Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 527

 
 

  129/ШШ2020/00527

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                         

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган суманд байрлах “А” барьцаалан зээлдэх газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг, ТОСК байрны 42-15 тоотод оршин суух Д овгийн А.Б-д  /РД:АЮ91103014/ холбогдох

 Зээлийн гэрээний үүрэг 10.902.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Амгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” барьцаалан зээлдэх газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 11 сарын 30-ны өдөр А овогтой Б нь “А” барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг Т.З  надаас 10.000.000 төгрөгийг зээлж авсан боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлж барагдуулсангүй. Иймд А.Б-с  үндсэн зээл 10.000.000 төгрөг, 12 сарын хүү 3.600.000 төгрөг үүнээс А.Б нь хүүний мөнгө 450.000 төгрөг төлснийг хасаад 3.150.000 төгрөг нийлээд 13.150.000 төгрөг нэхэмжилж байна. ...Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 11 сарын 30-ны өдөр А.Б нь “А” барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг Т.З  надаас 10.000.000 төгрөгийг зээлж авсан боловч өнөөдрийг хүртэл зээлээ төлж барагдуулсангүй. Иймд А.Б-с үндсэн зээл 10.000.000 төгрөг 12 сарын хүү 3.600.000 төгрөг нийт 13.150.000 төгрөг нэхэмжилж байсан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж анх 2017 оны 12 сарын 31-ний өдөр А.Б-тай  байгуулж байсан гэрээний дагуу үндсэн 7.000.000 төгрөг, гэрээнд заасны дагуу хоёр сарын хүү 980.000 төгрөг, алданги 3.500.000 төгрөг нийлээд 11.480.000 төгрөгийг А.Б-с гаргуулж өгнө үү  гэжээ.

Хариуцагч А.Б  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие А.Б  нь Т.З-н нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Би З-с 2018 оны 11 сарын 20-ны өдөр бэлнээр 10.000.000 төгрөг хүлээж аваагүй. Өмнө нь манай ээж Ч  нь З-с мөнгө зээлж авсан байсныг миний авсан мөнгөтэй нийлүүлж надаар 10.000.000 төгрөг бэлэн авсан гэж гарын үсэг зуруулсан. Түүнээс би нэг дор 10.000.000 төгрөг аваагүй. Гэхдээ мөнгө өгөх нь үнэн учраас З  эгчтэй төлөх хугацаа, хэмжээгээ тохирч болох байх гэж бодож байна. Тохирохгүй тохиолдолд гэрч асуулгах, нотлох баримт бүрдүүлж өгөх болно гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Г.Э  шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал шүүхэд 13.150.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 11.480.000 төгрөг болгож багасгасан. Энэ 11.480.000 төгрөгөөс зээлийн хүүнд 577.500 төгрөгийг төлсөн. Үүнтэй нэхэмжлэгч тал маргаагүй. Иймээс 10.922.500 төгрөгийг эцсийн байдлаар нэхэмжилсэн. Хариуцагч тал 577.500 төгрөг төлсөн үйлдлээ хүүнд төлсөн гэж байсан бол одоо үүнийгээ төлсөн цаг хугацаанаасаа хамаараад үндсэн зээлээс тооцуулж хасуулах нь үндэслэлтэй. 450.000 төгрөгийг хүүнд төлсөн гэдгийг нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ дурдсан. Баярсайхан нь одоо маргаж байгаа зээлээс өөрөөр З-тэй зээлийн маргаан үүсгэж байгаагүй тул –н  дансанд Б-с  шилжсэн мөнгөнүүд бүгд энэ зээлийн гэрээний төлбөр юм. 2018 оны 11 сарын 29-ний өдөр 190.000 төгрөг, 2018 оны 11 сарын 30-ны өдөр 920.000 төгрөг, 2018 оны 12 сарын 27-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 12 сарын 28-ны өдөр 350.000 төгрөг, 2018 оны 12 сарын 31-ний өдөр 450.000 төгрөг тус тус төлсөн. Үндсэн зээл 7.000.000 төгрөгөөс дээрх төлбөр хасагдана гэж үзэж байгаа тул үндсэн зээлээс өгсөн мөнгийг хасаад үндсэн төлбөрөөс нь алданги тооцож эцсийн байдлаар төлөх төлбөрийг тооцож өгнө үү. Тодорхой хэмжээний мөнгө төлнө гэдгээ ойлгож байгаа гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Б нь З-с 7.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлж авсан боловч зээлж авсан мөнгөө төлөөгүй. 2 сарын хүү 980.000 төгрөг, алданги 3.500.000 төгрөг нийт 11.480.000 төгрөг нэхэмжилсэн байгаа. Нэхэмжилж байгаа 11.480.000 төгрөгөөс 577.500 төгрөгийг лангууны түрээсэнд А.Б-ны  эхнэр гэх хүн төлсөн. Үүн дээр маргахгүй байгаа учир энэ мөнгийг хасаж тооцуулна. Хариуцагч талаас тайлбарлаж байгаа таван гүйлгээ буюу 2.450.000 төгрөгийн гүйлгээ нь Т.З-с  Ч гэх хүн 20.000.000 төгрөг зээлж аваад төлөх мөнгөө Төрийн банкны данс руу нь шилжүүлж тэндээсээ зээлийн данс руу нь татаж авах маягаар зээл төлөгдөж байсан байдаг. Энэ мөнгөнд төлөгдөж байсан мөнгийг А.Б авч байсан мөнгөө төлж байсан мэтээр оруулж ирээд байгаа. А.Б-ны  ээж Ч  нь Т.З-с  зээлсэн 20.000.000 төгрөгийн зээлийг төлөхдөө А.Б-ны  дансаар 2018 оны 11 сарын 29-ний өдөр 190.000 төгрөг, 2018 оны 11 сарын 30-ны өдөр 920.000 төгрөг, 2018 оны 12 сарын 27-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 12 сарын 28-ны өдөр 350.000 төгрөг, 2018 оны 12 сарын 31-ний өдөр 490.000 төгрөгийг төлж байсан, эдгээр 5 удаагийн төлөлт А.Б-ны Т.З-с  зээлсэн зээлээ төлсөн мөнгө биш. Энэ 2.450.000 төгрөг Ч-н 20.000.000 төгрөгийн зээлээс хасагдаж тооцогдсон учраас үүнийг хасаж тооцох боломжгүй. 2015 оноос хойш Ч ихэнхдээ А.Б-ны данснаас өөрийнхөө 20.000.000 төгрөгийн зээлийг төлсөн гэдэг нь дансны хуулгаас тодорхой харагдана. Анх 2017 оны 12 сарын 30-ны өдөр А.Б-тай байгуулсан 7.000.000 төгрөг зээлсэн гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардаж байгаа. 577.500 төгрөгийг хүүнээс хасаж үндсэн зээл 7.000.000 төгрөг, алданги 3.500.000, 2 сарын хүү 980.000 төгрөгөөс 577.500 төгрөг хасаж нийт 10.902.500 төгрөгийг А.Б-с нэхэмжилж байна. А.Б  зээл авснаас хойш 577.500 төгрөгөөс өөр мөнгө өгч байгаагүй гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “А” барьцаалан зээлдэх газар нь хариуцагч А.Б-с 13.150.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж зээлийн гэрээний үүрэг 10.902.500 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

 “А” барьцаалан зээлдэх газар нь Стандарчиллын үндэсний зөвлөлөөс 2017 онд батлагдсан MNS 5274: 2017 “барьцаалан зээлдэх үйлчилгээний нийтлэг шаардлага” стандартын дагуу үйл ажиллагаа явуулж байсан нь Стандарт хэмжил зүйн газрын тохирлын гэрчилгээгээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “А” барьцаалан зээлдэх газар нь хариуцагч А.Б-д  2017 оны 12 сарын 31-ний өдөр 7.000.000 төгрөгийг 7 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж, бичгээр зээлийн гэрээ байгуулсантай зохигч маргаагүй, тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр 281.1, 286 дугаар зүйлийн 286.1-д заасан гэрээ байгуулагджээ.

Зохигч 7.000.000 төгрөг зээлсэн гэрээндээ хүү тогтоож, зээлдэгч үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр тус тус харилцан тохиролцож гэрээг бичгээр байгуулсан тул Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.2, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар нэхэмжлэгч “А” барьцаалан зээлдэх газар үндсэн зээл 7.000.000 төгрөг, 2 сарын хүүнээс төлөгдөөгүй 405.500 төгрөг, алданги 3.500.000 төгрөгийг тус тус нэхэмжлэх эрхтэй байна.

“А” барьцаалан зээлдэх газрын нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч А.Б зээлийн төлбөрт 2018 оны 11 сарын 29-ний өдөр 190.000 төгрөг, 2018 оны 11 сарын 30-ны өдөр 920.000 төгрөг, 2018 оны 12 сарын 27-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 12 сарын 28-ны өдөр 350.000 төгрөг, 2018 оны 12 сарын 31-ний өдөр 490.000 төгрөг төлснийг хасаж тооцуулна гэсэн тайлбарыг хариуцагчийн төлөөлөгч Г.Эгаргасан.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Э  “А.Б-н ээж Ч  нь Т.З-с  зээлсэн 20.000.000 төгрөгийн зээлийг төлөхдөө А.Б-ны дансаар 2018 оны 11 сарын 29-ний өдөр 190.000 төгрөг, 2018 оны 11 сарын 30-ны өдөр 920.000 төгрөг, 2018 оны 12 сарын 27-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 12 сарын 28-ны өдөр 350.000 төгрөг, 2018 оны 12 сарын 31-ний өдөр 490.000 төгрөгийг төлж байсан, эдгээр 5 удаагийн төлөлт А.Б  нь Т.З-с  зээлсэн зээлийг төлсөн мөнгө биш” гэж маргаж байна.

 Хавтас хэргийн 89-92-р хуудсанд авагдсан депозит дансны хуулгад  Т.З-н  Төрийн банкны 180000068661 тоот дансанд А.Б-ны  ХААН банкны 5135310446 тоот данснаас “зээлд, зээл төлөв, Ч-с ” гэсэн утгаар гүйлгээ хийгдэж байсан боловч Т.З-н дээрх данс руу /хх-92х/ 2018 оны 11 сарын 29-ний өдөр 190.000 төгрөг, 2018 оны 11 сарын 30-ны өдөр 920.000 төгрөг, 2018 оны 12 сарын 27-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 12 сарын 27-ны өдөр 350.000 төгрөг, 2018 оны 12 сарын 31-ний өдөр 490.000 төгрөгийг хариуцагчийн данснаас “Б , Б ” гэсэн утгаар шилжүүлжээ.

Нэхэмжлэгч тал хариуцагчийн данснаас шилжүүлсэн дээрх 5 гүйлгээг Ч-г 20.000.000 төгрөгийн зээлийн төлөлтөө хийсэн гэдгийг нотлох баримтаар нотолж, хариуцагчийн тайлбарыг няцааж чадахгүй байгаа учир хариуцагч А.Баярсайханыг 2018 оны 11 сарын 29-ний өдөр 190.000 төгрөг, 2018 оны 11 сарын 30-ны өдөр 920.000 төгрөг, 2018 оны 12 сарын 27-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 12 сарын 27-ны өдөр 350.000 төгрөг, 2018 оны 12 сарын 31-ний өдөр 490.000 төгрөг, нийт 2.450.000 төгрөгийг төлсөн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1, 286 дугаар зүйлийн 286.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу 8.452.500 төгрөгийг /10.902.500-2.450.000/ хариуцагч А.Б-с гаргуулж нэхэмжлэгч “А” барьцаалан зээлдэх газарт олгох үндэслэлтэй байна.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч А.Б-с 8.452.500 /найман сая дөрвөн зуун тавин мянга таван зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А” барьцаалан зээлдэх газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.450.000 /хоёр сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 223.700 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч А.Б-с  150.190 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А” барьцаалан зээлдэх газарт олгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, шүүх хуралдаанд оролцоогүй зохигчид шүүх гардуулах бөгөөд ийнхүү шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Д.БАЙГАЛМАА