Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 00046

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин, улсын яллагч Б.Бүжинлхам, шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд, шүүгдэгч А.Э-, Н.Э- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Э-, Н.Э- нарт холбогдох эрүүгийн 201614000559 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** аймагт төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, гүүрэн краны машинч мэрэгжилтэй, ** ХХК-ийн Дулаан цахилгааны төвийн Түлш дамжуулах хэсэгт түлш дамжуулахын машинч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ** аймаг, ** сум ** баг ** тоотод оршин суух, урьд 2001 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2-д зааснаар хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх У овгийн Н-ийн Э-./ ФЖ *******/

Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-ний өдөр ** аймагт төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин мэрэгжилтэй, ** ХХК-ийн Дулаан цахилгааны төвд зуухны хэсэгт цэвэрлэгч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ** аймаг, ** сум ** баг ** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б овгийн А-ийн Э-./ ФД********/

                                                         Үйлдсэн гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Э- нь 2016 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын *** багийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотын үүдэнд хувийн таарамжгүй харьцааны улмаас А.Э-ыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар,

Шүүгдэгч А.Э- нь 2016 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр хорооллын 20 дугаар байрны 1 дүгээр орцонд хувийн таарамжгүй харилцааны улмаас Н.Э-ыг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан  хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

       Шүүгдэгч Н.Э- нь 2016 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын *** багийн нутаг дэвсгэрт байрлах *** тоотын үүдэнд хувийн таарамжгүй харьцааны улмаас А.Э-ыг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан,

      Шүүгдэгч А.Э- нь 2016 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр хорооллын 20 дугаар байрны 1 дүгээр орцонд хувийн таарамжгүй харилцааны улмаас Н.Э-ыг зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.Үүнд :

1.  Шүүгдэгч Н.Э- шүүхийн хэлэлцүүлэгт: А.Э- О-ыг авч явах гэхээр нь авч явж яах юм бэ? энд хонуул гэж би хэлснээс болж бид 2 маргалдсан. Э- гарч явах гэж байхдаа хаалгааны гадна зогсоод намайг гараад ир пизда минь гээд байсан. Тэгэхээр нь би очоод түүний нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохисон. Тэр үед манай хамт олон салгаад намайг аваад явсан. Гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэв.

2.  Шүүгдэгч А.Э- шүүхийн хэлэлцүүлэгт: Тухайн өдөр арга хэмжээ тараад Э-ын очиж архи уусан. Тэгээд О-ыг би авч явах гэснээс болж Э-тай маргалдаж зодолдсон нь үнэн. Энэ хүний биед хүндэвтэр гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний  зардалд 3 500 000 төгрөг төлсөн гэв.

3. Хохирогч Н.Э- шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:  Миний биед хүндэвтэр гэмтэл учирсан. Хохиролд 3 500 000 төгрөг авсан. Одоо гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэв.

     4. Хохирогч А.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт:  Надад хөнгөн гэмтэл учирсан. Н.Э-тай сайн дураараа эвлэрч байгаа, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

          5. Гэрч  Я.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Нөгөө хэд архиа ууж байгаад Э- О-ыг манай гэрт унтуулна, Э- О-ыг авч явна гэж хоорондоо маргалдсан. Э- хувцасаа өмсөөд хаалганы гадаа гарч зогсоод хаалга дэлгэж барьж байгаад Э-ыг гараад ир гээд байсан. Гэтэл Э- гэнэт ухасхийж очоод Э-ын нүүр рүү 3 удаа цохисон. Тэгтэл Э- шалан дээ унасан. Тэр үед бид нар тэр хоёрыг салгаж авсан гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/

     6. Гэрч Г.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Э- ах түрүүлээд гэртээ харина гээд хувцасаа өмсөж байсан. Гэтэл юунаас болсныг мэдэхгүй Э-, Э- нар маргалдаад Э- нь хаалганы гаднаас Э-ыг гараад ир гээд байсан. Тэгтэл Э- нь гэнэт ухасхийж очоод Э-ыг 2-3 удаа цохисон. Яг хаана нь цохисоныг хараагүй. Тэр үед бид нар тэр 2-ыг салгасан. Э- шалан дээр унасан байсан бөгөөд би очоод түүнийг босгож байхад нөгөө хэд гарч яваад О- унтаагаараа үлдсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 24 талд/

       7. Гэрч Б.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Э- хаалганы гадна зогсоод Э- ахыг гараад ир хөөе гээд маргалдаж байсан. Тэд нар руу ойртоод боль юу болоод байгаа юм бэ? гэсэн чинь Э- хаалганы гаднаас Э-аа гараад ир гээд өдөөд дуудаад байсан. Тэгтэл Э- ах ухасхийгээд У-ыг түлхэж гэрээс гараад Э-ыг 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь У, Х ах бид гурав Э-ыг салгаж авсан. Д, Э-ыг салгаж авсан гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/

  8. Гэрч Б.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Нэг харсан чинь Э- нь хаалганы гадна хаалга дэлгээд барьчихсан Э-ыг гараад ир хоёулаа үзье гээд байсан. Э- ухасхийж гараад Э-ыг хэд хэд цохиод авах шиг болсон. Яг хаана нь хэдэн удаа цохисоныг нь тодорхой хараагүй. Бид нар Э-, Э- нарыг салгасан гэх мэдүүлэг /хх-ийн 31 тал/

9. Гэрч Ж.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...шөнө 04 цаг өнгөрч байхад нөхөр маань өөрөө гэрийнхээ хаалгыг түлхүүрдээд гэртээ орж ирсэн. Гэртээ орж ирээд шууд угаалгын өрөө рүү орсон. Би сэрүүн байсан учир яасан юм бол гээд араас нь орсон чинь нүүр, зүүн хацар, шанаа нь хавдсан, түүний өмсөж явсан хувцас нь нил цус болсон байсан. Тэгэхээр нь яасан юм бэ? гэсэн чинь хамт ажил хийдэг хүнтэйгээ муудалцаад салаад явсан юм. Нөгөө хүн маань утсаар яриад уулзъя гэхээр нь уулзсан чинь намайг зодчихлоо гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/

10. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №845 дугаартай дүгнэлт “...1. А.Э-ын биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, алимны салстад цус хуралт, зүүн нүдний алимны доргилт, доод уруулын дотор талд шарх үүсчээ. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчэлээр үүсгэгдэх боломжтой байна. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 5. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй шинжээч эмч Ч.Буянзаяа гэсэн дүгнэлт / хх-ийн 44  талд /

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар 02-ны өдрийн 16214 дугаартай 1. Н.Э-ын биед зүүн хацар яс, хоншоор яс, зүүн нүдний ухархайн дотор, доод гадна ханын хугарал, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамар, зүүн хацар, шанаа чамархайд зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт шарх, зүүн нүдний алимны салстад цус хуралт, эрүүний зүүн талд тархмал цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний явцаас хамаарна. 5. Дээрх гэмтэл нь хэрэг, учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэсэн дүгнэлт /хх-ийн 49 тал/

   Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

   Шүүгдэгч Н.Э-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, А.Э-ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож тэдэнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

      Хохирогч А.Э- нь миний биед хөнгөн гэмтэл учирсан. Н.Э-т гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, сайн дураараа эвлэрч байгаа гэж мэдүүлж байх тул  шүүгдэгч Н.Э-т холбогдох  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгч А.Э-т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчид учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж түүнийг заавал нийгмээс тусгаарлах шаардлагагүй гэж үзлээ.

     Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн болон иргэний бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 283, 284, 285, 286, 290-299 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

                                                                       ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч У овгийн Н-ийн Э-ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овгийн А-гийн Э-ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д заасныг баримтлан Н-гийн Э-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч А.Э-ыг 1 /нэг/  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч А.Э-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй, эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

           6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч А.Э-т оногдуулсан 1/нэг/ жилийн хорих ялыг тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар ялтан А.Э-т  хяналт тавихыг цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