Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/225

 

 

 

 

 

 

 

 

   2023        03          03                                   2023/ШЦТ/225      

 

                                

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,

Шүүгдэгч: О.М, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Оюунбат,

Улсын яллагч: Н.Пүрэвтогтох нар оролцсон эрүүгийн 2209029832312 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт

урьд нь 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар,

2012 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Дундговь аймгийн сум дундын шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар,

2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан Б овгийн О.М

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч О.М нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн автобусны буудал орчимд иргэн Л.А-гийн “Айфоне 12” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Эрүүгийн 2209029832312 дугаартай хэргээс:

2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-11 дүгээр хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Д” ХХК-ний гар утсыг 1.450.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 25-26 дугаар хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 39  дугаар хуудас/ болон бусад нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч О.М нь 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн автобусны буудал орчимд иргэн Л.Агийн “Айфоне 12” загварын гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бусдад 1.450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:

Насанд хүрээгүй хохирогч Б.А-гийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 14 цагийн орчимд Монгол 3 дугаар сургуулиас хойноос урагш чиглэлтэй явган хүний гарцаар найзын хамт зам гараад Хүнсний 4 дүгээр дэлгүүр, Өлзий төвийн ойролцоо гар утсаа гаргаад хүн рүү залгаснаа санаж байна. Тэгээд гар утсаа зүүн талын халаасанд хийсэн. Тэгээд явж байгаад Сүхбаатарын талбайн зүүн талд ирээд гар утсаа шалгахад утас алга болсон байсан учир сандраад хамт явсан найзынхаа утсаар өөрийнхөө утас руу залгахад холбогдох боломжгүй байсан. Миний гар утас “Айфоне 12" гэж утас байсан... гэх мэдүүлэг,

“Д” ХХК-ийн “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн үнэлгээгээр нийт 1.450.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдсон  болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч О.М-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж, насанд хүрээгүй хохирогч Б.А-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох эд зүйлсийг нууцаар авч бусдын өмчлөх эрхэнд халдсан хууль бус үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. 

Иймд шүүгдэгч О.М-д Сүхбаатар дүүргийн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэм буруу хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болж хувийн хэрэгцээгээ хангах гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

Шүүгдэгч О.М-ын “хулгайлах” гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-д 1.450.000 /нэг сая дөрвөн зуу тавин мянга/ төгрөгийн хохирол учирснаас 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-аас 1.050.000 /нэг сая тавин мянган/ төгрөг гаргуулж хохирогч Б.А-д олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч нь гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлөх хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар завсарлуулсан боловч дээрх хугацаанд хохирол төлбөрт 550.000 төгрөг төлж баримтыг ирүүлсэн байх ба үлдэх 500.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч О.М нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

            Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Миний үйлчлүүлэгч бага насны 2 хүүхэдтэй энэ нөхцөлийг харгалзан үзэж, нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан байна.

Шүүхээс шүүгдэгч О.М-д эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хохирлын тодорхой хэсгийг төлж үлдэх хэсгийг төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан 2 /хоёр/ жилийн хугацаагаар түүний оршин суугаа газар болох Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн  13 дугаар хорооны нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан, зорчих эрх хязгаарлах ялыг зөрчсөн тохиолдолд гарах хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж, ялын биелэлтэд хяналт тавихыг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1,  36.2 дугаар зүйлийн 1. 2. 3. 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Б овгийн О.М-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тухайн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор солихыг анхааруулсугай.

 5. Шүүгдэгч О.Мад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-аас 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.А-д олгосугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.   

 8. Шүүгдэгч О.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай

9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

           10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДАРЬСҮРЭН