| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Амгалангийн Насандэлгэр |
| Хэргийн индекс | 128/2017/0198/3 |
| Дугаар | 128/ШШ2017/0428 |
| Огноо | 2017-06-02 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2017/0428
2017 оны 06 сарын 02 өдөр Дугаар 128/ШШ2017/0428 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5 дугаар” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.Б.
Хариуцагч: Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын дарга.
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгож, тус газрын жижиг, дунд үйлдвэрлэлийн бодлого, хөгжил хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах” гэх нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Ц.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.Б нь анх Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Үйлдвэр, хөдөө аж ахуйн газарт мэргэжилтнээр, ТЗ-5-4 ангилал,зэрэглэлтэйгээр ажиллаж байсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/644 дүгээр захирамжаар “Монгол Улсын
Засгийн газраас Нийслэлийн Засаг даргын тамгын газар, захирагчийн ажлын албаны бүтцийг шинэчлэн баталсны дагуу дээрх газрын хэрэгжүүлж байсан үйлдвэрлэлийн харилцаатай холбогдсон чиг үүргийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Үйлдвэрлэл, инновацийн газарт шилжүүлсүгэй” гэж шийдвэрлэсний дагуу Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/23 дугаар тушаалаар түүнийг Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газарт 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шилжүүлсэн.
Ийнхүү Ц.Б Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар тус газрын Жижиг, дунд үйлдвэрлэлийн бодлого, хөгжил хариуцсан мэргэжилтний албан тушаалаас “...ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ерөнхий шаардлагыг хангахгүй” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Ц.Б нь Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газарт шилжүүлэн томилогдоод 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Жижиг, дунд үйлдвэрлэлийн бодлого, хөгжил хариуцсан мэргэжилтний албан тушаалыг хашин ажиллаж байсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш уг ажлын байрны тодорхойлолт нь шинээр боловсруулагдан батлагдсан. Дээрх 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг Ц.Бд 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гардуулж өгсөн байдаг.
Дээрх нөхцөл байдлуудаас хархад хуулийн дагуу төрийн албанд томилогдон ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөхийн тулд эрхэлж байгаа албан тушаал, ажлын байрных нь тодорхойлолтыг зориудаар өөрчилж, санаатайгаар тавигдах шаардлагыг нь өндөрсгөж, шаардлага хангахгүй мэтээр харагдуулах гэсэн санаатай байсан нь тодорхой харагдах бөгөөд мөн Төрийн албаны тухай хууль болон бусад хуульд байхгүй үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байна.
Хэдийгээр Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй” гэж заасан боловч Ц.Б нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газарт тус тус ямар ч зөрчил дутагдал гаргалгүй, ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг ханган ажиллаж байтал ажлын байрны тодорхойлолт буюу ажлын байранд тавигдах шаардлага өөрчлөгдсөн гээд мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Хуульд өөрөөр
заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, 24.1.1-т “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, 24.1.2-т “төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн”, 24.1.3-т “өөрийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан” гэж тус тус заасныг зөрчиж ажлаас
чөлөөлөх ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэж заасан төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд эдлэх ёстой нэмэгдэл баталгаа алдагдаж, төрөөс цалин хөлс авч ажиллах эрхийг нь хүртэл илтэд хязгаарласан байна. Учир нь Ц.Б Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газарт шилжин ажиллаж эхэлснээс хойш 12 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх тушаалаа гардан авах хүртлээ цалингүй, ажлаас чөлөөлөх тушаал гарсныг ч мэдээгүй, түүнд байгууллагаас нь ч мэдэгдэлгүй ажиллуулсаар байсан нь хүний эрх, тэр дундаа төрийн албан хаагчийн эрхийг маш ноцтойгоор зөрчиж, хохироосон үйлдэл гаргасан байна.
Түүнчлэн Ц.Быг ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн гол үндэслэл болгосон заалт нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 гэж заасан байх бөгөөд уг заалтын дагуу байгууллагын бүтцийн өөрчлөлт аль хэдийн болж дуусаад ажилд томилсон хойноо дахин энэ заалтыг баримталсан нь хуульд огт нийцэхгүй байхын зэрэгцээ энэхүү тушаал буюу захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан “...сонсгох, мэдэгдэх, санал сонсох” гэх мэт ажиллагааг огт явуулаагүй зэрэг болон дээр дурдсан нөхцөл байдлуудаар хууль бус захиргааны акт болох нь бүрэн нотлогдож байна.
Иймд Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгож, тус газрын жижиг, дунд үйлдвэрлэлийн бодлого, хөгжил хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Ц шүүхэд хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Ц.Б нь анх Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Үйлдвэр, хөдөө аж ахуйн газарт мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/644 дүгээр захирамжаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захирагчийн ажлын албаны бүтцийг шинэчлэн баталсны дагуу дээрх газрын хэрэгжүүлж байсан үйлдвэрлэлийн харилцаатай холбогдсон чиг
үүргийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Үйлдвэрлэл, инновацийн газарт шилжүүлсний дагуу уг газарт шилжин ажиллаж байсан. Гэтэл маргаан бүхий Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний
гардуулан өгч чөлөөлөгдсөн гэдгийг мэдэгдсэн. Ийнхүү Ц.Б нь ажил, үүргээ зөрчил, доголдолгүй хийж байхад нь Төрийн албаны тухай хуульд байхгүй үндэслэлээр албан тушаалаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй байна. Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагч төрийн албанаас халагдах, чөлөөлөгдөх ёстой шаардлагыг зөрчсөн. Хэдийгээр Төрийн албаны тухай хуульд заасан ерөнхий болон тусгай шаардлагыг хангах ёстой гэсэн шаардлага тавигддаг хэдий ч Ц.Баас энэ нөхцөл байдал нь үл хамаарна. Төрийн захиргааны байгууллагаас хамааралтайгаар буюу ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдсөн гэдэг үндэслэлээр албан тушаалаас чөлөөлөгдөж байгаа нь үндэслэлгүй. Ажил нь өөр байгууллагад шилжсэний дараа ажлын байрны тодорхойлолт шинээр боловсруулагдсан гэдэг үндэслэлээр ажил, албан тушаалаас чөлөөлөгдөх үндэслэл байхгүй.
Хоёрдугаарт маргаан бүхий захиргааны актыг гаргахад Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгох, оролцогчийн эрхийг хангах, санал, гомдол, тайлбар сонсох ажиллагаа огт хийгдээгүй. Учир нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гарсан тушаал гарсан хэдий ч хэрэгт авагдсан сонсгох ажиллагааны тэмдэглэлийг үзэхэд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гарсан нь тогтоогдож байна. Иймд сонсгох ажиллагааг маргаан бүхий захиргааны акт гарахаас өмнө нь хийх ёстой байтал маргаан бүхий акт гарсанаас хойш 20 гаруй хоногийн дараа сонсгох ажиллагаа хийж байгаа нь үндэслэлгүй байна.
Төрийн захиргааны байгууллага бүтцийн өөрчлөлтөд орж албан тушаал цөөрсөн тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.заалтыг баримтлах ёстой. Маргаан захиргааны актын хууль зүйн үндэслэлдээ энэ заалтыг баримталсан байгаа нь хуульд нийцэхгүй байна. Ц.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажил, албан тушаалаа хэвийн үргэлжлүүлж байсан боловч энэ хугацааны цалин, хөлс нь олгогдоогүй. Маргаан бүхий тушаалаар 3 сарын тэтгэмж олгохоор заасан боловч тодорхой шалтгаанаар одоо болтол олгогдоогүй.
Эдгээр үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны акт нь хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдож байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 08 тоот “Нийслэлийн засаг даргын тамгын газар, захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай” захирамж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/635 тоот “Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарын батлах тухай” захирамжаар газрын бүтцийг 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталсан. Энэхүү захирамж гарсны дараагаар Нийслэлийн Засаг даргын А/774 тоот захирамжийн хавсралтаар “Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дүрэм”-ийг баталсан юм. Тус газар нь дүрэмтэйгээ уялдуулан газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/02 тоот тушаалаар газрын бүтэц орон тоог 3 хэлтэстэйгээр баталж, /Захиргааны хэлтэс, Бодлого төлөвлөлтийн хэлтэс, Инновацийн хэлтэс/ үүнтэй уялдуулан төрийн албаны зөвлөлийн 2004 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 34 тоот “Загвар, заавар батлах тухай” тогтоолын дагуу ажлын байрны тодорхойлолт боловсруулагдсан. Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Үйлдвэр Хөдөө Аж ахуйн газар /хуучин нэрээр/ нь 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын А/644 тоот “Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамжаар Үйлдвэр Хөдөө Аж ахуйн газар нь бүтцийн өөрчлөлтөд орсон юм. А/644 тоот захирамжийн 2 дугаар зүйлийн 2.2-т “зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтөөр үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдад холбогдох хууль тогтоомжийн дагуу нэг удаагийн тэтгэлэг олгож, нийгмийн даатгалын болон татварын байгууллагуудтай тооцоо хийж дуусгах"-ыг Хүнс хөдөө аж ахуйн газрын даргад даалгасан. Гэвч Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/23 тоот тушаал нь албан хаагчдыг чөлөөлөх тухай бус албан хаагчдыг шилжүүлэх тушаал гаргасан юм. Ийм байдлаар захирамжийн зохих хэсгийг биелүүлэхгүй байгаа Хүнс, хөдөө аж ахуйн газарт Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газраас 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 01/35 дугаар албан тоот, 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 01/41 дүгээр албан тоотуудаар албан хаагчдыг нэг бүрчлэн чөлөөлсөн захирамж гаргаж ирүүлэх тухай албан бичгүүдийг хүргүүлсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын дарга нь А/644 тоот захирамжийн З дахь заалт “Энэ захирамжийн 2.1-д заасны дагуу
шилжин ирж байгаа албан хаагчдыг мэргэжил, мэргэшлийн дагуу байршуулан ажиллуулахыг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Үйлдвэрлэл, инновацийн газрын даргад даалгасугай” гэсний дагуу мэргэжил, мэргэшлийн дагуу байршуулан томилсон болно. Гэвч Б/23 тоот тушаалаар шилжин ирсэн Ц.Б нь Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын боловсруулсан
Жижиг, дунд үйлдвэрлэлийн бодлого, хөгжил хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод мэргэжил, мэргэшлийн хувьд тохирохгүй байх тул газрын дарга чөлөөлөх тушаал гаргасан болно. Жижиг дунд үйлдвэрлэлийн бодлого, хөгжил хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг боловсруулахад Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын З.В-д “Мэргэжил” гэсний арын “Чухал шаардлагатай” гэсний доорх зайд тухайн албан тушаалыг үр дүнтэй эрхлэхэд зайлшгүй шаардагдах мэргэжлийг “эрх зүйч”, “багш”, “хүний эмч” гэх мэтээр, “Шаардлагатай” гэсний доорх зайд “Эдийн засагч”, “Сэтгэл зүйч” гэх мэтээр тус тус бичнэ” гэж, мөн “Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “мэргэжил” гэж тодорхой ажил, хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадлын цогцыг; мөн хуулийн 4.1.5-д “мэргэшил” гэж тодорхой мэргэжлийн хүрээнд ажил гүйцэтгэхэд шаардагдах мэргэжлийн мэдлэг, чадвар, дадлын түвшинг; гэж тодорхойлж заасан байгаа нь энэхүү албан тушаалыг эрхлэх болзол хангагч нь эдийн засагч, жижиг дунд үйлдвэрлэлийн мэргэжилтэй хүн байхыг шаардаж байгаа юм. Ц.Б нь Орхон Их сургуулийг Солонгос хэлний орчуулагч мэргэжлээр 2009 онд /0200907597/ хэл шинжлэлийн ухааны бакалаврын зэрэг авсан нь энэхүү албан тушаалыг хаших мэргэжлийн шаардлагыг хангахгүй байна.
Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газарт Ц.Быг томилсон тушаал байхгүй байгаа нь түүнийг ажилласан гэж үзэх эрх зүйн үндэслэл байхгүй болно. Харин Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын даргын 2016 оны Б/21 тоот “Төрийн жинхэнэ албан хаагчийн ажил үүргийг шилжүүлэх тухай” тушаалаар Ц.Быг дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан үүргээс чөлөөлж, үйлдвэрлэлийн хэлтэст Жижиг дунд үйлдвэрлэлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилсон шийдвэр нь мэргэжлийн бус хүнийг томилсон, мөн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/635 тоот “Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлах тухай" захирамжийн гарснаас 1 хоногийн дараа шилжүүлэн томилсон байгаа нь маш богино хугацаанд томилсон байна. Мөн нэхэмжлэлд дурдсан төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн
27.2.1 дэх төрийн албан хаагчийг халах зохицуулалт, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар нь төрийн албан хаагчийг чөлөөлөх зохицуулалтыг эрх зүйн үндэслэл болгож чөлөөлөх тушаал гаргасан болохыг газрын даргын 2016 оны Б/09 тоот тушаалаас харж болохоор байна. Мөн Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар нь Ц.Быг томилох боломжгүй тухай сонсох ажиллагааг Захиргааны
ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-д заасны дагуу биечлэн уулзалт хийж протокол хөтөлсөн болно. Харин нэхэмжлэлд дурдсан мэдэгдэх ажиллагааг бүтэц, орон тоо нь өөрчлөгдөж буй Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар хийхийг Хөдөлмөрийн тухай хуульд тодорхой заасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 11 дүгээр сарын цалинг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар нь нэхэмжлэгчийн ажил олгогч биш тул цалин болон түүнтэй холбоотой асуудлыг ажил олгогч гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн
“3.1.1-д ”ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг” буюу ажилд томилсон байгууллагаас нэхэмжлэх нь зүйтэй юм. Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гарсан тушаалыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гардуулсан тухайд Үйлдвэрлэл, инновацийн газар нь шинээр үүсгэн байгуулагдсан тул газрын зохион байгуулалтын ажил болон тамга тэмдэг хийлгэх, захиалах, хэвлэмэл хуудас хийлгүүлэх зэргээр манай газраас шалтгаалахгүйгээр хүндэтгэн үзэх шалтгаан байсан тул тушаалыг албажуулах асуудал нь удсан болно. Үүнийг өөрт нь хэлж гардаж авсан өдрөөр нь гарын үсэг зурж, хүлээлгэн өгсөн. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн албан хаагчдын цагийг бүртгэх бүртгэлийн систем байгаагүй, цалингийн цэсээр цалин ороогүй зэрэг нь Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар Ц.Б нарын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй болно.
Ажлын байрны тодорхойлолтыг өөрчилж, шинээр ажлын байрны тодорхойлолт боловсруулах эрхтэй эсэх тухайд: Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 08 тоот “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай” захирамж, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн А/635 тоот “Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарын батлах тухай” захирамжаар газрын бүтцийг 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталсан. Үүнийг ч Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/774 тоот захирамжийн хавсралтаар баталсан “Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн
газрын дүрэм”-ийн 2 дугаар зүйлд газрын даргын эрхийг тодорхойлж өгсөн нь бие даасан байгууллага болохыг тодотгон харуулж байна. Иймд бие даасан байгууллага болохынхоо хувьд бие даасан бүтцээ батлах, ажлын байрны тодорхойлолтоо шинээр боловсруулах, албан хаагчдыг томилох нь зүйн хэрэг юм. Тиймээс Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар /хуучин бүтцээр/ ирсэн албан тушаал, ажлын байрны тодорхойлолтыг дагаж мөрдөх гэсэн үг биш юм.
Ажлын байрны тодорхойлолт боловсруулсан тухайд: Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн” гэжээ.
Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын 2 хавсралтаар батлагдсан ажлын байрны тодорхойлолт боловсруулах зааврын 3 дугаар зүйлд
Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт боловсруулах ажлын зорилго нь мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшлийн бэлтгэл, ур чадвар, туршлагын хувьд Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйл, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 48 дугаар зүйлийн 48.1-д заасан шаардлагыг хангасан, төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэшлийн өндөр төвшинд хэрэгжүүлэх чадавхтай ажилтныг шилж сонгоход оршино.”, 9 дүгээр зүйлд “Ажлын байрны тодорхойлолтыг “Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт”-ын загвар, энэхүү зааврын дагуу боловсруулна.” гэсэн нь төрийн албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг боловсруулахад энэхүү заавар нь голлох эрх зүйн баримт бичиг болох юм. Энэ ч утгаараа тухайн албан хаагчид бус тухайн ажлын байран дээр боловсруулдаг болох нь маш тодорхой харагдаж байна.
Үүнийг ч тус тогтоолын 4 дүгээр зүйлд “ажлын байрны тодорхойлолтыг ажил эрхлэгчид тохируулах бус тухайн байгууллагын зорилт, чиг үүргийг үр ашиг, үр нөлөөтэй хэрэгжүүлэх шаардлагатай нийцүүлэн ажлын байрны шинжилгээ, үнэлгээний үр дүнд тулгуурлан боловсруулна.” гэж заасан байгаа нь газар өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх төвшинд шаардлага тавихыг тодорхой зааж өгсөн байгаа юм. Тиймээс тус газар нь энэхүү зааврыг үндэслэл болгож, газрын чиг үүргийг хэрэгжүүлж чадах, тухайн ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг тавьж ажлын байрны тодорхойлолт боловсруулсан болно.
Иймээс нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлээс бүхэлд татгалзаж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Б Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж тус газрын Жижиг, дунд үйлдвэрлэлийн бодлого, хөгжил хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааны явцад буюу 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “..нэхэмжлэгч Ц.Быг Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газрын Жижиг, дунд үйлдвэрлэлийн бодлого, хөгжил хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох” гэсэн хэсгийг “...Ц.Бын урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд томилохыг даалгуулах” гэж өөрчилжээ.
Шүүх нэхэмжлэгчийн Нийслэлийн үйлдвэрлэл инновацийн газрыг хариуцагчаар тодорхойлж нэхэмжлэл гаргасан шаардлагын хүрээнд дараахь
үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах гэсэн хэсгийн заримыг хангаж нэхэмжлэлийн шаардлагын үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.Б анх Нийслэлийн Үйлдвэр, Хөдөө аж ахуйн газрын (хуучин нэрээр) Захиргааны хэлтсийн Дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн тус газрын даргын “Төрийн жинхэнэ албан хаагчийн ажил үүргийг шилжүүлэх тухай” Б/21 дүгээр тушаалаар Үйлдвэрлэлийн хэлтсийн Жижиг дунд үйлдвэрлэлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогджээ.
Дээрх тушаалаар Ц.Быг жижиг дунд үйлдвэрлэлийн асуудал эрхэлсэн мэргэжилтнээр томилохдоо “...мэргэжлийн түвшингээр сонгон шалгаруулалт хийгдээгүй..” тухай Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүнс хөдөө аж ахуйн газрын 2017 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн 01/164 дүгээр албан бичгээр тодорхойлж ирүүлжээ.
Тодруулбал нэхэмжлэгчийг дээрх тушаалаар Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын (хуучин нэрээр) даргын 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр баталсан Жижиг дунд үйлдвэрлэлийн асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын “Мэргэжил” гэсэн үзүүлэлтийн “Үйлдвэрлэлийн менежмент, инженер эдийн засагч” байх чухал шаардлагыг хангаагүй байхад томилсон нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалттай нийцээгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нэмэгдэл баталгаагаар хангагдана:”, 27.2.1-д “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх;” гэж зохицуулсны дагуу нэхэмжлэгч дээрх хуулийн хүрээнд зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд хамгаалуулах эрхтэй.
Гэхдээ Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн
албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн.”, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий........шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй.” гэж хуульчилснаас үзэхэд маргаан бүхий ажлын байрны тодорхойлолтод заасан “үйлдвэрлэлийн менежмент, инженер эдийн засагч” байх, түүнчлэн энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан мэргэшсэн байх чухал шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газарт ажиллаж байх хугацаандаа буюу 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Монгол улсын төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагч мөн хэдий ч тухайн албан тушаалд тавигдах энэ албан тушаалыг эрхлэх туршлагатай, мэргэшсэн байх шаардлагыг хангасан байх үүрэгтэй байна.
Хариуцагчийн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Ц.Б Жижиг, дунд үйлдвэрлэлийн бодлого, хөгжил хариуцсан мэргэжилтний ажлын байранд тусгагдсан ерөнхий шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/09 дүгээр тушаал хууль зөрчөөгүй.
Нийслэлийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” А/635 дугаар захирамжаар хэрэгжүүлэгч агентлаг Үйлдвэрлэл инновацийн газрыг байгуулжээ.
Шинээр зохион байгуулагдсан Үйлдвэрлэл, инновацийн газар шинээр батлагдсан бүтэц, орон тоо, хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээ уялдуулан ажлын байрны тодорхойлолтыг боловсруулан баталсан нь Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн “Загвар, заавар батлах тухай” 34 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолт боловсруулах заавар”-ын 4-д “Ажлын байрны тодорхойлолтыг ажил эрхлэгчид тохируулах бус, тухайн байгууллагын зорилт, чиг үүргийг үр ашиг, үр нөлөөтэй, хэрэгжүүлэх шаардлагатай нийцүүлэн ажлын байрны шинжилгээ, үнэлгээний үр дүнд тулгуурлан боловсруулна.” гэсэнтэй нийцсэн гэж үзнэ.
Харин Солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй нэхэмжлэгч Ц.Быг Жижиг, дунд үйлдвэрлэлийн бодлого, хөгжил хариуцсан мэргэжилтний ажлын байранд тусгагдсан шаардлагыг хангахгүй гэж үзсэн хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.
Нөгөө талаар Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын хэрэгжүүлж байсан үйлдвэрлэлийн харилцаатай холбогдсон чиг үүрэг Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газарт шилжсэн хэдий ч нэхэмжлэгчийн мэргэжлийн чиглэлийн албан тушаал, ажлын байрны орон тоо байхгүй байгаа нь түүний урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд томилохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.
Учир нь нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрлэлийн бодлого, хөгжил хариуцсан мэргэжилтний ажлын байранд тусгагдсан шаардлагыг хангахгүй байгаагийн нэгэн адил бусад мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан нөхцөл шаардлагыг мөн адил хангахгүй байна.
Нэхэмжлэгч Ц.Быг ажлаас чөлөөлсөн маргаан бүхий Б/09 дугаар тушаал 2016 оны 11 дүгээр сарын 02-ний өдрөөр огноологдож, түүнийг энэ өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн хэдий ч бодит байдал дээр энэ тушаал 12 дугаар сарын 01-ний өдөр гарсан байна.
Ц.Быг Нийслэлийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын даргын (хуучин нэрээр) Б/23 дугаар тушаалаар 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлж Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газарт шилжүүлснээс хойш маргаан бүхий Б/09 дүгээр тушаал гарах хүртэл нэхэмжлэгч ажилдаа ирж ажиллаж байсныг хариуцагч үгүйсгээгүй байна.
Хариуцагч ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй үндэслэлээр Ц.Быг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж үзэх үндэслэлтэй хэдий ч түүний 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ны өдөр хүртэл ажилласан 1 сарын цалинг хариуцаж олгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгчид цалин олгоогүй дээрх хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Ажил,.....албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална:”, 35.1.5-д “хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, хэлэлцээ хийхэд......;” гэсэн зохицуулалтад нийцүүлэн мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д “Энэ хуулийн 35.1.5-д зааснаар хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, хэлэлцээ хийх.....тохиолдолд ажилтанд дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно.” гэж заасан зохицуулалтад хамааруулан 1 сарын цалинг хариуцагчаас гаргуулан олгох үндэслэлтэй.
Нөгөө талаар Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3, 27.6-д зааснаар сонсох ажиллагааг хийхдээ нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан хугацаанаас хойно хийсэн боловч энэ нь Үйлдвэрлэл, инновацийн газар шинээр зохион байгуулагдаж байсан явц, техник ажиллгаанаас шалтгаалсан нь нотлогдож байх тул сонсох ажиллагааг хууль зөрчиж хийсэн гэж үзэхээргүй байна.
Түүнчлэн хариуцагч маргаан бүхий ажлын байранд сул орон тоо гарсан гэж үзэж нээлттэй сонгон шалгаруулалт зарласантай нэхэмжлэгч маргаагүй бөгөөд энэ шалгаруулалтад өрсөлдөх боломж түүнд нээлттэй байсан байна.
Ийнхүү дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах гэсэн хэсгийн заримыг буюу нэхэмжлэгчийн 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний олговор олгож нэхэмжлэлийн шаардлагын үлдсэнийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13-д заасныг баримтлан ТОГТООХ нь:
1.Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.2, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5, 64 дүгээр зүйлийн 64.1-д зааснаар хариуцагч Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас нэхэмжлэгч Ц.Бд түүний эрхэлж байсан албан тушаалын 1 сарын дундаж цалин 552,970 /таван зуун тавин хоёр мянга есөн зуун дал/ төгрөгийг олгож, “...Ц.Бын урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц албан тушаалд томилохыг даалгуулах ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР