Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 61

 

“Бургалтайн буудай” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2016/00157/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 337 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Бургалтайн буудай” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.Э-, Д.М- нар,

Хамтран хариуцагч “Зургаан хошуу” ХХК-ийн захирал М.З-д тус тус холбогдох

“Буудайн үнэ болох 19.372.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагч Д.М-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Бургалтайн буудай” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Бургалтайн буудай” ХХК-аас:

...Миний бие Х.Ц- нь “Бургалтайн буудай” ХХК-ийн нягтлан бодогчоор ажилладаг. Манай компаниас  2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн “Орбит комплекс” ХХК, Монгол гурил үйлдвэртэй буудай өгөх тухай гэрээний дагуу өгсөн 3 чиргүүлтэй машин буудайнаас, 2 чиргүүлтэй машины 52,2 тонн буудайг цавуулаг муутай учир дангаар нь гурил хийх боломжгүй байна гээд хашаандаа урд нь үнэ тохирч авч, 14.7 хувийн цавуулагтай 16 тонн буудайн дэргэд буулгаж, хамт хучиж хамгаалаад байсан нийт 68,2 тонн буудайг 11 дүгээр сарын 28-ны өдөр авч “Чого” ХХК-д зарахаар очиход “Орбит комплекс” ХХК, Монгол Групп гурилын үйлдвэрт буудай авахад нь зуучилж байсан Э.Э- нь Д.М-той хуйвалдан манай компанийн зөвшөөрөлгүйгээр “Орбит Комплекс” ХХК-ийн захирал Хүрэлбаатарт Х.Ц- гуай зар гэсэн гэж худал хэлж 11 дүгээр сарын 26, 27-нд “Зургаан хошуу” ХХК-д зарсан байсныг бид мэдэж буудайгаа авахаар хөөцөлдсөн боловч тухайн үед Д.М- болон “Зургаан хошуу” ХХК-ийн захирал М.З- нь буудайг өгөлгүй надаас зарах үнийг мэдэж 2014 оны 12 дугаар сарын 10-ны дотор мөнгийг өгч, тооцоог дуусгана гэсэн боловч М.З-гаас 12 дугаар сарын 12-ны өдөр 2.000.000 төгрөг, Д.М-оос 12 дугаар сарын 30, 31-ний өдөр 8.000.000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр 2.000.000 төгрөг нийт 12.000.000 төгрөгийг шилжүүлж манай компанид өгсөн. Гэвч Д.М- “Зургаан хошуу” ХХК-аас буудайны үнийг бүрэн авсан атлаа улаан буудайн үлдэгдэл мөнгийг төлнө гэж худал хэлэн хугацаа алдагдуулан өдийг хүрсэн тул Д.М-, Э.Э- нараас буудайны үлдэгдэл мөнгө болох 19.372.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.М- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Э.Э- тэжээлийн будаа зараад өгөөч гэж хэд хэдэн удаа ярьж мөн дээж, шинжилгээний бичгийн хамт авчирч үзүүлээд “Зургаан хошуу” ХХК-д хандахад захирал М.З- өөрийн биеэр хүрэлцэн ирж үзэхэд 1 тонныг нь 300.000 төгрөгөөр тооцон худалдаа хийсэн бөгөөд тухайн байгууллага нь төлбөрийг бага багаар нь цувуулсаар хэдэн сарын дараа төлбөр төлөгдсөн төлбөр надад ирэх тоолонд “Бургалтайн буудайн” ХХК-ийн дансанд шилжүүлж байсан. 2014 оны 11 дүгээр сард тэжээлийн будаа 200.000-250.000 төгрөг байсан. Төлбөр төлөгдөөгүй явж байх хооронд буудайн хомсдол болж тэжээлийн буудай нэг тонн нь 450.000 төгрөг хүрч байсан энэ үед л гэнэт Х.Ц- гэгч хүн нэг тонныг нь 500.000 төгрөгөөр үнэлээд их хэмжээний мөнгө нэхээд маш их зовоосон. Тэгээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гаргаж би биеэрээ очиж тайлбар өгч байсан. 66 тонн буудайг 300.000 төгрөгөөр бодож 19.800.000 төгрөг “Зургаан хошуу” ХХК-аас авсан нь үнэн. Үүнээс 14.000.000 төгрөгийг дансаар олгосон. Буудайг хотоос 120 км явж “Зургаан хошуу” ХХК-д буулгах хүртэл тээврийн зардал, очиж буулгасан ажилчдын хөлс мөн дундын зуучлалын зардалд 50.000 төгрөгийг нэг тонн тутмаас хасаж 16.500.000 төгрөг олгох болсон. Гэвч Х.Ц- зөвшөөрөхгүй хэрүүл хийж явсаар өдийг хүрлээ. Үлдэгдэл 2.500.000 төгрөгийг төлж барагдуулахад бэлэн байна. Буудайн үнийн өсөлтөөр далимдуулан их мөнгө олох гэсэн атаг санаагаар биднийг олон сар чирэгдүүлж буйд гомдолтой байна гэжээ.

