Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 62

 

С.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00347/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, шүүгч С.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 530 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ю.Э-д холбогдох

          “7.147.630 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намууны гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

           2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагч Ю.Э-, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч С.Б-өөс:

           ...Миний бие нь Ю.Э-тай 2013 онд танилцаж 2016 оныг хүртэл танилын харилцаатай байсан бөгөөд 2016 оны 8 дугаар сараас эхлэн хамтран амьдарсан. Гэвч бид хоорондоо таарч тохироогүй байнгын үл ойлголцол, хэрүүл тэмцэлтэй байх болсон тул хамтран амьдрах боломжгүй болж 2017 оны 4 дүгээр сараас эхлэн тусдаа амьдарч эхэлсэн. Биднийг хамтран амьдарч эхлэх үед Ю.Э- нь 5788 УБУ улсын дугаартай Тоёота Приүс-20 маркийн автомашин зээлээр худалдан авсан байсан бөгөөд надаас боломжтой болох үедээ буцаагаад өгнө. Банкны зээлийг маань төлөөд өгөөч гэж гуйгаад байхаар нь би түүний автомашины зээлийг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн төлж, 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 4.108.930 төгрөгөөр зээлийг нь бүрэн хаасан юм. Дээрх автомашин нь одоо хариуцагчийн өмчлөлд бүртгэлтэй, түүний эзэмшил ашиглалтад байгаа боловч автомашины зээл төлсөн нийт 6.077.430 төгрөгийг өнөөг хүртэл надад буцааж өгөөгүй. Мөн хариуцагч Ю.Э- нь тусдаа амьдарч эхлэхийн өмнө надаас 1.000.000 төгрөг зээлж авсан ба тусдаа амьдарч эхэлснээс хойш утсаа авахгүй, хэл чимээгүй алга болж, миний бие арга буюу түүнийг шүүхээр эрэн сурвалжлуулсан. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 7.077.430 төгрөг, эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 70.200 төгрөг нийт 7.147.630 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна гэжээ.

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуунаас:

           ...Нэхэмжлэгч С.Б- нь хариуцагч Ю.Э-тай 2013 онд танилцаж 2014 онд гадаадад сурахаар явсан. 2016 оны 7 дугаар сард Монголд буцаж ирээд 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 3 дугаар сар хүртэл Ю.Э-тай хамт амьдарсан. С.Б-ийг гадаадаас ирэх үед Ю.Э- нь 5788 УБУ улсын дугаартай приус 20 маркийн автомашиныг худалдан авсан байсан хэдий ч зээл төлөх боломжгүй учраас зээл төлж өгөөч. Санхүүгийн боломжтой үедээ эргүүлэн төлнө гэж С.Б-өөс гуйсан. Тиймээс С.Б- 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийт 6.077.430 төгрөгийг Ю.Э-ы нэрийн өмнөөс банк бус санхүүгийн байгууллагад төлсөн. Хариуцагч мөн 2017 оны 3 дугаар сард 1.000.000 төгрөг зээлдүүлээч гэж өөрийн дансаараа 1.000.000 төгрөг авсан. Талуудын хооронд 2017 оны 2 дугаар сараас эхлэн үл ойлголцол бий болж 2017 оны 4 дүгээр сараас эхлэн тусдаа амьдарсан. Түүнээс хойш Ю.Э- нь С.Б-тэй холбоо барихгүй алга болсон учраас Ю.Э-ы нэрийн өмнөөс зээлд нь төлсөн мөнгөө шаардах гэтэл хаягийг нь мэдэхгүй байсан учраас эрэн сурвалжлуулсан. Иймд нэхэмжлэгч нь банк бус санхүүгийн байгууллагад Ю.Э-ы нэрийн өмнөөс төлсөн зээл, зээлдүүлсэн 1.000.000 төгрөг, эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар шаардсан гэжээ.

Хариуцагч Ю.Э-аас:

               ...Зээлийн гэрээний үүрэгт 7.077.430 төгрөгийг, эрэн сурвалжлуулсан 70.200 төгрөг тус тус нэхэмжилсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр гардан аваад нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Би С.Б-тэй 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 5 дугаар сар хүртэл хамт амьдарч, С.Б- миний банк бус санхүүгийн байгууллагын зээлийг төлж 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн үлдэгдэл болох 4.108.930 төгрөгийг төлсөн нь үнэн. Харин 1.000.000 төгрөгийг надад зээлээгүй. 1.000.000 төгрөгийг бид хамт амьдарч байх хугацаандаа хэрэглэсэн. С.Б- 2016 оны 8 дугаар сард Дорнод аймгийн Баян-Уул сум руу ажиллахаар болсон. Тухайн үед намайг ажлаасаа чөлөө авчих гээд надаар цалингүй чөлөө авхуулж хамт явсан. Тэр үед намайг банк бус санхүүгийн байгууллагад зээлтэй байсныг мэдэж байсан бөгөөд миний зээлийг төлнө гэж хэлсэн. Тэгээд бид Дорнод аймгийн Баян-Уул сум руу очиж хамт амьдарсан. Гэтэл 2017 оны 3 дугаар сард С.Б- тушаал ахиж Улаанбаатар хотод ажиллахаар болсон тул бид аавынх нь гэрт очиж 5 сар хүртэл хамт амьдарсан. Улаанбаатар хотод байхад би С.Б-ийн аавыг асардаг байсан хэдий ч С.Б- бид хоёрын харилцаа таарамжгүй байсан тул салсан. С.Б- эхнээсээ миний зээлийг төлнө гэж хэлж байсан юм гэжээ.

             Хариуцагчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэлээс:

             Хавтас хэргийн 7-18 хуудсанд нэхэмжлэгчийн Хаан банкны дансны хуулга авагдсан байна. Энэ хуулгаас харахад С.Б- нь Ю.Э-ы нэрийн өмнөөс зээл төлсөн болон 50.000 төгрөгөөс 1.000.000 төгрөг хүртэлх мөнгийг шилжүүлж байсан нь харагдаж байна. Нэхэмжлэгч болон хариуцагч нар хэн аль нь хамтын амьдралтай байснаа үгүйсгээгүй. Хамтын амьдралтай байсан гэдгээрээ талууд эдийн засгийн хувьд нэг санхүүтэй байсан. Хаан банкны дансны хуулга нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар нотлох баримт хангахгүй байна. Уг Хаан банкны дансны хуулгын 5, 18 дугаар хуудсан дээр тамга дарагдсан. Харин бусад хуудсанд тамга дарагдаагүй. Тиймээс 5 болон 18 дугаар хуудсаас бусад хуусдыг нотлох баримтаас хасуулах хүсэлттэй байна. Зохигчид хамтын амьдралтай болохдоо нэхэмжлэгч Монголд байгаагүй учраас хариуцагчийн нэрээр зээл авсан. Тэгээд цаашид хамт амьдарч автомашинаа хэрэглэнэ гэж байсан нь 2016 оны 6 дугаар сарын автомашины лизингийн баримтаас харагдана. Банк бус санхүүгийн байгууллагын үүргийг Ю.Э- хүлээж байгаа боловч талууд харилцан тохиролцоод Ю.Э-ыг ажлаас нь гаргаж хил дээр хамт очиж амьдарсан. Түүнийг талууд үгүйсгээгүй. 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны зээлийн төлбөрийг С.Б- төлөхөөр тохиролцсон нь төлбөрийг гүйцэтгэж байгаа байдлаас харагдаж байна. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-т зааснаар төлбөр шаардаж байна гэж байгаа боловч мөнгө шаардах үндэслэл болсон Хаан банкны дансны хуулга нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. С.Б- нь Ю.Э-ы данс руу 2017 оны 3 дугаар сард 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Гэхдээ үүнээс өмнө нь удаа дараа тодорхой хэмжээний мөнгө шилжүүлж байсан. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа Ю.Э-д шилжүүлсэн мөнгөө харж байгаад хамгийн өндөр дүнтэй мөнгөн дүнгээ хариуцагчид зээлсэн гэж нэхэмжилсэн. Талуудын хооронд зээлийн харилцаа бий болсон гэдэг нь нотлогдохгүй байна. Зээлийн харилцаа үүссэн бол хугацаа хүү алдангийг тооцох ёстой байсан. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар дээрх мөнгийг шаардах эрхгүй. Ю.Э-ыг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн гэх 70.200 төгрөг гэж нэхэмжилж байгаа боловч С.Б- нэхэмжлэл гаргахаасаа өмнө Ю.Э-тай холбоо бариагүй. Ю.Э- гэр бүлтэй болсон гээд өөрийн гэрээсээ явсан. Гэтэл одоо гэр бүл, ажилгүй болсон. Одоо энэ хүнийг ажилд авах хүн байхгүй. С.Б- нь Ю.Э-ыг эрэн сурвалжлуулахаасаа өмнө мөнгө өг гэж хэлж шаардаагүй. Хамт амьдарч байсан хүмүүс мөнгө шилжүүлж байснаа зээлийн харилцаа гээд эрэн сурвалжлуулсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэх нотлох үүргээ биелүүлээгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 530 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 487 дугаар зүйлийн 487.1-д зааснаар 2.838.715 төгрөгийг хариуцагч Ю.Э-аас гаргуулан нэхэмжлэгч С.Б-т олгож, 3.308.915 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ю.Э-аас 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаарт 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Төрийн банк, Төрийн сан 100190000941 тоот дансанд тушаасан 129.320 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 60.369 төгрөгийг хариуцагч Ю.Э-аас гаргуулан нэхэмжлэгч С.Б-т олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Намуун давж заалдсан гомдолдоо:

.... Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна.

         1. Талуудад уг авто машиныг хамтран өмчлөх тухай тохиролцсон ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй харин Ю.Э-ыг 6.077.430 төгрөгийн өрнөөс чөлөөлж өгсөн. Нэхэмжлэгч нь иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа төлүүлэхээр шаардаж болно гэсний 6.077.430 төгрөгийг буцаан шаардсан. Гэтэл шүүх талуудыг авто машиныг дундаа хэсгээр өмчилсөн гэж дүгнэсэн атлаа зөвхөн нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг хоёрт хувааж талуудад ногдох хэсгийг тодорхойлсон нь хэт нэг талыг барьсан.

        2. Шүүх хуралдааныг эхлэх үед хариуцагч тал нэхэмжлэгчийг нийт 6.077.430 төгрөг төлсөн гэдэгтэй маргахгүй байгаа тухай мэдүүлсэн. Иймд миний бие нотлох баримт гаргуулах тухай хүсэлтээсээ татгалзсан. Гэвч шүүх хуралдааны явцад хариуцагчийн өмгөөлөгч АТМ-с бэлнээр зарлага гарч төлөгдсөн 400.000 төгрөгийг нотлох баримт болохгүй нотлогдохгүй байна гэж маргахад шүүгч нотлогдоогүй гэж үзсэнд гомдолтой байна. Хариуцагч 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн зээлийн төлөлтийг төлсөн гэдэгтэй маргахгүй байхад шүүгч өмгөөлөгчийн үгээр 400.000 төгрөгийг шаардлагыг хангаагүй нь үндэслэлгүй.

        3. Иргэний хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1-д заасан үндэслэлээр 1.000.000 төгрөгийг буцаан шаарддаг. Гэтэл шүүгч талууд хамтын амьдралтай байсан тул уг мөнгийг хамтын хэрэгцээнд зарцуулагдсан гэж үзнэ. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болохыг нотлох баримт байхгүй гэж дүгнэсэн нь эргэлзээтэй. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулагдсанд тооцно хэмээн заасан байдаг бөгөөд зээлийн гэрээнд хүү тооцсон тохиолдолд л гэрээг бичгээр байгуулах тухай заасан байдаг.

        4. нэхэмжлэгч хариуцагчийг утсаа авахгүй ор сураггүй алга болсон тул түүний өмнө амьдарч байсан эгчийнх нь гэрт очиж асуухад байгаа газрыг нь зааж өгөөгүй. Иймд нэхэмжлэгч, хариуцагчийн оршин суугаа газрыг олох боломжгүй байсан тул нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаж хариуцагчийг эрэн сурвалжлуулж оршин суугаа газрыг нь олсон тул эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 70.200 төгрөгийг буцаан  шаардсан. Гэтэл шүүгч нэхэмжлэгчийг хариуцагчийн хаяг тодорхойгүй байгааг урьдчилан тогтоолгоогүй хэмээн шаардлагыг хангахаас татгалзсанд гомдолтой байна. Иймд дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэр няцаагдаж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

1. С.Б-ийн нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл тодорхой бус байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн, улмаар эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан зохицуулалттай нийцээгүй гэж үзнэ.

Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарах нэг нөхцөл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой, ойлгомжтой байх, түүнчлэн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг зөв тодорхойлсноор эрх зүйн харилцаа, шаардах эрх түүний үндэслэл зөв байх юм.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нэхэмжлэгч С.Б-өөс тодруулахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаас хальж, 57-88 УБУ улсын дугаартай приус 20 маркийн авто машиныг зохигчдын дундаа хэсгээр өмчлөх хөрөнгө гэж уг хөрөнгөнөөс ногдох хэсгийг шаардаагүй байхад  нэхэмжлэгчид  оногдох хэсгийг хариуцагчаас гаргаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Өөрөөр хэлбэл талуудад уг авто машины хамтран өмчлөгч болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, нөгөөтээгүүр нэхэмжлэгч дундын хамтран өмчлөх хөрөнгөөс ногдох хэсгийг шаардсан нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргаагүй байна.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ машины үнийг төлсөн тул мөнгийг буцааж авах, зээлдүүлсэн мөнгөө авах гэх зэргээр тодорхойлсон байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Мөн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн төлбөр 1.000.000 төгрөгийн талаар тодруулах шаардлагатай байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцаах нь зүйтэй шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 530 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд нь буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч С.Б-өөс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83.900 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

        

                                    

                               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ       

                                                                  ШҮҮГЧИД                                   С.ЭНХЖАРГАЛ       

                                                                                                                      С.ОЮУНЦЭЦЭГ