20 цагийн үед орсон. Ороод нэг нэг лааз пиво уух гээд задлаад гарч тамхи татах гээд гараад татаад зогсож байхад А- гэх залуу нэг залуутай муудаад нилээн хэдэн хүмүүс тойроод зогсож байсан. Би хэн байгаан бол гээд хартал уурхайд ажилладаг Бгэх залуу байхаар нь юу болоод байгаан гэтэл манай хамаатны дүү байгаа юмаа гэж байсан. Тэгээд А- нь Б-ийг унагаад дээр нь гараад цохиод байхаар нь салгаад эргээд баар луу орох гэж байхад араас хэрүүл хийгээд чамд ямар хамаатай юм. Би ахтайгаа юм ярьж байна гээд орилохоор нь би чи одоо түрүүнээс хойш хүнтэй муудаад яваад байх юм. Хүнд зодуулчив гэсэн чинь миний харих харихгүй чамд ямар хамаатай юм гэхээр нь чи Наранбаяр ахын хүргэн биз дээ гэхэд Наранбаярын хүргэн байхаар яах юм лалар минь гэхээр нь би очоод алгадсан чинь нүүрнийх нь урдуур хий алгадсан тэгсэн чинь шууд гар доогуур орж ирээд намайг хамаад газарт унагаасан. Би унахдаа толгойгоор нь тэврээд газарт унасан. Тэгтэл шууд манай найз болон Бгэх залуу салгасан. Бас хажууд ганц хоёр хүн салгаад л байсан. Бгэх залуу наад тэнэг бацаантайгаа муудаад яахав гээд баар луу чирээд орсон. Ороод задалсан пивоо уугаад гараад ирэхэд А- гэх залуу үүдний шилэн тамбарт нь амнаасаа цус гоожуулсан баруун гартаа чулуу атгасан байсан. Би ямар хүнд цохиулсан юм бол гэж бодоод буцаад ороход үүдэнд орилоод сууж л байсан. Цаашаа юу болсон талаар бол мэдэхгүй байна. Би бол ууж амжаагүй байсан. Эхнийхээ пивыг задлаад тамхи татахаар гарсан байсан. ...А- бол өөрөө хэнтэй муудаад юу болсон талаар бас надтай маргалдсан талаар ч санахгүй байна лээ. Бичлэг үзээд л намайг цохисон байх гээд бодоод байгаа юм болов уу гэж бодож байна. Би бол алгадах гээд хий явуулаад оноогүй тэгтэл шууд намайг газарт унагаасан. Сүүлд гарахад үүдэнд цусаа гоожуулаад орилоод сууж байсан юм чинь өөр хүнд зодуулсан байх гэж бодож байна. Тухайн орой хүн болгонтой л муудаад маргаад байсан. Надад Оюун-Эрдэнэ гэх байцаагч наад хүн чинь гомдолгүй гэх юм бол зөрчлийн хуулиар нь торгоё гэхээр нь ах нь чамайг гомдолгүй гэх юм бол ах нь зөрчлийн хуулиар нь арга хэмжээгээ авхуулъя. Чиний үзүүлж харуулсан зардал хэдэн төгрөг болсон юм. Надад 500.000 мянган төгрөг байна энийгээ өгвөл өгье гэхэд би суурилуулдаг үнэтэй шүд хийлгэнэ гэхээр нь би бол шүдийг чинь цохиогүй учраас тэрийг бол өгч чадахгүй гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (хх-ийн 31-33-р хуудас)
1. П.А-ын биед дээд үүдэн 2 шүдний сулрал, дээд уруулын дотор салстын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун дал, мөрний хэсгүүдийн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт,
“888” гэх нэртэй баарны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 68-69-р хуудас), Н.Т-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 78-р хуудас), ажлын газрын тодорхойлолт (хх-ийн 80-р хуудас), яаралтай тусламжийн хуудас (хх-ийн 18-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Энэ хэргийн улмаас хохирогчид 427,840 төгрөгийн эмчилгээний зардал гарсан тул үүнийг шүүгдэгчээр төлүүлж, 7 хоногийн эмчилгээний зардал нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлээх нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Уг гэмт хэргийг хэн үйлдсэн гэдгийг бүрэн гүйцэд хангалттай тогтоож чадаагүй. Гэрч Т- нь шүүгдэгч хохирогчийг цохисон гэдгийг санадаг хэрнээ бусдыг нь санадаггүй, гэрч Д- нь “цохих шиг болсон” гэж мэдүүлдэг бол гэрч Х-ын 3 удаагийн мэдүүлэг хоорондоо ямар нэгэн зөрүү байхгүй. Мөн хохирогчийн шүд булгарч унаагүй, хөдөлсөн байгаа. Шүд хөдөлсөн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2 болоод 4 дүгээр зүйлийн 4.11-1, 2, 3 гээд хувь тогтоох хэмжээнд хамаарахгүй байгаа юм. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байгаа юм. Иймд миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Г гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Гэрч нарын мэдүүлгээр 20:30-21:30 минутын хооронд үйл явдал болж өнгөрсөн. Хохирогч яаралтай тусламжийн тасагт очиж үзүүлсэн цаг нь 23:40 байгаа. Энэ 2 цагийн хугацаанд хохирогч хаагуур юу хийж явсан нь тодорхойгүй. Магадгүй энэ хугацаанд бусдад зодуулсан байхыг үгүйсгэхгүй. 20:30 цагаас хойших камерын бичлэг авагдаагүй, гэрчүүдийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байгааг харгалзан үзэж миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн дүгнэлтийг
Хохирогчийн өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Гэрч Х- нь шүүгдэгчтэй найз нөхдийн холбоотой. Найз нөхдийн мэдүүлэг нотлох баримтаар тооцогдох боловч бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон байх ёстой. Ийм нотлох баримт хэрэгт байхгүй. Камерын бичлэгт довтлох үйлдлийг хийж байгаа шүүгдэгчийн үйлдлийн улмаас А- унаж байгаа нь харагддаг. Монгол Улсын Үндсэн хуульд заасан халдашгүй чөлөөтэй байх эрхтэй. Энэ эрхэд халдаж хор уршиг учруулсан нь тогтоогдож байгаа. Орчин үед бүх зүйл цахим болсон, хүсвэл QR кодыг нь уншуулаад листийг шалгах боломжтой. Бодит тооцоогоор миний үйлчлүүлэгчид 597,291.38 төгрөгийн хохирол учраад байна. Мөн шүд хийлгүүлэх зардлыг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч Н.Т- нь 2023 оны 05 дугаар сарын 31-ний орой 23 цагийн орчим Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "888" гэх нэртэй баарны гадна талд П.А-тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж, дээд үүдэн 2 шүдний сулрал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч П.А-ын “...Би бол хамаатны ахтай жоохон маргалдаад байхад чи ер нь яах гээд байгаа юм гээд түлхэхээр нь би гуйваад бороо тогтсон ус руу хөлөөрөө ороод буцаж ирээд та чинь одоо яагаад байгаан гээд очтол чи харин юу гээд байгаа юм гэхэд хажуунаас нэг хүн орж ирээд салгахаар нь тэр хүнтэй юм ярьж байхад шууд хажуунаас орж ирээд миний нүүр рүү цохисон чинь миний үүдэн дээд 2 шүд хугарсан. Би шууд цохиулаад давхар хамаад дээр нь унасан...” гэх мэдүүлэг,
Гэрч П.М-ийн “...888 нэртэй бааранд орсон. Бааранд сууж нэг шил архийг бид 3 хувааж уусан. Тэгээд би нэлээн согтоод ирэхээр нь гадаа гарч тамхи татаж байхад нэг бүдүүн биетэй залуу А- гэдэг залууг цохиод авах шиг болсон. Тэгээд тэр 2 газар зууралдаад унахад тэнд байсан хүмүүс салгасан....” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Т-ын “...Тэгтэл П.А- Б.Б-ийг газар унагаад дээр суухад Т- салгасан. П.А- Т- хоорондоо хэрэлдэж маргалдаж байхад Т- эхлээд П.А-ыг цохисон. Тэгээд тэр 2 газар унаад зууралдаж байхад тэнд байсан хүмүүс салгаад би П.А-ыг араад цаашаа явсан. Тэгээд би П.А-ыг цааш нь явуулаад гэр лүүгээ явсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Л.П-гийн “... Чи согтуу байна гэр орондоо харь гээд хэлсэн чинь тэгж байгаад харина аа гэхээр нь би дагуулаад баар луу орох гээд Т-тай хамт алхаж байхад 888 баарны шатанд дээрээс нэг ах тамхи татаж байгаад чи муу яасан далчигнасан бацаан бэ түрүүнээс хойш энүүгээр ориллоо гээд бууж ирээд өөдөөс тулаад ирэхээр нь А- би тантай маргалдаагүй биз дээ гээд хойшоо ухраад арын тогтсон усанд гишгээд буцаад урагшаа очтол шууд гар зангилаад нүүр лүү нэг удаа цохиод авсан. А- цохиулаад унахдаа шууд хөлийн давхар хамаад тэр хоёр газарт унасан. Унасан чинь А-ын хүзүүгээр гараа оруулаад боохоор нь би очоод та боль боль гээд босгоод салгасан чинь А- цамцаараа амаа дараад суусан. Би зүгээр үү яасан гэсэн чинь шүд эвгүй болчихлоо гэж байсан. Цохисон ахыг нэг найз нь дагуулаад баар луу ороод нээх удаагүй гараад явсан байх ... Гараа зангилаад яг нүүрэнд онож цохисон. Түс гээд дугарсан. Алгадах гэж байсан би оноогүй гэдэг нь бол худлаа хэлээд байна. Тэр ах бол яг цохисон” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Д-гийн “...Би яг хажууд боль гээд хараад зогсож байхад махлаг бүдүүн залуу тэр туранхай залууг заамдаж байгаад баруун гараараа нэг удаа цохисон. Тэгээд зууралдаад газарт унахад хажууд нь байсан хүмүүс салгаад босгохоор нь би баарлуу орсон. ... Далайгаад нэг удаа цохисон нь бол үнэн.” гэх мэдүүлэг,
Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дүгээр сарын 06-ны өдрийн 275 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Т- нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн хэр нь хохирогч П.А-ын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болов.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Шүүгдэгч Н.Т- нь П.А-ыг цохиогүй гэж, түүний өмгөөлөгч нар Н.Т-т холбогдсон хэргийг гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгож, миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж үүнийгээ гэрч С.Хуандагын тогтвортой өгсөн мэдүүлгээр нотлогдож байна гэж мэтгэлцсэн.
Шүүх шүүгдэгчийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо гэрч С.Х-ын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэнгүй. Учир нь
1. Тухайн гэмт хэргийн хохирогч П.А- нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд болж өнгөрсөн үйл явдлын талаар тогтвортой, дэс дараалалтай мэдүүлдэг, энэхүү мэдүүлгийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй гэрч Д.Д-, П.М-, Л.П- нар давхар бататган мэдүүлснээс гадна гэрч Л.П- нь тухайн болсон үйл явдлыг харах, сонсох мэдрэхгүйгээрээ дамжуулан хүлээн авч энэ талаар маш тодорхой мэдүүлсэн.
2. Гэрч С.Х- нь шүүгдэгчтэй хувийн харилцаатай буюу найз нөхдийн холбоотой.
3. Гэрч С.Х нь мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Н.Т- нь “хохирогчийг цохих гэж гараараа савсан” гэж мэдүүлсэн бол шүүхийн хэлэлцүүлэгт “цохих гэж далайсан” гэж мэдүүлж үүнийгээ адилхан утгатай гэж тайлбарласан. Монгол хэлэнд “савах, далайх” гэх үгнүүд нь тус бүр өөр өөрийн утга санааг илэрхийлдэг бөгөөд үүнийг адил утга бүхий үг хэллэг гэж ойлгох боломжгүй нь тодорхой юм.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр нь гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн шүд унаагүй байхад хөнгөн зэргийн гэмтэл гэж гаргасан нь эргэлзээтэй, гэмтлийн зэрэг тогтоох журмын 4 дүгээр хэсгийн 49 дүгээрт заасан гэмтлийн тайлбараас зөрүүтэй байна гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаарт гэмтлийн зэргийг хүнд, хүндэвтэр, хөнгөн гэсэн ангиллаар тогтооно. Ийнхүү тогтоохдоо Амь насанд аюултай эсэх, Эрүүл мэнд сарниулсан хугацаа, Гэмтлээс үүссэн үлдэц уршиг, Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт гэсэн үндсэн дөрвөн шалгуурыг баримтална гэсэн бол журмын 2.4-т Гэмтлийн хөнгөн зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг
1. Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан;
2.Ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан гэсэн шалгуур шинжээр тогтооно гэжээ.
Үүнээс цаашилж журмын 2.5-т Шинжлүүлэгчийн биед энэ журмын 2.2-2.4-т заасан шалгуур шинжүүдийн аль нэг илэрвэл энэ нь гэмтлийн зэрэг тогтоох хангалттай үндэслэл болно гэж тодорхой заажээ. Өөрөөр хэлбэл шинжээч нь дүгнэлтээ хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтын хувь хэмжээгээр бус /журмын 4 дүгээр хэсэгт ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээгээр тогтоодог гэмтлүүд орно/ эрүүл мэндийг сарниулсан хугацааг үндэслэж тогтоосон гэдгээ дүгнэлтийнхээ 3 дугаарт тодорхой бичжээ.
Хохирогч П.А- нь шүдний мултрал /Өвчний олон улсын ангилал-ICD/:S03.2/ гэх оношоор хөдөлмөрийн чадвараа 10 хоногийн хугацаагаар алдсан болох нь 11012306190532 дугаартай Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсаар (хх-н 136-р хуу) давхар тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд хохирогч П.А- нь шүүгдэгчээс 6,597,000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан баримтаар түүнд учирсан хохирлын тооцоо дараах байдлаар тогтоогдож байна. Үүнд
- Даатгуулагчийн нэг өдөрт олгох цалин хөлсний хэмжээ 53,798 төгрөг, үүнээс нэг өдөрт ногдох тэтгэмж 29,589 төгрөгийг хасаад, зөрүүг нь 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 06 дугаар сарын 18-ны өдөр 10 хоногийн хугацаагаар буюу 242,090 төгрөгөөр гарсан.
- Шүдний эмчилгээ хийлгэсэн гэх 277,840 төгрөгийн баримт авагдсан ба үүнээс араа шүд авхуулсан гэсэн 85,000 төгрөгийг хасаад /гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой хамааралгүй/ 192,840 төгрөг үлдсэн.
Үүнд дээр хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмжийн зөрүүг нэмээд нийт 434,930 төгрөг гарсан ба шүүгдэгчээс тус хохирлын мөнгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ. Харин хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Энэхүү гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч, хохирогч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, хэн алины хууль эрх зүйн мэдлэг хомс, асуудалд хүлээцтэй, бие биедээ хүндэтгэлтэй хандаж чадаагүй нөхцөл байдал нөлөөлжээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүгдэгчид 1,300 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бол
Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгчид 450 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бол эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоож, ялтан нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 21 секундийн дүрс бичлэг бүхий флаш дискийг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл үлдээх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАТБАЯР