| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2026/0088/3 |
| Дугаар | 221/МА2026/0210 |
| Огноо | 2026-03-31 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 221/МА2026/0210
“Д” ХХК-ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Т
Гомдол гаргагч: “Д” ХХК
Хариуцагч: Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Т.Л
Гомдлын шаардлага: “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0135376 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 198 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А
Гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Т
Хариуцагч Т.Л
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2026/0088/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч “Д” ХХК-иас Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид холбогдуулан “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0135376 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 198 дугаар шийдвэрээр: “... Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1, 6.15 дугаар зүйлийн 3.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1, 1.3, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12, 4.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.7 дахь заалтыг баримтлан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0135376 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай “Д” ХХК-ийн гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож ...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн өмгөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Хариуцагч нь гомдол гаргагчийг хугацаа дууссан бүтээгдэхүүн, барааг устгаагүй гэж буруутгасан. Гэтэл “Д” ХХК нь өөрөөс хамаарах бүхий л хүчин зүйлс буюу устгах комиссыг томилох, устгах арга хэмжээг авсан болохыг шүүхээс дүгнэсэн. Харин хүн буруутай юу эсхүл хуулийн этгээд буруутай юу гэдэг асуудлаар хариуцагч нь ажиллагаа огт хийгээгүй. Тухайн үед устгалын комиссын ахлагч А.Т гэрчээр асуугаагүй үлдээсэн. Иймд шүүхийн шатанд энэ асуудлаар мэтгэлцсэн боловч шүүхээс уг асуудалд дүгнэлт өгөөгүй нь хэргийг буруу шийдвэрлэхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Гомдол гаргагчийн хувьд 2022, 2023, 2024 онуудад хугацаа дууссан бүтээгдэхүүнийг тус бүр устгах, устгах комиссыг томилж байсан болох нь баримтаар тогтоогдоно. Харин тус комиссын гишүүдийн алдаа, дутагдалд компани хариуцлага хүлээх нь шударга бус юм. Шүүх Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг буруу тайлбарласан ба буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Улсын байцаагч нь зөрчлийн шийтгэлийн хуудас ногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг баримталсан. Энэхүү заалтад “Хууль зөрчиж хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн ... хадгалсан ...” гэж заасан. Гомдол гаргагчийн өмгөөлөгчийн хувьд энэ заалтын улсын байцаагч буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
3.2. Учир нь дээрх заалтад “хууль зөрчиж ... хадгалсан” гэсэн агуулга тусгагдсан. Хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг хадгалахдаа ямар журам, хууль, дүрэм, стандартыг зөрчсөн бэ гэдэг нөхцөл байдлыг улсын байцаагч тогтоохгүйгээр зөрчлийн шийтгэл ногдуулсан. Тухайлбал хадгалахдаа хугацаа дууссан бүтээгдэхүүнтэй хамт хадгалсан уу, зориулалтын бус газар хадгалсан уу гэх мэт зөрчил байгаа эсэхийг тогтоох ёстой. Гэтэл хариуцагч нь манай байгууллагад үзлэг хийхдээ агуулахад үзлэг хийгээгүй. Харин зөвхөн ажилчдын хоол, цайны хэсэгт үзлэг хийсэн нь учир дутагдалтай. Түүнчлэн энэхүү хууль зөрчсөн гэсэн зохицуулалт нь үүрэг болгосон хэм хэмжээ байх ёстой. Улсын байцаагч нь хариу тайлбартаа Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 10.1.1, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3, 9.4, 11 дүгээр зүйлийн 11.1.7 дахь хэсгийг зөрчсөн гэж бичсэн. Гэтэл гомдол гаргагч тал нь эдгээр үүрэг болгосон хэм хэмжээг зөрчөөгүй. Иймд энэхүү үндэслэл нь хуульд нийцэхгүй байгаа юм. Мөн зөрчлийн хэрэгт хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүний бүртгэлийн тайлан, устгалын комисс томилсон тушаал, ажиллагааны үр дүнгийн тайлан зэргийг өгсөн. Харин Нийслэлийн Эрүүл мэндийн газрын улсын байцаагч нь акт гаргахдаа үүнийг харгалзан үзээгүй атал шүүх энэ үйл баримт, хуулийг дутуу ойлгож, буруу тайлбарлан хэрэглэсэн. Манай маргаантай төстэй маргааныг Улсын Дээд шүүхээс 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр шийдвэрлэж, 001/ХТ2020/0328 дугаар тогтоолыг гаргаж байжээ. Энэ тогтоолын хянавал хэсэгт хэд хэдэн дүгнэлт өгсөн. Нэгдүгээрт “... уг заалтыг хэрэглэхдээ хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг хадгалсан л бол зөрчил гэж үзэхгүй, харин хадгалахдаа хууль болон холбогдох дүрэм, журам, стандартыг зөрчсөн бол зөрчилд тооцно” гэж, хоёрдугаарт “... хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг хадгалахыг шууд хориглоогүй, харин хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь холбогдох хууль, журмын дагуу хадгалж, зохих арга хэмжээ авах үүрэгтэй” гэж тус тус дүгнэсэн. Үүнээс харахад шүүхийн хувьд хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байгаа юм. Дээрх тогтоолоор хадгалсан л бол зөрчил гэж үзэхгүй, харин хадгалах явцад хууль болон холбогдох дүрэм, журам, стандартыг зөрчсөн байхыг шаардана. Хариуцагч нь энэ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шүүх үүнийг хянаж чадаагүй. Иймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 198 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
4. Хариуцагчаас гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй байх тул дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
2.1. Гомдол гаргагч “Д” ХХК-иас Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид холбогдуулан “Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0135376 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг гаргажээ.
2.2. Маргаан бүхий Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0135376 тоот шийтгэлийн хуудсаар “Д” ХХК-ийг “хэрэглэх дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн хадгалсан” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
2.3. Улмаар гомдол гаргагчаас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд хандан “... уг хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнүүдийг тухай бүрд устгалд оруулж байсан, устгаагүй оффисын өрөөнд хадгалж байсан нь устгалын ажилтны буруутай үйлдэл, харин манай байгууллагын агуулах, зооринд хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн байхгүй ... ” гэж тайлбарлан маргасан.
2.4. Анхан шатны шүүх “...“хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах нөхцөл шаардлага” гэх ойлголтод хадгалалтын хугацаандаа байгаа бүтээгдэхүүнийг хадгалах нөхцөл шаардлага хамаарах бөгөөд хугацаа дууссан бүтээгдэхүүний хувьд хадгалах нөхцөлийг хууль тогтоомж, стандартаар зөвшөөрч зохицуулахгүй ...” гэж дүгнэн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
3. Тодруулбал, Хүнсний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрд дотоод хяналтыг хэрэгжүүлж, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлыг бүрэн хариуцна”, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шатанд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хариуцах”, 10 дугаар зүйлийн 10.1.1-д “хүнсний сүлжээний бүх үе шатанд энэ хууль, холбогдох дүрэм, журмыг хэрэгжүүлж, буруутай үйл ажиллагааныхаа улмаас учирсан хохирлыг хариуцах” гэж заасан бөгөөд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1. “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийг энэ хуулийн 9.5-д заасан журмын дагуу хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шатанд хөтөлнө”, 9.2-т “Энэ хуулийн 9.1-д заасан бүртгэлийг ашиглан хүнсний сүлжээн дэх эрсдэл гарсан үе шатыг тогтооно”, 9.3-д “Энэ хуулийн 9.1, 9.2-т заасныг хэрэгжүүлсний үр дүнд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтооно”, 9.4-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч энэ хуулийн 9.1-д заасан бүртгэлийг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хэрэглэж дуусах хугацаа дууссанаас хойш 30-аас доошгүй хоногийн хугацаанд, эсхүл хадгалах хугацаа дууссанаас хойш нэгээс доошгүй жилийн хугацаанд тус тус хадгална” гэж зааснаас үзвэл хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг хадгалахыг шууд хориглоогүй бөгөөд харин хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь холбогдох хууль, журмын дагуу зохих арга хэмжээ авах үүрэгтэй байхаар зохицуулсан.
3..1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, гомдол гаргагч “Д” ХХК нь хугацаа дууссан бүтээгдэхүүнүүдийг худалдаалах салбаруудаас татан авч маягт бөглөж, устгалд оруулж байсан нь 2022 оны 11 дүгээр сарын 18, 2022 оны 11 дүгээр сарын 23, 2023 оны 09 дүгээр сарын 25, 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрүүдэд үйлдсэн “Чанарын дотоод хяналт шалгалт хийхэд илэрсэн зөрчлийн тайлан”, “Бүтээгдэхүүн устгалын тэмдэглэл” зэргээр тогтоогдох ба Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж үзвэл тэдгээрийг хүнсний сүлжээнээс буцаан авна.”, 10 дугаар зүйлийн 10.1.4-д “энэ хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ буцаан болон татан авах”, Засгийн газрын 2013 оны 172 дугаар тогтоолоор баталсан “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах тухай журам”-ын 6 дугаар зүйлийн 6.2-д “Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг устгах ажлыг улсын байцаагч, шаардлагатай тохиолдолд хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулан зориулалтын шаардлага хангасан газарт зохион байгуулан устгана. Энэ тухай оролцогч талууд хамтарч акт үйлдэнэ” гэсэн заалтуудтай нийцсэн үйл ажиллагаа явуулсан гэж үзэхээр байна.
3.2. Түүнчлэн гомдол гаргагч “Д” ХХК нь гэрээний дагуу хүнсний бүтээгдэхүүн импортолдог болох нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр тогтоогдож байх тул “хүнсний үйл ажиллагаа эрхлэгч” гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлд заасны дагуу 2502000737 дугаартай зөрчлийн хэрэгт холбогдогчоор татсаныг буруутгахгүй. Харин хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн гэх гоймон, өглөөний хоол, жигнэмэг, цэнэг бэлдмэл зэрэг 5 нэр төрлийн бүтээгдэхүүнийг хадгалсан гэж үзэн шийтгэлийн хуудас оногдуулсан нь мөн хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино” гэж заасан зорилгод нийцээгүй байна.
3.3. Учир нь, дээрх 5 нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, Алтай центрийн 6 давхарт байрлах оффисын байрны ажилчдын цайны өрөөний буланд өрж тавьсан, 1 ажилтны ширээн доороос гарч ирсэн нь тогтоогдох боловч зөрчлийн хэргийн материалд авагдсан гэрч А.А мэдүүлэгт “... Цэнэг бүтээгдэхүүний хувьд лайв хийж байсан А өрөөний ширээн доороос гарч ирсэн ...” гэж, гэрч П.Д мэдүүлэгт “... тус оффисын цайны өрөөнд жолооч, харуулууд өөрсдөө материалаа авч ирж өгөөд хоол хийлгэдэг ... нярав Жаанка хугацаа дууссан гоймон печенийг малд өгөхөөр хөдөө гэр рүүгээ явуулж байгаа гээд надаас хогийн уут авч байсан ... илүү цагаар ажилласан ажилчид гоймонгоор нэг удаа хоол хийж идсэн ...” гэж, Ц.Л гэрчийн мэдүүлэгт “... цэнэг бэлдмэл нь Г.А өөрийнх нь ажлын өрөөнөөс гарч ирсэн, өрөөндөө ганцаараа суудаг ...” гэх зэргээр тус тус мэдүүлсэн байх ба Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 8 дугаар сарын 8.7-д “Буцаан болон татан авсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг мал, амьтны тэжээл, ургамлын бордооны зориулалтаар энэ хуулийн 8.10-т заасан журмын дагуу дахин боловсруулж болно” гэж зааснаар хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүнийг малын тэжээлд зориулан хадгалахыг шууд хориглоогүй байна.
3.4. Өөрөөр хэлбэл, гомдол гаргагчийг тухайн хүнсний бүтээгдэхүүнүүдийг хадгалсан гэж зөрчилд тооцсон үйлдэл нь бусдын эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлөхөөр нийтэд худалдаалах зорилгыг агуулаагүй буюу Зөрчлийн тухай хуульд зааснаар аливаа байдлаар шууд хохирол учруулах зорилгоор хадгалсан гэж үзэхээргүй байх тул энэ талаарх хариуцагчийн тайлбарыг шүүх хүлээж авах боломжгүй.
3.5. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна”, 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “хэрэглэх дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн хадгалсан” гэж,
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна” гээд 1 дэх хэсгийн 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”, 1.3-д “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэж тус тус зохицуулсан байх ба гомдол гаргагч “Д” ХХК-ийн хувьд тухайн 5 нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг нийтэд борлуулахаар оруулж ирсэн боловч хугацаа хэтэрсэн тохиолдол болгонд устгалын комисс томилж, энэ талаарх маягтыг бөглөн устгалд оруулж байсан нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тус тус тогтоогдож байх тул хариуцагч Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0135376 тоот шийтгэлийн хуудас нь хууль зүйн үндэслэлгүй.
3.6. Харин хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүнийг устгах ажиллагаа зорилгодоо нийцэж бүрэн дуусгавар болсон эсэхэд хяналт тавиагүй тухайн үйлдэлд нь гомдол гаргагч “Д” ХХК-ийг буруутгаж болох хэдий ч Зөрчлийн тухай хуульд заасан энэхүү үндэслэлээр шийтгэл ногдуулах хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 198 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хүнсний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 8 дугаар зүйлийн 8.1, 8.7, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3, 9.4, 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.4, Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 0135376 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан гомдол гаргагчид олгож, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ ц.сайхантуяа
ерөнхий ШҮҮГЧ э.лхагвасүрэн
ШҮҮГЧ Д.ОЮУМАА