Хариуцагч Э.Э- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Намайг Булган аймагт явж байхад Х.Ц- утсаар над руу 2014 оны 10 дугаар сарын сүүлчээр ярьж 300-400 тонн улаан буудай байна боломжийн үнээр борлуулж өгөөч гэсэн юм. Би буцах замдаа бургалтайгаар дайрч Х.Ц- гуайн үтрэм дээр “Орбит комплекс”-ийн захирал Хүрэлбаатартай хамт будааг үзэж авсан. Цавуулаг нь 17 хувь - 20 хувь цэвэрлэгээ нь ийм байвал 1 тонн нь 400.000 төгрөгөөр хорогдолгүй өөрсдийн тээврээр авъя гэж тохироод авсан юм. Нийт 360 гаруй тонн будааг “Орбит комплекс”-оос авахад 3 машин буюу 68 тонн буудайн цавуулаг нь 12-14 хувьтай будааны халдварт өвчин байснаас гурил хийх стандартад тэнцэхгүй болсон. Ингээд шинжилгээний дүн гаргахаар нь Х.Ц- гуайд хэлж будаагаа буцаан авахыг шаардсан юм. Буцаах талаар Э.Э- болон лаборант Ө-, нягтлан О- нарт удаа дараа утсаар хэлсэн боловч аваагүй. Буудайны дээжийг авч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лавлагаа лабораторид дахин шинжлүүлж хүнсэнд тохирохгүй гэсэн баталгааг авсан юм. Нягтлан О- хурдан будааг авч зайлуул гээд надаас шаардаж байсан юм. Энэ үед Д.М- тэжээлийн будаа байна уу авах газар нь бэлэн байна гэхэд нь тус нотлогдсон тэжээлийн будааны дээжийг үзүүлээд зарж борлуулахаар болсон юм. Тухайн үед тэжээлийн будаа 1 тонн 150.000-200.000 төгрөгийн үнэтэй байсан. Нэг тонн будааг 300.000 төгрөгөөр борлуулъя гэхэд нь би зөвшөөрсөн. Энэ тухай Х.Ц- гуайд хэлж Д.М-ын утасны дугаарыг нь авч яриулсан. Энэ үед тэжээлийн будааг “Зургаан хошуу” ХХК-д өгсөн байсан. Дараа нь Х.Ц- гуай Д.М- хоёр будааны тооцоогоо өөр хоорондоо өгөлцөж авч байсан гэж будааны үнэ мөнгөнөөс аваагүй болно. Х.Ц- гуай бид хоёр 30 гаруй жил бие биеэ мэднэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Д.М-оос будааны үлдэгдэл тооцоогоо авахаар нэхэмжлэх ёстой. Энэ тухай Х.Ц- гуай сайн мэдэж байгаа. Дарханы шүүхээс нэхэмжлэлээ ирсний дараа буюу 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Х.Ц- гуай бид хоёр Улаанбаатарт зочид буудалд уулзахад чамаас нэхэмжлэх зүйлгүй, Д.М-оос үлдэгдэл мөнгөө авмаар байна гэж надад хэлсэн юм. Д.М-той энэ тухай утсаар ярихад нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй нэг тонн 300.000 төгрөгөөр тооцоо хийж үлдэгдэл мөнгийг нь өгнө гэж хэлж байсан. Хэдэн төгрөг Х.Ц- гуайд өгч хэдэн төгрөгийн тооцоо үлдсэнийг нь би мэдэхгүй. Энэ хэрэгтэй холбоотой өргөдлөө Х.Ц- гуай Сүхбаатар дүүргийн цагдаа, прокурорт хоёр удаа гаргаж 2015 оны 06 дугаар сарын 09-ний 917 тогтоолоор хэрэгсэхгүй болсон юм. Энэ хэрэгт холбогдох баримт материал нь Сүхбаатар дүүргийн прокурорын архивт байгаа авах гэсэн боловч прокурорын архивын ажилтан О- цагаан сарын дараа хүрч ирээд авна уу хууль зүйн хүрээлэнгийн судалгаанд хэргийн материал явсан гэж хэлсэн. Цагаан сарын дараа очтол улс руу явсан гэж хэлээд 2016 оны 03 дугаар сард би өөрөө утсаар яръя гэж хэлсэн юм гэжээ.

Хамтран хариуцагч “Зургаан хошуу” ХХК-ийн захирал М.З- шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Манай компани нь 2004 оноос хойш гахайн аж ахуй эрхлэн явуулж байгаа бөгөөд фермдээ намрын ургацаас 1000 гаруй тонн тэжээлийн будааг хувь хүн болон аж ахуйн нэгжүүдээс худалдан авч өөрсдийн хэрэгцээгээ хангадаг. 2014 оны намрын улаан буудай авалт хийхээр гүйцэтгэх захирал М.Э- нь баруун бүсээр ажиллаж байгаад будаа худалдан борлуулдаг гэх Д.М-той танилцан тэжээлийн будаа худалдан авахаар тохиролцон урьдчилгаа болгож 1.000.000 төгрөг өгсөн байдаг. Ингээд Д.М- нь будаа нийлүүлэхгүй 20 орчим хоногийн дараа буюу 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр танайд нийлүүлэх будаагаа үзэх үү гэж асууж өөрөө залгасан. Түүнийг ярьсны даруй тэр өдрөө би өөрийн биеэр түүний уулзъя гэсэн газар болох Сонгинохайрхан дүүргийн Орбит дахь өвсний фондын залгаа хашаанд очоод тэнд анх удаа Д.М- гэдэг залууг харсан. Гэтэл тэр том хашаанд арваад хэсэг газар будаа нуруулдсан байсан бөгөөд тэндээс гол хэсэгт нь байсан хучлагагүй овоолсон байсан будааг үзүүлэн энэ танайд нийлүүлэх будаа байгаа юм болж байна уу гэж Д.М- асуусан. Уг будаа нь манай тэжээлийн шаардлагад нийцэж байсан тул худалдан авахаар болсон. Тэр хашаанд бас өөр олон хүмүүс будаа шууж цэвэрлэж байсан ба анх тэр газрыг Д.М-ын өөрийнх нь эзэмшлийн компани юм байна гэж бодож байсан. Ингээд Д.М-ын тэнд үзүүлсэн будааны нэг тонн тутмыг нь тээврийн хөлсний хамт 350.000 төгрөгөөр худалдан авахаар болж төлбөр тооцоог нэг сарын дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Тухайн үед уг тэжээлийн будаа нь үнэтэй ч биш хямд чи биш боломжийн үнэтэй байсан. Тэгээд будаагаа пүүлэх газраа уулзахаар тохиролцон би явж Д.М- будаагаа машинд ачихаар үлдсэн. Хэдэн цагийн дараа пүүн дээр уулзаж будаагаа жинлэн тооцож ферм орох зам заахаар будаа ачсан машинд компанийнхаа нэг ажилтнаа хамт суулгаж явуулсан. Тэр цагаас хойш манай компани тохирсон хугацаандаа Д.М-оос авсан 66,220 кг тэжээлийн будааны үнэ болох 23.177.000 төгрөгийг түүнд бүрэн төлж барагдуулсан. Энэ нэхэмжлэлийн нэхэмжлэгч болох “Бургалтайн буудай” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц- болон нэр дурдагдаж байгаа Э.Э-, Хүрэлбаатар нарыг огт танихгүй. Э.Э-, Хүрэлбаатар нартай уулзаж байгаагүй. Харин бүүр сүүлд манай компани Улаанбаатар хот дахь оффис дээр Д.М-ын танай компанид зарсан будааны жинхэнэ эзэн нь байна танайд хэдэн тонн будаа хэдэн төгрөгөөр өгсөн төлбөрийн үлдэгдэл байна уу төлбөр төлсөн баримтуудаа өгөөч гэж Х.Ц- гэх хүн ирэхээр нь бид таныг танихгүй учир танд баримт гаргаж өгөх боломжгүй гэж тайлбарлаж хэлж Х.Ц- ч ойлгоод явсан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц- нь 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Зургаан-хошуу” ХХК-ийн захирал М.