Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
Хэргийн индекс | 185/2021/0221/Э |
Дугаар | 2023/ШЦТ/826 |
Огноо | 2023-08-18 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., |
Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/826
2023 08 18 2023/ШЦТ/826
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж,
Улсын яллагч: О.Нандинцэцэг,
Нарийн бичгийн дарга: Л.Халиунаа,
Шүүгдэгч: Х.А, түүний өмгөөлөгч П.Дэлгэр нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх овогт Хүрэлчулууны А-д холбогдох эрүүгийн 1911000061015 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1
урьд Налайх дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар ял хойшлуулсан,
Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 323 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Х овогтой Х.А
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Х.А нь 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 4 дүгээр гудамжны 183 тоотод байх иргэн Д.А-ийн хүн байнга амьдрах зориулалттай байр болох өвлийн байшингийн салхивчаар нэвтэрч, булган ороолт, мөнгөн аяга, рубин шигтгээтэй ээмэг, бөгжний хослол, матрын арьсан цүнх зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлж, 878.500 төгрөгийн хохирол,
2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 41 дүгээр гудамж 32 тоотод байрлах М.О-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч 32 инчийн Би эс би загварын Эл Си Ди зурагтыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж, 379.940 төгрөгийн хохирол,
2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хан-уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Нүхтийн 4-60б тоотод оршин суух С.Э-ийн хүн байнга амьдрах зориулалтай орон байр болох гэрт нэвтэрч мөнгөн ээмэг, бөгж, гинж, Тошиба загварын 42 инчийн зурагт зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 758.000 төгрөгийн, бусдад нийт 5.182.260 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Х.А нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн 1911000061015 дугаартай хэргээс:
Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-ийн 15 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 16-18 дугаар хуудас/,
Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 19-21 дүгээр хуудас/,
Хохирогч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 24-30 дугаар хуудас/,
Гэрч Г.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 35-36 дугаар хуудас/,
Гэрч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 36-39, 46-47 дугаар хуудас/,
Гэрч О.Т-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1 хх-ийн 42-43 дугаар хуудас/,
Гэрч Э.Х-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 44-45 дугаар хуудас/,
Д ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 60-61, 64-65 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх-ийн 70 дугаар хуудас/,
Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх-ийн 216-217 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2хх-ийн 218- 220 дугаар хуудас/
Гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 221-225 дугаар хуудас/,
Хохирогч М.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /2хх-ийн 229-231 дүгээр хуудас/,
Д ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлт /2хх-ийн 240-241 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /4 дүгээр хх-ийн 76-77 дугаар хуудас /,
Эд зүйлд эрэн сурвалжлалт зарласан хуудас /4хх-ийн 78-80 дугаар хуудас/,
хохирогч С.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /4хх-ийн 83-85 дугаар хуудас/,
Гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /4хх-ийн 88-89 дүгээр хуудас/
Тэнцвэр Эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээний “...758.000 төгрөг...” гэх тайлан /4хх-ийн 88-89 дүгээр хуудас/,
Гэрч Э.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /4хх-ийн 104-105 дугаар хуудас/,
Гэрч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /4хх-ийн 106-107 дугаар хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /4хх-ийн 190-192 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Нэг: Шүүгдэгч Х.А нь үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлан авч хохирогч Д.А-т 878.500 төгрөгийн, хохирогч М.О-д 379.940 төгрөгийн, хохирогч С.Э-т 758.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:
Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Хохирогч Д.А-ийн: “...2018 оны 12 дугаар сарын 14-ний өглөө 10 цаг 30 минутын орчимд гэрээсээ гараад буцаж 23 цагийн үед ирэхэд манай гэрийн цонхоор хулгай орсон байсан. Манай гэрээс булган ороолт, мөнгөн аяга, рубин шигтгээтэй ээмэг бөгжний хослол, матрын арьсан цүнх, эрэгтэй хүний куртик алдагдсан байсан. Эрэгтэй хүний куртикны үнэ ханшийг мэдэхгүй байна. Миний хамтран амьдрагчийн куртик байгаа юм. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Би гомдолтой байна. ...хулгайч манай гэрийн эд зүйлийг замбараагүй байдалд оруулсан байсан. Ингээд би гэрээ цэвэрлэж байтал сервантны урд 9.... дугаартай “Х банк”-ны карт хэвтэж байсан. Уг картыг манай гэр бүлийн гишүүн хэрэглэдэггүй. Гадны хүний карт байхаар нь хулгайч картаа орхиод явсан байна гэж сэжиглээд цагдаа дээр авчирч өгсөн юм. Би Г-ын М гэх хүнийг танихгүй. Манай хамаатнууд дотор М- гэдэг хүн байхгүй. ...” гэх мэдүүлэг,
Гэрч Г.М-ын: “... 2018 оны 11 дүгээр сарын дундуур байх өдрийг нь сайн санахгүй байна. Хүрэлчулууны А-тэй Сансарт писи тоглоомын газарт байж байхад орж ирсэн. Тэгээд гарч архи хамтдаа уусан. Тэгээд миний утасны дугаарыг авч салсан. Тэрнээс хойш 3-4 хоногийн дараа утсаар Х.А яриад Сансарт хүрээд ир уулзъя гэж хэлсэн. Уулзаж дахин хамтдаа архи уусан. Тэгэх үедээ надад 90.000 төгрөг хэрэгтэй байгаа гэж хэлтэл надаас авахгүй юу виза картаа аваад ирээрэй гэж хэлсэн. Тэгээд бараг 5 хоног буудалд архи ууж хоносон. Салхинд гарахаар Шарга морьт, Санзай гэх зуслан руу явсан. Тэндээ очиж уулан дээр Ц-ын машинтай яваад буцахдаа дугуй хагараад намайг машиндаа үлд гэж хэлээд Ц, Х, А- 3 запас дугуйгаа авч явсан. Тэгээд тэд нар 2 цагийн дараа ирэхэд дугуйгаа хийлүүлсэн Ц, Х нар ирсэн. Тэгээд бид нар зам уруудаад ирж байтал замд Х.А-ийн гараас цус болсон байдалтай ирсэн юу болсон талаар асуухад цонх онгойлгох гэж байгаад цонхыг нь хагалчихлаа гээд гараас нь цус гараад цусаа подволкоор ороосон байсан. ...би өөрийнхөө “Х банк”-ны ногоон өнгийн карт гэрийн түлхүүрийг Ц-ын машины голын хайрцаг дээр тавьсан мартаад авч чадаагүй. Миний картыг А, Ц нарын аль нэг авч явж байгаад унагаасан байх би сайн мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Ц-ын “... Г.М-тай би хулгай хийж байгаагүй. Г.М- надад машины чинь хойд сандал дээр гэрийн түлхүүр, карт хоёроо үлдээсэн байна гэж утсаар надад хэлж байсан. Тэгээд би машиндаа түлхүүр. карт хоёрыг нь үзтэл миний машины урд хоёр сандлын голын тавиур дээр байсан Тэгээд би М-ын түлхүүрийн гурвалжин хэлбэртэй, бор өнгөтэй түлхүүрийн оосрыг өөрийн машин яваад байсан. 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр би өөрийн 5678 УНС улсын дугаартай машиныг бариад жолоочийн хажуу талын сандал дээр миний эхнэр Х, хойд сандал дээр А-, М- нар суугаад явж байсан. Түүнийг Хүрэлчулууны А гэдэг. Бие дээрээ зөндөө олон шивээстэй, 1996 оны залуу байдаг. Одоо Ха, хэнд байгааг би мэдэхгүй байна. Г.М- карт түлхүүрээ үлдээдэг өдрөөс хойш 2 хоногийн дараа би А-, М- нартай Сансарын Смарт нэртэй цахим тоглоомын газрын гадаа уулзсан. Уулзсаны дараа М-ын карт, түлхүүр байхгүй байхлаар нь би дотроо дараа М-ыг түлхүүрээ авсан байна гэж бодсон. ...” гэх мэдүүлэг,
Гэрч О.Т-ийн “... 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн өглөө би эхнэр А-ийн хамтаар гэрээс гарч явсан. Өглөө 10 цаг 30 минутын орчимд л гарсан. Ажилдаа явчхаад орой эхнэрийн хамтаар 23 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Гэрт ирээд хаалгаа онгойлгоод дотогш гэртэй ороход гэрийн хамаг юмыг ундуй, сундуй болгоод цацаад хаячихсан гал тогооны өрөөний цонх онгорхой байсан. Ингээд хулгайч орсон юм байна гэж ойлгоод цагдаа дуудсан юм. Манайх хашаандаа 2 нохойтой. Манай 2 нохой бол хүн оруулахгүй маш их хүн рүү дайрдаг нохой байгаа...” гэх мэдүүлэг,
Гэрч Э.Х-ийн “... 2018 оны 12 дугаар сарын дундуур санагдаж байна, би нөхөр Ц-ын хамт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх Сансарын клонкийн ойролцоо байх “Х бууз”-д хоол идчихээд явж байтал Ц-ын найз А, М нартай таарсан. Тэр үед нөхөр бид хоёр салхинд гарах гэж байгаа талаараа хэлэхэд А- удахгүй миний төрсөн өдөр болно гээд байсан чинь манай нөхөр Ц төрсөн өдрөөр чинь уулзаж чадахгүй, одоо хамт салхинд гаръя гээд бид гар салхинд гарахаар болцгоогоод Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Гүнтийн тийшээ зуслангийн хавиар явж салхинд гарцгаасан. Тухайн үед гадаа цаг орсон, дулаахан байсан тул зураг хөргөө даруулаад 1 цаг гаруй болоод буцаад явсан. Тэгээд буцаж явж байхад манай нөхрийн автомашины дугуй хагараад дугуйгаа нөхөөд тэгээд хотын тийшээ төв замаар Гүнт рүү давдаг уулын хажуугаар явж байхад А- замдаа зогсож байгаач би бие засаадахъя гэж хэлээд ганцаараа буугаад явсан ба Ц, М бид 3 автомашинд үлдээд хоорондоо юм яриад сууж байтал 10-15 минутын дараа А орж ирээд суухаар нь бид нар шууд хөдлөөд явсан. Тэгээд тэндээсээ Сансарын тойрог ороод А-, М- хоёрыг буулгаад нөхөр Ц-ын хамт харьсан...” гэх мэдүүлэг,
Д ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 778.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт,
Д ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 100,500 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
Хохирогч М.О-ийн: “...2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 41 дүгээр гудамж 32 тоот манай гэрт хулгай орсон талаар манай хөрш айлын Батбаатар гэж хүн над руу утсаар яриад танай байшингийн гэрэл асаалттай, цонх онгорхой байна та хүрээд ир хулгайч орсон юм шиг байна гэхээр нь хүрээд ирсэн чинь манай байшингийн баруун тийш харсан том цонх хагарсан, онгорхой байсан 32 инчийн Би эс би загварын Эл Си Ди зурагтыг хулгайлсан байсан. ...” гэх мэдүүлэг,
Д ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 379.940 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт,
Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, эд зүйлд эрэн сурвалжлалт зарласан хуудас,
Хохирогч С.Э-ийн “... 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Нүхтийн 4-606 тоотод суудаг бөгөөд одоогоос 3 сарын өмнө буюу 2018 оны 12 дугаар сарын 18 юм уу 19-ний өдөр байх гэртээ иртэл манай Монгол гэрийн хаалганы цоож эвдэрсэн байдалтай байхаар нь би гайхаад гэртээ ортол манай гэрийн хойморт байсан хар өнгийн Тошиба брендийн 42 инчийн зурагт байхгүй байсан. ... 4 ширхэг бөгж, гинж, ээмэг зэрэг эд зүйлс алдагдсан байсан. ...” гэх мэдүүлэг,
Гэрч М.Б-ийн өгсөн мэдүүлэг, тэнцвэр Эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээний “...758.000 төгрөг...” гэх тайлан, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Х-ийн өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ц-ын өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд Х.А-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл хамаарч хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд шүүгдэгч Х.А нь дээрх нэр бүхий хохирогч нарын амьдрах зориулалт бүхий орон байрны цонх болон салхивчаар хууль бусаар нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хулгайлах” гэмт хэргийг “Хүн байнга амьдрах зориулалтай орон байранд”-д нэвтэрч гэх хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байх тул Чингэлтэй дүүргийн прокуророос зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нараас гэм хорын хохирол нэхэмжилсэн баримтыг гаргаж өгөөгүй хэдий ч хохирогч Д.А-т 878.500 /найман зуун далан таван мянга таван зуу/ төгрөг, хохирогч М.О-д 379.940 /гурван зуун далан есөн мянга есөн зуун дөч/ төгрөг, хохирогч С.Э-т 758.000 /долоон зуун тавин найман мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний байгууллагаас гаргасан дүгнэлтээр тогтоогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.А-ээс 2.016.440 /хоёр сая арван зургаан мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг гаргуулж нэр бүхий хохирогч нарт олгохоор шийдвэрлэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилготой, зөв амьдрах, зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдлууд шалтгаалсан гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Х.А-ийн үргэлжилсэн үйлдлээр үйлдэгдсэн сүүлчийн үйлдэл нь Хан-уул дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байх ба хэргийн оролцогч нараас шүүхийн харьяаллын асуудлаар маргаагүйгээс гадна хэргийн байдлыг бүрэн тогтооход нөлөөлөхөөргүй байх тул шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзсэн болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Х.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Миний үйлчлүүлэгч 1 жил хорих ял авч, одоо шалгагдаж байгаа хэргүүдэд дуудлагаар шалгагдсан байгаад байгаа. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт нэг гэмт хэрэгт нэг л ял оногдуулахаар шударга ёсны зарчмыг хуульчилсан. Нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж үзэх талаар хуульчилсан. Одоо шалгагдаад гэм буруутайд тооцож байгаа 3 үйлдэлтэй хэрэгт Баянзүрх дүүргийн шийтгэх тогтоолоос өмнө үйлдэгдсэн буюу нэг цаг үед үйлдэгдсэн байдаг. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээж оролцдог бөгөөд хохирол төлбөр төлөхөө илэрхийлдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хамгийн доод хэмжээ буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, өмнөх ялыг нэмж нэгтгэх, энэ хэрэгт цагдан хоригдсон хоногийг оруулан тооцуулах саналтай байна...” гэх саналыг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч Х.А-н гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрөл хэмжээний дотор буюу 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч Х.А нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд өмнөх Өршөөл үзүүлэх тухай хуулиудад хамрагдаж байгаагүй байна.
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 /гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заажээ.
Иймд шүүгдэгч Х.А-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 323 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан 11 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 7 сар 28 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлж, уг ялыг хорих ял эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолон, зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг түүний оршин суух Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, уг ялыг зөрчсөн тохиолдолд гарах хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж, уг ялын биелэлтэд хяналт тавихыг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 374 хоногийг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ялд оруулан тооцов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.А-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1.2.3.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х овогт Х.А-ийг үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалтай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.А-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.А-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.А-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 323 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулсан 11 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 /гурван/ жил 7 /долоо/ сар 28 /хорин найм/ хоногийн хорих ялаас тусад нь эдлүүлж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгчийг шүүхээс тогтоосон хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тухайн нутаг дэвсгэрээс гадагш гарахыг хориглосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор солихыг анхааруулсугай.
8. Шүүгдэгч Х.А-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хэрэгжилтэнд хяналт тавихыг Налайх дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 374 /гурван зуун далан дөрөв/ хоногийг хорих ялд оруулан тооцсугай.
10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.А-ээс 2.016.440 /хоёр сая арван зургаан мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.А-т 878.500 /найман зуун далан найман мянга таван зуу/ төгрөгийг, хохирогч М.О-д 379.940 /гурван зуун далан есөн мянга есөн зуун дөч/ төгрөгийг, хохирогч С.Э-т 758.000 /долоон зуун тавин найман мянга/ төгрөгийг тус тус олгосугай.
11. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
13. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.А-д урьд авсан цагдан хорих гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН