Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 307

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт байрлах Төрийн банк ХХК- Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 2 дугаар баг 2 дугаар хэсэг 013 тоотод оршин суух, Шарнууд овогт А.А / /,

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 2 дугаар баг 2 дугаар хэсэг 013 тоотод оршин суух, Сартуул овогт Б.Б / / нарт холбогдох

 

Зээл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр нийт 10,812,041.6 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах-ыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, хариуцагч Б.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Хариуцагч А.А, Б.Б нар анх 2017 оны 09-р сарын 01-ний өдөр №515 тоот зээлийн гэрээг байгуулан Төрийн банкны Сүхбаатар-вокзал тооцооны төвөөс 5,000,000 /таван сая / төгрөгийг, нэмэлтээр 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №18/486 тоот зээлийн гэрээгээр 5,000,000 /таван сая/ төгрөгийг 50 сарын хугацаатай сарын 1,7 хувийн хүүтэйгээр, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн №375 тоот гэрээгээр мөн нэмэлтээр 3,000,000 төгрөгийн цалингийн зээлийг 60 сарын хугацаатай сарын 1,7 хувийн хүүтэйгээр , зээлийн гэрээний хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийн дагуу эргэн төлөх нөхцөлтэйгөөр, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2-р баг Цагаан-Эрэг 2-р хэсэг гудамж 013 тоот хаягт орших Ү-1317002339 тоот улсын бүртгэлийн дугаартай, №000381425 тоот бүхий гэрчилгээний дугаартай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 171205245 тоот нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газрын хамт барьцаалан зээл авсан. 

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 2.2.1, 3.2.1, 3.3 дахь заалтыг зөрчиж , зээлийн гэрээний 1-р хавсралт болох зээл төлөх хуваарийн дагуу зээлээ төлөхгүй , гэрээний үүргээ биелүүлэхгүй хүндрэл учруулсаар байна. 2020.01.13-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 10,203,833.38 төгрөг, зээлийн хүү 597,177.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,031.21 төгрөг, шүүхэд хүргүүлсэн нотлох баримтыг нотариатаар гэрчлүүлсэн төлбөр 9,000 төгрөг нийт 10,812,041.6 төгрөг төлөгдөөгүй байгаа тул уг төлбөр, нийт 10,812,041.6 төгрөг гаргуулах хүсэлтэй байна.

Иймд А.А, Б.Б нараас цалингийн зээлийн нийт үлдэгдэл болох 10,812,041.6 /Арван сая найман зуун арван хоёр мянга дөчин нэгэн төгрөг зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж Төрийн банкийг хохиролгүй болгож өгнө үү! ... гэжээ.

Хариуцагч А.А, Б.Б нар нь 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

... Төрийн банкнаас А.А болон Б.Б бидний нэр дээр гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага 10,812,041.6 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Энэ мөнгийг эмчилгээний хэрэгцээнд авсан бөгөөд тухайн үедээ цаг хугацаанд нь төлж байгаад 2019 онд ажлаасаа гараад 3 сарын төлбөр хэтрэлттэй байгаа. Ийм учраас А.А миний бие 2020 оны 03 дугаар сарын 25-ны дотор багтааж 3 сарын төлбөр буюу 1,100,000 төгрөгийг төлөх болно. Үлдэгдэл мөнгийг нь сар бүрийн графикт оруулж өгнө үү! ... гэжээ.

Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Төрийн А.А Б.Б бидэнд холбогдуулан 10,812,041.6 төгрөг нэхэмжилсний дагуу 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цагт товлогдсон шүүх хуралдаанд хариуцагч болох А.А, Б.Б бид нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч нэхэмжилсэн үнийн дүн 10,812,041.6 төгрөгийг боломжоороо сар болгон төлөлт хийж 2021 оны 04 дүгээр сарын 20-ны дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулна. Төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 2-р баг 2-р хэсэг 013 тоотод орших Ү-1317002339, 0399878 дугаартай 62,5 мкв үл хөдлөх, 808,4 мкв газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйл байхгүй! ... гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С шүүхэд гаргасан тайлбартаа:

2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч А.А болон Б.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байх тул хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй болно! ... гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад;

ҮНДЭСЛЭХ нь:

 

Төрийн банк ХХК-ийн Сэлэнгэ салбар нь А.А, Б.Б нарт холбогдуулж Зээл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр нийт 10,812,041.6 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлага болох 10,812,041.6 төгрөгийг А.А, Б.Б нар нь бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болох нь тэдний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 187,943 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 93,971.5 төгрөгийг, үлдэх 93,971.5 төгрөгийг төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Төрийн банк ХХК-ийн Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй А.А, Б.Б нарт холбогдох Зээл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр нийт 10,812,041.6 төгрөг гаргуулах, Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 2-р баг 2-р хэсэг 013 тоотод орших Ү-1317002339, 0399878 дугаартай 62,5 мкв үл хөдлөх, 808,4 мкв газар зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.А, Б.Б нар нь бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 187,943 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 93,971.5 төгрөгийг, үлдэх 93,971.5 төгрөгийг төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4. Зохигчид энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Б.МӨНХЗУЛ