З- нь надад будааны үнийг 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна гэсэн боловч 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 2.000.000 төгрөг шилжүүлсэн гэсэн байна. Гэвч манай компани Х.Ц-тэй худалдаа хийж 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор үнийг төлж дуусгана гэсэн тохиролцоо хийж 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 2.000.000 төгрөг шилжүүлсэн гэдэг нь үндэслэлгүй худал байна. Мөн нэхэмжлэлдээ Д.М- нь “Зургаан”хошуу” ХХК-аас будааны үнийг бүрэн авсан атлаа үлдэгдэл мөнгийг өгөхгүй гэж дурдаж манай компанийг Д.М- төлбөрийг бүрэн төлснийг мэдсээр байж манайхыг хамтран хариуцагчаар татаж нэхэмжлэлд илт зөрүүтэй бичиж байгааг нь гайхаж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хамтран хариуцагчаар татах тухай хүсэлтэд дурдсанаар 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр “Зургаан хошуу” ХХК-ийн гахайн ферм дээр улаан буудайгаа авахаар очиход хашаанд талыг савласан хагас нь хучлагатай агуулахад оруулаагүй байхад нь буудайгаа авъя гэж М.З- буудайг өгөхгүй гэж хэлсэн гэсэн байна. Үүнд тайлбар хийхэд манай компани жилд 1000 гаруй тонн тэжээлийн буудай хэрэглэдэг энэ хэрэгцээгээ хангахын тулд өөрсдийн шаардлагад нийцсэн буудайг худалдан авдаг эд будаа таталтын үед өдөрт хэдэн ч тонн буудай ферм дээр ирж бууж болно. Мөн Д.М-оос 2014 оны 11 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд худалдан авах будаагаа бүрэн татан авч дууссан байсан тул нэхэмжлэгчийн очсон гэх 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл алдсан гэх буудай нь гадаа байж байх боломжгүй бөгөөд танихгүй хүн ирээд энэ миний буудай буудайгаа авъя гэж хэлэхэд нь өгөөд явуулах үндэслэл байхгүй гэж бодож байна. Манай компани “Бургалтайн буудай” ХХК гэх аж ахуйн нэгж, Х.Ц-, Э.Э-, Хүрэлбаатар гэх хувь хүнийг огт мэдэхгүй танихгүй тэжээлийн буудай худалдан аваагүй бөгөөд нэхэмжлэлд дурдсан шиг бусадтай хуйвалдан бусдын будааг авч цааш худалдан борлуулдаггүй. Нэхэмжлэгчийн бусдаас буудайныхаа үнийг бүрэн авч чадаагүй хохирч байгаа нь манай компаний гэм буруутай үйлдэл биш учир компаний нэр төрд халдан хуулийн байгууллагуудаар явуулж байгаад харамсаж байна. Харин хариуцагч гэх Д.М-оос худалдан авсан буудайны үнийг бүрэн төлж тооцоо дууссан болно. Иймд “Бургалтайн буудайн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц-ийн Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг манай компани хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хамтран хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байх тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Бургалтайн буудай” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ц-ээс:

Манай компани “Орбит комплекс” ХХК-ийн хашаанд анх 68,2 тонн будааг буулгасан байсан.  Манай компанийн ажилтан Энхбат, “Орбит комплекс” ХХК-ийн лаборант Лхагвасүрэн нар будаанаас дээж авч “Өгөөж” ХХК, “Сайхан хүнс” ХХК  гэх гурилын үйлдвэрт хүргүүлсэн.  Яагаад гэвэл манай будааны цавуулаг нь дангаар гурил хийхэд цавуулаг багатай байна гээд байсан. Тэгээд “Орбит комплекс” ХХК-ийн захирал тус будааг өөрийнхөө хашаанд байлгаж байя гэж байсан. 2014 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр тус будааг “Чойгоо” гэх гахай шувууны аж ахуйтай хүн үзээд нэг тонныг 450.000 төгрөгөөр авъя мөнгөө бэлдээд ирье гэж тохиролцоод явсан. 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Чойгоо” компаний захирал будаа бэлэн байна уу будаагаа авъя гэхээр нь 2 хүн дагуулаад очсон чинь будаа байхгүй байсан. Тэгсэн “Зургаан хошуу” гэдэг компанид Д.М- зарсан байсан. Тэгээд 2014 оны 11 дүгээр сарын 29-ний  өдрийн өглөө будаагаа авъя гээд Төв аймагт “Зургаан хошуу” ХХК дээр очиход гадаа нь хүмүүс будаа шуудайлж байсан. Бид будаагаа авъя гэтэл танай будааг зөөж байна захиралтай уулз гэж байсан. Би захиралтай нь ярихад би Д.М- гэдэг хүнээс 66,2 тонн будаа авсан гээд хэдэн төгрөгөөр авсан талаар хэлээгүй утсаа салгасан. Тэгээд Д.М-ын утасны дугаарыг өгсөн. Би Д.М-той ярихад тэр би бас сая М.З-тай ярилаа, би танд удахгүй хариу өгье гэсэн. Дараа өдрийн өглөө Д.М- над руу утасдаад М.З- будааг хэрэглэсэн учир буцааж өгөх боломжгүй гэж байна. Таны ярьсан үнээр авъя гэж хэлсэн гэсэн. Тэгэхээр нь за тэгвэл маргааш өглөө М.З-тай уулзаад өгч авсан акт үйлдээд явуулчих гэсэн. Маргааш нь Д.М- М.З- завгүй гээд байна гэсэн. Тэгээд дахин Д.М-той ярихад М.З- таны мөнгийг 2014 оны 12 дугаар сарын 20-ны дотор өгч дуусна гэж байна гэж хэлсэн. Тухайн үед тэгж хэлэнгүүт М.З- руу утасдсан боловч утсаа аваагүй. Тэд нар ч бас байгууллагын хаягийг мэдэхгүй гээд уулзаж чадаагүй. Д.М- М.З-гаас миний данс руу мөнгө хийгээд байсан. Нийт 17.000.000 төгрөг хийсэн. Би дараа нь М.З- захирлаас асуухад би Д.М-той наймаа хийсэн болохоор түүний дансанд мөнгө хийсэн гэж хэлсэн. Э.Э-, Д.М- нарыг хайгаад олохгүй байсан. Дараа нь тэр хоёрыг яаман дээр барьж авсан. Э.Э- Д.М- нар зугтаагаад байсан. Би мөнгөө хэзээ хийж дуусах вэ гэхэд 2014 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор хийж дуусна, та санаа зоволтгүй гэсэн. Тэгээд Д.М- М.З- таны данс руу хийхгүй миний данс руу хийчихжээ гээд миний дансанд шилжүүлээд байсан. Одоо нэхэмжлэлийн шаардлага маань нийт 68,2 тонн будааг 450,000 төгрөгөөр тооцож 30.690.000 төгрөг болсон. Үүнээс 2 тонн будааны үнэ 900.000 төгрөгийг Э.Э-аас 66,2 тонн будааны үнэ 29.790.000 төгрөгөөс над руу Д.М-оос шилжүүлсэн 17.000.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 12.790.000 төгрөгийг Д.М-, М.З- нараас нэхэмжилж байна. Будааны үнийг өнөөдөр нэг тонныг 450.000 төгрөгөөр бодож байгаа нийт нэхэмжлэлийн шаардлага нийт 13.690.000 төгрөг гэжээ. 

Хариуцагч Д.М- шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:

Миний бие хэдэн жилийн өмнө Э.Э- гуайтай холбогдон тэжээлийн улаан будаа борлуулж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу “Орбит комплекс”-ын хашаанд байх будааг үзсэн ба Мэргэжлийн хяналтын шинжилгээний хариуны хамт үзэж судлаад М.З- захирлыг дуудаж үзүүлээд өглөө 10 цагаас эхлэн 2 өдөржин ачиж хүргэж дууссан. Хүргэсэн газар маань Гунийн бригад буюу “Зургаан хошуу” ХХК-ийн байранд 150 км газар 2 удаа явж хүргэсэн. 1 тонн будааг 350.000 төгрөгөөр борлуулсан. 66,8 тонн байсан. Эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулаад 2 жил болж байна. Үргэлж дарамталж байх юм Х.Ц- гуай. Сэтгэл санаа, зардал чирэгдэл үнэхээр их байна хуулийн дагуу зуучлах ажил хийсэн. Мөн хувийн машины түлш, зардал, ачих буулгах , цалин хөлс гээд хангалттай зардал гарсан. Нийт 23.300.000 төгрөгийг “Зургаан хошуу” ХХК-ийн төлбөрт авсан. 19.000.000 төгрөгийг Ц- гуайд төлсөн. Үлдсэн нь 5 тоннын даацтай 2 машин 2 удаа явсан тээврийн зардал 2.000.000 төгрөг, “Орбит комплекс”-ийн ачих тоног төхөөрөмж ашигласны хөлсөнд 350.000 төгрөг, хувийн машин, түлш жолооч бусад хүмүүст 2 өдрийн турш хоол авч өгсөн. Ингээд өөрөө тодорхой хувийг нь авсан. Гэтэл гэнэт будааны үнэ өссөн. Үүнийг далимдуулан Х.Ц- гуай маань үнэтэй зарах гэж байсныг чи Э.Э-аас хямд авсан байна гээд гэнэт яриад эхэлсэн. Хурдан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Э.Э- шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа:

Сэлэнгэ “Бургалтайн буудай” ХХК-ийн будааны маргаан 4 дэх жилдээ буюу Сонгинохайрхан дүүргийн цагдаад 2 жил шалгагдаад хэргийг хэрэгсэхгүй болгосон. 2 жил Дархан-Уул аймгийн шүүхээр яваад надад жингийн зөрүү 700.000 төгрөг Х.Ц- гуайд өг гэсэн шийдвэр гарсан. Энэ тухай Х.Ц- гуайтай ярихад чи яах вэ бид учраа олно гол нь Д.М-ын М.З-гаас авсан мөнгийг бүрэн авмаар байна чи санаа зоволтгүй гэсэн. Бид 2 олон жил тариа будаа өгөлцөж авч бие биедээ тус дэм болж явсан найз нар тул эвлэрэх хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч “Зургаан хошуу” ХХК-ийн захирал М.З- шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Манайх Төв аймгийн Баянцогт суманд 4000 толгой гахайтай. Намрын ургац хураалтаар 1000 гаруй тонн будаа авдаг. Ажилд гарч явахдаа Д.М- гэдэг залуутай танилцаад будаа авахаар тохироод түүнд 1.000.000 төгрөг өгсөн...Нийт 66220 кг будааг авсан. Будааг 23.177.000 төгрөгөөр авахаар аман тохиролцоог хийсэн. Би Д.М- руу дансаар нь мөнгө хийгээд байсан 2014 оны 11 сарын 26-ны өдөр 1.000.000 төгрөг өгсөн, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 300.000 төгрөг 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 2.000.000 төгрөг, 4.000.000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 4-ны өдөр 3.000.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 4.800.000 төгрөг гэх мэт хийгээд нийт 25.177.000 төгрөг өгсөн. Үүний 2.000.000 төгрөг нь өөр будааны мөнгө. Би энэ хүнээс бас араас нь өөр будаа авсан. Яригдаад байгаа Хүрэлбаатар, Э.Э- нарыг би танихгүй. Манайх өдөр болгон будаа авдаг байсан. Намайг хариуцагч болгож энд будааны мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна. Би Х.Ц-эд мөнгө өгөхгүй гэсэн. Яагаад гэвэл би энэ хүнийг танихгүй хэлцэл хийгээгүй учир би танд өгөх боломжгүй гэсэн. Би ийм л зүйл хэлсэн. Би Д.М-од хэлсэн ийм хүн яриад байна гээд хэлсэн. Тэгсэн Д.М- та надтай наймаа хийсэн болохоос тэр хүнтэй хийгээгүй гэж хэлсэн гэжээ.

 Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 337 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар Д.М-оос 12.790.000 төгрөг, хариуцагч Э.Э-аас 900.000 төгрөг гаргуулан “Бургалтайн буудай” ХХК-д олгож, хариуцагч “Зургаан хошуу” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254.810 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М-оос нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 12.790.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 219.590 төгрөг, хариуцагч Э.Э-аас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан дүн болох 900.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 26.150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Бургалтайн буудай” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.М- давж заалдсан гомдолдоо:

Иргэн Д.М- миний бие нь 2014 оны 11 дүгээр сард Д.Э-ын хүсэлтийн дагуу “Орбит комплекс” ХХК-ийн хашаанд байх 66,2 тонн тэжээлийн улаан буудайг М.З- захиралтай “Зургаан хошуу” ХХК-д зуучлан борлуулсан болно. Тухайн үед Д.Э- нь тэжээлийн буудай байна ирж үзээч гэж хүссэний дагуу очиход Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лавлагаа лаборатори шинжлүүлсэн албан бичиг бүхий тэжээлийн буудайг үзүүлсэн. Д.Э-тай тонн тутмыг 300.000 төгрөгөөр борлуулж өгье гэхэд зөвшөөрсний үндсэн дээр дээрх М.З- захирлыг өөрийн биеэр ирж үзнэ үү гэж хэлээд мөн газар дээрээс нь тус компани гахайн аж ахуйд тээвэрлэн хүргэж өгөөд 1 тонн тутмыг 350.000 төгрөгөөр тооцож борлуулахаар тохирсон. Үүнээс хойш 2 сарын дотор “Зургаан хошуу” ХХК-аас ирсэн нийт 23.000.000 төгрөгөөс 19.000.000 төгрөгийг буудайн эзэн гэх Х.Ц- гэгчид олгосон. Үлдэгдэл мөнгийг тээврийн зардал болон харилцаа худалдааны зуучлалын хөлсөнд авсан. Гэвч Х.Ц- гэгч нь “Бургалтайн буудай” ХХК-ийн нэрийн өмнөөс 1 тонн тутмыг 450.000 төгрөгөөр үнэлсэн гэж нэхэмжилж эхэлсэн. Тухайн үеийн “Зургаан”хошуу” ХХК-ийн төлбөр төлсөн санхүүгийн тайлан нотлох баримтаар авагдсан байхад шинжээч гэх байгууллагыг томилон ажиллуулж улаан буудайн зах зээлийн үнэлгээг 540.000 төгрөгөөр дүгнэлт гаргасан нь нэхэмжлэгчийн талд хэт үйлчилсэн дүгнэлт болжээ. Жил бүр ХХААЯ-ны Тариалан дэмжих сангаас үр тарианы үнэлгээг зарладаг. Мөн статистикийн албаны тэжээлийн буудай болон таваарын улаан буудайн зах зээлийн үнэлгээ албан баримтаар байна. Нэхэмжлэгч болох Х.Ц- гэгч /миний бие огт танихгүй/ 1 тонн тутмыг 450.000 төгрөгөөр үнэлж байгаа нь үндэслэлгүй гэдэг нь тухайн үеийн статистикийн баримтаар нотлогдсон. Мөн түүнчлэн хууль эрх зүйн мэдлэггүйгээс болоод нэхэмжлэгчийн шаардлагыг үгүйсгэх нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Мөн биеийн эрүүл мэндийн байдлаас болж шүүх хуралд биечлэн оролцож чадаагүй байдлыг ашиглан надад төлбөр гаргаж байгаа нь шударга бус байна. Тухайн үеийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лавлагаа лабораторийн шинжилгээний дүгнэлт “Зургаан хошуу” ХХК надад олгосон мөнгөн дүнгээ санхүүгийн тайлангаар нотлох баримт болгон шүүхэд өгсөөр байтал ийм шийдвэр гаргаж байгааг эсэргүүцэж байна. Иймд асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Бургалтайн буудай” ХХК нь хариуцагч Э.Э-, Д.М-, “Зургаан хошуу” ХХК-ийн захирал М.З-д холбогдуулан буудайны үнэ 19.372.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нийт 13.690.000 төгрөгөөс 12.790.000 төгрөгийг Д.М-, “Зургаан хошуу ХХК-ийн захирал М.З- нараас, 2 тонн будааны үнэ 900.000 төгрөгийг Э.Э-аас тус тус гаргуулахаар нэхэмжилжээ. 

Хариуцагч Д.М- нь 66,8 тн будааг тонныг нь 350.000 төгрөгөөр борлуулж, 19.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн, бусад нь зардал болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч “Зургаан хошуу” ХХК-ийн захирал М.З- “Бургалтайн буудайн” ХХК-тай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж, хариуцагч Э.Э- 2 тонн будааны үнийг төлөхгүй гэж маргаагүй байна.

Анхан шатны шүүх хариуцагч Д.М-оос 12.790.000 төгрөг, хариуцагч Э.Э-аас 900.000 төгрөгтус тус  гаргуулан “Бургалтайн буудай” ХХК-д олгож, хариуцагч “Зургаан хошуу” ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.М- давж заалдах гомдолдоо, Д.Э-тай нэг тонн буудай тутмыг 300.000 төгрөгөөр борлуулж өгье гэхэд зөвшөөрсний үндсэн дээр уг буудайг М.З- захиралд үзүүлж тус компаний гахайн аж ахуйд тээвэрлэн хүргэж өгөөд 1 тонн тутмыг 350.000 төгрөгөөр тооцож авсан. Тухайн үеийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лавлагаа, лабораторийн шинжилгээний дүгнэлт, “Зургаан хошуу” ХХК надад өгсөн буудайны үнээ санхүүгийн тайлангаар нотлож шүүхэд өгсөөр байтал ийм шийдвэр гаргаж байгааг зөвшөөрөхгүй байна гэжээ.

2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр “Орбит Комплекс” ХХК-ийн хашаанд буулгасан “Бургалтайн буудай” ХХК-ийн 68.2 тонн улаан буудайнаас хариуцагч Д.М- 66,2 тонныг 350 000 төгрөгөөр “Зургаан хошуу “ХХК-д худалдсан болох нь “Зургаан хошуу” ХХК-ийн будааг пүүлж хэмжиж авсан талаарх тодорхойлолт, мөн компанийн 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн орлогын баримт, будааны үнийг Д.М-од шилжүүлж байсан талаарх ХААН банкны депозит дансны хуулга, орлогын мэдүүлэг, бэлэн мөнгөний зарлагын баримт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон ба дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй.

Иргэний хуулийн 492.1.1-д “...хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол хөрөнгөө буцаан шаардах эрхтэй” гэж тус тус зааснаар хариуцагч Д М-, Э.Э- нараас буудайны үнэ шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна.

Хэргийг бүхэлд нь хянахад  “Цэгц үнэлгээ” ХХК-ийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр ...2014 оны байдлаар 1 тонн таваарын улаан буудайн зах зээлийн үнэ дунджаар 540.000 төгрөг, 68,2 тонн улаан буудайн үнэ 36.828.000 төгрөг гэж тогтоосон бөгөөд Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 07/34/754 дугаартай дүгнэлтэд ...Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум “Бургалтайн буудай” ХХК-ийн 2014 онд тариалсан улаан буудайн загвар дээж шинжлэгдсэн үзүүлэлтийн хүрээнд хүнсний улаан буудай техникийн ерөнхий шаардлага MNS-0097 2010 стандартын чанарын шаардлагыг хангахгүй байна дүгнэжээ.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улаан буудайн үнийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хэмжээнээс бууруулж, 1 тонн улаан буудайн үнийг 450.000 төгрөгөөр тооцож 66.2 тонн буудайны үнэ болох 29.790.000 төгрөгөөс Д.М-ын “Бургалтайн буудайн” ХХК-д шилжүүлж төлсөн 17.000.000 төгрөгийг хасч үлдэх 12.790.000 төгрөгийг хариуцагч Д.М-, “Зургаан хошуу” ХХК-аас, 2 тонн улаан буудайн үнэ 900.000 төгрөгийг Э.Э-аас нэхэмжилж байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тодруулсан байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагч Д.М-ын давж заалдсан гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин шүүх зохигчдын хоорондын эрх зүйн маргаантай харилцааг зөв тогтоогоогүй, хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний  талаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 337 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар” гэснийг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагч Д.М-оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 219.590 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

  

                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ       

                                                                ШҮҮГЧИД                                 Л.АМАРСАНАА                                  

                                                                                                                  С.ОЮУНЦЭЦЭГ