| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2025/0491/3 |
| Дугаар | 221/МА2026/0191 |
| Огноо | 2026-03-17 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2026/0191
“Г б” ХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У, гуравдагч этгээд М.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О
Нэхэмжлэгч: “Г б” ХК
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга
Гуравдагч этгээд: М.Б, “О т” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/617 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 104 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, Л.М
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б
Гуравдагч этгээд “О т” ХХК-ийн төлөөлөгч Д.Мөнхзул, тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, тус компанийн өмгөөлөгч Т.Б
Гуравдагч этгээд М.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2025/0491/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Г б” ХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/617 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 104 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/617 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “... 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр маргаан бүхий газар дээрх Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх Голомт банканд шилжиж гэрчилгээ олгогдсон тухай үйл баримтыг зориуд орхигдуулсан байна. Энэ нь маргаан бүхий газар дээрх өмчлөгчийн эрх зүйн байдлыг зориуд бүдгэрүүлж, эргэлзээ төрүүлэхүйц үйлдэл болжээ. “Г б” ХК болон О т ХХК нарын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээний заалтыг ишлэхдээ тухайн өгүүлбэрээс зарим үгийг зориуд хасч орхигдуулсан байна. Энэ нь “О т” ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад зуучлах, зөрүүг авах эрхтэй болсон мэтээр буруу ойлголт төрүүлэхээр байна. Гэтэл Эвлэрлийн гэрээний 2.2.2-т "Энэхүү гэрээний 2.2.1-д заасан үл хөдлөх хөрөнгө нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэнээс хойш 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор хариуцагч нь нийт 14,120,406,650.88 төгрөгөөр нэхэмжлэгчээс буцаан худалдаж авах, худалдан авч чадахгүйд хүрвэл мөн үнээр, эсвэл түүнээс багагүй хариуцагч өөрт ашигтай гэж тооцсон үнээр гуравдагч этгээдэд худалдан авахыг зуучлах болон үнийн зөрүүг авах эрхтэй. Хариуцагч тал буцаан худалдан авах үед гарах нэмэгдсэн өртгийн албан татвар/10%/ болон Үл хөдлөх хөрөнгө борлуулсны татвар/2%/- ийг нэхэмжлэгчид тус тус нэмж төлнө. Энэ хугацаанаас өмнө нэхэмжлэгч тал уг үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдан борлуулахгүй байх үүрэг хүлээнэ." гэж заасан. Үүнээс "Очир төв” ХХК-ийн хувьд тухайн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой буцаан худалдаж авах, эсхүл бусдад зуучлах эрх 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон болох нь тодорхой харагдаж байна. Маргаж буй захиргааны акт гарах үед “Г б” ХК нь тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өмчилж, эзэмшиж, ашиглаж байсан тул тухайн газрыг зориулалт, нөхцөл болзлын дагуу бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа нь маргаангүй зүйл юм. “Г б” ХК нь өмчлөх эрхийг олж авсан цагаас эхлэн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлэн үр шимийг хүртэж ирснийг нотлох менежментийн болон түрээсийн гэрээнүүд хэрэгт авагдсан байна. Хэрэв тухайн газрыг “Г б” ХК бодитоор эзэмшиж, ашиглаагүй гэвэл хэн эзэмшиж ашиглаж байсан болж таарах вэ, энэ талаар шийдвэрт тайлбар байхгүй байна.
3.2. “Г б” ХК тухайн газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах хүсэлт гаргах боломж байгаагүй. Учир нь “О т” ХХК-д хууль бусаар газар эзэмшүүлснийг мэдээгүй, энэ талаар шийдвэрийн Үндэслэх хэсгийн 6 дугаарт тогтоосон байна. Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 18 дугаарт “...нэхэмжлэгчтэй байгуулсан газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг буцаан худалдан авах гэрээний эрх нь хүчин төгөлдөр хэвээр байсан нөхцөлд Засаг даргын захирамжаар түүнд газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна..." гэх өрөөсгөл, хэт нэг талыг барьсан дүгнэлтээ хийжээ. Энд Газрын тухай хуулийн дээрх зохицуулалт гэж ямар зохицуулалтыг хэлж байгаа нь тодорхойгүй. Шийдвэрийн өмнөх хэсэгт буюу 15 дугаарт дурдсан Газрын тухай хуулийн 3, 5, 21 дүгээр зүйлүүдэд тийм зохицуулалт байхгүй байна. Шүүгчийн газар эзэмших эрхийг олж авсан үндэслэл гэж дүгнээд байгаа 2017 оны ГБ-2017/65 тоот гэрээ нь эд хөрөнгийн эрх үүсгэхгүй. "Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай" Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар тогтоолын 6-д "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэдэгт хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаартыг зөрчих, түүнчлэн, хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу ерөнхий зохицуулалт хэрэглэсэн зэргийг хамруулан ойлгохоор тайлбарласан байна. Бид маргаан бүхий захиргааны акт нь хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй, зөвхөн ерөнхий заалтыг хэрэглэсэн ба тодорхой заалт буюу Газрын тухай хуулийн 33.1.1 нь хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх харилцааг зохицуулаагүй тул эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж маргасан. Анхан шатны шүүх шийдвэртээ энэхүү аргументад тодорхой, үндэслэл бүхий хариулт өгч чадаагүй байна.
3.3. Гуравдагч этгээд газрыг зориулалтын дагуу хэрхэн яаж эзэмшихийг анхан шатны шүүх тайлбарлаж зааж өгөөгүй байна. Харин шүүх хуралдааны явцад гуравдагч этгээд “О т” ХХК-ийн зүгээс "…газрыг “О т” ХХК эзэмшиж, үл хөдлөх хөрөнгө өмчлөгчид сервитут тогтооно" гэх тайлбарыг бодитоор эзэмших гэж шүүх үзсэн гэж үзэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна. Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т заасан "... байнгын зориулалттай газартай салшгүй бэхлэгдсэн байшин барилга нь байгууламж нь газрын үндсэн бүрдэл хэсэг байх" болон Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д "газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх"-ын хувьд, “Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан "... газар эзэмших гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгох” тухай зохицуулалтын агуулга нь эзэмшигч этгээд тухайн газрыг өөрийн мэдэлд бүрэн байлгаж, газар эзэмших гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах бодит боломжтой байхаар илрэх учиртай. Гэтэл “О т” ХХК нь газар эзэмших эрх үүсэх үндэслэл болсон үл хөдлөх эд хөрөнгийг алдсан байгаа нь Газрын тухай хуульд заасан "газар эзэмших нөхцөлийг хангасан" гэж үзэхээргүй байна. Тухайн үл хөдлөх хөрөнгийг үндсэн түрээслүүлэгч буюу үр шимийг хүртэж байсан этгээд нь “Г б” ХК байсан талаар захиргааны байгууллага мэдээгүй, уг бодит байдлыг тогтоох ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй, зөвхөн “О т” ХХК-ийн жилийн өмнө гаргасан өргөдөл, хавсарган өгсөн материалд үндэслэн шийдвэр гаргасан болох нь тодорхой байдаг. Гэтэл анхан шатны шүүх ямар үндэслэлээр, ямар нотолгоогоор ингэж дүгнэж байгаа нь тодорхойгүй байна.
3.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д "Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэж заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Мөн хуулийн 34 дүгээр зүйл нь "Нотлох баримтыг үнэлэх" гэдэг нэртэй зүйл бөгөөд энэ зүйлийн заалтууд нь зөвхөн тухайлсан нотлох баримтуудыг хэрхэн үнэлэх тухай заалтууд болно. Гэтэл мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дах заалттай адилтган хэрэглэж, тухайн маргааныг өмнө шүүхээр шийдвэрлэсэн мэт дүгнэлт өгсөн нь хуульд нийцэхгүй. "И х и х" ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн засаг даргад холбогдох А/900 болон А/617 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэрэг гурван шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж эцэслэн шийдвэрлэгдсэн байдаг. Тухайн хэргийн үйл баримтын тухайд, маргаан бүхий газрыг өмнө нь “И х и х" ХХК эзэмшиж байсан бөгөөд Газрын тухай хууль, газар эзэмшүүлэх гэрээгээ зөрчөөгүй байхад Нийслэлийн засаг даргын А/900 дугаар захирамжаар түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгож, тухайн газар эзэмших эрхийг “О т” ХХК-д А/617 дугаар захирамжаар олгосон нь хууль болоод тухайн хэргийн нэхэмжлэгч “И х и х" ХХК-ийн эрх ашгийг зөрчсөн эсэх маргаан болно. Анхан шатны шүүх нь шүүхийн шийдвэрийн нэгдмэл байдлыг хангахын оронд газар болон үл хөдлөх эд хөрөнгийн эрх нь хоорондоо ямар ч хамааралгүй тус тусдаа гэж дүгнэж шийдвэрийн 16, 23, 24, 26-д захиргааны акт гаргах үед өмчлөх эрхээ алдсан байсан ч “О т” ХХК-ийн газар эзэмших эрхтэй гэж шийдвэрлэж байгаа нь шүүх шударгаар, хараат бусаар тус хэрэг маргааныг шийдвэрлэсэн эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Түүгээр ч зогсохгүй, “И х и х" ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хянан хэлэлцэх үед гурван шатны шүүх нь маргаан бүхий акт гаргах үед “О т” ХХК нь үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхтэй байсан гэж буруу ойлгож шийдвэрлэсэн болох нь харагдаж байна. Маргаж буй захиргааны акт нь хууль бус болон илт хууль бус актыг дээрх шинжүүдийг агуулж байгаагаас гадна Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т заасан "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" тусгай зарчимд нийцэхгүй болох нь тодорхой байна. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2026/0104 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, байх шаардлагыг хангаж чадахгүй байх тул тус шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.
4. Гуравдагч этгээд М.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
4.1. Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий А/617 дугаар захиргааны актыг гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус үндэслэжээ. Эдгээр заалтуудаас газар эзэмшүүлэх шийдвэрийн үндэслэлийг заасан зохицуулалт нь зөвхөн Газрын тухай хуулийн 33.1.1 байх бөгөөд бусад заалт нь ерөнхий агуулгатай зохицуулалтууд байна. Гэтэл уг Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 заалтад иргэнд болон төсвийн байгууллагад газар эзэмшүүлэх тухай л заасан байх ба харин хуулийн этгээдэд газар эзэмшүүлэхэд хамаарахгүй заалт байна. Түүнчлэн, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д "Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэсэн хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Анхан шатны шүүх маргаан бүхий газар эзэмших эрх нь газар дээр орших үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх хэнд байгаагаас үл шалтгаалж үүсэх тусдаа эрх мэтээр дүгнэсэн атлаа яг эсрэгээр нь маргаан бүхий газар дээр орших үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх хэнд байгаагаас шалтгаалж тухайн үл хөдлөх хөрөнгийг ашиглахад шаардлагатай орчны газар буюу маргаан бүхий газрыг эзэмших эрх үүснэ хэмээн дүгнэсэн шүүхийн шийдвэрийг үндэслэж "Очир төв” ХХК-д маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/617 дугаар захирамжийг хууль бус захиргааны акт болохыг тогтоох үндэслэлгүй хэмээн шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тухайн үл хөдлөх хөрөнгийг өмчилж, захиран зарцуулах эрх 2014 оны 570 дугаар Эвлэрлийн захирамжаас хойш "Г б" ХК-д байсаар ирсэн. Энэ нь анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны акт гарах үед тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх бодитоор "О т" ХХК-д байсан байна гэж дүгнэсэн дүгнэлт үндэслэлгүй байсныг харуулж байна. Хэдийгээр "Голомт банк" ХК нь Ү-2203013495 дугаартай үл хөдлөх хөрөнгөө хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу чөлөөлүүлж авсан хугацаа 2024 он боловч энэ нь өөрийн өмчлөлийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж авсан үйл баримт юм. Гэтэл 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр буюу Г б өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө байх үед захиргааны байгууллага тус үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрын эзэмших эрхийг А/617 дугаар захирамжаар "О т" ХХК-д олгосон нь түүний дээрх үл хөдлөх эд хөрөнгийн жинхэнэ өмчлөгчийн эрх ашгийг шууд хохироосон шийдвэр болсон байгааг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.
4.2. Анхан шатны шүүх маргаан бүхий газрыг бодитоор ашиглаж байсан хугацааг “О т" ХХК газар дээрх үл хөдлөх хөрөнгийг өмчилж байсан хугацаатай салшгүй хамааралтай хэмээн дүгнэж байгаа ч энэхүү дүгнэлт нь зөвхөн маргаан бүхий газар дээрх үл хөдлөх хөрөнгийг "О т" ХХК өмчилж байх нөхцөлд л хэрэгжих мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийж тухайн цаг үед үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч байсан "Голомт банк" ХК-д энэхүү нөхцөл хамааралгүй мэтээр дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан 2018 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн "О т” ХХК- тай байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-т "Газар эзэмшигчийн өмчлөлд байгаа тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх өөр этгээдэд шилжвэл тухай газрыг эзэмших эрхийг дуусгавар болгож, шинээр газар эзэмших эрхийг тогтоох" тухай тодорхой байдлаар тусгагдсан тул хариуцагч нь газар эзэмших эрхийг дуусгавар болгож, шинээр тогтоох үүрэгтэй байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" тухай, 24 дүгээр зүйлийн 24.1-д "Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.", 24.2-т "Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ" гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох" тухай тус тус заасан. Гэтэл захиргааны байгууллага маргаан бүхий газрыг "О т" ХХК-д эзэмшүүлэх шийдвэрийг 2018 онд гаргахдаа жилийн өмнөх 2017 оны өргөдөл, баримтыг үндэслэсэн, ийм их хугацаанд тухайн газар дээрх Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн бодит нөхцөл байдлыг тогтоогүй, тиймээс бодит өмчлөгчид мэдэгдээгүй тул захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн байна. Захиргааны байгууллага өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ захиргааны акт гаргаж буй бодит нөхцөл байдлыг эргэлзээгүй талаас нь шалгаж тогтоох чиг үүрэгтэй. Харин анхан шатны шүүх "Голомт банк" ХК болон “О т” ХХК нарын хооронд тухайн үл хөдлөх хөрөнгийг эргүүлэн худалдан авах нөхцөл бүхий гэрээ 2017 онд байгуулагдаж тухайн гэрээ 2018 оныг дуустал хэрэгжих нөхцөлтэй байсан гэсэн үндэслэлээр захиргааны байгууллага маргаан бүхий захиргааны актыг гаргаж болох байсан мэтээр дүгнэж захиргааны байгууллагыг "О т” ХХК-д газар эзэмших эрх олгосон нь үндэслэлтэй гэж дүгнэж байгаад гомдолтой байна.
4.3. Түүнчлэн, "Голомт банк" ХК болон “О т” ХХК нарын хооронд байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Эвлэрлийн гэрээг хэрэгжүүлэх, хугацааг сунгах тухай гэрээ нь энэхүү маргааны гол үйл баримт биш бөгөөд анхан шатны шүүх энэхүү гэрээ байгуулагдсан гэсэн үндэслэлээр "О т” ХХК маргаан бүхий газар дээр орших үл хөдлөх хөрөнгийг эргүүлэн худалдан авсан бол "Очир төв” ХХК-ийн одоогийн газар эзэмших эрх хүчин төгөлдөр, баталгаажих байсан мэтээр дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/617 дугаар захирамжийг гаргах үндэслэл нь үл хөдлөх эд хөрөнгийг "О т" ХХК өмчилж байгаа нөхцөл байдал болохыг Захиргааны актад тодорхой заасан байна. Гэтэл захиргааны актыг гаргах цаг мөчид буюу 2018 оны 07 сарын 06-ны өдөр "Очир төв” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ хэдийн хүчингүй болсон байсан. Эндээс үзвэл Захиргааны актын үндэслэл нь худал байсан болох нь тодорхой байна. Түүнчлэн, "О т" ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн доорх газар эзэмших эрхийн гэрчилгээг өөртөө олж авч байгаа тухайгаа түүнээс гэрээний үндсэн дээр Үл хөдлөх хөрөнгийг олж авч буй гэрээний тал болох Голомт банканд мэдэгдээгүй нуун дарагдуулсан байна. "О т” ХХК нь 2017 оны 06 сарын 29-ний өдөр Голомт банктай нэмэлт гэрээ байгуулсан хэр нь доорх газрыг нь эзэмших хүсэлтийг 2017 оны 09 сарын 01-ний өдөр захиргаанд гаргасан. 2017 оны 11 сарын 10-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг Голомт банкны нэр дээр шилжүүлсэн. Гэтэл "О т" ХХК-ийн тайлбараар “Б” ХХК, “И х и" ХХК-ийн газрын маргаан 2018 онд дууссан гэжээ. Өөрөөр хэлбэл маргаан дуусахаас зориуд өмнө хүсэлт гаргасан. Энэ талаараа Г б мэдэгдэлгүй 2024 оныг хүртэл буюу Үл хөдлөх хөрөнгийн маргаан дуусах хүртэл нуун дарагдуулсан байдаг. "О т” ХХК-ийн газар эзэмших зориулалт нь "Үйлчилгээ, орон сууц, гарааш" байна. Гэтэл дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь 2017 оноос хойш "Голомт банк" ХК, 2022 оноос хойш Ш.Ганбат, 2024 оноос хойш М.Б байх тул "О т" ХХК нь маргаан бүхий газрыг зориулалтаар нь эзэмших боломжгүй буюу тус газрыг эзэмшүүлсэн акт бодит байдал дээр хэрэгжих боломжгүй бөгөөд хэдийн 7 жил өнгөрсөн байхад анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байна. Нийслэлийн засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/617 тоот захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй акт гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2026/0104 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
5. Хариуцагч болон гуравдагч этгээд “О т” ХХК нарын зүгээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд М.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд М.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгчээс анх шүүхэд “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/617 дугаартай захирамж нь Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” мөн зүйлийн 47.1.7-д заасан “бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн “О т” ХХК-тай байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг цуцлан газрыг эзэмших эрхийг дуусгавар болгож, шинээр газар эзэмших эрхийг тогтоох үйл ажиллагааг дахин зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/617 дугаар захирамжийг /“О т” ХХК-д маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн/ хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж өөрчлөн тодорхойлсон байна.
2.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтын хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэнэ.
2.3. Анхан шатны шүүх “... “Г б” ХК нь маргаан бүхий газрын өмчлөгч биш, харин тухайн газар дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэгдсэн болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байгаа хэдий боловч уг газрыг өөрөө бодитоор эзэмшиж, ашиглаагүй, мөн газар эзэмших, ашиглах эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авах талаар хүсэлт гаргаж байгаагүй, мөн гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний гол нөхцөл нь маргаж буй газар дээрх үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн доторх хугацаанд буцаан худалдан авах тохиролцоо бөгөөд энэхүү гэрээний хугацаа дуусаагүй байгаа үед хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/617 дугаар захирамжийг гаргаж гуравдагч этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан ...” гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тодорхойлогдох маргааны үйл баримтын тухайд;
3.1. “О т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Б” ХХК-д холбогдох Монголын Үндэсний Арбитрын 2009 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 103 дугаар шийдвэрээр “... “О т” ХХК болон “Б” ХХК-ийн хооронд байгуулсан 2005 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Үл хөдлөх хөрөнгө дундаа хэсгээр хамтран өмчлөх тухай гэрээ”-нд заасныг үндэслэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпийн гудамж 12, 12/1 дугаартай 9 давхар орон сууцны барилгын өмчлөх эрхийг бүхэлд нь “О т” ХХК-д шилжүүлэхийг хариуцагч “Б” ХХК-д даалгаж,
3.2. Улмаар “О т” ХХК нь “Г б” ХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүрэг болох 19,420,167,899.65 төгрөгийг “Г б” ХК-д төлөх үүргээ удаа дараа биелүүлээгүй тул “Г б” ХК-иас “О т” ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар дээр дурдсан 19,420,899.65 төгрөгийг гаргуулах, хэрэв зээлийн барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй бол бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан ба “О т” ХХК-иас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг биелүүлэх, хэлбэр, нөхцөлийг харилцан тохиролцож, 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Эвлэрлийн гэрээг байгуулж, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Зохигчдын эвлэрлийг батлах тухай” 570 дугаар захирамжаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн буюу үл хөдлөх эд хөрөнгийг доорх газрын хамт эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй нэхэмжлэгч талд шилжүүлэхээр тохиролцсон байна.
3.3. Уг Эвлэрлийн гэрээний 2.2.1-д “... улсын бүртгэлийн Ү-2203013495 дугаарт 3790.85 м.кв талбай бүхий орон сууц, 84.94 м.кв талбайтай гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, доорх газрын хамт ... буцаан худалдаж авах нөхцөлтэйгөөр “Г б” ХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр, мөн 2.2.2-т “2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгчээс буцаан авч чадахгүйд хүрвэл мөн үнээр, эсвэл түүнээс багагүй харилцагч өөрт ашигтай гэж тооцсон үнээр гуравдагч этгээдэд худалдан авахыг зуучлах болон үнийн зөрүүг авах эрхтэй гэж тус тус зохицуулсан.
3.4. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн А/900 дугаар захирамжаар, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 577 дугаар захирамжийн “И х и” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, мөн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/617 дугаар захирамжаар орон сууц, гараашийн доорх 1445 м.кв газрыг “О т” ХХК-д 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн.
Улмаар “И х и” ХХК-иас “О т” ХХК-д газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын дээрх захирамж болон газар эзэмших эрхийн гэрчилгээ болон гэрээг тус тус хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 53 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 190 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 183 дугаар тогтоолоор тус тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3.5. Харин Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 3377 дугаар шийдвэрээр “О т” ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг “О т” ХХК-ийн нэр дээр бүртгэхийг даалгах, үл хөдлөх эд хөрөнгийн түрээслэгч нарын түрээсийн төлбөрт шилжүүлсэн 13,336,363 төгрөгийг хариуцагч Ш.Г гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Ш.Гс гаргасан “өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг “О т” ХХК-ийн өмчлөлөөс албадан чөлөөлүүлэх” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Тухайн шийдвэрийг “О т” ХХК сайн дураар биелүүлээгүй тул Ш.Ганбатын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, гүйцэтгэх хуудсаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, уг ажиллагааг 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 24/08-539 дугаар тогтоолоор дуусгавар болгосон үйл баримтууд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний уялдаа холбоог хангах, хэрэгжилтэд хяналт тавих”, 21.2.4-д “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана” гэж тус тус заасан.
4.2. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/617 дугаар захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус үндэслэн гарсан байх ба энэ нь хариуцагч захиргааны байгууллагын эрх хэмжээнд хамаарахаар байх тул маргаан бүхий захирамж нь холбогдох хуульд нийцсэн гэж үзэхээр байна.
4.3. Харин “Г б” ХК-ийн зүгээс маргаж буй газар дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэгдсэн байх боловч зээлийн болон гэрээний харилцаа дуусгавар болсон гэж үзвэл газрын эзэмших эрхийг шилжүүлэн авах тухай хүсэлтийг захиргааны байгууллагад гаргах эрх нь Газрын тухай хуульд зааснаар нээлттэй байсан.
4.4. Тодруулбал, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийг шилжүүлэн авах тухай аливаа хүсэлтийг хариуцагч захиргааны байгууллагад хандан гаргаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар тогтоогдож байна.
4.5. Өөрөөр хэлбэл, энэхүү маргааны тохиолдолд нэхэмжлэгч нь маргаан бүхий газрын өмчлөгч биш, харин газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч этгээд болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх хэдий ч газар эзэмших эрхийг түүнд хамаатуулан хамтад нь эзэмших, ашиглах эрхтэй гэж шүүхээс шууд дүгнэх боломжгүй. Учир нь захиргааны байгууллагаас газар эзэмшүүлэх тухай захирамж гаргахад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч этгээдэд тухайн газар эзэмших эрхийг хамт олгох хууль зүйн үр дагавар үүсгэхгүй тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв байна.
4.6. Түүнчлэн “Их х и х” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 190 дүгээр магадлалд “... нэхэмжлэгч орон сууцны болон гараашийн барилгыг өмчлөх эрхээ нэгэнт алдсан тул уг зориулалтаар эзэмшиж байсан газрын эрх нэхэмжлэгчид анх үүссэний нэгэн адил үл хөдлөх эд хөрөнгийн шинэ өмчлөгчид үүснэ ...” гэж дүгнэсэн байх боловч тус захиргааны хэргийн маргааны үйл баримт нь одоо дүгнэгдэж буй “Г б” ХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргээс тусдаа буюу өөр үйл баримт юм. Тус захиргааны хэрэг нь “Б” ХХК, “О т” ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр барилгыг дундаа хамтран өмчлөхөөр тохиролцсон боловч “Б” ХХК-иас уг барилгын доорх газрыг “Үл хөдлөх эд хөрөнгө үнэ төлбөргүй шилжүүлэх тухай” гэрээний үндсэн дээр “Их хүч илрүүлэлт хайлт” ХХК шилжүүлэн авснаар “О т” ХХК-тай маргаан үүсч улмаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Үндэсний арбитрын шийдвэрээр барилгын өмчлөх эрхийг “О т” ХХК-д олгож шийдвэрлэсэн байх бол энэ маргааны үйл баримт нь зээлийн гэрээ болон түүний үр дагавраар үүссэн газар эзэмших эрхтэй холбоотой маргаан байна.
4.7. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Г б” ХК болон гуравдагч этгээд “О т” ХХК-тай байгуулсан гэрээний гол зүйл нь маргаж буй газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг гэрээнд заасан хугацаанд буцаан худалдан авах тохиролцоо байх бөгөөд уг гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/617 дугаар захирамж гарсан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өмчилж, эзэмшиж, ашиглаж байсан тул тухайн газрыг зориулалт, нөхцөл болзлын дагуу бодитоор эзэмшиж, ашиглаж байгаа нь маргаангүй ...” гэх гомдол үндэслэлгүй байна.
4.8. Мөн маргаан бүхий захирамж нь талуудын гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хязгаарлаагүй, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулаагүй, харин гэрээний үүргээ биелүүлээгүйтэй нь холбогдуулж гуравдагч этгээд “О т” ХХК-иас газраа шилжүүлэн өгөхийг шаардах эрх нь үүссэн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;” 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж тус тус заасан.
5.1. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл захиргааны акт хуулийн үндэслэлгүй, эсхүл хуульд заагаагүй үндэслэлээр гарсан, тухайн этгээдийн эрхэд халдсан, илэрхий тодорхой алдаатай бол тус захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж ойлгох бөгөөд энэ тохиолдолд дээр дурдсанлан гэрээний хугацаа дуусгавар болоогүй байхад Нийслэлийн Засаг даргын захирамжаар гуравдагч этгээд “О т” ХХК-д холбогдох хуульд заасны дагуу газар эзэмших эрх олгосны улмаас нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэхээргүй байна. Нэгэнт нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй тул маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох урьдчилсан нөхцөл хангагдахгүй.
Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд М.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 104 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд М.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА