| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2019/00340/И |
| Дугаар | 277 |
| Огноо | 2020-03-19 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 277
| 129/ШШ2020/00277 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 6-р баг, 93 дугаар брак 05 тоотод оршин суух Б овгийн А.О /РД:ТБ99111441/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг, Цагаан давааны 23-09 тоотод оршин суух А овгийн Б.Б-д /РД:АЙ95062011/ холбогдох
Б.А-н хадгаламж эзэмших эрхийг шилжүүлэх, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.О хариуцагч Б.Б хариуцагчийн өмгөөлөгч Д.Н гэрч Б.Я, Г.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Түвшинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иймд миний охин Б.А-н “Төрийн банк” дахь хугацаатай хадгаламжийн дэвтрийг охины аав болох Б.Б-с гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ... Охин минь минь миний асрамжинд байгаа тул эцэг болох Б-с хүүхдийн тэтгэмж гаргуулах хүсэлттэй байна гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: нэхэмжлэгч А.О-н гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. А.О бид хоёр хамт амьдраад 4 жил болж байна. Бид хоёрын дундаас охин Б.А төрсөн -. А.О зан харилцааны доголдолтой байж байгаад сална явна гээд уурладаг. Охиныг маань 5 сартай байхад охиноо аваад яв би сална гээд надад өгсөн. Би ээж дээрэ охиноо авчирч өгсөн. Миний охиныг миний ээж Б 5 сартайгаас нь аваад 3 нас хүртэл нь өөрөө өсгөсөн. Би охиноо өнчрүүлж чадахгүй учир охиноо бодоод А.О-тэй хамт амьдарна гэжээ.
Нэхэмжлэгч А.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гаргасан дүгнэлтийг уншиж танилцахад охин Б.А 7 сартайгаас одоог хүртэл эцэг Б-тай амьдарч байгаа, эцэгтэйгээ илүү дасан зохицох боломжтой гэсэн байгаа нь үндэслэлгүй байна. Охин Б.А 2016 оны 07 сарын 05-нд Дарханд төрсөн бөгөөд 2016 оны 07 сарын 05-ны өдрөөс 2017 оны 03 сарын сүүл хүртэл надтай хамт манайд амьдардаг байсан. Тэр үед Б.Батсуурь бид хоёр охин Б.А-н хамт манайд амьдарч байсан. Тухайн үед гэр бүлийн харилцаанд маргаан гарсан учраас бид хоёр тусдаа амьдарч байсан. Б.Б ах, дүү нартайгаа ирчихээд охиноо би авч явна гээд хөгшин настай ээжийг минь дээрэлхэж байгаад охин Б.А-г аваад явсан бөгөөд би араас нь 2017 оны 09 сард охин Б.А дээр очсон. Би тухайн үед 2017 оны 09 сарын 01-ний өдрөөс 2018 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай сургуулиас чөлөө авсан байсан. Тэр нэг жилийн хугацаанд би нөхөр Б.Б, охин Б.А нартай хамт Архангайд хадмындаа амьдардаг байсан. Би 2018 оны 09 сарын 01-нд хичээлдээ орж, Б.Б ч хот руу ажил хийхээр явсан. Энэ үед хоёр талын аав, ээж ярилцаад ээж нь сургуулиа төгсөөгүй байгаа, аав нь хотод ажил хийж байгаа учраас хоёр талдаа охин Б.А-г ээлжилж харж өсгөж хүмүүжүүлж өгье гэж тохиролцсон байсан учраас би охиноо Архангай аймагт үлдээгээд явсан. 2019 оны 01 сарын 01-нд Б.Б ажил хийх гээд хөдөө явсан. Би тухайн үед гэртээ байсан. 2018 оны 09 сараас 2019 оны 02 сарын 10-ныг хүртэл 5 сарын хугацаанд охин Б.А Архангай аймагт мөн Дарханд аймагт байсан. Би оюутан байсан болохоор амралтаараа охиноо аваад охин Б.А-г хоёр талд өсгөдөг байсан. 2019 оны 02 сарын 10-ны өдрөөс хойш охин Б.А-г Дархан руу бүрмөсөн аваад явсан. Тухайн үед би Б.Б-с салаад тусдаа амьдрах болсон. Түүнээс хойш 2019 оны 07 сарын сүүл хүртэл охин Б.А-тэй надтай хамт манай гэрт амьдарч байсан. 2019 оны 07 сарын 15-нд Б.Б Дарханд ирээд би хагалгаанд орох гэж байгаа охиноо өөр дээрээ 15 хоног аваад 08 сарын эхээр аваад ирье гэж худлаа хэлээд охин Б.А-г аваад явсан байсан. Манай ээж 2019 оны 08 сарын 01-нд Дарханд цэцэрлэгт оруулна тэрнээс өмнө охин Б.А-г авчирч өгөөрэй гээд өгөөд явуулсан боловч охиныг авчирч өгөөгүй. Үүнээс хойш Б.Б охин Б.А-г надтай уулзуулаагүй бөгөөд энэ хурлын өмнөх шүүх хуралд оролцохдоо охинтойгоо уулзаад охиноо гэр рүүгээ аваад явсан. Охин маань одоо надтай хамт байгаа. Нөхцөл байдал ийм байхад шинжээч дүгнэлтдээ Б.А нар 7 сартайгаас одоог хүртэл эцэг Б амьдарч байгаа эцэгтэйгээ илүү дасан зохицох боломжтой гэсэн байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд Б.А-н хадгаламж эзэмших эрхийг өөртөө шилжүүлж, хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Б.Б хүүхдийн мөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Би ам бүл гурав. Нэг өрөө хувийн орон сууцанд амьдардаг. Би Өмнөговь аймагт “Магад цэций” компанид ажилладаг. Сарын 1.200.000 төгрөгийн цалинтай. Манай өрхийн орлого сардаа 2.000.000 гаруй төгрөг. Мөн архи дарс хэрэглэдэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг хүн байхгүй. Миний аав, ээж өндөр насны тэтгэвэрт байдаг болохоос хүний асрамжинд байдаггүй. Хүүхдийн эрхийн асуудалд эмээ, өвөөгийн оролцоо шаардлагагүй биз дээ. Б.Б-н хувьд аав, ээжтэйгээ хамт таван ханатай монгол гэрт амьдардаг. Хүүхдийн хувьд гэрт эсвэл байранд өсөхийн аль нь хүүхдийн өсөж торниход илүү тохиромжтой гэдэг нь хүн бүхэнд ойлгомжтой асуудал. Гэр бүлийн харилцаанд буюу төрсөн эцэг нь хүртэл хүүхдээ хүчирхийлдэг нийгэмд бид амьдарч байна. Тийм болохоор эх хүний хувьд би охин Б.А-г эцгийнх нь асрамжинд өгөхгүй. Охиноо өөрөө асрамжиндаа авна. Миний хувьд хүүхдийн тэтгэмжийн мөнгөтэй, мөнгөгүй охин Б.А-г өсгөх боломжтой учраас охин Б.А-г өөрийн асрамжиндаа авахын тулд шүүх хуралдаанд удаа дараа оролцож байгаа. Хүүхдийн тэтгэмжийн мөнгө сард 96.000 төгрөг. Энэ мөнгийг Б.Б сар болгон төлж чадахгүй болохоор өнөөдрийг хүртэл хугацаанд шүүх хуралдааныг хойшлуулаад байна. Намайг анх шүүхэд нэхэмжлэл гаргахад охин миний асрамжинд байсан. Охин Б.А-г эцэг Б.Б-н нь асрамжинд үлдээвэл Б.Б ажлаа хийгээд охин Б.А-г өөрийн аав, ээж дээрээ үлдээгээд явах нь ойлгомжтой гэв.
Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.О-г үндэслэлгүй тайлбар гаргаж байна. А.О-н тухайд түрээсийн байранд амьдардаг. Охин Б.А 2017 оны 07 сараас эхэлж 3 нас хүртлээ манай аав, ээж дээр өссөн. Үүнтэй холбоотой нотлох баримтуудаа шүүхэд өгсөн. А.О 2017 оны үед охин Б.А-г гэртээ үлдээгээд явчихсан байхаар нь би Дархан руу явж охин Б.А-г Архангай руу авчирч өөрийн аав, ээж дээрээ 3 нас хүртэл нь өсгөсөн. Үүнийг гэрч Я, Бнар гэрчилнэ. Би 2018 оны 07 сарын 10-ны өдөр наадмын үеэр Дархан руу явж 2018 оны 07 сарын 13-ны өдөр охин Б.А-г аваад Архангай аймагт ирсэн. 2018 оны 06 сард А.Оажил хийнэ гээд явчихсан байсан. Намайг Дарханд очиход охин Б.А царай алдчихсан аавтайгаа явна гээд намайг дагаад уйлаад байсан болохоор би Б.А-г Архангай аймагт авчирсан. Тухайн үед би хамрандаа эмчилгээ хийлгэж байсан бөгөөд одоог хүртэл эмчилгээ хийлгэж байгаа. Би А.О-т охиноо бодоод буцаад нийлэх хугацаа өгсөн. А.О мөнгөнөөс болж л шүүхэд нэхэмжлэл гаргасан. А.О нь хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй, хүүхдээ гэсэн сэтгэлгүй, хайр халамж мэдрүүлээгүй, хүүхэдтэйгээ ойр дотно байгаагүй, миний ээжээр өсгүүлсэн. Би охиноо аав, ээжээрээ өсгүүлдэг ч гэсэн юмыг нь авч өгдөг. Иймд охин Б.А-г миний асрамжинд үлдээж өгнө үү. А.О-н тухайд тэтгэврийн хоёр хүнтэй. Нэг нь асаргаанд байдаг бөгөөд А.О охиноо орхиод ажил хийгээд явчихдаг. Одоо цагт хүчирхийлэл их гарч байгаа. Иймд охиноо өөрийн асрамжинд авах хүсэлттэй байна. Миний хувьд хүүхдийн тэтгэлэгийн мөнгө төлөх боломж байгаа. Хүүхдийн асрамжийн тухайд би охин Б.А-тай ар-Эрдэнэтэй 3 нас хүртэл нь хамт амьдарсан бөгөөд охин маань ээж дээрээ очих дургүй байдаг. Үүнийг нотлох баримт байгаа. Цагаан сарын өмнөхөн охин маань над руу яриад ааваа та хэзээ ирэх юм бэ?, эмээтэйгээ ярихдаа эмээ та ирээд намайг аваач гэж ярьж байсан. Эднийд байхаар охин маань дураараа байдаггүй. Эдний гэр бүлийн орчин нөхцөл бүрдээгүй, хүүхдийг зүгээр л гэрт нь байлгадаг.Охин Б.А-д сар бүр өгдөг 20.000 төгрөг түүний хадгаламжинд ордог, миний нэр дээр хадгаламж нь байдаг гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.О нь хариуцагч Б.Ба-т холбогдуулан Б.А-н хадгаламж эзэмших эрхийг шилжүүлэн авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
А.От, Б.Б нарын дундаас 2016 оны 07 сарын 05-нд охин Б.А төрсөн нь 4501001202 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээгээр, Б.А нь Б.Ба-н хүүхэд болох нь 2019 оны 11 сарын 20-ны 5939 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.
Зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй, одоо тусдаа амьдарч байгаа ба тэд насанд хүрээгүй Б.А-н асрамжийн талаар маргаж байна. Нэхэмжлэгч хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй боловч насанд хүрээгүй хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс хүүхдийг эцэг эхийн хэнийх нь асрамжинд үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Насанд хүрээгүй Б.А-г эцэг, эхийн хэн аль нь ахуй нөхцөл, эдийн засгийн бололцооны хувьд өсгөн хүмүүжүүлэхэд боломжтой гэсэн дүгнэлтийг шинжээч Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар гаргажээ.
Б.А-г 07 сартайгаас нь 03 нас хүртэл нь Б.Батсуурийн ээж өсгөж байгаа гэж гэрч Б.Я Г.Б нар мэдүүлдэг боловч Б.А нь 2016 оны 7 сарын 5-нд төрснөөсөө хойш 2017 оны 03 сар, 2017 оны 08 сараас 2018 оны 09 сар хүртэл аав ээжийнхээ хамт, 2019 оны 2 сараас 2019 оны 7 сар хүртэл ээжийн хамт амьдарч байсан гэж нэхэмжлэгч, хариуцагч нар тайлбарлаж байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйл, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан үүргийг эцэг, эх хүлээх тул насанд хүрээгүй хүүхдийг өсгөхөд оруулсан нэхэмжлэгч, хариуцагч талын аав, ээжийн /хүүхдийн өвөө, эмээгийн/ оролцоог харгалзан хүүхдийн асрамжийг шийдвэрлэх үндэслэл байхгүй.
Гэрч Г.Б хариуцагч Б.Б нар нэхэмжлэгч А.О-г хүүхдэдээ анхаарал халамж тавьдаггүй, түүний амьдарч буй нөхцөл байдалд хүүхэд өсөж торних боломжгүй гэсэн мэдүүлэг тайлбарыг өгдөг боловч худал дүгнэлт гаргавал хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг ойлгож дүгнэлт гаргасан шинжээч нар нь Б.А-г эх А.О-н асрамжинд үлдээхэд хүүхдийн эрүүл мэнд, эрх, ашиг сонирхол, хүмүүжил болон хүүхэд өсөн торниход сөргөөр нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт гаргасан. Иймд хүүхдийн нас /3настай/, хүйс, ахуйн нөхцөл, эдийн засгийн бололцоо, ёс суртахуун, эх өөрөө хүүхдээ өсгөж байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Б.А-г эх А.О-н асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу Б.Батсууриар Б.Анар-Эрдэнийг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Б.Б “Б.А-д сар бүр олгодог хүүхдийн мөнгө нь Б.А-н хадгаламжийн эх үүсвэр” гэж тайлбарладаг тул Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журмын дагуу хүүхдэд зориулан олгодог мөнгөн хөрөнгийг Б.А-г асрамжиндаа авсан эх А.Отгонцэцэгт шилжүүлэх нь зүйтэй. Иймд Б.А-н дээрх хадгаламжийн эрхийг шилжүүлэн авах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Мөн хариуцагч Б.Б-н хүсэлтээр Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар хариуцагчаас шинжээчийн зардал 280.000 төгрөг гаргуулж Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт олгохоор шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан CD-д бичигдсэн бичлэгт ярьж байгаа хүүхдийн дүрс үзэгдэхгүй байгаа, бичлэг хэзээ, хэний зөвшөөрснөөр хийгдсэн нь тодорхойгүй тул уг бичлэгийг хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримт гэж үзэх боломжгүй тул шүүх үнэлээгүй болно.
Хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөх тэтгэлэгийн хэмжээнд хамаарах улсын тэмдэгтийн хураамж 34.214 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2016 оны 07 сарын 05-нд төрсөн А овгийн Б.А-г эх Б овгийн А.О-н асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Б.Э- г/РД:ТЮ16270526/ 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Б-р тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8-д зааснаар Б.А-н нэр дээрх хадгаламжийн эрхийг нэхэмжлэгч А.О-т шилжүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Б.Б-с 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг гаргуулж Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 38.6-д заасныг баримтлан тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах ба тэтгэлэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдсон бол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Б.Б-с улсын тэмдэгтийн хурамжинд 34.214 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулсугай.
7. Зохигч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА