| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2023/0061/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/74 |
| Огноо | 2023-10-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/74
2023 10 26 2023/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Н.Амаржаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр
Шүүгдэгч Г.Д- нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Г-ийн Д-ад холбогдох 2340000000045 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ... дүгээр баг ... дугаар байрны .. тоотод оршин суух, урьд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2023/ШЦТ/04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн, ... регистрийн дугаартай Х овогт Г-ийн Д-.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Д- нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны орой 23 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гуатээг” баарны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл дотор сууж байхдаа Б.Э-тай маргалдаж, улмаар түүний баруун гарыг мушгиж гарын 1, 2 хурууны 2 үений цууралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Д- шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
2340000000045 тоот эрүүгийн хэргээс
Хохирогч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2023 оны 08 дугаар сарын 07-ны орой 38 дугаар байрны гадаа 18 цагийн үед О- гэх ахтай таараад хамт машинтай нь төвөөр хэд тойрч байгаад бид 2 нэг газар орж жоохон суух уу гээд Гуа тээг баар луу орой 23 цагийн үед ороод би 2 лааз пиво захиалаад О- гэх ах бол ундаа уусан. Бид хоёрыг ороод сууж байхад Д- гэх ах манай ширээнд суучих гээд өөрөө ганцаараа нэг ширээн дээр суугаад байхаар нь О- ах бид хоёр хамт очиж суусан. Тэгтэл Д- ах пиво захиалаад ир би тооцоог нь өөрөө хийнэ гэхээр нь 6 лаазтай пиво авч ирсэн. Тэгээд тэрийгээ уугаад гарах гэсэн чинь тооцоогоо хийх мөнгөгүй гэхээр нь би тооцоог хийсэн. Тооцоог хийгээд ширээн дээр нь сууж байхад миний толгойны ар хэсэгт алгадахаар нь та яагаад байгаан гэтэл нээх юм хэлэхгүй байхаар нь О- ах бид 2 баарнаас гараад машиндаа суугаад хөдлөх гэж байтал Д- ах хүргээд өг гээд арын суудалд суугаад миний толгойны арын хэсэг рүү гараараа түлхээд байхаар нь ахаа одоо хоёулаа болъё та яагаад байгаан гуйж байна шүү дээ гэхэд болихгүй байхаар нь хоёулаа гар баръя гээд баруун гараа өгтөл миний хуруунуудыг бариад хойш нь дартал миний долоовор хуруу гэнэт эвгүй болоод хөндүүрлэхээр нь ахаа та гар хугалчихлаа ш дээ гэхэд шууд машинаас буугаад яваад өгсөн. Би О- ахтай эмнэлэг ороод үзүүлтэл шөнө зураг аваад долоовор хуруу чинь хугарсан байна гээд шууд шохойдоод өгсөн. Ер нь бол нэг суманд амьдардаг болохоор тодорхой хэмжээгээр мэднэ. Урд нь маргалдаж байсан зүйл бол огт байхгүй. Ер нь маргаан болох шалтгаан байгаагүй. Миний толгой руу алгадаж аваад байхаар нь ахаа болъё гэж гуйгаад гар баръя гээд өгтөл миний баруун гарын хурууныг бариад хойш нь дартал миний гар эвгүй болчихсон юм. Миний баруун гарын долоовор хуруу л хугарсан. Хэдэн эм бичиж өгсөн би эмээ авч уугаагүй л байна. Одоогоор гарсан зардал байхгүй.” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 6-7-р хуудас)
Гэрч У.О-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тухайн өдөр танил дүү болох Б.Э-тай 37 дугаар байрны гадна талд таараад гадуур машинтай явж байгаад орой нэг газар суухаар болоод Гуа-Тээг баар луу орсон юм. Ороод би ундаа захилаад дүү бол 2 пиво захиалаад сууж байхад Д- гэх залуу ирээд та 2 миний сууж байгаа ширээнд дээр хамт суучих гээд байхаар нь хамт суусан юм. Суугаад пиво захиалаад ир гээд Э-ыг явуулсан. Э- 6 лаазтай пиво авчраад тэр хоёр уусан. Тэгээд хаах нь ч болоод гарах гэтэл Д- тооцоо хийх мөнгө алга гэхээр нь Э- тооцоо хийсэн. Тэгээд эргэж ирээд сууж байхад Д- Э-ын толгойны арын хэсэгт алгадаад авах шиг болсон. Тэгээд маргалдах гээд байхаар нь явъя гээд би аваад гарсан. Гадаа гараад машиндаа суугаад хөдлөх гэж байхад Д- намайг хүргээд өг гээд арын суудалд суусан. Тэгэхээр нь Э- за ах уучлаарай гээд гар барих гээд гараа өгөх шиг болсон чинь цаадах нь яасан юм байгаан гэнэт л гар эвгүй болчихлоо гээд орилоход Д- нь буугаад яваад өгсөн. Би үлдээд эмнэлэг хүргэж өгсөн. Тийм л зүйл болсон.” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 6-7-р хуудас)
Шүүгдэгч Г.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би тухайн орой гэртээ хоёр лаазтай пиво уучаад гараад ганцаараа Гуатээг баар орсон. Ороод хоёр лазтай пиво захиалаад гадаа гарч тамхи татаж байхад О-, Э-, Жамух гэх гурван залуу ирсэн. Таараад гар бариад хамт баар луу орсон. Ороод би ширээндээ суухад шууд манай ширээнд ирээд суусан. Манай ширээнд суухад О-гийн найз нь гээд нэг ах хүү ирээд нэг шил архи, ундаа ус авч гарсан. Тэр архийн бид 4 хувааж уусан. Архи дуусахын алдад гарах гэхэд Э- зургаан лаазтай пиво авчихсан байсан. Тэгээд яг гарах гэхэд тооцоо хийх болтол Э- мөнгө алга та хийчих гэхээр нь ахад нь бас алга гэхэд та хэлээд өг гэхээр нь би зөөгч Мөнгөнцоож гэх залууд хэлтэл үгүй гэхээр нь би үгүй гэнээ гэхэд Э- гэх залуу Мөнгөнцоожид өгсөн. Тэгэхэд гаднаас Мийгаа гэх залуу орж ирээд Мөнгөнцоожтой уулзаад утсын аваад өгсөн. Тэгээд хамт гарцгаасан. Гадаа гараад явах гэхэд над руу намайг арчаагүй юм хэдэн пивоны мөнгө төлчихгүй ийм арчаагүй ах нар гэж юу байхав дээ гээд одоо та нарын цаг үе өнгөрсөн шүү гээд гараараа нүүр ам руу чичээд байсан. Би чиний уусан пивоны мөнгийг төлөх албатай биш дээ гэж хэлээд байхад гараа далайгаад л над руу цохичих гээд л байсан. Тэгээд явахаар болоод О- ахын машинд суугаад би ард суусан Э- урд талын суудалд суучаад эргэж хараад бас л гараараа чичлээд байхаар нь би гарнаас нь бариад авсан. Тэгтэл нөгөө гараараа далайхаар нь бас тэр гарын барьж аваад тэгтэл мөргөх гээд толгойгоо өгөөд байхаар нь гарнаас нь барьсан чигээрээ өөдөөс түлхээд дартал гараа зулгаагаад авсан. Тэгээд миний гар эвгүй болчлоо чи миний гарыг хугалчихлаа гэхээр нь ингээд шууд хугарна гэж байхгүй байх гээд буугаад яваад өсгөн. Би бааранд байхад толгой руу нь алгадсан зүйл байхгүй. Баарнаас гараад өөрөө л надад хэдэн пивоны тооцоо хийж чадсангүй арчаагүй юм одоо ч та нарын үе өнгөрсөн шүү гээд л томроод нүүр лүү чичлээд л байсан. Ер нь уухаараа их сонин залуу байна лээ. Би эмчилгээнд нь зориулж эхлээд гараа боолгоход нь 100,000 төгрөг өгсөн. Сүүлд надаас 800.000 төгрөг гэхэд нь надад бэлэн алга оронд өвөл идэшний адуу өгье гэсэн чинь за тэгүүл тохирлоо гээд салсан. Тэрнээс хойш уулзаагүй байна. Би маргалдаад хүний биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байгаа. Би хохирол мөнгийг бол барагдуулахаар бол тохирсон. Би эхнэрээсээ салаад хүү Анхбаяртай хоёулаа хамт амьдардаг. Хүү маань 10 настай. Салсан эхнэрийн аав нь цус харваад бие муутай хүн байдаг ер нь салсан болохоор очиж хүү маань уулзаад байдаггүй. Иймд надад гайгүй арга хэмжээ авч өгнө үү” гэх мэдүүлэг (хх-ийн 6-7-р хуудас)
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 384 дугаартай
1. Б.Э-ын биед баруун гарын I, II хурууны II үений цууралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. (хх-ийн 13-14-р хуудас), шүүгдэгчийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Бор-Өндөр бага сургуулийн захирлын 2023 оны 10 сарын 25-ны өдрийн 53 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Д- нь 2023 оны 08 дугаар сарын 07-ны орой 23 цагийн үед Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гуатээг” баарны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл дотор сууж байхдаа Б.Э-тай маргалдаж, улмаар түүний баруун гарыг мушгиж гарын 1, 2 хурууны 2 үений цууралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч Б.Э-ын “...Тооцоогийн хийгээд ширээн дээр нь сууж байхад миний толгойны ар хэсэгт алгадахаар нь та яагаад байгаан гэтэл нээх юм хэлэхгүй байхаар нь О- ах бид 2 баарнаас гараад машиндаа суугаад хөдлөх гэж байтал Д- ах хүргээд өг гээд арын суудалд суугаад миний толгойны арын хэсэг рүү гараараа түлхээд байхаар нь ахаа одоо хоёулаа болъё та яагаад байгаан гуйж байна шүү дээ гэхэд болихгүй байхаар нь хоёулаа гар баръя гээд баруун гараа өгтөл миний хуруунуудыг бариад хойш нь дартал миний долоовор хуруу гэнэт эвгүй болоод хөндүүрлэхээр нь ахаа та гар хугалчихлаа ш дээ гэхэд шууд машинаас буугаад яваад өгсөн. " гэх мэдүүлэг,
Гэрч У.О-гийн “....Тэгээд хаах нь ч болоод гарах гэтэл Д- тооцоо хийх мөнгө алга гэхээр нь Э- тооцоо хийсэн. Тэгээд эргэж ирээд сууж байхад Д- Э-ын толгойны арын хэсэгт алгадаад авах шиг болсон. Тэгээд маргалдах гээд байхаар нь явъя гээд би аваад гарсан. Гадаа гараад машиндаа суугаад хөдлөх гэж байхад Д- намайг хүргээд өг гээд арын суудалд суусан. Тэгэхээр нь Э- за ах уучлаарай гээд гар барих гээд гараа өгөх шиг болсон чинь цаадах нь яасан юм байгаан гэнэт л гар эвгүй болчихлоо гээд орилоход Д- нь буугаад яваад өгсөн. Би үлдээд эмнэлэг хүргэж өгсөн...." гэх мэдүүлэг,
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 384 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Д- нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн хэр нь тэрээр хохирогч Б.Э-ын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болов.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Хохирогч Б.Э- нь мөрдөн шалгах ажиллагаанд гомдол санал байхгүй гэж мэдүүлсэн (хх-н 32-р хуу), хохирол төлбөртэй холбоотой баримт ирүүлээгүй тул шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болно.
Хохирогч нь эмчилгээтэй холбоотой зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч шүүгдэгчид 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг гаргасан бол
шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчид 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Улсын яллагч дээрх дүгнэлтийнхээ үндэслэлээ шүүгдэгч нь өмнө үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийгээгүй, дахин гэмт хэрэг үйлдсэн тул гэж тайлбарласан бол,
шүүгдэгчийн өмгөөлөгч нь Г.Д- нь үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бага насны хүүхэдтэй ганц бие эцэг, цаашид ажил хөдөлмөр эрхэлж, хамт олны дунд орж засрал хүмүүжил олох боломжтой гэж тайлбарлав.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал буюу урд дээрэмдэх гэмт хэрэг үйлдэж, шүүхээс оногдуулсан ялыг эдлэх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийхгүй байгаа байдал буюу мөрдөн шалгах ажиллагаа, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /хуульд заасан мэдүүлэг өгөх эрхээ эдлэхийг зөвшөөрсөн тохиолдолд мэдүүлэг нь үнэн зөв байхыг шаардана/ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 18 хоногийн ялыг нэмж, нэгтгэн нийт эдлэх ялыг 8 сар 18 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоов.
Шүүгдэгч Г.Д-ыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1, 2, 3, 4 дүгээр багийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тогтоолд дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.БАТБАЯР