Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 425

 

 

 

 

 

 

 2020               4               7                                          2020/ДШМ/425

 

 

Х.М-, Э.М- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эсэн,

шүүгдэгч, хохирогч Э.М-, түүний өмгөөлөгч Т.Мөнхсүлд,

шүүгдэгч, хохирогч Х.М-, түүний өмгөөлөгч Ч.Болдбаатар, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батболор даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч, хохирогч Х.М-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.М-, Х.М- нарт холбогдох эрүүгийн 1910020330786 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Чойжилжав овгийн Э.М, 19... оны .... дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, .......... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ...........хамт .............. дүүргийн ........ дугаар хороо, ............... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .............../;

            Боржигон овгийн Х.М, 19..... он.... дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, ..............боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ......... дүүргийн ............ дугаар хороо, ....... дүгээр хороолол, ................ тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .................;

            Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 345 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж уг ялыг мөн хугацаагаар тэнсэн харгалзсан.

            Э.М-, Х.М- нар нь 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19-ийн үйлчилгээний төвийн ард байрлах автомашины зам дээр хоорондоо маргалдан зодолдож бие биедээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.М-, Х.М- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Э.М-, Х.М- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.М-, Х.М- нарыг 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.М-, Х.М- нарт оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Э.М-, Х.М- нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-аас 363.000 төгрөг гаргуулж хохирогч Х.М-т олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Э.М-, Х.М- нар сануулж, Э.М-, Х.М- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч, хохирогч Х.М- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Э.М-д гар хүрээгүй, харин ч зодуулсан байтал анхан шатны шүүх намайг Мөнхзулыг цохиж харилцан зодолдсон мэт буруу дүгнэж, намайг буруутгаж шийтгэл оногдуулж байгаад гомдолтой байна. Намайг буруугүй болохыг тогтоож цагаатгаж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч, хохирогч Х.М-ын өмгөөлөгч Ч.Болдбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг дутуу үнэлсэн байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж хуульчилсан. Яагаад төсөөтэй хэрэглэсэн гэж үзээд байна гэхээр шинжээчийн дүгнэлтээр хохирол гэж тогтоосон зүйл байхгүй, гэмтэл гэж тогтоосон. Хохирол гэж тодорхой хэмжээний үнэлгээ заагдсан зүйлийг хэлнэ. Тэгэхээр энэ хөнгөн хохирол гэдэг нь хэдэн төгрөг юм бэ, яаж үнэлэх вэ. Энэ нь Эрүүгийн хуультай зөрчилдөж байна. Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуульд “гэмтэл” гэдэг ойлголт байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлд “гэмтэл учруулсан бол” гэж заасан. Шинжээчийн дүгнэлтэд гэмтлийн зэрэг гэж баримталсан байна. Тэгэхээр 2 өөр ойлголтыг төсөөтэй хэрэглэж байгаа нь буруу, ерөнхий ангитайгаа зөрчилдөж байна. Хэрэв ийм тохиолдол гарвал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү эргэлзээг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх боломжтой. Өмгөөлөгчийн зүгээс Х.М-ын үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй гэж үзэж байна. Учир нь, Х.М-, Э.М- нар нь 20 насны зөрүүтэй хүмүүс. Бие бялдрын хувьд харилцан адилгүй. Хэргийн бодит байдлаас харахад Э.М- нь Х.М-ын хоолойг боож байгаад хөмсгийг нь зад цохисон байсан. Тэгэхээр нөгөө хүн нь яаж хариу үйлдэл үзүүлэх вэ. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж” гэх хүндрүүлэх зүйлчлэлд хамаарахгүй юм уу. Үүнийг анхан шатны шүүх дүгнэсэнгүй. Ямар нэгэн хүчинд автсан тохиолдолд тодорхой хэмжээний хариу үйлдэл үзүүлсэн байх магадлалтай. Өөрөөр хэлбэл, хоолой боогдох үед сарвалзах гэх мэтээр хөдөлгөөн хийсэн байх магадлалтай. Үүнийг нь “намайг цохиж гэмтэл учруулсан” гэж үзээд байна. Мөн хэрэгт мэдүүлгийн зөрүү маш их байна. Гэтэл анхан шатны шүүх дүгнэхдээ мэдүүлгийн зөрүү байхгүй гэж дүгнэсэн. Х.М- нь хэрэг гарсан тухайн өдрөө мэдүүлэг өгсөн байхад, Э.М- нь 5 хоногийн дараа очиж мэдүүлэг өгсөн. Тухайн үед өгсөн мэдүүлгээс харахад “миний тархи, толгой өвдчихлөө, хөдөлчихлөө” гэх мэдүүлэг байдаггүй, “шүүх эмнэлэгт үзүүлнэ” гэх мэдүүлэг л байдаг. Тэгэхээр тухайн 5 хоногт тархи, толгой нь өвдөөд эмнэлэгт үзүүлэхгүй яваад байсан уу гэдэг эргэлзээтэй. Мөн шүүх хуралдаанд шинжээч эмч биечлэн оролцсон. Тэгээд “MRI-д үзүүлээд ир” гээд явуулчихаад MRI зураггүй дүгнэлт гаргачихсан байсан. Шүүхэд гаргаж өгч байгаа баримтуудыг харахад нотлох баримтын шаардлага хангаагүй, нотлох баримтууд маш эргэлзээтэй байна. Энэ эргэлзээг шүүх дүгнэж үзэх ёстой байсан. Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь үнэн бодитой шалгасан гэсэн боловч дутуу шалгасан зүйл маш их байна. Жишээ нь: 2 өөр шинжээч 2 өөр дүгнэлт гаргахдаа дүгнэлтэд бичигдсэн бүх үг, өгүүлбэр адилхан байсан. Гэхдээ нэг л шинжээч нь тархи хөнгөн гэмтэлтэй гэж гаргаад, нөгөөх нь хөнгөн гэмтэлтэй гэж гаргаагүй байсан. Үүнийг шүүх хуралдаан дээр шинжээч эмч тайлбарлахдаа “би худал дүгнэлт гаргаагүй” гэсэн. Гэтэл тэр хүнд “худал дүгнэлт гаргасан уу” гэх асуулт ердөөсөө тавиагүй. Энэ байдлуудаас харахад анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдалд дүгнэлт хийж чадаагүй байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр Э.М- ямар ч эмчилгээ хийлгээгүй болохоо мэдүүлсэн. Тэгэхээр Х.М- нь ямар нэгэн хохирол учруулаагүй болох нь тогтоогдож байна. Иймд Х.М-ыг энэ хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч, хохирогч Э.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би анхан шатны шүүх хуралдаан дээр яагаад 5 хоногийн дараа очиж үзүүлсэн, юу болсныг тайлбарлаж байсан. Тэр үед Х.М- нь миний толгой руу нэлээн хэдэн удаа цохисон. Намайг төв замаар явж байхад урдуур дайрч орж ирээд тормозлохоор нь би эгнээ байраа солиход дахин урдуур орж ирж тормозлосон. Тэгэхээр нь би зогсоод “та яаж байгаа юм бэ” гэсэн чинь над руу дайраад толгой руу цохихоор нь би гарыг нь бариад шахалцаж зогссон. Тэр үед гэрлэн дохио улаан ассан байсан учир тэнд байсан жолооч нар “та 2 болиоч, яваач” гээд орилолдсон. Гэрлэн дохио ногоон асах үед бид 2 тус тусын машиндаа суугаад явсан. Тэр үед Х.М- дахин миний урдуур хөндөлсөж зогсоод машинаасаа бууж ирээд намайг цохих гээд дайраад байсан. Тэгэхээр нь би зөрүүлээд цохисон. Тэгээд Х.М- шалаанзны жолооч намайг зодчихлоо гээд цагдаа дуудсан. Цагдаа ирээд Х.М-ыг аваад явсан. Би машинаа зогсоол дээр нь тавьчихаад орой нь очсон. ...” гэв.

            Шүүгдэгч, хохирогч Э.М-ын өмгөөлөгч Т.Мөнхсүлд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх гэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тодорхой ажиллагаануудыг эрх бүхий байгууллагаас хийдэг. Х.М- нь гэм буруутай болох нь хэд хэдэн нотлох баримтаар тогтоогдож байна. Нэгдүгээрт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан шинжээчийн дүгнэлт. Үнэхээр Х.М- нь хор, хохирол учруулаагүй байсан бол дахин шинжээч томилуулах эрхтэй байсан. Үүнтэй холбоотой хүсэлт, тайлбар гаргаагүй нь Э.М-д тодорхой хэмжээгээр хор хохирол учруулсан болохыг харуулж байна. Өмгөөлөгч Ч.Болдбаатараас хор уршиг, хөнгөн зэргийн гэмтэл хоёрыг үнэлэх ямар шалгуур байна вэ гэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмтлийн зэрэгтэй холбоотой асуудлыг Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан аргачлалын дагуу тогтоодог. Хөнгөн зэргийн гэмтэл тухайн үед үүсэх боломжтой гэж шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээчийн дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлт нь үгүйсгэгдээгүй. Хэрэв үгүйсгэгдсэн байсан бол цагаатгах талаар дүгнэж болох байсан байх. Энэ нөхцөл байдлаас харахад замын хөдөлгөөнд оролцогчдын тэвчээргүй, хүлээцгүй, хүндэтгэлгүй байдгийн тод жишээ болсон байна. Нэг нь эгнээ байр буруу сольж том машины урд орсноос хоорондоо маргалдаж, барьцалдаж авсан. Хэрэв өнөөдөр хууль, шүүхийн байгууллагаар явахгүй гэж бодож байсан бол тухайн үедээ энэ хүмүүс хууль хяналтын байгууллагад хандалгүй, учраа ололцож болох байсан. Энэ эрхээ эдлээгүй байж “энэ хүн намайг цохисон. Би цохиогүй” гэх мэтээр өөрийгөө өмгөөлж байгаа нь зохимжгүй байна. Энэ нийгэмд амьдарч байгаа бол хуулийг дагаж, хууль ёсны дагуу үйлдэл хийх ёстой. Иймээс давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ... “ гэв.

            Прокурор Г.Эсэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч, хохирогч Х.М-ын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж зааснаар хохироод байгаа үр дагавар нь хохирол юм. Тэгэхээр үүнд эргэлзээ байхгүй.  Мөн өмгөөлөгч Ч.Болдбаатарын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж” гэдэг хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй гэж байна. Энэ хавтас хэргийн хувьд бие хамгаалж чадахгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн мэдүүлгүүд хоорондоо зөрж байна гэж байна. 2 шүүгдэгч өөрсдийн эрх зүйн байдлын болон хууль сануулсан эрхийнхээ хүрээнд мэдүүлж байгаа тул заавал энэ хоёрыг нэгтгэх шаардлагагүй. Тэгэхээр үүнд давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулсан. Тэгэхээр шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ байхгүй. Мөн энэ эмчилгээ хийлгээгүй юм чинь гэмтээгүй гэж ярьж байна. Прокурорын зүгээс Х.М-, Э.М- нарыг хүний биед хөнгөн хохирол учруулсан гэж зүйлчилсэн. Хөнгөн хохирол гэдэг нь 21 хоног ба түүнээс доош хугацаанд өөрөө эдгэрэх боломжтой гэмтэл байдаг. Тэгэхээр эмчилгээ хийлгээгүй юм чинь гэмтээгүй гэж үзэх нь үндэслэлгүй байна. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

            Э.М-, Х.М- нар нь 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19-ийн үйлчилгээний төвийн арын автомашины зам дээр хоорондоо маргалдан зодолдож, бие биедээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            Х.М-ын хохирогчоор өгсөн “... машинаасаа буутал намайг хоолойноос боож шахсан. ...нөгөө залуу араас ирээд үгийн зөрүүгүй зүүн шанаа руу 3 удаа цохиж хөл рүү хавсарж унагаагаад босож ирэнгүүт баруун хөмсөгөн тус газар нэг удаа цохиж сэтэлж гэмтээсэн. ...” /хх-11/,

            Э.М-ын хохирогчоор өгсөн “... нөгөө хүн машинаасаа бууж ирээд намайг шууд заамдаж аваад чи муу яаж яваад байгаа юм... чамайг ална хядна гэж хэлээд миний толгой руу гараараа нилээн хэдэн удаа цохьсон. ... гартаа төмөр атгачихаад миний машинд орж ирээд энүүгээр чамайг цохиж ална гээд дайраад байхаар нь би суудлын хажууд байсан отверка аваад ...буцаагаад отверка шидчихсэн чинь тэр ахиад над руу дайраад... ноцолдож байхдаа нүүрлүү нь нэг удаа цохьсон чинь газар унасан. Тэгээд тэр хүн босоод ирсэн чинь тэр хүний хөмсөгнөөс цус гарч байсан. ...” /хх-16/,

            яллагдагчаар өгсөн “... Би Мөнхбаярын нүүр лүү нэг удаа цохьсон чинь хөмсөгнөөс нь цус гарсан юм...”

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн “... Э.М-ын биед тархи доргилт, баруун шанаанд шалбаралт, баруун гарын шуунд цус хуралт, баруун чамархай, дагзны хуйханд хаван хавдар гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээч эмчийн дүгнэлт /хх-25/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн “... Х.М-ын биед баруун зовхинд шарх, цус хуралт, зулгаралт, баруун алимны салстад цус хуралт, баруун тохой, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг биш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна.” /хх-27/ гэсэн шинжээч эмчийн дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Х.М-, Э.М- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ

Шүүгдэгч Х.М-, Э.М- нар нь харилцан хүч хэрэглэсний улмаас бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч Х.М-, Э.М- нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, учруулсан хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс тус бүр 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.М- нь “Э.М-д гар хүрээгүй, харин ч зодуулсан тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хариуцуулан дүгнэхэд түүнийг гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Гэмт хэрэг үйлдэгдсэн байж болох нөхцөл байдлыг цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгах явцад Э.М-ын биед тархи доргилт, баруун шанаанд шалбаралт, баруун гарын шуунд цус хуралт, баруун чамархай, дагзны хуйханд хаван хавдар бүхий хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон, уг гэмтлийг Х.М- учруулсан болохыг ямар нэг эргэлзээгүй төрүүлэхгүйгээр хангалттай тогтоожээ. 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, хохирогч Х.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/71 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, хохирогч Х.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөл сөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧ                                                                                    Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